Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаатар: Монгол Улсын далбаатай хөлөг онгоц зэвсэг тээгээгүй

Х.ӨЛЗИЙБАЯР

“Монголын далбаатай хөлөг Сири рүү зэвсэг зөөж байгаа юм биш биз” гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр тарав. Үүнээс үүдээд үнэхээр ийм явдал болсон уу, Монгол Улс хөлөг онгоц бүртгэж, далбаагаа ашиглуулахдаа ямар дүрэм журам баримталдаг юм бол гэдгийг тодруулахаар Монгол Улсын Далайн захиргааны дарга Х.Энхбаатартай уулзсан юм.

-“Монголын далбаатай хөлөг Сири рүү зэвсэг зөөж байгаа юм биш үү” гэх мэдээлэл цахим хэвлэлээр гарсан. Украинаас Орост худалдсан онгоц  ч гэх шиг. Үнэхээр ийм явдал болсон уу, “Георгий Агафонов” гэдэг тэр хөлөг манайд үнэхээр бүртгэлтэй юу?
-Харин тийм ээ, ийм нэг ташаа мэдээлэл өнгөрсөн намраас л гарсан юм. “Георгий Агафонов” гэдэг хөлөг 2015 оны есдүгээр сарын 19-нд “Гео” нэрээр манайд зургаан сарын хугацаатай бүртгүүлсэн. Гэтэл ердөө нэг сарын дараа л манай бүртгэлээс гарах хүсэлт ирүүлээд бид 2015 оны аравдугаар сарын 26-нд хасч  сертификат олгосон.  Уг нь Танзанийн бүртгэлд байсан 8805494 дугаартай, 2060 тоннын даацтай хөлөг. Нэгэнт  манай бүртгэлээс хасагдсан болохоор түүнээсээ хойш юу хийж, ямар бараа тээсэн нь бидэнд хамаагүй.

-Ер нь манай улсад бүртгэлтэй хэдэн хөлөг далайд явдаг юм бэ?
-Энд бас нэг зүйлийг залруулж хэлэхгүй бол болохгүй. Хэвлэлүүд Монгол Улс далбаагаа түрээслүүлдэг гэж бичээд байдаг. Уг нь, онгоцыг Монгол Улсын бүртгэлд бүртгэнэ гэж ярих ёстой. Нэг үгээр хэлэх юм бол бид автомашиных шиг дугаар олгодог хэрэг. Ингэж бүртгүүлэхээрээ манай далбааг мандуулж явна гэсэн үг.
Одоогоор манай улсад 450 орчим хөлөг бүртгэлтэй байна. 2015 онд 242 хөлөг бүртгэж 228 хөлөг бүртгэлээс хассан. Одоо байгаа хөлгүүдийн дундаж насжилт 23, хамгийн өндөр настай нь 1953 оных, шинэ нь 2015 онд усанд тавьсан хөлөг байна.

-Тэр улсын далбаатай хөлөг ийм зөрчил гаргалаа, тэнд саатууллаа гэсэн мэдээлэл гарч л байдаг. Ма­найд бүртгэлтэй хөлгүүдээс зөрчил гаргах тохиолдолд бий юу, өөрөөр хэлбэл Монголын нэрийг энд тэнд муугаар дуудуулж чих халууцуулах явдал гардаг уу?
-Гардаг. 2007 онд 226 хөлгийг шалгахад 50 нь, 2013 онд 142 хөлгөөс 38 нь, өнгөрсөн 2015 онд 115 хөлөг шалгахад 22 нь саатуулагдсан байдаг. Зөрчил бол янз янз л даа, багийн гишүүдийн бичиг баримт зөрчилтэй, аврах хэрэгсэл дутуу, тавцангийн тэмдэг, зохион байгуулалт муу, галын хоргүй гээд л......Энэ бүхнийг чинь тухайн боомт, тэр улсын эргийн хамгаалалтын албаныхан цаг бүрт нь засуулаад л дахиад далайд гаргадаг.

-Хориотой бараа зэвсэг, хар тамхи мансууруулах бодис тээвэрлэх, осол гаргах гээд..?
-Хамгийн том нь 2014 оны дөрөвдүгээр сард манай улсад бүртгэлтэй “Гранд Фортуна” хөлөг 4000 тонн ган тээвэрлэж яваад Солонгосын эрэг орчим живсэн. Хонконг эзэнтэй “STEP Shipping Limited” компанийн хөлөг байсан, ослын үеэр хүний амь эрсэдсэн. Хориотой бараа тээсэн тийм зөрчил гараагүй.

