Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл байхын нэг үндэс эмийг зөв зохистой хэрэглэх

М.ЖАВЗАНДУЛАМ

Бид өвдөхөөс нааш эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авах нь тун ховор. Та ханиад хүрчихээд эмчид ханддаг уу, эсвэл эмийн санчаас зовиураа хэлээд л эм аваад уучихдаг уу? Таны дур мэдэн авч уусан эм тань ямар найрлага үйлчилгээтэйг та хэр сайн мэддэг вэ, энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Гуравдугаар сард орон даяар “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” аян зарлажээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмнэлзүйн эмч мэргэжилтнүүд амбулатороор үйлчлүүлдэг иргэдэд хандан “Эмийн зохистой хэрэглээ” нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр зохиов. Эмнэлгийн хаалгаар орж, хоёр давхарт гарахад иргэд ар араасаа цуван зогсоод эмч нарын өмнө очиж, зөвлөгөө авч байх нь тэр. Эмнэлгийн хоёр давхрын коридорт цонхны дэргэд гурван ширээ эгнүүлэн тавьж, иргэдийн даралтыг үнэгүй үзэж, хэрхэн ямар эм хэрэглэх талаар зөвлөгөө өгч байв.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмзүйн албаны шалгагч менежер, клиникийн эм судлаач Л.Хэрлэнчимэгтэй уулзахад, “Манайх гурван үе шаттайгаар “Эмийн зохистой хэрэглээ” аянг өрнүүлэхээр төлөвлөсөн. Энэ удаад амбулатороор үйлчлүүлж буй иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч байна. Дараагийн үе шатыг энэ сарын 23-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд, эмч мэргэжилтнүүдэд жор бичилтийг сайжруулахад нь чиглэсэн сургалт зохион байгуулна. Иргэд дур мэдэж эмийн сангаас өөрөө эм авч хэрэглэх нь маш их байдаг. Ер нь, эмийг буруу хэрэглэвэл хор болдог. Иймээс эмчийн зааврын дагуу бичигдсэн хоног, хугацаанд нь эмээ ууж хэрэглэвэл эрсдэл үүсэхгүй гэдгийг ойлгуулж мэдээлэл өгөхийг хүслээ” гэсэн юм.

Яг үнэндээ хүмүүс бид ажил, амьдрал гэсээр өвдөхгүй юм шиг л явдаг. Нэг удаа нус гоожиж, ханиад хүрэхэд ойролцоохь эмийн сан руугаа орж, хамгийн сайн ханиад намдаах эм аль нь вэ гээд л авчихдаг. Эмийн санчид ч аль болох үнэтэй эм санал болгодог. Тэрийг нь ч эмчийн заавар зөвлөгөөгүйгээр авдаг. Энэ бол бидний амьдралдаа хэрэгжүүлсэн буруу хэвшлүүдийн нэг. Харамсалтай нь, үүнд энгийн зүйл юм шиг л ханддаг.Ханиаданд уудаг эмийн талаар эмнэлзүйн мэргэжилтэн хэлэхдээ “Хэтрүүлж уувал элгийг гэмтээдэг. Иймээс ихээр хэрэглэхгүй байх, авч буй эмийнхээ найрлага хугацааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, ханиаданд ууж буй эмийн найрлагад юу байна, хэр хэмжээгээр яаж хэрэглэх вэ гэдгээ сайн асууж лавлах ёстой. Болж өгвөл эмийн зааврын дагуу авч хэрэглэ. Парацитомалийн найрлага ихсэх үед элгэнд сөргөөр нөлөөлж элэгний хорт хавдар үүсгэдэг. Сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор манай улс толгой цохьдог болж. Гэтэл ихэнх нь эмийн буруу хэрэглээнээс үүдэж элэгний хорт хавдартай болдог байна. Иймээс өнөөдөр гэр бүл, найз нөхөддөө хэлж, хэрэгжүүлэх нь хамгийн зөв алхам” гэлээ.  Даралтанд уух эмийн талаар Эмзүйн албаны эмзүйч Я.Отгонтуяа “Даралтын эмнүүд нь зургаа болон 24 цагийн үйлдэлтэй, нийлмэл найрлагатай байна. Хүмүүс оношлуулж өөрт тохирсон эм авч хэрэглэдэггүй. Хэн нэгний ууж байгаа эмийг дууриагаад л хэрэглэдэг. Даралтны эмийг буруу хэрэглэснээс харвалт үүсдэг. Мөн хүмүүс даралтаа ихсэх эсвэл багасах үед нь эмээ тогтмол хэрэглэхгүйгээс харвалт өгч, зүрх томордог аюултай. Нийлмэл найрлагатай эм нь шээс хөөх, даралт буулгах үйлчилгээтэй. Үүнийг ялгахгүй ууснаас эшми гэдэг зүйл үүсдэг. Даралт хэт буурснаар шоконд ордог” гэв. Зөвлөгөө авсан иргэн С.Лонжид “Уг нь мэдэж авахад илүүдэхгүй л юм байна. Эмч нар чадвартай сайн мэргэжилтнүүд. Бид л гэж зөрүүд илжиг өөрсдөө дур мэдэн, эм авч хэрэглэдэг. Ер нь, их буруу зуршилтай хүмүүс юм даа гэж бодож сууна. Би л гэхэд ханиад хүрэхээрээ эмчид хандах биш эмийн сан руу явдаг. Тэр эмийн санчдаас ямар эм уувал зүгээр вэ гэж асууж, энэ сайн гэснийг л уудаг. Өнөөдөр эмч нараас их юм мэдэж авлаа. Цааш цаашид нь дамжуулах л хэрэгтэй” гэлээ. Өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг хойно. Хэн ч өвдчихөөд зүгээр суухгүй нь лав. Эсвэл эм авч ууна, аргаа бараад эмнэлэгт эмчид хандана. Ямартай ч та эм авч хэрэглэхдээ сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа орц найрлагыг нь харж, сайн асууж лавлах ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан