Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг хувьчлахгүй

Л.БАТБААТАР

НИТХ-ын хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг 2016 оны өмч хувьчлалд хамруулж нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг эсэргүүцэж эцэг эх, багш болон сурагчдын төлөөлөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр тайван жагсаал хийн Монголд үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулан хүүхдийн авьяас билгийг хөгжүүлж, соён гэгээрүүлдэг цорын ганц байгууллагыг хувьчлах нь буруу хэмээн шийдвэрээ цуцлахыг нийслэлийн удирдлагуудаас хүсч байсан юм.

Тэгвэл  НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж  Хүүхдийн урлан бүтээх төв, Соёлын төв өргөөний Г хэсэг, нийслэлийн Тамгын газрын спорт заалыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлах  жагсаалтаас хасах асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар оруулж хэлэлцүүллээ. Тэрээр “Соёлын төв өргөөний А, Б, В, Г  корпусын  нийт үнэ долоон тэрбум 590 сая, Хүүхдийн урлан бүтээх төвийг нэг тэрбум 46 сая,  спорт заалыг 304 сая төгрөгөөр  үнэлсэн байсан. Эдгээр  обьектыг хувьчлах жагсаалтаас хасах саналыг оруулж байна” гэв. Уг асуудалтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тавьсан асуултад нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хариуллаа.

Тухайлбал, НИТХ-ын Тэргүүлэгч Н.Гантөмөр “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтээр 2016 онд хувьчлах жагсаалтад оруулсан. Гэтэл өнөөдөр  хасах гэж байна.  Яагаад гаргасан шийдвэрээсээ буцсан асуудал оруулж ирж байна вэ” гэж асуухад нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хоёр удаагийн дүгнэлт гарсан. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хүүхдийн урлан бүтээх төвийн дээврийн засварыг ажлыг хийх болсон. Мөн эцэг эхчүүд, ажилтнуудын удаа дараагийн гомдол болон тус барилгын суурийн бэхлэлтийг шинэчлэх төсвийг нийслэлийн төсөвт суулган шийдвэрлэх болсноор хувьчлах жагсаалтаас хасах саналтай байна” гэлээ. Ингээд НИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлын талаар саналаа хэллээ.

НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Буяндалай:
Энэ гурван обьектийн балансын үнэ 4-5 тэрбум гаруй төгрөг байна. Улсын төсөв, орлого татвар дутсан нөхцөлд нийт төсөвт тодотгол хийж зохицуулдаг. Жишээ нь, татварын орлого бүрдэхгүй байвал оны эцэст татварын орлогод  тодотгол хийн асуудлыг хуралдаад шийддэг жишиг бий. Энэ жишгээр оны эхний хагаст төсвийн тодотгол хийж амжихгүй ч оны төгсгөлд төсвийн тодотголд  зохицуулалт хийх  боломжтой гэж үзэж байна. Тиймээс энэ гурвын обьектийг хувьчлах жагсаалтаас хасах саналтай байна гэв.

НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Баатархүү:
Оруулж ирсэн асуудал тодорхойгүй байна. Та нар шийд гээд тулгаж байна. Миний ойлгосноор, өмч хувьчлалын жагсаалтад байгаа Хүүхдийн урлан бүтээх төвийг  устгах, мөнгө олох зорилго байхгүй. Баянхошуунд амьдардаг хүүхдүүд хотын төвийн дугуйланд хамрагдаж чаддаггүй. Энэ удаагийн НИТХ нь  Хүүхдийн урлан бүтээх салбарыг дүүргүүдэд байгуулсан. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 39, 72 дугаар ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн дугуйлан хичээллэж байна.  Энэ дугуйлангууд ерөнхий боловсролын сургуулийн сул байгаа анги танхимд хичээллэдэг. Ер нь сул чөлөөтэй анги танхим олддоггүй. Захын гэр хорооллын хүүхдүүдэд зориулж ийм шийдвэр гаргасан. Гэтэл барилга, газар гээд өөр зүйл ярьж байна. Хэрэв үнэхээр үйл ажиллагааг нь сайжруулъя гэвэл  концессын жагсаалтад оруулж Хүүхдийн урлан бүтээх төвийг өөрчлөх хэрэгтэй. Ер нь зорилгоо тодорхойлсон шийдвэр гарахгүй байна. Төсвийн тодотгол хийнэ, нийслэлийн төсөвт суулгана гэх атлаа Хүүхдийн урлан бүтээх төвийн дээврийг засна ч гэх шиг. Эргэж буцсан ойл­гомжгүй шийдвэрүүд гарч байна. Ийм учраас энэ асуудлыг хойшлуулах санал­тай байна. Дараагийн байгуулагдах  НИТХ-д  хувьч­лах асуудлыг оруулъя. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэг хүмүүс Хүүхдийн урлан бү­тээх төвийг устгах нь гэж яриад байх юм. Ерөөсөө ийм асуудал байхгүй. Налайх дүүрэгт амьдардаг хүүхэд Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйланд яаж хамрагдаж чадах юм. Захын хорооллын хүүх­дүүдэд ээлтэй орчин ду­гуй­­­­­­­­­лан бүрдүүлэх нь чухал гэв.