-Манайд бүртгэлтэй болохоор ийм том ослын хариуцлага энэ тэр нь манайд ямар нэгэн асуудал үүсгэх үү?
-Энэ хөлөг нь даатгалтай байсан болохоор хохирогсдын ар гэрийнхэнд тэр компани өөрөө нөхөн төлбөр өгсөн. Манайтай ямар нэгэн асуудал үүсээгүй.

-Ер нь хөлөг онгоцыг бүртгэж авахдаа ямар журам баримталдаг юм бэ. Үүндээ ямар хяналт тавьдаг вэ?
-Засгийн газрын 2003 оны 03 тоот тогтоолоор “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам”-ыг баталсан. Үүндээ бүгдийг нарийн тусгасан байдаг. Ер нь, манайх өнгөрсөн 10 гаруй жилд нийт 2986 хөлөг онгоц бүртгэсэн.
Хөлөг онгоц гэдэг зориулалт нь өөр өөр. Зорчигч тээвэр, ачаа тээвэр, загасчлалын гээд. Эхлээд шинэ зүйл болохоор ч тэр үү загас агнуурын хөлөг их бүртгэдэг  байж. Тэд чинь хаа хамаагүй явдаг, хориотой бүсэд нэвтэрч ордог, үүнээсээ болоод зөрчил их гардаг. Ийм болохоор 2010 оноос загас агнуурын хөлөгт зөвшөөрөл өгөхөө больж, зөвхөн ачаа тээврийн онгоцыг л бүртгэдэг болсон. Зорчигч тээвэр нь их эрсдэлтэй, хүний амь настай холбоотой болохоор бас хассан.
 

Төсвөөс авдаггүй, төсөвт өгдөг л байгууллага

-Далайд гарцгүй атлаа хөлөг онгоц бүртгээд байдаг. Эндээс л баахан доллар олоод байдаг шиг ярьдаг?
-Хамгийн  товчоор хэлэхэд манайх Далайн захиргаа нэртэй төрийн байгууллага боловч төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Өнгөрсөн 10 гаруй жилд манайх хөлөг онгоцны бүртгэлээс 15,4 сая долларын орлого олж улсын төсөвт 3,5 сая долларын орлого төвлөрүүлсэн байдаг. Эндээсээ Олон улсын далайн байгууллагад гишүүний татвараа төлнө. Сингапурын төлөөлөгчийн газарт тав, энд 10 гаруй хүн ажилладаг. Тэднийхээ  цалинг өгнө.

-Хөлөг онгоц бүртгэхэд хураамж нь..?
-Тухайн хөлөг хэдий хугацаагаар бүртгүүлж байгаагаас шалтгаалаад өөр өөр. Зургаан сараар, жилээр, зарим нь бүр нэг талд явах богино хугацаагаар авна. Шууд яваад хаягдал төмөрт тушаах гэж байгаа онгоц байж болно шүү дээ.


Цаашдаа дэлхийн тээвэрт өөрсдөө оролцоно

-Манайх чинь БНХАУ-ын Тяньжины  боомтод талбай авсан л гэдэг. Далайчдаа сургаж байна л гэдэг. Ер нь бидний цаашдын зорилт?
-Тэр Тяньжинд авсан талбай бол манайтай холбоогүй зүйл, өөр яамны өөр зориулалттай газар.  Ер нь, бидний гол зорилго бол  цаашаа нэг алхаад дэлхийн усан замын тээвэрт өөрсдийн хөлөгтэй, багийн гишүүдтэй болж экспорт, импортын тээвэр бие дааж хийх явдал. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар “Тэргүүлэгч оронтой хамтарч ажиллана” гээд заачихсан. Ингээд энэ орноороо Солонгосыг сонгож БНСУ-ын Зам тээврийн яам, Далайн хэргийн яамтай хамтран ажиллах  санамж бичиг байгуулж “Монгол Саммок Ложистик” гэдэг хамтарсан компани байгуулсан.

-Одоо боловсон хүчин, өөрөөр хэлбэл өнөөх далайчин нь манайд юу билээ?
-Бэлтгэлгүй яахав. ОХУ-д гурван хүн, Солонгост 10 хүн бэлтгэснээс дөрөв нь амжилттай төгссөн. БНСУ-ын Далайн тээвэр, Загас ан агнуурын институттай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2013 оноос монгол далайчдыг бэлтгэж байгаа нь энэ. Энэ институт зургаан сар хичээллээд 10 сар далайд гарч дадлага хийдэг. Ямар ч байсан Монгол Улс далайчдаа бэлтгээд эхэлсэн, түрүүч нь далайд гарахад бэлэн байгаа. Одоо бас хоёр оюутан сурч байна. Нийтдээ есөн мэргэжилтэн бэлтгэсэн.

