Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Сансрын нисэгч ахаа
Сайн яваад ирэв үү
Саран, наран хоёртой
Саатан уулзаад ирэв үү...” хэмээн улаан бүч, цагаан цамцаар ижилссэн багачууд “Угтагчийн дуу” хэмээх энэ дуугаар сансрын тойрог замд найм хоног аялж, эх дэлхийгээ 124 удаа тойрсон Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарыг угтаж байв. Тэртээ 35 жилийн өмнө болсон эл үйл явдал өдгөө түүх болон үлдсэн ч “Сансрын нисэгч ахаа, сайн яваад ирэв үү” гэх хоёр мөрийг сонсох бүрт хоор болон дуулах багачуудын цангинасан хоолой сонстож, хоёр нисэгчийн гараа даллан инээмсэглэж буй дүр нүдэнд буудаг.
Өчигдөр монгол хүн сансарт ниссэн түүхт 35 жилийн ой тохиолоо. БНМАУ-ын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын нисэгч В.А.Жанибековын хамт 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын станцаас “Союз-39” хөлгөөр хөөрч, найм хоногийн дараа эх дэлхийдээ амжилттай газардсан.
Ийнхүү морин дэл дээр өссөн монгол хүн агаарын хөлгөөр аялж, алс огторгуйн уудамд зорчсон өдрийг бэлгэшээж энэ өдөр төрсөн нялхаст Эрхэс, Од, Сансар, Гүррагчаа зэрэг нэр хайрлах нь элбэг. Тэр ч бүү хэл Пуужинцацрал, Жангүрням зэрэг этгээд нэртэй нь ч бий. Жангүрням гэх хүн 1981 оны гуравдугаар сарын 22-ны ням гарагт төрсөн бөгөөд Жанибеков, Гүррагчаа нарын нэрээс эхний үеийг авч, гараг өдрийн “ням”-ыг нэмснээр ийм өвөрмөц нэртэй болсон гэдэг.
Өдгөө энэ өдөр төрсөн 206 хүн байдаг бөгөөд ихэнх нь цахим орчинд байнгын холбоотой байж, жил бүрийн төрсөн өдрөө хамтатган тэмдэглэдэг уламжлал тогтоожээ. Түүнчлэн, төрсөн өдрийнхөө хүрээнд энэ өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг өгдөг заншилтай. Өчигдөр дээрх хүмүүсийн төлөөлөл болсон арван хүн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дөрвөн төрөх эмнэлгээр зочилж, шинэ төрсөн хүүхдүүдэд бэлгийг нь гардуулсан юм.
Тэднийг “Нийслэлийн хүрээ” амаржих газар буюу хуучнаар Төрөх II эмнэлэгт ажиллах үеэр сурвалжлага бэлдэх завшаан тохиолоо. Өчигдөр 11:00 цагийн байдлаар “Нийслэлийн хүрээ” амаржих газарт 15 шинэ хүн мэндэлсний ес нь хүү, зургаа нь охин байсан юм. Шинэ төрөгсдөд бэлэг гардуулахаар ирсэн арван хүний хоёр нь орон нутгаас, тодруулбал Дорнод, Өмнөговь аймгаас ирсэн хэмээж байв.
“Дөрвөн ч эмнэлгээр явж бэлэг тараах болохоор жаахан яаруу л явна. Юутай ч жил жилийн энэ өдөр шинэ төрсөн багачууддаа бэлэг өгч, эцэг эхийг нь ч баярлуулахыг хичээдэг. Энэ ажлыг Гүррагчаа ахын санаачлагаар 15 жилийн өмнөөс хийж эхэлсэн юм билээ. Бид монгол хүн сансарт ниссэний 20, 25, 30 жилийн ойг энэ жилийнхтэй адил өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлнэ” хэмээн 1981 оны гуравдугаар сарын 22-нд төрсөн Сүхбаатар дүүргийн оршин суугч Д.Одгэрэл хэлж байв.
Өчигдөр амаржсан эхчүүдийн төлөөлөл болох Сүхбаатар дүүргийн оршин суугч Б.Ариунзаяатай уулзлаа. Анхны үрээ өлгийдсөн тэрээр шөнийн 02:15 цагт хийсвэр хагалгаа хийлгэн амаржиж, 3 кг 650 гр хүүтэй болсон байна. “Эх, хүү хоёрын биеийн байдал тун сайн байгаа” хэмээн эх барих эмч, сувилагч нар онцолж байлаа.
-Юуны өмнө баяр хүргэе. Монгол хүн сансарт ниссэн түүхэн ойн өдөр анхны үрээ өлгийдлөө. Сэтгэл өндөр байгаа нь лавтай?
-Тиймээ, анх айж, эмээж байсан ч одоо хүүгээ тэврээд зогсч байхад өөрийн эрхгүй баярлаж, нулимс унагадаг юм байна. Ийм сайхан түүхэн өдөр ээж болох учиртай байж.
-Төрөх хугацаагаа бодоод энэ өдөр төрж магадгүй хэмээн бодож, таамаглаж байв уу?
-Үгүй ээ, анхны төрөлт болохоор тэр тухай бодох ч сөхөөгүй явлаа. Ямартай ч гуравдугаар сарын дундуур төрнө гэсэн баримжаатай байсан.
-Энэ өдөр төрсөн хүмүүст Сансар, Од зэргээс аваад элдэв этгээд сонин нэр өгсөн нь бий. Таны хувьд хүүдээ хайрлах нэрээ товлосон уу. Эсвэл хараахан шийдэж амжаагүй байна уу?
-Тогтож товлосон юм байхгүй ээ. Ямар ч байсан эмнэлгээс гараад эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ ярьж байгаад нэр алдрыг нь хайрлана. Одоо ийм тийм гэж хэлэхэд бэрх юм.
-Дахин баяр хүргэе. Танай гэр бүлд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Энэ дашрамд өнөөдөр төрсөн бүх хүмүүст халуун баяр хүргэе.