“Төмөр замын” гэх нэртэй хэргийг Цагдаагийн байгууллага, АТГ зэрэг мөрдөж нийгэмд шуугиантай л байна. Энэ хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүнийг болон түүнтэй холбоотой гэсэн бүх л хүмүүсийг мөн хоморголон шалгаж байна. Харин сүүлийн үеийн мэдээллийг ажиглаад байхад энэ асуудал зүг чигээ олж байх шиг харагдаад эхэллээ. 2015 оны 11 дүгээр сараас эхлэн шалгасан хэрэг хүрээгээ хумьжээ. Хаана, ямар хэмжээний мөнгөний зөрүү гарч, хэн түүнийг ашигласан байх вэ? Энэ асуултын хойноос л цагдаа, АТГ-ын мөрдөгчид ажиллаж байгаа гэж бодож байна.
Харин сэтгүүлч би хардаад үзье. Хэргийн талаар олон нийтэд гарч байгаа мэдээллийг хараад байхад дараахь байдал тодорхой байна.
Нэг. Засгийн газрын холбогдох шийдвэрүүд
1. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 161 дүгээр тогтоолоор “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компанид Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх эрхийг олгожээ.
2. Харин Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзэж төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит “МТЗ” ХК-д компанид олгож, өмнө нь “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” ХХК-д эрх олгосон 2012 оны 5 дугаар сарын 161 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна.
3. 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ-ын 28 дугаар тогтоол гарч Монгол Улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийн барих-ашиглах-шилжүүлэх” концессийг төрийн өмчит “МТЗ” ХК-д олгосон байна.
Хоёр. “Энержи Ресурс”болон “Энержи Ресурс Рэйл”компанийн хийсэн хөрөнгө оруулалтын тухай
2012 оны 5 дугаар сард Засгийн газраас концессийн эрх авсан “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компанийн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтыг хянан тооцохтой холбоотой асуудлаар дараахь үйл ажиллагаа хийгджээ.
1. 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Энержи Ресурс болон Энержи Ресурс Рэйл компанитай хийж байгаа хэлэлцээрийн явцыг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас 13 дугаар тэмдэглэл гарч, эдгээр аж ахуйн нэгжээс төмөр замын төсөлд оруулсан зардлын тооцоог хянах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч. Улаан, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгасан байна.
2. Засгийн газрын 13 дугаар тэмдэглэлээр үүрэг авсан сайд нар 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хамтарсан тушаал гаргаж, гурван яамны хамтарсан Ажлын хэсэг байгуулсан байна.
3. Энэхүү хамтарсан Ажлын хэсэг 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Засгийн газарт дүгнэлтээ танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газар, “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компанийн хооронд байгуулсан Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих концессийн гэрээг цуцлах талаар гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн 21 дүгээр тэмдэглэл гарчээ.
Гурван яамны хамтарсан Ажлын хэсэг Засгийн газарт дүгнэлтээ танилцуулахдаа “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компанийн төмөр замын төслийн хүрээнд хийсэн ажлын зардлыг 93.6 тэрбум төгрөг гэж танилцуулсан байна. Үүний 9.3 тэрбум нь хүлээгдэж буй төлбөр, 84.3 тэрбум нь бодитоор гарсан зардал гэж үзсэн байна.
Гурав. Мөнгөний зөрүү гарсан тухай
Дээр дурдсан үйл ажиллагааны дараа “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компаниас 93.6 тэрбум төгрөг гэдэг үнийн дүнгийн дагуу хөрөнгө хүлээн авах үйл ажиллагаа эхэлсэн байна. Хөрөнгө хүлээн авах ажиллагааг ТӨХ, “МТЗ” ХК хамтран хэрэгжүүлжээ. Гэвч энэ явцад мөнгөн дүнг баталсан санхүүгийн анхан шатны баримтыг шилжүүлэн өгөх, түүнийг шалгахтай холбоотой бэрхшээл үүсчээ гэж харагдаж байна. Учир нь, Төрийн өмчийн хороо болон МТЗ компаниас тавьсан шаардлагыг “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компани хангаж өгөөгүйгээс маргаан зөрчилдөөн үүссэн байна.
Төрийн өмчийн хорооны албан тушаалтнуудын мэдэгдэж байгаагаар“Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компаниас 38 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авсан бөгөөд үлдсэн хөрөнгийг хүлээн авах талаар асуудал үүссэн байна.
Учир нь,“Энержи Ресурс Рэйл” компани нь хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой санхүүгийн анхан шатны эх баримтыг гаргаж өгөхгүй элдэв шалтаг заасаар санхүүгийн анхан шатны баримтыг өнөө хүртэл Төрийн өмчийн хороо болон “МТЗ” компанид өгөөгүй байна.
Мөн хөрөнгө оруулалтын зардал буюу 93.6 тэрбум төгрөгийн дүнтэй холбогдуулан баталгаа гаргах тухай 112 дугаар албан тоотыг 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Энержи Ресурс Рэйл компанийн захирал, Ажлын хэсгийн ахлагч Д.Энхбаатар Төрийн өмчийн хороо болон “МТЗ” ХК-д хүргүүлжээ.
Баталгаа гаргах тухай энэ албан тоотыг Төрийн өмчийн хороо хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг хариуг Төрийн өмчийн хороо 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1а/2257 дугаар албан тоотоор тус компанид хариу хүргүүлсэн байна.
Үүнээс харахад өнөөдрийг хүртэл 93.6 тэрбум төгрөгийн зардлын 38 орчим нь батлагдсан бөгөөд харин зөрүү болох 55 тэрбум төгрөгийн хөрөнгийг төр хүлээж аваагүй байна. Хэрэв энэ 55 тэрбум төгрөг нь санхүүгийн анхан шатны баримтаар батлагдахгүй бол “Энержи Ресурс Рэйл” компани нь хуурамчаар 55 тэрбум төгрөгийн зардал нэмж тооцож, Засгийн газрыг хуурсан гэж үзэж болохоор байна.
Мөн гурван яамны ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан дараах өгүүлбэр анхаарал татаж байна. “Төслийн хэрэгжилтийн хугацаанд хийгдсэн 93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компани нь 2012 онд хийгдсэн 29,9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан байх бөгөөд ажлын гүйцэтгэл чанарт хяналт шалгалт хийсний үндсэн дээр ажлын гүйцэтгэлийн үнийн дүнг баталгаажуулан захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч гарын үсэг зурж акт үйлджээ (Хавсралт 6-Материал 15 хуудас) гэжээ.
Үүнээс харахад“Энержи Ресурс Рэйл” болон “Samsung C&T” компанийн хооронд акт үйлдэж баталгаажсан төлбөрийн үнийн дүн нь 29,9 тэрбум төгрөг байх бөгөөд “Энержи Ресурс Рэйл” компаниас гаргаж өгсөн 93.6 тэрбум төгрөг гэдэг тоог баталгаажуулсан санхүүгийн анхан шатны баримтыг заавал шалгаж үзэх хэрэгтэй юм.
Хэрэв энэ батлагдахгүй бол “Энержи Ресурс Рэйл” компани нь “Samsung C&T” компанид төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж гурван яамны хамтарсан Ажлын хэсгийг хуурсан байх магадлалтай байна. Тийм ч учраас АТГ-аас “Энержи Ресурс Рэйл” компанийн гүйцэтгэх захирал Л.Оюунбатыг баривчилсан байх магадлалтай. Харин түүнийг нэг хонуулаад сулласан байх бөгөөд гарсан даруйд нь “МCS” компанийн удирдлага түүнд “Будда Виста” хотхондоо үнэтэй байр өгсөн гэдэг яриа гараад эхэлжээ. Шоронд нэг хоносны төлбөр үү? Цаашдаа дуугүй байгаарай гэдэг урьдчилгаа юу?
Эх сурвалж:
1. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 161 дүгээр тогтоол
2. Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоол
3. 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ-ын 28 дугаар тогтоол
4. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий сайдын 65 дугаар захирамж
5. 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас 13 дугаар тэмдэглэл
6. Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Зам тээврийн сайд нарын 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн хамтарсан тушаал
7. Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн хуралдааны 21 дүгээр тэмдэглэл
8. Энержи Ресурс Рэйл компанийн захирал, Ажлын хэсгийн ахлагч Д. Энхбаатарын 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 112 дугаар албан тоот
9. Төрийн өмчийн хорооны 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1а/2257 дугаар албан тоот