-Г.ТҮВШИНЖАРГАЛЫГ НЯЛХ ХҮҮХЭДГҮЙ ГЭЖ Р.ЧИНГИС ХУУЛЬЗҮЙН САЙДАД ХУДАЛ ХЭЛСЭН ҮҮ-
Б.ШИРНЭН
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтанг энэ сарын 16-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Одоогоор шүүхийн шийдвэрийн дагуу Г.Түвшинжаргалыг 14 хоног цагдан хориод дөрөв хонож байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Ш.Эрдэнэтуяаг энэ сарын 17-ны шөнө саатуулж, маргааш орой нь суллаад гадуур байцааж байгаа юм. Цагдаагийн газарт шалгагдаж байгаа Х.Баттулгын туслах хоёр эмэгтэй хөхүүл хүүхэдтэй. Ш.Эрдэнэтуяа ой хоёр сартай, Г.Түвшинжаргал ой дөрвөн сартай хүүхэдтэй юм.
ХҮҮХЭД ХӨХӨӨ ХӨХӨЛГҮЙ ЗУРГАА ХОНОЛОО
Г.Түвшинжаргалын гэрт нэгжлэг хийж, түүнийг цагдан хорьсноос хойш зургаан хоног өнгөрөв. Энэ хугацаанд есөн настай, ой дөрвөн сартай хоёр хүүхдээ Г.Түвшинжаргалын нөхөр М.Мөнхбаатар асарч байна. Гэсэн ч бага хүүхэд нь ханиадтай, хатгаа болж хүндэрсэн тул хоёр хоногийн турш уйлагнажээ.
Тиймээс өчигдөр М.Мөнхбаатар хүүхдээ хөхүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р анги буюу Ганц худаг руу явлаа. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга хөхүүл хүүхэдтэй эхийг цагдан хорих ёсгүй, адаглаад хүүхдийг нь хөхүүлэх хэрэгтэй гээд тус хорих анги руу явж, нөхцөл байдалтай нь танилцсан юм.
Гэсэн ч
М.Мөнхбаатар хүүхдээ ээжтэй нь уулзуулж чадсангүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагын ажилчид УИХ-ын гишүүн Г.Уянга болоод Г.Түвшинжаргалын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар
нарыг дотогш нэвтрүүлж, зөвшөөрөлгүй тул хүүхдийг ээжтэй нь уулзуулах боломжгүй
гэсэн юм.
Энэ үеэр М.Мөнхбаатарын үгийг сонсолоо.
М.Мөнхбаатар: Миний хүүхэд мээмээ яриад ээжийгээ хайгаад байна
Манай хүүхдийг
дөрвөн настай гэсэн худал мэдээлэл яваад байна. Манай хүүхэд ой дөрвөн сартай. Мээмээ
яриад ээжийгээ хайгаад байна. Өнөөдрийг хүртэл хүүхдээ хөхүүлж чадсангүй. Аргаа
бараад энд ирчихээд гуйж үзлээ.
Бид шалгуулахгүй гэж хэлээгүй. Шалгах ёстой бол шалга. Гэхдээ заавал ингэж эх үр хоёрыг хагацааж, шалгаж байгаа нь ямар учиртай юм бэ. Ямар харгислал вэ, л гэж бодож байна. Өнөөдрийн энэ асуудал хэнд ч тохиолдож магадгүй юм байна. Иймэрхүү зүйлс зурагтаар гардаг, болж ч байдаг. Өнөөдөр манай гэр бүлд тохиолдоход маш хүнд байдаг юм байна. (хоолой нь зангирав) Хүний эрхийн байгууллага хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад дуу хоолойгоо хүргэж өгөөч. Ийм харгис нийгэм болчихсон юм уу. Би нийгэмдээ маш их гомдож байна. Ерөнхийлөгчид хүртэл хандаж “Та надтай адилхан эцэг хүн. Өнөөдөр ийм байдалд байвал танд ямар сэтгэгдэл төрөх вэ, гэдгийг та ойлгох хэрэгтэй. Эхнэрийг нь аваачиж хориод, хүүхдийг нь уйлуулаад байж байх юм бол тэр хүнд ямар сэтгэл төрөх вэ. Та хүн гэдэг талаасаа, эцэг хүн гэдэг бодоод бидэнд туслаач” гэж хэлмээр байна.
Би өмнө нь өмгөөлөгчтэйгөө хоёр удаа энд ирсэн. Уулзуулахгүй гурав, дөрвөн цаг болдог. Байж байж, цөхрөөд буцдаг. Шалгаж болно. Нялх хүүхдээ л эхтэй нь хамт байлгамаар байна. Үнэхээр хэцүү юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас гарч ирсэн бөгөөд түүнээс зарим зүйлийг тодруулав.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Сэтгэл шимшрэхгүй байх арга алга
Яг үнэнийг хэлэхэд энэ хэргийг үнэхээр мэдэхгүй байна. Тэр байтугай хоригдож байгаа эмэгтэйн нэрийг ч сайн мэдэхгүй. Надад нялх хүүхэд, хөхүүл хүүхдийг хөхүүлэхгүй байна гэдэг нь л эмзэг туссан. Хэрвээ та нар санаж байгаа бол би Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүхтэй шүүхдээд явж байсан. Тухайн үед би төрөөд долоо хонож байхад цагдаа нар манай хаалгыг эвдэж орж ирээд барьж, хорино гэж байлаа. Дараа нь хүүхэд хэдхэн сартай байхад намайг гэрийн гаднаас хулгайлах маягтай, шүүрч аваад баривчлаад авч явж байсан. Тэгэхээр энэ сэдэв надад маш эмзэг туссан.
Өнөөдөр би Хуульзүйн сайд Д.Дорлигжавтай утсаар ярьсан. Тэгэхэд надад “Хуульзүйн байнгын хороо болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нараас бичиг ирсэн. Энэ дагуу нь цагдаагийн даргаас лавлахад “3, 4 настай хүүхэдтэй гэж хэлсэн. Хорихгүй бол болохгүй байна гэж учирласан” гэж хэлсэн. Гэхдээ одоо нялх гэдгийг нь мэдсэн болохоор Д.Дорлигжав сайд цагдаагийн газар руу бичиг явуулж байна гэж хэллээ. Би бас буруу зөрүү яваад байгаа мэдээллийг нягтлахаар сураглаж байгаад хүүгийн эцэг, өмгөөлөгчтэй нь холбогдсон. Ганц худагийн гадаа байна гэхээр нь шууд хүрээд ирлээ. Гэтэл ой дөрвөн сартай жаахан хүүхэд байна. Ой дөрвөн сар гэдэг бор хоолондоо бүрэн орж чадаагүй байгаа л хүүхэд шүү дээ. Тэгээд нүдэндээ нулимстай, хүйтэнд ээжийгээ хүлээгээд зогсож байгаа хүүхдийг харахаар сэтгэл шимшрэхгүй байх арга алга. Яагаад ийм харгис юм бэ.
Над руу сая цагдаагийн дарга “MCS” гээд юм ярих гэлээ. Тэр асуудлыг би мэдэхгүй юм. Надад зүгээр нялх хүүхэд хоолгүй “хоригдож” байгаа нь эмзэг байна. Яагаад хүүхдийг давхар хорьж, хүүхдийг давхар шийтгэж байгаа юм бэ. Энэ бол дэндүү харгис, дэндүү эмгэнэлтэй байна. Ядаж өөрөө байж байгаад хүүхдийг нь хөхүүлье гэж бодсон ч болохгүй байна. Эднийхээс гаргасан журмаар бол мөрдөн байцаагчаас нь зөвшөөрөл авч байж, хүүхдийг хөхүүлэх ёстой юм байна. Хүүхдийг зүгээр л хөхүүлэхэд тэр ээж ой дөрвөн сартай хүүхэдтэйгээ юугаа ярихав дээ. Хүүхэд хооллох асуудлыг гэмт хэргээс нь тусдаа авч үзэж болдоггүй юм уу гэж хэлээд ч дийлсэнгүй. Надад аливаа хэрэгт хөндлөнгөөс нь оролцох эрх байхгүй. Гэсэн ч ээж, эмэгтэй хүнийхээ хувьд хүүхдийг хооллуулахын төлөө гарцаагүй би явах ёстой гэж бодож байна. Үүнд, бүрэн эрх, хууль огт хамаагүй. Зүгээр л хүүхдийг хооллох л ёстой.
ЦЕГ-ЫН ДАРГА Р.ЧИНГИС, ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХОЁРЫН ЯРИА ЗӨРӨВ
М.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Г.Уянга нар хүүхдийг эхийнх нь сүүгээр хооллож чадаагүй тул хэргийг хариуцаж байгаа мөрдөгчтэй нь уулзахаар Улсын мөрдөн байцаах газар руу явав. Энэ хэргийг мөрдөн байцаагч, хошууч н.Пүрэвдорж хариуцаж байгаа бөгөөд өмгөөлөгч болоод хэвлэлийнхэнтэй уулзахаас татгалзаж, УИХ-ын гишүүн Г.Уянгатай ганцаарчилан уулзсан юм. Г.Уянга гишүүн мөрдөн байцаагчид хүүхдийг эхийн сүүгээр хооллох асуудлыг танилцуулахад н.Пүрэвдорж дээд газраа мэдэгдэж байж асуудлыг шийднэ гэсэн байна.
Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Уянга Хуульзүйн сайд Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга Р.Чингис нартай утсаар холбогдлоо.
Р.Чингис: Хөхүүл хүүхэдтэй юм бол гарга гэсэн үүрэг чиглэл өгсөн
Г.У: Мөрдөн байцаах газар дээр ирээд Пүрэвдорж хошуучтай уулзлаа. Хэрэг төвөг нь надад хамаагүй, хүүхдийг хооллох асуудлыг яримаар байна гэдгээ хэллээ. Би дээрээ даргатай тул дээд газартаа мэдэгдэж байж асуудлыг шийднэ гэж байна.
Р.Ч: Хэнд ямар, дээд газартаа мэдэгдэх гэж байгаа юм бол?
Г.У: Мэдэхгүй байна. Ганц худагийнхны хэлснээр мөрдөн байцаагч нь зөвшөөрөл өгвөл, хүүхдийг нь оруулдаг гэсэн.
Р.Ч: Ойлголоо. Би дарга, цэрэгт нь үүрэг чиглэл өглөө. Ой долоон сартай бор хоолонд орчихсон гээд надад танилцуулж байсан. Би “Биш ээ. Уянга гишүүн ийм зүйл ярьж байна. Хүний ёсоор хандах ёстой. Хөхүүлэх юм бол хүүхдийг нь оруул. Хөхүүл хүүхэдтэй юм бол гарга” гэсэн үүрэг чиглэл өгчихсөн байгаа.
Г.У: Хэзээ асуудлыг шийдэхээс үл хамаараад хүүхдийг хоолло Чингис дарга аа. Тэгэхгүй бол арай хэтэрлээ. Би өөрөө харж байж итгэлээ. Танд худлаа мэдээлэл өгсөн байна. Арга хэмжээ авна гэж ойлголоо.
Д.Дорлигжав: Ёстой байгаагүй зүйл болчихлоо
Г.У: Ганц худаг дээр очоод, сая мөрдөн байцаагчтай нь уулзлаа. Сая Р.Чингис даргатай ч ярилаа. “Надад худлаа мэдээлэл өгсөн байна. Ой долоон сартай гэж хэлсэн” гэлээ.
Д.Д: Р.Чингис надад хэлэхдээ “Гурван настай хүүхэдтэй” гэж хэлсэн.
Г.У: Сайдад хүртэл худлаа мэдээлэл өгсөн байна шүү дээ.
Д.Д: Тийм байна.
Г.У: Хүүхэд хоолло гэж хэллээ. Арга хэмжээ авъя л гэж байна.
Д.Д: Тэрийг нь баталж байдаг прокурор, шүүх бүгд нэг л биш байна даа. Наад шаардлагыг чинь хаана ч тавимаар юм дээ.
Г.У: Одоо шүүх рүү хандах ёстой юу, эсвэл?
Д.Д: Уг нь бол энийг ингэж хоръё гээд мөрдөн байцаагчийн саналыг прокурор шүүх дээр аваад ордог л доо. Тэгэхээр тэр орж байгаа прокурор бас прокурор л байгаа байхгүй юу. Тийм байна гээд баталж өгдөг шүүгч бас шүүгч л байгаа байхгүй юу.
Г.У: Системээрээ ийм заваан юм болж.
Д.Д: Ханиад, кор гээд өвчин дэлгэрч байхад... Ёстой байгаагүй зүйл явчихлаа. Эд нарын алдааг засч өгөөд байх нь зөв юм уу. Би одоо утсаар ярихгүй. Яагаад худал мэдээлэл өгсөн юм, яагаад ийм зүйл болов гээд албан тоот явуулна аа.