Б.ШИРНЭН
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Түвшинжаргалын цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд болно. Тэрээр 14 хоног цагдан хоригдсон юм.
Харин өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар очсон ч Г.Түвшинжаргалтай уулзаж чадсангүй.
Г.Түвшинжаргал хөхүүл бөгөөд мөнгө, санхүүгийн ажилд оролцдоггүй ажил эрхэлдэг байхад цагдан хорьж, мөнгө угаах хэргээр зүйлчилж байгааг эсэргүүцэж, хоёр хоногийн өмнөөс цагдан хорих байранд өлсгөлөн зарлаад байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “эхийн цагаан сүүний ард хор, хулгай хоёроо нууж болохгүй” гэж хэлсэн нь түүнийг өлсгөлөн зарлахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчөөрөө дамжуулсан ил захидалдаа дурдсан юм. Өлсгөлөн зарлаж байгаа тул тэрээр өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзахаас татгалзаж байна.
Л.Эрдэнэчимэг: Цагдан хорихгүйгээр шалгах боломж байгаа
/УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга/
Өнөөдөр уулзаж чадсангүй. Маргааш уулзахаар зөвшөөрөл авлаа. Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлаад 50 цаг (өчигдөр өдрийн 13.00 цагийн орчимд) болж байгаа юм байна. Ийм хугацаанд хоол, унд идээгүй тул босч явахад хэцүү, толгой нь эргээд байгаа гэж байна. Тиймээс маргааш надтай уулзахаар гарч ирж чадах эсэхийг нь мэдэхгүй байна. Хүн өлсгөлөн зарлана гэдэг тухайн хүний эрх. Нэгэнт албан ёсоор зөвшөөрөл аваагүй ч гэсэн өөрөө өлсгөлөн зарлачихаад байгаа юм байна. Түүний хувьд үүнээс өөр тэмцэх арга зам байхгүй гэж үзсэн байх. Хэвтэж байгаа орыг нь хяналтын камерын дор байрлуулж, юм идэж байгаа эсэхийг нь Цагдан хорих ангиас хянаж байгаа юм байна. Энэ чигээрээ удах юм бол биеийн байдал нь хүндрэх магадлалтай гэж байна.
Ер нь, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68.7 дах хэсэгт зааснаар бол хөхүүл эмэгтэйг цагдан хорьж болохгүй гэсэн байдаг. Хоёр нас хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэйчүүддээ нийгмийн халамжаас эхлээд цалинтай хүртэл болгоё гэж ярьж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ой гаруйхан настай хүүхэдтэй эмэгтэйг үрээс нь салгаад хоёр талд байлгаад байж болохгүй. Заавал цагдан хорихгүйгээр шалгах боломж байгаа шүү дээ. Гэрт нь байлгаад мөрдөн байцаалт хийж болно. Ганцхан Г.Түвшинжаргал эсвэл хэрэг хийсэн, хийгээгүйгээс үл шалтгаалан эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид цаашид ажиллана.
Г.Байгалмаа: Улс төрийн зорилготой гэж үзэж байна
/МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх/
Ардчилал, шударга ёс гэж алга. Хэдийгээр хүний эрхийг хуульчлаад заагаад өгсөн ч бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Г.Түвшинжаргалын тухайд маргааш (өнөөдөр) цагдан хоригдоод яг 14 хоног болж байгаа тул цаашид хорих эсэхийг нь шийдэх шүүх хурал болох юм байна. Гэтэл өлсгөлөн зарлаж байгаа, хөхүүл зэрэг нөхцөл байдлыг нь одоог хүртэл харгалзаж үзээгүй болохоор шүүх хурал яаж ч магадгүй гэж бодох боллоо. Учир нь, энэ эмэгтэй 13 хоног цагдан хоригдоод байхад гэмт буруутай эсэхийг нь нотлох батлах хэмжээний ганц ч мэдүүлэг аваагүй байна. Тиймээс би үүнийг улс төрийн зохион байгуулалттай ажиллагаа гэж үзэж байгаа. Мөн би эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд энэ нөхцөлд дуугүй байгаад маш их гайхаж байна. Ар гэрийнхэн нь гээд хэдэн хүн л хорихын өмнө сэтгэлээ чилээж байна. Тиймээс эхчүүд, хүүхдүүдийн эрх хөндөгдөж байгаа гэдгийг олон талаас нь хэлж ярих цаг болсон.
Н.Мөнхбаатар: Хөл дээрээ зогсоход ч хэцүү байна
/Г.Түвшинжаргалын нөхөр/
Өнөөдөр эргэлтийн бичигтэй ирсэн боловч, өлсгөлөн зарласан болохоор уулзахгүй гэж хэлүүллээ. Хөл дээрээ зогсоход ч хэцүү, сэтгэл санаа маш хүнд байна. Өлсгөлөн зарлаад 50 гаруй цаг болчихсон байхад цагдаагийнхан өлсгөлөн зарлаагүй гээд мэдээлэл хийгээд байх юм. Хөхүүл эмэгтэй хүн өлсгөлөн зарлахаар ямар хэцүү байх нь тодорхой. Үүнээс болж бие нь муудвал үнэндээ хэнээс хариуцлага нэхэхээ мэдэхгүй байна. Шүүх, цагдаагийн байгууллага эх хүн гэдэг талаас нь харж, энэрэнгүй хандаасай л гэж хүсч байна.
Эхнэртэйгээ хамгийн сүүлд энэ сарын 22-ны өдөр уулзсан. Тэгэхэд цагдаагийн байгууллагаас байцаалт аваагүй байсан.