Б.ШИРНЭН
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 148-д заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, 1661-д заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар дөрвөн эмэгтэйг зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад өнөөдөр долоо хоног боллоо. Гэвч, энэ хугацаанд сэжигтэн Г.Түвшинжаргалын нөхөр ой дөрвөн сартай хүүхдээ тэврэн Цагдан хорихын гадна очсон ч эхнэрээ ямар хэргээр шалгагдаж байгааг, хүүхдээ яагаад зүгээр л хөхүүлж болохгүйг ойлгож чадахгүй, энэ нийгэмд гомдож буйгаа хоолой зангируулан хэлэв.
УИХ-ын гишүүн Г.Уянга ч төрөөд долоо хоноогүй байхдаа гэрийнхээ хаалгыг эвдүүлж, цагдан хоригдох дээрээ тулж байсан тул энэ аавын гомдол, цөхрөлийг ойлгож, уржигдар өөрийн биеэр Цагдан хорих орж, Цагдаагийн дарга, Хуульзүйн сайд руу утас цохисноор хүүхдийг хооллох хэрэгтэй гэдэгт иргэдийн анхаарлыг төвлөрүүлж чадсан юм. Магадгүй ингэснээр эх нь хүүхдээ сүүгээрээ хооллох “зөвшөөрөл”-тэй боллоо.
Гэхдээ цагдаагийн газраас өчигдөр “Энэ хэрэгт хөндлөнгийн нөлөө байхгүй. Аливаа хэрэгт Г.Уянга, Хуульзүйн сайд, Цагдаагийн дарга ч хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй байдаг. Өмгөөлөгч нь ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтээ хуулийн дагуу гаргасан тул түүнийг нь ёсоор болголоо” гэх утгатай мэдэгдэл хийв. Гэхдээ бодит байдал дээр ийм байгаагүй. Учир нь, УИХ-ын гишүүн Г.Уянга Цагдаагийн газрын дарга Р.Чингистэй утсаар холбогдоход тэрээр “Ой долоон сартай бор хоолонд орчихсон гээд надад танилцуулж байсан. Би биш ээ. Уянга гишүүн ийм зүйл ярьж байна. Хүний ёсоор хандах ёстой. Хөхүүлэх юм бол хүүхдийг нь оруул. Хөхүүл хүүхэдтэй юм бол гарга” гэсэн үүрэг чиглэл өгчихсөн байгаа” гэж хэлж байсан юм. Энэ нь нэг талаараа магадгүй цагдаагийн дарга үүрэг чиглэл өгсөн тул хүүхэд эхийнхээ сүүгээр хооллох эрхтэй болсон мэт сонсогдож байгаа билээ. Ямартай ч, өчигдөр сэжигтэн Г.Түвшинжаргал гэр бүлийнхэнтэйгээ уулзах зөвшөөрөлтэй боллоо.
Гэхдээ өнөөдрийг хүртэл “Сайншандын” гэх тодотголтой энэ хэргийн эргэн тойронд бүх зүйл бүрхэг хэвээр байна. Цагдаагийн газраас хэрэгтэй холбоотой ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаагаас үүдэн эх сурвалж нь тодорхойгүй таван тэрбум төгрөгийг угаасан гэдгээс өөр мэдээлэл алга. Гэтэл Г.Түвшинжаргалын өмгөөлөгч болоод ар гэрийнхэн нь түүнийг мөнгө угаах хэмжээний албан тушаалд байгаагүй гэж хэлж байгаа юм.
Тухайлбал, 2013 арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дотоодын “Натур фрэйндли” болон гадаадын түншлэлийн “Мотт Макдоналдс” компанийн түншлэл Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас зарласан байгаль орчны үнэлгээ хийх тендерт шалгарч, ажил гүйцэтгэх гэрээг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын А/407 тушаалын дагуу гэрээ байгуулсан юм билээ. Ингээд энэ гэрээний дагуу дээрх түншлэл ““Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүс нутгийн байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажил” хийхээр болжээ. Үнэлгээ хийх энэ ажил нь Хэнтий болон Дорноговь аймгийн үндсэн гурван хэсгээс бүрдэх дөрвөн талбайд хийгдэх ёстой байж. Харин цагдаагийн газраас хэд, хичнээн га гэдгийг нь хэлэхгүй байгаа ч үнэлгээг дутуу хийж, мөнгө угаасан хэмээн сэжиглэж байгаа аж.
Мөн өчигдөр Цагдаагийн газраас “Сайншандын” хэрэгтэй холбоотой мэдээлэл хийх үеэр Г.Түвшинжаргалын өмгөөлөгч болоод тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Хүнд үйлдвэрийн газрын дарга асан До.Ганболд нар орж ирсэн ч хэрэгтэй холбоотой асуултдаа тодорхой хариулт авч чадаагүй юм. Сэтгүүлчийн асуултад ч Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараахь байдлаар хариулсан юм.
-Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн ажилчдыг Эрүүгийн хуулийн 148, 1661-д зааснаар зүйлчилж байгаа. Энэ нь мөнгө угаах, онц хүнд гэмт хэрэгт хамрагдана. Гэтэл Г.Түвшинжаргал нь хуучин Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын алба хашиж байсан. Энэ албан тушаал нь өөрөө мөнгө, санхүүгийн байдалтай ямар нэг холбоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс мэдэгдэж байгаа. Үүнд тайлбар өгөөч?
-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд, “...цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын мэдээллийг нийтэд прокурорын зөвшөөрсөн хэмжээгээр мэдээллэнэ” гэсэн байдаг. Тиймээс одоогоор хэргийн үйл явц, ямар хэрэг зэрэг мэдээллийг бид өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээллэх хуулиар хориотой байдаг.
-Тендер шалгаруулалтын явц, гэрээ хийгдэх зэрэг нь тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын зөвшөөрлөөр явагдаж байсан байна. Энэ хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу. Мөн байгаль орчны үнэлгээний тендерт ялсан “Натур фрэйндли” компани нь гадаадын “Мотт Макдоналдс” компанитай хамтарч байсан байна. Энэ компаниас хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа юу. Нийтдээ энэ хэрэгт хичнээн хүнийг шалгаж байгаа юм бэ?
-Бид албан ёсоор прокуророос зөвшөөрөл авч байж, хэргийн талаар мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзвэл мэдээлэл өгнө. Одоогоор хэргийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Хэдэн га газарт үнэлгээ хийх байснаас хэдэд хийсэн гэж үзээд байгаа юм бэ. Энэ асуултад хариулах боломжгүй юу. Өмгөөлөгчөөс асуухаар нэг тоо хэлнэ. Ингээд олон зөрүүтэй мэдээллүүд яваад байна шүү дээ.
-Бид холбогдох журмын дагуу прокурорт танилцуулна. Өмгөөлөгчийн зүгээс хэвлэл мэдээлэлд хандахаас илүү, прокурорт хандсан бол илүү хуулийн дагуу ажиллагаа үйл ажиллагаа явагдах байсан байх гэж ойлгож байгаа.
-Явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж байна. Тэгвэл цагдаагийн газраас эх сурвалжтай янз бүрийн мэдээлэл яагаад гараад байгаа юм бэ. Зүгээр нэг туслахын дансаар олон сая ам.доллар орж гарсан гээд байгаа шүү дээ.
-Цагдаагаас ямар нэг мэдээлэл өгөөгүй.
-Тэгвэл хэвлэлүүд худал мэдээлэл өгч байгаа гэсэн үг үү?
-Хэвлэлүүд эх сурвалжаа өөрсдөө хариуцаад явах байх.
-Хэвлэлээр гарч байгаа хэргийн талаарх бүх мэдээллүүд цагдаагийн байгууллагаас гараагүй гэж ойлгож болох уу?
-Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, хавтаст хэрэг нь нууцын зэрэглэлтэй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн байдаг. Тэгэхээр хэргийн материалыг олон нийтэд дэлгэж болохгүй. Ер нь, аливаа хэргийг шалгах, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангаж өгөөч ээ, гэж бусад хүмүүсээс хүсмээр байна. Яагаад гэвэл, мөрдөн байцаагч хэрэг шалгаж байх явцад энэ хэрэг улстөр боллоо, будлиуллаа гэх мэт мөрдөн байцаагчид шууд бусаар нөлөөлөх ийм оролдлогуудыг хийлгүй, хэргийг шалгуул гэж хүсч байна.
-УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Ш.Эрдэнэтуяаг шөнө дунд явж байхад нь Лүн сумаас баривчиллаа... эсвэл дансанд нь байгаа зургаан сая ам.долларыг илрүүллээ гэдэг ч юм уу, энэ нь бодитойгоор хийгдсэн ажил юм бол цагдаагийн байгууллага нь тэр хүнтэй холбоотой арга хэмжээ авч байж хийнэ. Түүнээс зүгээр энгийн иргэнийг Лүнгээс очоод аваад ирэхгүй. Ийм бодитой ажлыг цагдаагийнхан гаргаж тавихгүй бол хүний эрхэнд халдаад ийм мэдээлэл гаргах хүн байхгүй биз дээ.
-Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдолтой хоёр хүний нэгийг нь саатуулаад батлан даалтад өгсөн. Нөгөөг нь саатуулаад, үргэлжлүүлэн цагдан хорьсон. Энэ мэдээлэл нийгэмд хүрсэн болохоор бид дараа нь албан ёсоор мэдээлэл өгсөн.
