Х.ӨЛЗИЙ
БНАСАУ-ын улс төрийн систем, нийгмийн байгууламж нь хүний эрхийг зөрчиж байна хэмээн олон улсын хамтын нийгэмлэг, хүний эрхийн байгууллага, барууны орнууд байнга шүүмжилдэг.
Тамлал, харгислал, хүмүүнлэг бус харилцаа, эрүүдэн шүүх, цаазлах, шүүх явц, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх лагериуд, шорон зэргийн талаар гадаадад зугтаж гарсан иргэд нь дэлгэн ярьдаг.
БНАСАУ-ын хүн амын гурван давхарга
Янз бүрийн эх сурвалжид өгүүлж байгаагаар бол БНАСАУ хүн амаа гурван давхаргад хувааж үздэг гэнэ. Энд “үндсэн”, “хэлбэрэмтгий”, “дайсагнагч” гэж хуваадаг хэмээн судлаач Луиза Хантер бичсэн байна.
Энэ нь нийгмийн гарал, өөрөөр хэлбэл Солонгосын дайны болон Японы эзлэн түрэмгийллийн үед өвөг дээдэс нь, ялангуяа эрэгтэйчүүд нь тэдэнд алба хааж байсан эсэхийг харгалздаг гэсэн үг. Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүд бол автоматаар л “үндсэн” давхаргад ордог байна. Харин намаас хөөгдвөл “дайсагнагч” давхаргад, мөн Хятад, Японы цагаачид бас “дайсагнагч” давхаргад ордог аж.
Солонгосын Хөдөлмөрийн намын дөрөвдүгээр сонгуулийн Төв хорооны 1964 оны наймдугаар бүгд хурлаас “Хүн амын янз бүрийн давхарга, бүлэгтэй ажиллах ажлыг цаашид хүчтэй болгох тухай” гэсэн тогтоол гаргаж хүн амын давхарга бүрийг тусгай бүлгүүдэд хуваажээ. Энэ ажил 1964-1969 он хүртэл үргэлжилж “620 дугаар бүлэг” гэдэг байгууллага иргэдийг ингэж ангилсан байна. А.Ланьковын баталж байгаагаар бол энэ ажлын араас цөллөг, баривчилгаа залгажээ.
Дайсагнагч давхаргын иргэд армид алба хаахгүй, намд, дээд сургуульд элсэх эрхгүй гэж АНУ-ын Сенатын Олон улсын хорооны илтгэлд бичсэн байна. Тэр байтугай Пеньян, Кэсон зэрэг том хотод ч амьдрах ёсгүй гэнэ. Ер нь ажил сургуульд орох найдлага тун бага.
Эрүүдэн шүүх, тамлал
Хүний эрхийг хамгаалах олон улсын “Himan rights watch” байгууллагын мэдээлснээр Умард Солонгост мөрдөн байцаах ажилд тамлах, эрүүдэн шүүх явдал түгээмэл гэнэ. Францын хүний эрхийг хамгаалагч Пьер Ригуло умардын шүүх ажиллагаанд усаар, цахилгаанаар, нойргүй байлгах, зодох явдал бий, эмэгтэйчүүдэд ч ийм тамлал тулгадаг гэжээ.
“Умард Солонгосыг ардчилахын төлөө хөдөлгөөний штаб” гэдэг улс төрийн байгууллагаас “Сесиль” зоогийн газарт 2008 оны гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр Хятад руу зугтаж гарахаар оролдсон дүрвэгч Ким Сунхи гэгч умардын аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд түүнийг баривчлаад залгиж нуусан мөнгийг нь гаргахын тулд чинжүүтэй ус хамраар нь цутгаж байсан, эрэгтэй цэргүүд үтрээ, хошного руу нь гараа чихэж, зодож байсан гэж ярьж байжээ. Энэ хэвлэлийн хурал дээр дүрвэгч Ли Бокном гэгч бас цэргүүд өөрийг нь зодож тамалж байгаад бүх шүдийг нь булгалсан гэж ярьсан байна.
2007 оны гуравдугаар сард “Умард Солонгосын хүний эрхийн төлөөх иргэний холбоо” байгууллагаас хийлгэсэн хэвлэлийн хурал дээр өөр нэг дүрвэгч “хоригдлын гарыг ард нь хүлээд, дээш нь татан сууж ч босч ч чадахгүй болгоод удаан хугацаагаар тамалдаг, хэдэн хоногийн дараа хүний цээж яг шувуу шиг болдог болохоор “тагтааны тамлал” гэж нэрлэдэг гэж ярьжээ.
Хүний эрх ба хорих лагерийн систем
Улс төрийн болон гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд, хэрэгтнүүдийг хорьдог Хойд Солонгос улсын лагерь буюу хорих ангид хүний эрхийн талаар дурсаад ч хэрэггүй талаар эх сурвалжууд онцолдог. Тус улсын эрх баригчид болон хууль хяналтын байгууллага эдгээр ялтан, хоригдлын байгаа гэх шоронгийн талаар худал мэдээ мэдээлэл дэлхийд тархаж буруу ташаа ойлголт өгдөг талаар ярьдаг боловч тэнд хүний эрхийг зөрчдөг хэд хэдэн баримт нотолгоо олны өмнө ил болсон байдаг.