НИТХ-ын Тэргүүлэгч Г.Ганбаяр:
Оруулж ирсэн саналаас харахад ашгүй Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлалаас хасах нь  гээд гараа өргөчихмөөр. Төсвийн орлого талаас нь харвал төсвийн тодотгол руу шилжүүлнэ гэхээр гараа өргөмөөргүй байна. Гурван сарын өмнөхөн  НИТХ-ын чуулганаар Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахаар баталж байсан. “Хүүхдийг хөгжүүлэх зориулалтаар барьж байгуулсан барилгыг зориулалтын дагуу ашиглах хэрэгтэй. Бүү хувьчил. Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр ашиглах боломжгүй болно” гэж бид эсэргүүцэж байсан. Тэгвэл яг бидний тавьж байсан саналаар хувьчлах жагсаалтаас хасах тухай санал оруулж ирж байна. Усан бассейны асуудлыг сөхөж байна. Ялгаагүй Хүүхдийн урлан бүтээх төвтэй ижил барилга. Хэрэв дээрх гурван обьектийг хувьчлах жагсаалтаас хасах гэж байгаа бол Усан бассейны барилгыг нэмж оруулах саналтай байна гэв.

НИТХ-ын Тэргүүлэгч Т.Гантөмөр:
НИТХ-ын хуралдаанаар хувьчлах обьектийн жагсаал­тыг батлахдаа асуудлыг олон талаас нь бодож ул суурьтай хандмаар байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг хувьчлах асуудал ярьж байх үед эцэг эхчүүд, багш, ажилчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсэргүүцлээ илэрхийлж байсан. Аливаа шийдвэр гаргахдаа иргэдийнхээ саналыг сонсдог гэж ярьдаг. Энэ гурван обьектийн эрх бүхий этгээдээс  саналыг нь аваагүй. Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Цаашид үйл ажиллагаа явуулж болохгүй” гэсэн дүгнэлт гарсан байхад засч янзлаад үйл ажиллагааг нь хэвээр явуулна гэдэг аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй. Ийм асуудал гаргасан нийслэлийн Өмчийн харилцааны нөхдүүд хариуцлагагүй байна гэж хэлмээр байна. Энэ гурван обьектийг хувьчлах жагсаалтаас хасах саналтай байна гэв.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга:
Нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг, газрууд НИТХ-д асуудал оруулахдаа тооцоо судалгаа сайн хийж баймаар байна. Өмч хувьчлалтай холбоотой асуудал хоёр жил дараалан гарлаа. Шийдвэр гаргуулж байгаа та нарт ч хэцүү. Шийдвэр гаргаж байгаа бидэнд ч хэцүү байна. Нэгэнт шийдвэр гаргуулсан бол шийдвэрийг биелүүлэхийн төлөө тууштай явмаар байна . Энэ гурван обьектийг өмч хувьчлалаас хассан тохиолдолд дутагдах мөнгийг бусад хувьчлалаас олохыг та нарт даалгана гэлээ.

Тэргүүлэгчид үг хэлж дууссанаар санал хураалт явагдсан. 2016 онд нийслэлийн өмчөөс хувьчлахаар батлагдсан хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтаас нэр бүхий гурван байгууллагыг хасах тухай санал хураахад НИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхи дэмжсэн юм. Энэ тухай НИТХ-ын тогтоол гарснаар Хүүхдийн урлан бүтээх төвийг  хувьчлах жагсаалтаас хаслаа. Монголын  хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг цорын ганц хүүхдийн байгууллага хувьчлагдаж хувьд шилжсэнгүй. Ингэснээр “Хүүхэд бүх талын боловсролыг үнэ төлбөргүй эдлэх эрхтэй” НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцын зарчим алдагдахгүй нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан