Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Пүрэвбаатар: Арга ядаад хөхнийхөө сүүг жорлон руу сааж байгаа юм билээ

А.ЦАГААН

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтанг энэ сарын 16-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Одоогоор шүүхийн шийдвэрийн дагуу Г.Түвшинжаргалыг 14 хоног цагдан хорьж байна. Тэрээр өнөөдрийг хүртэл ес хоног цагдан хоригдоод байна.

Гэтэл өнөөдөр “Сайншандын” гэх хэрэгт тусгай тагнуулын үйл ажиллагаа явуулсан тул түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг Баянзүрх дүүргийн шүүхээр хэлэлцлээ. Тусгай тагнуулын үйл ажиллагаа тул ямар үндэслэлийг шүүх хэлэлцэж байгааг сэжигтний өмгөөлөгч, ар гэрийнхэн гээд хэн ч мэдэх боломжгүй, зөвхөн шүүгч танилцаж, шийдвэрээ гаргадаг юм байна. Ингээд хөхүүл хүүхэдтэй Г.Түвшинжаргалыг ганц худагт үргэлүүлэн хорих шийдвэр гаргалаа.

Г.Түвшинжаргал өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн бөгөөд хүүхдээ хөхүүлж чадахгүй байгаа тул хөх нь чинэрч, сүүгээ ганц худагийн жорлонд сааж байгаа гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өглөө.

Мөн тэрээр өлсгөлөн зарласан тухайгаа “Готов овогтой Түвшинжаргал миний бие 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 болон 1661 заалтаар тус тус зүйлчлэгдэн тус хорих ангид цагдан хоригдсон. Миний бие 2010 оноос хойш УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамтран ажиллаж байсан бөгөөд хууль бус үйл ажиллагаа хийж байсан удаагүй, түүнийг эх орны хөгжил, эдийн засгаа тогтворжуулах, хүчирхэгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэхээр санаачилсан олон төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажилласан. Г.Түвшинжаргал би бага насны 2 хүүхэдтэй, том охин 9 настай, бага хүү ой 7 сартай, хөхөөр хооллодог, одоогийн байдлаар өвчтэй асран халамжлах хүн шаардлагатай байна. Иймд дээрх тулгаж буй зүйл заалтуудыг болон цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж батлан даалтад гарах хүртэл хугацаагаар өлсгөлөн зарлаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэж бичжээ.

Түүний хэрэгт ямар тагнуулын тусгай ажиллагаа явуулсныг хэн ч мэдэхгүй байгаа бөгөөд шүүхийн гадна цугласан ар гэрийнхэн, өмгөөлөгч нар нь дараах мэдээллийг өглөө.

 

Д.Пүрэвбаатар: Арга ядаад хөхөө жорлон руу сааж байгаа юм билээ

/Г.Түвшинжаргалын өмгөөлөгч/

-Ямар үндэслэлээр үргэлжлүүлэн хорихоор болов?

-Шүүгч Олзодын гаргасан шийдвэрийг Хууль зүйн үндэсгүй гэж давж заалдах гомдол гаргасан байсан. Гэтэл Анхан шатны шүүхээс гаргасан 14 хоногоор цагдан хорих шийдвэр нь үндэстэй байна гэлээ. Үүнийгээ гүйцэтгэх ажлын мэдээ бий гэж прокурор нь тайлбарласан. Ер нь, гүйцэтгэх ажлын мэдээ гэдэг нэрээр бүх зүйлийг хаадаг болчихоод байна.

-Гүйцэтгэх ажлын мэдээ гэж чухам юуг хэлээд байна вэ?

