Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт малын 0.8 хувь нь хорогджээ

-Харин 2,8 сая мал төллөөд байна-

Л.БАТБААТАР

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  мэдээлснээр, манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь цасан бүрхүүлтэй байгаа аж. Одоогийн байдлаар гурван аймгийн 22 сум цагаан зудтай, дөрвөн аймгийн 10 сум зудархуу байгаа нь нийт нутгийн 9.6 хувьтай тэнцэж байна. Хаваржилт хүндэрч байгаа эдгээр аймгуудад цасны зузаан 20-60 см хүрчээ. Хэдийгээр цагийн эрхээр хаваржилт сайжирах ч цасны зузаан их тул шар усны үерийн аюул болж болзошгүй гэдгийг мөн анхаарууллаа.

Харин оны эхээр улсын хэмжээнд 23.8 сая эх мал тоолуулжээ. Эдгээрээс
• 105.2 мянга нь ингэ
• 952.5 мянга нь гүү
• 1.4 сая нь үнээ
• 10.6 сая нь хонь
•  9.6 сая нь ямаа байна. Эдгээр эх малын 80  хувь нь төллөнө гэж тооцвол улсын хэмжээнд 18-20 сая төл хүлээн авах тооцоог Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргажээ.

Тэгвэл гуравдугаар сарын 25-ны байдлаар нийт эх малын 2.8 сая нь төллөж, мөн тооны төл хүлээн авчээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.5 саяар нэмэгдсэн үзүүлэлт аж. Харин нийт төлийн
• 11.5 мянга нь ботго
• 7.4 мянга нь унага
•  46.2 мянга нь тугал
• 1.4 сая нь хурга
• 1.3 сая ишиг байна. Ингээд нийт төл бойжилт 97.2 хувьтай байгаа аж.
Харин малын хорогдол 681.1 мянга болж өмнөх долоо хоногоос 130 мянгаар нэмэгдлээ. Сүхбаатар аймгийн малчид хамгийн их малаа алдсан бөгөөд (115173), Увс (101021),  Архангай (68989), Завхан (67531), Баянхонгор (63121) зэрэг аймгууд малын хорогдол өндөр байна. Гэхдээ нийт малын 1-2 хувь  хорогдоход  хэвийн гэж тооцдог аж. 2014-2015 оны өвөл мөн тооны мал хорогдсон статистик бий.

Өвс тэжээлийн улсын болон аймаг, сумын аюулгүйн нөөц дууссан байна. Одоогийн байдлаар малчдын гар дээр бага хэмжээний өвс тэжээл бий. Гэхдээ өвс тэжээл худалдаж авахыг хүсвэл зах зээлд дээр хангалттай байгаа. Олон улсын байгууллагууд малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс зах зээл дээр нэг тонн хивэг 340-400 мянган төгрөг байгаатай холбогдуулан дотоодын компанитай гэрээ байгуулж нэг тонныг нь 300 мянган төгрөгөөр худалдан борлуулах эрх олгож байгаа юм байна. Энэ жил ноосны урамшуулалд 19.6 тэрбум төсөвлөсөн бөгөөд ирэх сард олгох аж.
Энэ онд 322.9 мянган га талбайд үр тариа тарина

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэдээлс­нээр, энэ онд 322.9 мянган га-д үр тариа тарихаар төлөвлөсөн байна. Тухайлбал,
• 301.5 мянган га-д буудай
• 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо,
• 16.3 мянган га-д тэжээ­лийн тэжээлийн таримал,
• 25.3 мянган га-д тос­ны болон сэлгээний бу­сад ургамал тариалахаар төлөвлөж хаврын тариалалтын бэлтгэлийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэв.
Мөн тариалангийн салба­рын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого, Тариалангийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж батлуулан улмаар тариаланчдад сурталчлах, таниулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас, өнгөрсөн жил ган гачиг болсноор улсын хэмжээнд ирэх хаврын тариалалтад  20 мянган тонн улаан буудай дутаж болзошгүй талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм. Тэгвэл  дутагдах буудайн үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор тариалан эрхлэгч 16 аж ахуйн нэгжид 15 мянган тонн, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид дөрвөн мянган тонн, нийтдээ 20 мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрлийг ол­гос­­ноор хаврын тариалтад шаард­­­­­­­­­­­­­­­­­­лагатай үрийн буудайн нөөц бүрдүүлсэн гэж холбогдох алба­ныхан мэдээллээ. Импортоор оруулж буй хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоог НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан аж.

Өнгөрсөн жил болсон гангийн улмаас тариаланчдын санхүүгийн байдалд хүндрэл учирсан. Тариаланчдад санхүү­­гийн дэмжлэг үзүүлж хаврын тариалалтыг хэвийн явуулахын тулд  УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 42 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдэхээр Хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа аж. Ингэснээр, тариаланчид хоёр жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хаврын тариалалтаа явуулах боломжтой болох юм. Түүнчлэн, Япон Улсын Засгийн газрын хүнсний буцалтгүй тусламжийн КР1 төслийн хуримтлалын хөрөнгөөр 7.9 мянган тонн бордоо нийлүүлэх ажлыг зохион байгуулж, нэг тонн бордооны үнийг 400 мянган төгрөгөөр тогтоон 75 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлэжээ.

2015 оны ургацаас “Тариа­лан эрхлэлтийг дэмжих сан” болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн стандартын шаард­лага хангасан хүнсний улаан буудайд мөнгөн урам­шуулал олгох ажлыг зохион байгуулж байна. Урамшууллыг ирэх дөрөвдүгээр сарын эхээр олгоно. Урамшуулалд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн.

Энэ хаврын тариалтад зүтгэх хүчний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 5200, төмс хүнсний ногооны үрлүүр 358 ажиллах бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн 125-165 морины хүчтэй тракторыг 20 хувийн урьдчилгаа төлбөртэй дөрвөн жилийн хугацаатай зээлээр олгож байна. 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах 20 мянган тонн дизелийн түлшийг импортын албан татва­раас чөлөөлөх асуудлыг боловсруулан холбогдох яамдаас санал авч Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан