А.ГАНЦЭЦЭГ
70 гаруй жилийн түүхтэй Монголын циркийн манежнаа 1970-1980-аад онд заан, арслан, бар гээд гадны циркийн сургуультай амьтдын үзүүлбэр тоглогддог байсныг үзэгчид санаж буй бизээ. Манай ахмад амьтан сургагчид ч сургуультай тэмээ, морь, нохой, баавгайн бамбарууш, чонотой үзүүлбэр үзүүлдэг байсансан. Хоёр жилийн өмнө “Дэлхийн цирк Монголд” тоглолт “Сургуультай амьтад”-ыг Монголын циркийн тайзнаа ахин авчирсан нь энэ залгамж халааг үргэлжлүүлсэн гэлтэй.
“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ, Монголын Үндэсний циркийн хамт олон өнгөрсөн жил үзэгчдээ аварга матар, могойтой уулзуулсан. Тэгвэл энэ жил ахин олон сонирхолтой амьтантай уулзуулахаар зэхжээ.
“Дэлхийн цирк Монголд-2016” тоглолт маргааш нээлтээ хийж, долоо хоногийн турш Монголын Үндэсний циркийн манежнаа тоглогдоно. Гурав дахь жилдээ Монголын үзэгчидтэй учран золгох гэж буй эл тоглолт “Араатны хаан” арслан тэргүүтэй лам гөрөөс, сармагчин, одой морь зэрэг хүүхэд багачуудын зурагтаар үздэг ч амьдаар нь харж байгаагүй амьтдыг уулзуулж буйгаараа онцлогтой.
Сонирхуулахад, “Сургуультай арслан” үзүүлбэрийг Казахстаны “Астана” циркийн жүжигчин Өселбаева Тунгалаг өөрийн хүү Өселбаев Мухтарын хамт үзүүлэх аж. Энэхүү үзүүлбэр нь тэдний гэр бүлийн номер гэж хэлж болно. Учир нь, түүний хүү Өселбаев уг үзүүлбэрийг ааваасаа өвөлж, өдгөө ээжтэйгээ хамт арслангуудаа сургаж байгаа юм байна.
Биднийг Монголын Үндэсний циркт очиход Казахстаны “Астана” циркээс авчирсан гэх Як, Тара хэмээх хоёр арслан торон дотроо сүрдмээр дүр төрхтэй угтсан. Магад, халуун орны тэр сүрлэг амьтныг анх удаа хараад “сүрдсэн” байж болох. Төд удалгүй Як, Тара хоёр айхтар чанга архирч, өөрсдийгөө ирсэн гэдгээ мэдэгдэх шиг болов. Тэдний сургагч Өселбаева Тунгалагаас энэ талаар тодруулахад “Орчин нь солигдож, хүн ихтэй байгаа болохоор ингэж байгаа” хэмээн тоосон шинжгүй хариулсан юм. Энэ тухай болон “Дэлхийн цирк Монголд-2016” тоглолтод оролцох амьтад хийгээд амьтан сургагчдын талаар уншиж сонирхоно уу.
Н.Эрдэнэ: Тоглолтын хөтөлбөр 100 хувь цоо шинэ байх болно
/Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн/
-“Дэлхийн цирк Монголд-2016” тоглолт хөшгөө нээхэд ганц хоног үлдлээ. Тоглолтын бэлтгэл ажил шувтарсан байх?
-Тоглолтын бэлтгэл ажил 100 хувь хангагдаж, үзэгчдээ хүлээж байна. Энэ удаагийн тоглолт Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй. 15 орны олон улсын нэгдүгээр зэрэглэлийн циркийн жүжигчид эх оронд маань ирчихсэн үзэгчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Та нарын хэлээд байгаа шиг бүх амьтад ирэх үү? гэж үзэгчид их асуусан. Тэдний асуултад тийм гэж хариулмаар байна. Бүх амьтад ирснийг дуулгахад таатай байна. Өнгөрсөн жил Вьетнам улсаас сармагчин авчрах байсан ч агаарын тээврээр тээвэрлэх боломжгүйн улмаас “Дэлхийн цирк Монголд-2015” тоглолтоор үзэгчидтэйгээ уулзуулж чадаагүй. Энэ жил амлалтаа биелүүлж сармагчнаа автомашинаар тээвэрлэж Казахстан улсаас авчирлаа.
-Монголын циркийн манежнаа сургуультай лам гөрөөсний үзүүлбэр анх удаа тоглогдох гэж байна?
-Тийм. Манайд амьтны хүрээлэн байхгүй учраас лам гөрөөс байдаггүй. Тиймээс манайд лам гөрөөсийг циркийн журмаар аль эсхүл зоопаркийн шугамаар авчрах боломжтой. Харамсалтай нь манайд амьтны хүрээлэн байхгүй, циркийн шугамаар авчирч байгаагүй болохоор “анх удаа” гэхэд буруудахгүй байх.
-Тоглолтын хэчнээн хувийг шинэ үзүүлбэрүүд эзлэх бол?
-“Дэлхийн цирк Монголд” гэж ерөнхий нэрээр нэрлэгдэж байгаа болохоор үзэгчид хуучин үзүүлбэр тоглогдоно гэж бодоод байх шиг. Гэтэл “Дэлхийн цирк Монголд” гэдэг нь угтаа олон улсын циркийг Монголдоо авчирч байгаа гэх утгатай юм шүү дээ. Тоглолтын хөтөлбөр 100 хувь цоо шинэ байх болно. Хоёр цаг 30 минут үргэлжлэх тоглолтын хөтөлбөрт 21 үзүүлбэр багтсан.
Өселбаева Тунгалаг: Хүний амнаас мах идэх арслангийн үзүүлбэр үзэгчдийг өндөлзүүлэх болов уу
(Казахстаны “Астана” циркийн амьтан сургагч, жүжигчин)
-4000 км-ийн алсаас Монголын үзэгчдэд “Сургуультай арслан” үзүүлбэрээ толилуулахаар ирсэн байна. Энэ сүрлэг амьтныг анх удаа ийм ойроос харж байна. Маш сүрдмээр байна шүү. Арслантай ажиллах ямар байдаг бол. Мэдээж зэрлэг амьтан гаршуулна гэдэг амаргүй байх?
-Арслан сургаж, гаршуулна гэдэг амар биш. Өдөр бүр л сургуулилт хийхгүй бол хэцүү. 1991 оноос циркийн урлагтай амьдралаа холбож, өдгөө 25 дахь жилдээ алтан тайзнаа ажиллаж байна. Анх агаарын гимнастикч байсан ч хожим 2005 онд “Астана” циркт орж ажилласан цагаасаа арслан сургаж эхэлсэн. Анх нөхрийгөө арслан сургана гэхэд дургүйцэж байсан ч тэр минь “би харамсахгүй” гэснээр бид арслан гаршуулж эхэлсэн. Эхний нэг жил арслангаасаа айдаг байсан ч сүүлрүүгээ дассан. Зааж, сургаж байгаа зүйлийг харилцан адилгүй хүлээж авна. Зарим нь их амархан сурчихдаг бол заримтай нь ажиллахад маш их цаг шаарддаг. Энэ удаагийн тоглолтод оролцохоор Як, Тара хэмээх хоёр арслантайгаа ирсэн.
-Тэднийг юугаар хооллодог юм бэ?
-Нэг арслан өдөрт зургаан кг мах иддэг. Нэмж хагас кг тахианы мах, нэг ширхэг өндөг, мөн загасны тос,хагас литр сүү уудаг.
-Ямар үзүүлбэр үзүүлэх вэ. Үзэгчдэд сонин байх болов уу.
-Гал дээгүүр харайх, хойд хоёр хөл дээрээ суух гээд сургуультай амьтад ямар үзүүлбэр үзүүлдэг вэ, тэр бүгдийг л үзүүлнэ. Бидний урын санд 5-6 трюк бий. Хүний амнаас мах идэх арслангийн маань үзүүлбэр үзэгчдийг өндөлзүүлэх болов уу. Сүүлийн трюк болох арслан морь унадаг үзүүлбэрийг ЗХУ-ын циркийн алтан үеийн жүжигчид хийдэг байсан. Харин өнөө цагт миний хүү Өселбаев Мухтар уг үзүүлбэрийг дэглэж байгаа.
-Арслан гаршуулаад 10 гаруй жил өнгөрч. Энэ хугацаанд хэчнээн арслан сургав?
-13 арслан сургасан байна. Хөгширсөн арслангуудаа амьтны хүрээлэн рүү явуулж, зарим нь үрэгдэж, Як, Тара хоёртойгоо үлдсэн. Тэр хоёртойгоо л ирлээ.
-Амьтдаа авчрахад хүндрэлтэй зүйл байв уу. 4000 км зам туулж ирлээ шүү дээ.
-Гайгүй шүү. Цас орсны улмаас зам халтиргаатай хэцүү байлаа. Хүйтэн байсан болохоор амьтдаа тээвэрлэхдээ халаагуур хэрэглэж, дулаацуулж явсан.
-Як, Тара хоёр хэдэн настай вэ?
-Тэд хоёул 12 настай. Онгон зэрлэг байгальдаа амьдардаг зэрлэг арслан 15, 16 насалдаг бол манай арслангууд 26, 27 хүрдэг. Тэгэхээр манай хоёр арслангийн нас дундаж гэж ойлгож болно. Тэд ойролцоогоор 230-240 орчим кг жинтэй.
-Та арслангаас гадна морь сургадаг гэсэн. Гаршуулахад морь илүү амар байдаг байх?
-Тиймээ, морь сургадаг. Морь их ухаантай амьтан болохоор сургах амархан шүү. Даага, шүдлэн насны хоёр морьтойгоо ирсэн. Тэд Оросын “Рословский” үүлдэрийнх. Насны хувьд залуу. Сургаад хоёр, гурван жил болж байна.
-Амьтадтайгаа хаагуур аялж байв?
-Оросын бүхий л хотоор явж тоглосон. Хамгийн хол аялж байгаа нь танай улс болж байна.
-Үзүүлбэр үзүүлж байхад арслан үзэгчид рүү дайрах магадлалтай юу?
-Үзэгчдэд ямар нэгэн эрсдэл учруулахгүй. Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тор татаж байгаа. Дэлхийн бүхий л цирк бар, арслан гээд зэрлэг, догшин амьтдын үзүүлбэрийг тортой үзүүлдэг. Мэдээж, тор татахгүй бол эрсдэлтэй.
Рамис: Америк тэмээ ямар үзүүлбэр үзүүлэхийг манай
тоглолтоос ирж үзээрэй
(Узбекстаны циркийн амьтан сургагч)
-Манай уншигчдад амьтдаа танилцуулахгүй юу?
-Хоёр сармагчин, гурван одой морь, нэг лам гөрөөстэй ирсэн. Өнөөдөр Люси гэдэг сармагчингаа танилцуулахаар авчирлаа. Люси есөн настай. Амьтад маань үзүүлбэрүүдээ хүнд, хөнгөнөөр нь хувааж хийдэг. Люси жонглёрын төрлийн үзүүлбэр үзүүлдэг бол одой морьд хэвтэх, босох, хойд хоёр хөл дээрээ явах, саад дээгүүр харайх зэрэг хөнгөн үзүүлбэрүүдийг гүйцэтгэдэг. Люси байгалиасаа юмыг их хурдан сурдаг, мөн жижиг биетэй, уян хатан болохоор эднээсээ арай илүү хүнд үзүүлбэр үзүүлэх жишээтэй. Лам гөрөөсийг маань Чарли гэдэг. Гурван настай. Лам гөрөөс угтаа Америк тэмээ шүү дээ. Зөвхөн Австрали, Америкт л амьдардаг. Бид тэндээс авчирч өөрийн нутагт нутагшуулсан. Лам гөрөөстэй ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч. Сургахад маш их хугацаа шаарддаг. Америк тэмээ ямар үзүүлбэр үзүүлэхийг манай тоглолтоос ирж үзээрэй.
-Дэлхийн олон орноор аялан тоглосон биз?
-Хятад, Япон, Орос, Казахстан, Туркменистан, Киргиз гээд дэлхийн олон орноор аялан тоглож явсан.
Тоглолтын дундуур үзэгч хүүхэд, багачууд маань арслан, лам гөрөөс, сармагчин, одой морь гээд сургуультай амьтадтай 5-10 мянган төгрөгөөр зургаа авахуулах боломжтой юм билээ.