Шоронд хоригдож байгаа ялтан, гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа хүнийг олны өмнө залхаан цээрлүүлдэг бөгөөд энэ нь бусад хүнд үлгэр жишээ ч байдлыг харуулах гэсэн хатуу санамжийн нэг хэмээн зарим судлаач хэлдэг. Шоронгууд бүгд өөрийн гэсэн дугаартай. Шоронгийн номероор дуудах гэхээсээ илүүтэй шоронгийн байрлалаар нь илүү мэдээлэл, нөхцөл байдлыг хүмүүс гадарладаг байна. Өөрөөр хэлбэл, шорон болгон өөрийн гэсэн онцлог ял эдлүүлэх дүрэм журамтай юм.
Ёдок нэртэй хорих лагерь нь бусдаас арай өөр байдаг байх жишээтэй. Энэхүү шоронд орсон ялтан, хэрэгтэн нь суллагдах магадлал өндөр байдаг байна. Хойд Солонгос улсын удирдагч Ким Чен Уны тусгай зөвшөөрлөөр эрх чөлөөтэй болсон хоригдол байхад зарим нь хугацаагүй хоригдож байх жишээний. Өмнөх ч удирдагч нар болох Ким Ир Сен болон Ким Чен Ир нарын үед ч хугацаагүй хоригдол, тусгай зөвшөөрлийн хоригдлуудыг суллаж байжээ. Энэхүү лагерьт хоригдлууд хэзээ суллагдахаа мэдэхгүй байсаар байдаг онцлогтой.
Шударга шүүхийн өмнө хүний эрх
Хойд Солонгос улсын шүүх ихэвчлэн хаалттай болдог нэг муу талтай. Зарим тохиолдолд өмгөөлөгчгүй шүүх хурал болж байдаг. Тэр ч бүү хэл хугацаа зарлаагүй шүүхийн хурал ч болж аль хэдийнэ ялын тогтоолыг нь уншиж өгсөн байдаг тохиолдол зөндөө аж. Тиймээс шударга шүүхийн өмнө хүний эрх гэж зүйл байгаа эсэх дээр бусад орон төдийгүй хөрш Өмнөд Солонгос улсын зүгээс ч энэ асуудал дээр анхаарал хандуулж шүүмжлэлтэй ханддаг. Улс төрийн зорилготой буюу тагнуул туршуул хийсэн гэж үзсэн тохиолдолд тус улсын шүүхийн өмнө итгэл найдвар хүлээх хэрэггүй гэдгийг гадны ажиглагчид анхааруулдаг. Харин цагаачилсан, эх орноосоо зугтаасан зэрэг хэргийг үндсэн хуульд заасан дагуу хуулийн хатуу шийдвэр оноож эх орны өмнө ичгэвэртэй байдалд оруулах талаас нь шударга шүүх хардаг. Ганц хоёр тохиолдолд улс төрийн хоригдлуудыг суллах, солих тал дээр Хойд Солонгосын зүгээс харж үздэг аж. Түүнээс биш барагтай улс төрийн хэрэгт орооцолдсон хүнд шүүхээс ихэвчлэн хатуу шийтгэл оноодог байна. Ийм учраас зарим хорих анги, шүүхийн тогтоол нь ялын хугацаа заагаагүй янз бүрийн шорон руу ялтнуудыг илгээдэг аж.
Шударга шүүх гэсэн ойлголтыг шүүхээс гаргаж буй шийдвэрүүд хүн бүрт ижил тэнцүү ойлгуулах гэсэн бас нэг хачирхалтай зүйл, хуулийн заалт үйлчилсээр байна. Хэрэв гэр бүлийн хэн нэгэн нь ял авсан бол гэр бүлийн хамт амьдардаг хүмүүсийг “гэр бүлийн хуулийн” гэх журмыг мөрдөн шийтгэдэг. Хэрэгт орооцолдсон хүмүүсийн гэр бүлийг тусдаа хорьдог лагерь бас байдаг байна. Засан хүмүүжүүлэх лагерь гэж ч ярьдаг байна. Бага насны хүүхдүүдийг ч гэсэн хамт хорьдог аж. Үүнийгээ тэд шударга шүүх гэж нэрлээд өдий хүрсэн.
Хулгай, зодоон, аллага, дээрэм, зугтах гэж оролдсон оролдлого бүр ялын нэг л систем үйлчилнэ. Хөлбөмбөг тоглож байгаад тэмцээний үеэр зугтаасан, оргон зайлсан хүнийг шоронд 22 жил ялласан. Энэ хэрэг 1966 оны Италид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын үеэр болжээ. Тамирчин эр эх орноосоо урвасан, оргон зайлсан гэх хоёр заалт түүний амьдралын тал насыг авч одсон. Тухайн үед хожигдол хүлээсний дараа улсын зүгээс ял эдлүүлэх нь тодорхой болсон учраас ийнхүү зугтаах шийдвэр гаргаж байсан талаар хөлбөмбөгчин эр хэлсэн түүх байдаг байна.
Үргэлжлэл дараагийн дугаарт