-Энгийн хар үгээр ойлгуулах юм бол идсэн, уусан мөнгө байгаа гэх гээд байх шиг байна. Хүн ямар ч хэрэг үйлдсэн бай мэтгэлцээд гэм буруугаа тогтоолгож байж зохих ялаа авах ёстой байтал гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээлэл бий гэдгээр ам таглаад байна. Гүцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээлэлтэй ядахдаа өмгөөлөгч нь танилцдаг баймаар байгаа юм. Өмгөөлөгчийн тухай хууль гарвал маш сайн байна. Гэтэл энэ хуулийг гаргуулахгүй гээд Тэмүүжин гишүүн хаачихсан байгаа гэж сонсогдсон. Үүнээс болоод өмгөөлөгч нар шүүх дээр энэ тэнцүү ороод мэтгэлцээд, хавтаст хэргийн материалтай танилцах ямар ч боломжгүй болчихсон. Бидний зүгээс хөхүүл хүүхэд гэдэг утгаар нь асуудлыг гаргаж тавьсан.  Уянга гишүүн хөөцөлдөж байгаад нэг удаа уулзуулсан. Өчигдөр уулзах гэсэн чинь тийм зүйл байхгүй, нэг удаа уулзсан бол боллоо. Дараа долоо хоногоос уулзуулж магадгүй гээд ар гэрийнхнийг нь оруулаагүй.

-Өлсгөлөн зарлах гэж байгаагаа танд хэлсэн үү?

-Үйлчлүүлэгч маань аргаа барахдаа өлсгөлөн зарласан хэрэг. “Дандаа шар будаатай, адууны гэдэс идсээр байгаад хөх чинэрээд хагараад байна, аяга байхгүй болохоор сүүгээ сааж чадахгүй байна, арга ядаад жорлон руу сааж байна. Тийм болохоор би өлсгөлөн зарламаар байна” гээд надаас асуусан. Харин би ар гэрийнхэнтэйгээ ярилц гэж хэлсэн. Хэрвээ үнэхээр тэгж их мөнгө идсэн бол өлсгөлөн зарлах хэмжээнд хүрэхгүй байсан шүү дээ. Би түүний биеийг бодоод маш их харамсч байна. Гол нь хүүхдийг нь бодож байна. Эх хүн байж хүүхдийг нь бодооч ээ гээд прокуорынхонд удаа дараа хэлсэн ч хүлээж авсангүй. Хүүхэд л хэцүү байна. Бусад нь бол яахав дээ. Шалгуулдаг, шалгуулаад гарч болно. Ямар ч гэсэн Монголд Өмгөөлөгчийн хуульгүйгээс болоод ийм зүйл болж байна. Хэрвээ тэр хууль байсан бол бид хуулиа бариад ярина шүү дээ. Үнэндээ мухардаж бас цөхөрч байна. Давж заалдах эрхгүй гарч ирсэн болохоор яаж ч чадахгүй байна.

-Одоо хэд хоног хоригдчихоод байгаа билээ?

-Ес хоног болж байна. Одоо тав хоног дутуу. Гэхдээ тав хоногийн дараа дахиад гүйцэтгэх ажлын мэдээ гэдгээрээ ам таглавал дахин хоёр сар сунгана. 24 сар сунгаж болдог юм. Тийм болохоор энэ асуудал шийдэгдэхгүй маш их удах байх гэж бодож байна. Яагаад гэвэл хорих хугацаандаа нэг ч удаа байцаасангүй. Ямар ч мэдээлэлгүй харанхуй нүхэнд хоригдож байна. Нөхцөл байдал ийм л байна.

 

М.Мөнхбаатар: Үр хүүхэдгүй хүмүүс шиг хатуурхаж байгаад гомдож байна

/Г.Түвшинжаргалын нөхөр/

Өлсгөлөн зарлах гэж байгаагаа танд хэлсэн үү?

-Хоригдох хугацаанд нь нэг л удаа уулзсан. Тэгэхэд эх хүүхдийг ингэж хагацааж байгаа юм бол би өөрийнхөө зүгээс хийх зүйлээ бүгдийг хийнэ гэж байсан. Тэрнээс биш өлсгөлөн зарлана гэдгээ ерөөсөө хэлээгүй.

-Хууч өвчин бий юу?

-Ийм стрестэй нийгэмд амьдарч байгаа юм чинь хууч өвчингүй хүн гэж байхгүй л болов уу. Өнгөрсөн жилийн намар гэхэд эмэгтэйчүүдийн хагалгаанд орсон.

-Хүүхэд одоо ямар байдалтай байна вэ?