-Далайчин бэлэн, хөлөг онгоц мөн түрээслээд ч юм уу, болох биз. Гэтэл бидэнд боомт бий бил үү?
-Манайд хамгийн ойрын боомттой болох хоёр л гарц байгаа. Хятад, Орос хоёр улс л байна. БНХАУ-ын дарга Си Зинпинь Монголд айлчлахад энэ талаар ярьж Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн.  Хэбэй, Лянань хоёр мужийн далайд гардаг олон улсын боомтыг хөнгөлөлттэй үнээр ашиглуулахаар тохирсон.

-Тэгэхээр далайчин бэлэн, хамтарсан компанитай болчихсон, боомт ч бас бэлэн. Харин далайд гарах  хугацаа нь?
-Хамгийн гол нь бидэнд ачаа алга, тэр боомтууд руу хүрэх төмөр зам маань бэлэн болоогүй байна.


 “Номин”-гийнхон чирэгч онгоцоор хүн тээвэрлэж байгаа

-Гадаад их далайн хувьд ийм байж. Дотоодод бас Хөвсгөл далай ээж минь байна. Энэ бас танай харьяаны ажил уу?
-Тэгэлгүй яахав. Тэнд аялал жуулчлалын зориулалтаар “Сүхбаатар” хөлгөөс эхлээд 70 орчим моторт завь явж байна. Энэ бүхнийг чинь бүртгэнэ, техникийн болон аюулгүй байдлын шаардлага тавина, хянана.

-Хэн дуртай нь завин дээр хоёр гурван хүн суулгаад явж байгаа харагддаг. Бүгд бүртгэлтэй юу, зөрчил хэр гардаг юм бэ?
-Яг бүртгэлтэй 68 завь байна. Өө, зөрчил байлгүй яахав. “Номин”-гийн эзэмшилд байгаа Сүхбаатар хөлөг чинь зорчигч тээврийн хөлөг биш, чиргүүл чирэх онгоц шүү дээ. Хуучин нийгмийн үед Ханхаар дамжуулан Оросын бараа тээдэг байсан онгоц. Гэтэл одоо аялал жуулчлалын зорилгоор ашиглаж хүн тээвэрлээд л байгаа. Бид хэлээд шаардаад байдаг даанч хүлээж авдаггүй юм.

-За хүн тээвэрлэхээ больчихдоггүй юм гэхэд та нарын шаардлагаар өнөө л аврах хантааз, завь.....?
-Сүхбаатар хөлөгт “Аврах завь” байхгүй ээ. Харин хөлөг дээр аврах хантааз бол 40-өөдхөн л бий. Гэтэл түүнээс илүү хүн суулгаад далайд гардаг. Бид олон улсын жишгээр шүгэл, салют гээд юм юмтай аврах хантаазны стандарт гаргаж батлуулсан. Одоо энэ стандартаа хөлөг, завь эзэмшдэг бүх хувь хүн, аж ахуйн нэгжээс шаардаж байгаа.

-Дотоодод усан тээвэр хөгжүүлэх боломж ер нь хэр байдаг вэ. “Өргөн Сэлэнгийн мандал дээгүүр тээврийн онгоц хүржигнэн явна” гээд л дуу байдагсан?
-Сэлэнгэ, Орхон голыг ашиглан дөт хямд өртөгтэй усан тээвэр хөгжүүлж үр тариа, хүнсний ногоо, өвс тэжээл тээвэрлэх боломжийг судлах үүрэг Засгийн газраас өгсөн. Бид судалгаа хийж байна. Усны гүний нарийвчилсан судалгаа хийх, зогсоол орчим өргөсгөх, гүнийг нь нэмэх ажлууд хийх болно. Тийм хурдан бүтэх ажил биш. Гэхдээ л бид энэ ажлыг эхлүүлээд судалж байна.
 

Н.Энхтуяа манайтай ямар ч хамаагүй

-Нэг уулзсаных бас нэг асуулт байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Энхтуяа гэдэг хүнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдэг. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэж байгаа. Хохирогч нь танай байгууллага уу?
-Энд нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр чинь 10-аад жилийн өмнө манай Сингапурын төлөөлөгчийн газрын жирийн л нэг ажилтан байсан хүн. Аль ч байгууллагын жирийн нэг ажилтан байгууллагын хөрөнгө мөнгөнөөс аваад идчихгүй. Дээр нь дарга нар байна. Тэгэхээр бид ч энд хамаагүй, Н.Энхтуяа ч манайд хамаагүй.

-Хөлөг онгоцны бүртгэл, далбаа ашиглуулах ажлын дундаас л мөнгө завшсан юм шиг ярьдаг?
-Ёстой тийм юм байхгүй. Хэзээ хаана, ямар гэмт хэрэг үйлдсэн юм,  тэр талаар цагдаагийнхан л мэдэж байгаа байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан