Х.ӨЛЗИЙ
Бельгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудалд мягмар гарагийн өглөөгүүр хоёр ч удаа дэлбэрэлт болсны дараагаар метроны “Мальбек” өртөөнд бас бөмбөг дэлбэрч энэ цуврал халдлагын улмаас нийтдээ 34 хүний амь үрэгдэж, 250 гаруй хүн шархдаад байна.
Таксины жолооч алан хядагчдын гэрийг зааж өгчээ
Бельгийн нийслэлд таксины жолоочоор ажилладаг нэгэн цагдаа нарт алан хядагчдын амьдарч байсан байрыг зааж өгснөөр өөр халдлага болон олон хүний амь үрэгдэхээс урьдчилан сэргийлэх боломж олгожээ.
Брюсселийн нисэх буудалд дэлбэрэлт болсны дараахан тэрээр цагдаагийн газар луу утасдаж алан хядагчид өөрийн нь машинаар нисэх буудалд хүргүүлсэн, тэдний цүнх нь их хүнд байсан, тэгээд ч хүний тооноос нь олон байсан, тэгэхээр заримыг нь гэртээ орхисон гэж мэдэгджээ. Улмаар цагдаагийнхан тэдний байрны хаягийг жолоочоос авч тэнд нь нэгжлэг хийхэд “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн туг, тэсрэх бодис олж илрүүлсэн байна.
“Лалын улс”: Нисэх буудалд хэд хэдэн амиа золиослогч байсан
Алан хядагч “Лалын улс” бүлэглэл Бельгийн нийслэлд дэлбэрэлт үйлдсэнээ хүлээгээд энэ нь Салах Абдесламыг францын нийслэлд халдлага үйлдсэн гэж бельгиэс баривчилсантай холбоогүй, харин Бельги улс өөрсдийн нь эсрэг олон улсын эвсэлд нэгдсэний нь төлөө өшөө авч байгаа нь энэ гэж мэдэгдсэн хэмээн италийн askanews агентлаг мэдээлжээ.
Англи хэлээр бэлтгэсэн дүрс бичлэг дээрх мэдэгдэлдээ тэд Завентын нисэх буудал дахь халдлагыг хэд хэдэн амиа золиослогч үйлдсэн гэсэн бол метроны “Мальбек” өртөөн дэх дэлбэрэлтийг нэг л хүн хийсэн гэсэн байна. Бүх дэлбэрэлтийг шахидын амиа золиослогчийн бүс ашиглаж хийсэн, гэхдээ эхлээд эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор гал нээснээ бас дурджээ.
Алан хядагчид бас бүх Европт ийм “хар өдрүүд” авчрах дайралт хийнэ гэдгээ хэлсэн байна.
Хоёр белорус, нэг дагестан хүнийг сэжиглэж байна
Германы цагдаагийнхан Бельгийн нийслэлд халдлага, дэлбэрэлт үйлдсэн байж болох гурван хүнийг сэжиглэн барьсан байна. Косовогийн харьяат энэ гурван хүн белгийн дугаар бүхий машин унаж явжээ.
Бельгийн тусгай албаныхан энэ цуврал халдлагыг үйлдсэн байж болох таван хүнийг сэжиглэн барьсан гэж хэвлэлүүд мэдээллээ. Энд белорусын иргэн ах дүү хоёр Иван болон Алексей Довбаш, дагестаны Марат Юнусов байсан гэжээ. Өөр бас хэдэн хүнийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
Харин Белорус улсын Аюулаас хамгаалах хороо энэ хэрэгт сэжиглэж байгаа, белорусын иргэн Алексей Довбиш гэгчийг энэ халдлага болох үеэр Белоруст, эх орондоо байсан гэж мэдэгдээд байна.
Белорусын Аюулаас хамгаалах хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Побяржин телевизийн “Белорусь 1” сувгаар ярихдаа “Белгид цуврал халдлага болох үеэр Алексей Довбаш Бельгид байгаагүй” гэсэн байна. Харин Иван Довбаш болон Марат Юнусов нарын байгаа газрын тухай асуултад Побяржин “үүнийг белгийн талаас асуу” гэж хариулсан байна.
Сэжигтнүүдийн гэрэл зургийг тараажээ
Бельгийн цагдаагийн газар Брюсселийн нисэх буудлын хяналтын камераас авсан гурван хүний гэрэл зургийг халдлага үйлдсэн байж болно хэмээн сэжиглэж хувилан тараасан байна. Гэрэл зургийн AFP агентлаг анх энэ зургийг нийтлэхдээ прокурорын зөвшөөрлөөр белгийн цагдаагийнхан эрэн суралжилж байгаа гэсэн тайлбар зүүжээ. Зураг дээрх баруун гар талын хоёр хүн бол Бельгийн иргэн, өмнө нь дээрмийн хэрэгт холбогдож байсан ах дүү Халид болон Брахим эль Бакрауи болохыг тогтоосон байна. Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель ард түмэндээ хандаж ийм хүнд үед тайван, эв нэгдэлтэй байхыг уриалсан байна. Тэрээр энэ сарын 24-нөөс БНХАУ-д хийх байсан айлчлалаа хойшлуулжээ. Тэр БНХАУ-д болох Боагийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох ёстой байсан юм.
“Харамсалтай нь Бельгийн Ерөнхий сайдын Хятадад хийх айлчлал хойшиллоо” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Гурав хоногийн гашуудал зарлалаа
Бельгийн Засгийн газар энэ эмгэнэлт явдлын улмаас улс орон даяараа гурав хоногийн гашуудал зарлаад байна. Францын нийслэл Парис хот белгичүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн Эйфелийн цамхгийг Бельгийн далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байна.
Польшийн нийслэлд Варшавын хамгийн өндөр барилга Соёл, шинжлэх ухааны ордныг, Нью-Йоркт Дэлхийн худалдааны төвийн байрыг бас белгийн далбааны өнгөөр хар улаан, шар өнгөөр гэрэлтүүлжээ.
Энэ халдлагын өмнөхөн Герман улс анхааруулга хүлээн авчээ
Брюссельд болсон дэлбэрэлтийн өмнөхөн Германы тусгай алба “Лалын улс” зэвсэгт бүлэглэл Европт үйлдэх халдлагад бэлтгэж байгаа тухай анхааруулга хүлээн авсан гэж TagesSpiel мэдээлжээ.
Энэ мэдээллээр бол “Лалын улс” бүлэглэл 2015 оны намраас баруун Европт халдах гурван ч бүлэг, алан хядагчдыг бэлтгэж байсан гэнэ. Эхний бүлэг нь “Лалын улс”-ын нийслэл гэдэг Сирийн Ракка хотыг бөмбөгдөх үеэр бүгд амь үрэгдсэн бол хоёр дахь бүлэг нь Францын нийслэл Парист 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд дэлбэрэлт үйлдсэн байна. Гурав дахь бүлэг нь харин нууц албадын хараанаас ор сураггүй алга болж өнгөрсөн оны аравдугаар сард бельгийн дугаар бүхий түрээсийн машинаар германы Ульм хотод ирсэн юм байна. Ингээд дүрвэгсдийн байрнаас гурван хүнийг аваад сирийн дүрвэгсдийн байдлаар германаас гарч явсан бололтой.
Европт дахиад шинэ халдлага болж магадгүй
Брюсселийн дараагаар Европт дахиад шинэ шинэ халдлага болж магадгүй хэмээн АНУ-ын Төрийн департамент урьдчилан анхааруулсан байна.
“Алан хядагч зэвсэгт бүлэглэл бүхий л Европт дайрч халдахаар төлөвлөж үүнийгээ үргэлжлүүлж мэдэх юм. Тэдний гол бай нь спортын арга хэмжээ, аялал жуулчлалын гол газрууд, зоогийн газар, нийтийн тээвэр байж болох юм” гэж Төрийн департаментын мэдээлэлд дурдсан байна.
Ийм учраас АНУ-ын иргэд олон хүн цугларсан газар, ялангуяа шашны болон төрөл бүрийн наадам фестиваль, арга хэмжээнүүдийн үеэр анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.
Нэрт сагсан бөмбөгч дэлбэрэлтэд өртжээ
Нисэх буудалд болсон дэлбэрэлтэд Бельгийн нэртэй сагсан бөмбөгч Себастьян Беллин өртөж хөлдөө хүнд гэмтэл авчээ. Бельгийн Gent Hawks багт 37 настай Беллин яг дэлбэрэлт болох үеэр зорчигч бүртгэлийн газарт зогсч байж. Хүчтэй дэлбэрэлтийн цохих долгион сагсан бөмбөгчийг хэдэн метр шидэх үеэр тэр гэмтэл авсан гэнэ. Одоо тэрээр хөлдөө мэс засал хийлгэх шаардлагатай, сагсан бөмбөгчийн карьер нь цаашид хэрхэх нь эргэлзээтэй байна.
Мөрдөн шалгах ажилд АНУ хамтарна
Бельгийн нийслэлд болсон аймшигт халдлагын эздийг олох мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Нью-Йоркийн цагдаагийн газар оролцож хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна. Нью-Йоркийн Цагдаагийн газрын даргын орлогч Жон Миллер “Бид өнөө оройдоо юм уу, үгүйдээ л маргааш өглөө гэхэд Холбооны мөрдөх товчооны ажилтнууд, Нью-Йоркийн цагдаагийн мөрдөн байцаагчдыг мөрдөн шалгах ажилд оролцуулахаар илгээнэ” гэж мэдэгджээ.
Хууль сахиулагч ийм ажилтнуудаа илгээх болсноо “дэлбэрэлтэд өртөгсдийн дотор америкийн иргэд байгаагаас” гэж тайлбарласан байна. Бельгийн нийслэлд болсон цуврал халдлагын үеэр америкийн есөн иргэн өртөж шархадсан юм.