-Мэдээж эх нь байхгүй байгаа хүүхэд ямар байх билээ. Ийм нөхцөлд байгаа хүүхэд ямар олиг байх вэ дээ. Хөхүүл болохоор их хэцүү байна. Өчигдөр байцаагч Пүрэвдорж гэдэг хошууч дээр ороод эргэлтийн бичиг хийч өгөөч гэсэн. Гэтэл оруулах боломжгүй. Долоо хоногт нэг удаа орсон бол боллоо, гар гэсэн л дээ. Гарахаас өөр арга байгаагүй. Би өөрөө цөхөрсөн эцэг хүн. Мэдээж эхнэртэйгээ уулзахыг л бодно. Эхнэрээрээ шоу хийгээд явна гэж юу байхав. Гэтэл өдөр болгон уулзуулаад байгаа юм шиг л нийгэмд элдвийн мэдээлэл байна. Хамгийн гол нь эх, хүүхэд хоёрыг уулзуулах хэрэгтэй байна. Хүүхэд өдөрт нэг хөхчихөөд бүтэн 24 цагийн хоолоо авч чадна гэж байхгүй. Хүүхэд эхтэйгээ хамт өдөр шөнөгүй хамт байх ёстой. Үр хүүхэдгүй хүмүүс шиг хатуурхаж байгаад гомдолтой байна. Ийм муухай нийгмийг цааш үргэлжлүүлж болохгүй. Бүгд л хөхөө идэж өссөн хүмүүс байгаа байлгүй дээ. Ер нь, энэ хорвоо дээр чинь хүмүүс үр хүүхдийнхээ төлөө л амьдардаг шүү дээ. Тиймээс ингэж хатуурхаж болохгүй мэт санагдах юм. Хүүхдээ бодоод л өлсгөлөн зарласан болов уу.

 

Г.Уянга:Ээж, үр хоёрыг хагацаан байж, хэн нэгэнд хэрэг тохох нь гэх хардлага төрж байна

/УИХ-ын гишүүн/

-Цаад хэрэг нь юу болоод байгааг мэдэхгүй юм. Тэрнээс нь үл хамаараад эмэгтэй хүнийхээ хувьд, ээжийн хувьд энэ асуудалд хандаж байгаа. Үнэхээр цаана нь гэмт хэрэг байж магадгүй. Байхгүй ч байж мэднэ. Тэглээ гээд хөхүүл хүүхэдтэй хүнийг ингэж хорьж болохгүй. Давхар хүүхдийг нь шийтгэж бүр болохгүй шүү дээ. Ганц худагийн гадаа хүүхдийг нь харахад ханиад хүрчихсэн, нус нь гоожчихсон байсан. Ийм байдалтай байхад эхийг нь гадуур байцаах ёстой. Хуульд цагдан хорьж болохгүй гэж заасан байгаа. Яагаад энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь сонин байна. Ийм харгис байж болохгүй. Х.Баттулга гишүүн улс төржүүлж байна гээд яриад байсан. Үүнд нь 100 хувь итгэж өгөхгүй байсан л даа. Харин одоо хүүхдийг тамлан байж ээжийг нь хорьж байгааг хараад энэ хэргийн цаана улстөржилт байх магадлалтай гэж бодох болсон. Ээж, үр хоёрыг хагацаан байж хэрэг илрүүлж, хэн нэгэнд хэрэг тохох гэж байгаа юм биш биз гэсэн хардлага ч төрж эхэлж байна. Гэмт хэрэг рүү нь анхаарлаа хандуулахаас өөр аргагүй болох юм шиг байна. Ер нь яагаад ийм зэрлэг, харгис байгааг нь үнэхээр их гайхаж байна.  Энэ хэрэгтэй холбогдуулаад хуулийн заалтуудыг нь фэйсбүүктээ тавих болно. Хөхүүл эмэгтэйг хорихгүй байх иж бүрэн заалт бий. Ээж нь хөхөө жорлонд саагаад, хүүхэд нь ханиад хүрчихсэн эхтэйгээ уулзаж чадахгүй байгаа энэ явдлын эсрэг бүгдээрээ нэгдэх хэрэгтэй.  

 

Л.Эрдэнэчимэг: Айлган сүрдүүлж асуудлыг шийдэхийг хичээж байгаа юм болов уу

/УИХ-ын гишүүн/

-УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын хувьд мөн УИХ-ын эмэгтэй гишүүний хувьд Х.Баттулга гишүүний туслах хөхүүл хүүхэдтэй Г.Түвшинжаргалыг 14 хоног цагдан хорих шийдвэрийг нь эсэргүүцэж цагдаагийн газарт шаардлага хүргүүлсэн байгаа. Ямар ч асуудал гарсан бай хөхүүл хүүхэдтэй эхийн асуудлыг гадуур шийдэх бүрэн боломжтой. Цаашид ямар ч хэрэг дээр жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийн асуудлыг тусгайлан авч үзэх ёстой. Хуульд ч ийм заалтууд бий шүү дээ. Өнөөдөр  Баянзүрх дүүргийн Шүүх дээр болсон давж заалдах шатны шүүхээс энэ эхийг үргэлжлүүлэн хорих ёстой гэдэг шийдвэр гаргасныг сонсоод үнэхээр гайхаж байна.  Бид хууль гаргадаг. Хуулиараа бол эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл дээр зөв зүйтэй хуулиуд гаргасан гэж үздэг. Гэтэл амьдрал дээр хэрэгжих болохоор эхчүүд болон хүүхдийн эрх үнэхээр зөрчигдөж байна. Энэ асуудлыг улс төрийн зорилготой гэдгийг дахин хэлмээр байна. Яагаад гэвэл Тавантолгойн ажлын хэсгийг ахалж, дүгнэлт гаргасан хүний хувьд энэ асуудал Тавантолгойтой салшгүй холбоотой гэж харж байна. Тавантолгойн гэрээг байгуулахад саад учруулсан хүмүүсийн эсрэг томоохон бүлэглэл ажиллаж байна гэдгийг энэ дашрамд хэлье. Сонгууль ойртож байгаатай холбогдуулан энэ асуудал гарч байна. Мэдээж УИХ-ын гишүүн рүү дайрч чадахгүй байгаа болохоор эргэн тйорныхон хүмүүсийг барьж хорих асуудал гарлаа гэж үзсэн. Тэр дундаа хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг барьж, хорьж хүчээр үг хэлүүлэх замаар айлган сүрдүүлж асуудлыг шийдэхийг хичээж байгаа юм болов уу гэсэн хардлага төрж байна.

 

 Г.Байгалмаа: Өлсгөлөнгийн хэлбэр нь улс төрийн хувьд хамгийн эцсийн арга

/УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх, МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга/

-Манай МоАХ-ны Нина гэж эмэгтэй Иргэний ардчилсан нийгмийг авчирахын төлөө гуравдугаар сарын 7-9-ний хооронд зарласан улс төрийн өлсгөлөнд эмэгтэйчүүдээ төлөөлж ганцаараа оролцож, энэ нийгмийг бүтээлцсэн. Одоо ч гэсэн үүний үргэлжлэл нь явж байгаа гэж харж байна. Хөхүүл хүүхэдтэй хүн хийгээгүй хэргийнхээ төлөө үүнээс илүүгээр яаж өөрийгөө илэрхийлэх билээ. Өлсгөлөнгийн хэлбэр гэдэг бол улс төрийн хувьд хамгийн эцсийн арга хэмжээ байдаг.  Үүнийг холбогдох шатны байгууллагууд нь авч үзэж, үндэслэлтэйгээр хандахгүй бол цаашид олон эмэгтэйг хэлмэгдүүлэх байдал үүснэ.

 

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хэн хийгээгүй хэргээ хүлээх юм бээ, бодож байж бичиж бай.
Харгис нийгмээс хагацахсан
Battulgaa uuruu khergee uureechee archaagui tsarailaad baikh um!!!
Хэн хийгээгүй хэргээ хүлээх юм бээ, бодож байж бичиж бай.
Хамгийн их уншсан