Цаг уурын радарын станц болон мэдээлэл солилцох системийг шинэчлэх, сүлжээ байгуулах, супер компьютерийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, цаг уурын улсын сүлжээний 180 салбарыг автомат станцаар хангахаар болжээ.
Морин-Уулын радарын станцыг шинэчлэх, радарын улсын сүлжээ байгуулах болон Цаг уурын улсын сүлжээг автомат станцаар хангах үйл ажиллагааг санхүүжүүлэх гадаад болон дотоод эх үүсвэрийг судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт даалгав.
Сүүлийн үеийн цаг уурын радарын технологи дээр үндэслэн Монгол орны газар нутгийг бүхэлд нь хамарсан цаг уурын радарын сүлжээг байгуулснаар байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж, үүдэн гарах хор хохирлыг бууруулах боломжтой болох юм. Цаг уурын радарыг цаг агаарын сэрэмжлүүлэг, урьдчилсан мэдээ, иргэний нисэхийн цаг уурын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цаг агаарт зориудаар нөлөөлөх зэрэгт ашиглах боломжтой.