Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Албан тушаалд бус тамирчдынхаа амжилтад сэтгэлээ чилээгээч, дарга нараа

Б.БУЯНДАЛАЙ

Хүн төрөлтхний эв нэгдэл, баяр цэнгэлийн бэлэгдэл болсон олимпын наадам ирэх зургаадугаар сард Бразил улсын Рио дэ Жанейро хотод эхэлнэ. Энэ мөч өдөр өдрөөр ойртож буй цагт улс бүрийн Спортын яам, холбоо, дасгалжуулагч, тамирчид алсыг харсан бодлогоо төлөвлөж, бэлтгэлээ улам чамбайруулсаар байгаа нь дамжиггүй.

Харин манай улсад спортын зарим төрөл, тэдгээрийн удирдах холбоод өнөөдрийг хүртэл “шуудайнд хийсэн үхрийн эвэр” шиг хэвээр байна. Тухайлбал, саяхан Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар бүтцийн өөрчлөлт хийж, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар Д.Жаргалсайхан, Үндэсний шигшээ багийн хэлтсийн даргаар Ч.Эрдэнэтуяа нарыг томилсон нь үүний нэг тод жишээ байлаа. Гэхдээ дээрх халаа, сэлгээг бүтцийн өөрчлөлт гэхэд тун хэцүү. Учир нь, Нийтийн Биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийг Биеийн тамир, спортын хөгжлийн хэлтэс, Үндэсний шигшээ багийн албыг Үндэсний шигшээ багийн хэлтэс хэмээн ганц нэг үг, үсгийг нь л өөрчилсөн төдий байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар уг бүтцийн өөрчлөлтийг Ц.Оюунбаатар сайд ажлын бус цагаар, өөрийн гар хөл бологсодтойгоо элбэж байгаад хууль бусаар баталсан гэнэ. Яагаад ийм бүтцийн өөрчлөлт хийж, дарга нарыг сольсон талаар түүнээс тодруулахад “Уулзалттай байна. Сайтууд дээр гарсан мэдээллээс харчих” хэмээгээд “МАХН-ын бага чуулган саяхан болсон. Тэгэхээр шинэ томилгоо хийж л таараа шүү дээ. Маш сайхан, эв нэгдэлтэй хурал болсон” хэмээн намаа магтахаа ч мартсангүй.

Тиймээс бид энэ талаар ЭМСЯ-ны Нийтийн Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжанаас тодруулсан юм. Тэрээр энэ талаар  “ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар анхнаасаа будлиантай тушаал гаргасан. ЭМСЯ-ны дотоод журам зөрчиж, бидний хэнээс нь ч асууж, лавлаж, хянуулалгүй, ийм тушаал гаргасан. Үүнд ямар ч зарчмын өөрчлөлт байхгүй. Одоо болтол тэр тушаалыг бидэнд танилцуулж, хүлээлгэж өгөөгүй байна.Бидний хэн нь ч тэр тушаалыг олж хараагүй. Нэг үеэ бодоход биеийн тамир, спортын салбар тодорхой хэмжээний төсөв, санхүүтэй болсон. Энэ нь зарим хүний шуналыг хөдөлгөж байгаа бололтой.

Бид саяхан Бразилд очиж, “Рио-2016” олимпын бэлтгэл ажилтай танилцаж, нэлээн хэдэн гэрээ байгуулчихаад ирсэн. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж, манай тамирчид олимпын эрх авч, бэлтгэлээ базааж байна. Бүтцийн өөрчлөлт хийж, дарга нарыг солих ямар ч шаардлага байгаагүй” гэсэн юм.

Тэгэхээр дарга нарыг спортын төлөө гэсэн зүрх сэтгэл, туршлага, ур чадвараар нь бус намын үзэл суртлаар нь, дуулгавартай, гар хөлийнхөө үзүүрт зарах боломжтойгоо томилдог болчихож гэж ойлгохоор байгаа юм.

Гэтэл спорт гэдэг тамирчин хүн ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр, амжилтад хүрч, алдар цуугаа улсдаа төдийгүй тив дэлхийд мандуулдаг салбар. Тэд хэзээ ч эрх мэдэлтэй нэгний улыг долоож, хэн нэгний шахалтанд ордоггүйгээрээ бахархдаг нь дамжиггүй. Харин сүүлийн жилүүдэд зарим хүн спорт, улс төр хоёрыг нэг тогоонд багтаахаар чармайж, улайран зүтгэж байгаа нь харамсалтай.

Ер нь, МАХН-аас өөрийн хүнээ томилж, туршилт хийдэг газруудын нэг нь Биеийн тамир, спортын хөгжлийн төв болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Эхлээд өөрсдийнх нь хүн болох Г.Шийлэгдамба, П.Бат-Эрдэнэ хоёр хэрхэн “бужигнуулсныг” иргэд санаж байгаа биз ээ.

Жишээ нь, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын орлогч даргаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар томилогдсон даруйдаа Г.Шийлэгдамбын эхнэрийнх нь дүүгийн нөхөр гэх Ж.Ундрахбилэгийг орон тооны бус зөвлөхөөр томилсон. Ийнхүү Монголын спортын түүхэнд анх удаа Биеийн тамир, спортын бэлтгэлийн төв зөвлөхтэй болж байсан юм. Мөн Г.Шийлэгдамбын төрсөн дүү Үндэсний шигшээ багийн сургалт, дасгалжуулалтын төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн Г.Шийлэгмаа, Сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батсүх зэрэг мэргэжлийн бусчуудыг спортын салбарт шургуулж, тэмцээн уралдаан үзэнгээ мөн ч их зугаалсан даа. Тэгсэн мөртлөө шигшээ багийнхантай бараг юм ярьдаггүй, тэмцээний үеэр тамирчидтайгаа ойр дотно байдаггүй байсныг нь цөөнгүй тамирчин хэлдэг.

Харин одоо түүний оронд “оюутны” гэх тодотголтой Д.Жаргалсайхан томилогдоод байна. Түүнийг “Олимпизмыг аврах хөдөлгөөн” гэж явдгаар нь манай уншигчид андахгүй. Ам нээх бүртээ Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг ажлаа өг, олимпизмыг аваръя гэж ярих дуртай тэрбээр шинэ оны өмнө гавьяат дасгалжуулагч цол хүртсэн сүйхээтэй эр. Ингэж хэлэхийн учир нь, түүнд “Энэ миний шавь” гээд нүүр бардам заачих тамирчин байхгүй гэхэд хилсдэхгүй. Дарга болж чадаж байгаа түүнд шавьгүй ч байсан хамаагүй гавьяат болох амархан байсан биз. Гэхдээ яах вэ, өмнөх дарга П.Бат-Эрдэнийг бодоход Монголын оюутны спортын холбооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан тул тамирчдын жаргал, зовлонг гадарлах байх. Харин энд нэг зүйл онцолмоор санагдах юм. МҮОХ, Биеийн тамир, спортын хөгжлийн төв хоёр бол яах аргагүй Монголын спортын амин салбар. Харин БТСХТ-ийн даргаар томилогдсон Д.Жаргалсайхан МҮОХ-ныхонтой гар нийлж ажиллаж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Учир нь, намын буянаар дарга болсон түүнд олимпыг аваръя гэх хийрхэл нь үе үе цухалзаж, тэр нь гаргах шийдвэрт нь нөлөөлж болзошгүй. Эрх мэдлийн наймаагаар МАХН-д спортын салбар оногдсон байж болох ч тэдний балгаар тамирчид хохирох ёсгүй билээ.