-Лүн сумаас барилаа гэдэг мэдээллийг яаж мэдэж авах юм бэ?
-Хорилоо, цагдлаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өөр эх сурвалжаас олон нийтэд хүрсэн. Бид хуулийн дагуу ийм арга хэмжээ явагдаж байна аа, гэдэг зүйлийг л ярьсан. Түүнээс хэргийн талаар ямар ч зүйл яриагүй. Өмгөөлөгчийн зүгээс ч гэсэн хэвлэл мэдээлэл гэхээс илүү тухайн хяналт тавьж байгаа прокурор, мөрдөн байцаагч, мөрдөн байцаах албаны даргад нь холбогдох хүсэлтээ тавиад явбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу арга хэмжээ явагдана.
-Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингис гурван настай, дөрвөн настай бор хоолонд орчихсон хүүхэд байсан гэж хэлсэн гэх мэдээлэл яваад байна. Цагдаагийн газраас даргадаа худалд мэдээлэл өгөөд байгаа юм уу?
-Энэ хүүхэд ой найман сартай хүүхэд. Хуульзүйн сайд гэдэг юм уу, гурван настай хүүхэд гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагаас өгөөгүй гэж надад мэдээлсэн.
До.Ганболд: Засгийн газар орон нутгаас 3400 га анх авсан
Үүний дараа бид Үйлдвэр хөдөө аж ахуйн Хүнд үйлдвэрийн газрын дарга До.Ганболдоос тендер болоод тендерт ялсан компани хичнээн га талбайд үнэлгээ хийх байсан талаар тодруулсан юм.
-Та тухайн үед Хүнд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлыг эхлүүлэхтэй холбоотой байгаль орчны үнэлгээний асуудал яригдаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Би тухайн үед яамны Хүнд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. Сая, өмгөөлөгчөөс тогтоолыг нь харлаа. Засгийн газрын 76 дугаар тогтоолоор тогтоосон 32 мянган га газарт үнэлгээ хийх байсан байтал 3400 га газарт үнэлгээ хийж улсад хохирол учруулсан гэх утгатай юм бичигдсэн байна. 32 мянган га газар гэдэг тоог би мэдэхгүй. Хаанаас гараад ирсэн юм. Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 2-нд гарсан тогтоол бол байдаг. Харин үүнд дээр га хэмжээний тухай огт бичигдээгүй байдаг юм.
-Тэгвэл ажил гүйцэтгэх гэрээнд энэ талаар тусгасан уу. Дотоодын “Натур фрэйндли” болон гадаадын түншлэлийн “Мотт Макдоналдс” компанийн түншлэл тендерт шалгарч, ажил гүйцэтгэх гэрээг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын А/407 тушаалын дагуу гэрээ байгуулсан байдаг юм билээ.
-3400 га гэдэг нь Засгийн газар өөрийн эрх хэмжээнийхээ дагуу орон нутгаас авсан газар нь. Өөрөөр хэлбэл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барина гээд авсан юм. Харин судалгааны явцад энэ газарт барилгажилт явагдах боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Бараг 180 м хүртэл өрөмдсөн. Их хэмжээний шавар хөрстэй. Сайншанд орчимд том барилга барих маш хүндрэлтэй гэсэн дүгнэлт гарсан юм. Ингээд Төмөр замын удирдах газар, Барилгын яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэсэн таван газраас комисс бүрдүүлээд шинээр газар сонгох яриа явагдаж эхэлсэн. Харин шинээр сонгогдсон газар нь 15 мянган га болж өссөн. Дээрээс нь гүний усны судалгааны талбай нэмэгдсэн. Ойролцоогоор 90 мянган га. Үндсэндээ бүс нутгийн хэмжээнд ус дамжуулах системийн судалгаа нэмэгдэнэ гэвэл 100 мянга гаруй талбайд л судалгаа хийгдсэн байх ёстой юм. Харин намайг ажил хүлээлгэж өгөх үед судалгаа хийсэн компани мөнгөө бүрэн авч дуусаагүй байсан. Аж үйлдвэрийн яаманд шилжсэн. Мөнгөний талаарх мэдээлэл бол алга.
-3400 га гэдэг нь Сайншанд цогцолборт барилга барих гээд анх авсан газар гэж ойлгож болох юм байна. Гэхдээ үүнээс илүү газар судалгаа хийсэн юм биш үү?
-Анх 3400 га газарт судалгаа хийх байсан ч явцын дунд бүх хэмжээ нь нэмэгдсэн. Гэхдээ тендерийн нөхцөлд өөрчлөлт оруулах боломжгүй гээд гэрээнд ямар нэг өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл, анхны төсөв мөнгөндөө багтаагаад судалгаагаа хийсэн байх.