Ц.Оюунбаатар сайдын гаргасан бүтцийн өөрчлөлт зөвхөн холбогдох яамныхан төдийгүй зарим дарга нарын ч бас дургүйцлийг төрүүлж, үл ойлголцол үүсгэж байгаа бололтой. Үндэсний шигшээ багийн албаны дарга асан Ц.Одонбаяр өөрийг нь албан тушаал бууруулж, ахлах мэргэжилтэн болгосонд дургүйцэн, хууль бус томилгоо болсон хэмээн мэдэгдээд буй. Бүр хэвлэлийн хурал зарлаж, өмнөх албан тушаалдаа “хайр” зарлаад амжсан. Энэ үеэр тэрбээр “Надад бүтцийн өөрчлөлтийн талаар урьдчилж мэдэгдээгүй. Би байтугай ЭМСЯ-ны дунд энэ талаар тодорхой мэдэх хүн ховор байгаа бололтой. Ц.Оюунбаатар сайдтай ойр, дотно байдаг хүмүүс л мэдэж байгаа болов уу. Ийм байж болохгүй ээ. Зүгээр нэг төрийн бус байгууллага биш шүү дээ. Дарга, цэрэг болохдоо гол нь биш. Олимпод өндөр амжилт гаргахын тулд атгасан гар мэт нэг баг болж ажиллах нь хамгийн чухал. Олон эрх авах тусам олимпод өндөр амжилт гаргах боломж ч бас тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Гэтэл олон жилийн өмнөөс нэг баг болж, 2016 оны олим­под өндөр амжилт гаргахаар зорьж, тодорхой төлөв­лөгөөний дагуу зүтгэж байсан хамт олныг тараачихлаа. Би 2012 оноос хойш томоохон төлөвлөгөө гаргаж, ажиллаж байсан. Гэтэл олимп эхлэхээс хэдхэн сарын өмнө ийм халаа, сэлгээ хийсэнд харамсч байна. Жилийн өмнө юм уу, олимпийн дараа ийм зүйл болсон бол би юу ч ярихгүй” гэсэн юм. Мэдээж 2008, 2012 оны олимпод шигшээ багийг удирдаж, бахдам амжилт гаргасан түүний гавьяаг үгүйсгэж болохгүй.
Гэхдээ олимп өнөө, маргаашгүй хаяанд тулчихсан өнөө цагт “Тамирчдын бэлтгэл сургуулилалт, витамины зардалд туслаач” хэмээн ард түмнээсээ хандив гуйсан бол өөр хэрэг. Харин сандал, ширээгээ булаацалдаж яваа нь зохимжгүй санагдсаныг нуугаад яах вэ. Үүний оронд шинээр томилогдсон дарга нарт Риогийн олимп хүртэл хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, тэдэнтэй хамтарч ажиллаж болно шүү дээ.

Мөн манай дарга нарт нэг дутагдал бий. Томоохон албан тушаал хашиж, тухтайхан сандал дээр заларч, амттайхан “бялуу”-наас хүртэж байж л ажил хийдэг, доод албан тушаал хашихаар гүйцэтгэж болдоггүй гэмтэй. “Рио-2016” олимпод манай тамирчид өндөр амжилт гаргахад хамгийн их нөлөөлөх хүн бол дарга нараас илүүтэй спорт холбоодын удирдлага, дасгалжуулагч нар. Тэгсэн мөртлөө “Намайг дарга байхад, би удирдаж байхдаа” гэж аливаа амжилт, дөмөгхөн ажлыг өөртөө наах дуртайг нь яана. Харин алдаа эндэгдэл гарахад “Миний буруугаас боллоо” гээд шууд ажлаа өгчих ёс суртахуунтай дарга байдаг бил үү. Хэрвээ манай тамирчид “Рио-2016”-д өндөр амжилт гаргахгүй бол олон жилийн дараа тамирчдын бэлтгэл муу байсан л гэхээс МАХН-ын балгаас болсон гэж хэн ч санахгүй.

Харин одоо албан тушаалд бус тамирчдынхаа амжилтын төлөө сэтгэлээ чилээгээч, дарга нараа. Цаана чинь “Рио-2016” олимп эхэлж, Монголын тамирчид дөрвөн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, дүнгээ тавиулах цаг, мөч ойртсоор байна.

0 Сэтгэгдэл
enhbayar zail
Хамгийн их уншсан