Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Говь-Алтай аймагт өрнөж буй бүтээн байгуулалт болоод эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын бодлого, энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, төсөл, хөтөлбөрүүдийн талаар аймгийн Засаг даргын орлогч Д.Батсайхантай ярилцлаа.
-Аймаг орон нутгийн сонин сайхнаас дуулгавал. Өвлийг хэр давав, хаваржилт ямар байна?
-Өвөлдөө цас их унасан болохоор чамгүй хүйтэрсэн тал бий. Шаргын хоолой, Бигэр, Халиуны олон булаг, Тайшир, Гуулинд шөнөдөө -55 хэм хүртэл хүйтэрч байсан. Тиймдээ ч өвөлжилт жаахан хүндэрсэн. Гэхдээ малчин ардын хөдөлмөрийн үр шимээр малын хорогдолгүй, өнөтэй сайхан давсан. Хаваржилт ч давгүй ээ.
-Зундаа тэгж их халчихаад өвөлдөө 50 хэм давна гэдэг харьцангуй эрс тэс уур амьсгалтайд тооцогдох байх?
-Тийм шүү, өнгөрсөн зун л гэхэд +60 хэм хүртэл халсан гэхээр өвөл, зуны хооронд 110 хэмийн зөрүү байгаа юм. Тиймдээ ч эрдэмтэн судлаачид Говь-Алтайн малын мах идэшнийх бус эмчилгээний зориулалттай гэх болж. Бид энэ асуудлыг саяхнаас ярьж, анзаарч байна. Гэтэл урд хөрш маань биднээс түрүүлээд олоод харчихсан, зөвхөн “Говь-Алтайн Бургастайн боомтоор мал, түүхий мах авна” гээд сууж байна. Тийм ч учраас урд хөрш рүү хонь, үхэр, ямаа, адууны мах экспортолж эхэлсэн нь малчдын амьжиргаанд ч дэм болж байна.
-Өвлийг өнөтэй давсан гэлээ. Хэчнээн төл хүлээж авахаар зэхээд байгаа вэ?
-Ер нь, жилд дунджаар 400 гаруй мянган төл хүлээж авдаг. Энэ оны эхээр малын тоо толгой гаргахад 2.3 сая гэсэн тоо гарсан нь бүх баг, сумын малын тоо толгой өссөн үзүүлэлтт юм
-Говь-Алтай автомашины зогсоолын асуудлыг нэгдсэн байдлаар шийдсэн анхны аймаг болсон. Мөн аймгийн төвийн авто замын сүлжээг ч чамгүй өргөжүүлж байгаа юм билээ. Энэ мэт бүтээн байгуулалтын ажлаас сонирхвол?
-Аймгийн төвийн хэмжээнд найман км хатуу хучилттай зам, 9000 ам.метр талбай бүхий автомашины зогсоол тавилаа. Үүний зэрэгцээ усны үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулж, дагалдах жижиг үйлдвэр, цехүүдийг ч өргөтгөн шинэчиллээ. Мөн найман суманд ус цэвэршүүлэх төхөөрөмж байршуулж, цэнхэр савны хэрэглээг бүрэн халсан. Энэ цэнхэр сав гэгчийг элэг цөс, дотоод шүүрлийн булчирхай өвчлүүлдэг тухай хэвлэл мэдээллээр бишгүй л ярьсан. Угтаа энэ сав спирт, промолин зэрэг химийн бодис хийх зориулалттай ч улс даяараа хэрэглэсээр ирж. Тиймээс төсвийн хөрөнгөөр баг, сумаас авахуулаад аймгийн хэмжээнд зориулалтын усны сав тараалаа. Яахав, өнгөц харахад хувин сав тараагаад байгаа мэт боловч алсуураа ард иргэдийн эрүүл мэнд, ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Бидний хийж хэрэгжүүлсэн энэ ажлаас бусад аймаг ч жишээ авсан нь бий.
-Дээр усны асуудлаа нэг мөр шийдсэн гэсэн. Энэ асуудал хуучин нийгмийн үед л яригддаг байсан шүү дээ?
-Говь-Алтай аймаг ус муутай гэж миний мэдэхээр 1960-аад оноос ярьсан. Биднийг хүүхэд байхад цистерн машинаар Завхан голоос ундны усаа зөөдөг байв. Өвөлдөө цас, мөс үүрч унд залгуулдаг байлаа. Саяхан даа, нарийн шинжилгээ судалгаагаар аймгийн усны хатуулаг хүн ууж болох хэмжээнээс арав дахин их байгааг гаргасан. Энэ мэт усны асуудлыг удаан ярьсан ч саяхныг хүртэл шийдээгүй. Сонгууль бүрээр аймгаас их хуралд дэвшсэн гишүүд “Усны чинь асуудлыг шийднэ” гэж худалч хүнд 1992 оноос хойш ярьсан. Ингэж тэгж явсаар 2014 онд тендер зарлаж, нэг тэрбум 100 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр, аймгийн төсвөөс хөрөнгийг нь гаргаж усыг таван давхар шүүлтүүрээр цэвэршүүлэх, гүний худаг бүхий үйлдвэр байгуулсан. Үйлдвэрээс гарч буй 20 литрийн баллонтой ус иргэдийн гар дээр ердөө 500 төгрөгөөр очиж байгаа. Хүмүүс мэдэх байх, хотод албан байгууллагууд авч хэрэглэдэг баллонтой ус шүү дээ. Миний мэдэхээр найм, есөн мянган төгрөгөөр худалдаалдаг байх шүү. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр бий болж, иргэдийн амьжиргаанд нөлөөлсөн гээд ач холбогдол их. Энэ бол аймгийн хэмжээнд хүлээлт үүсгээд байсан ажил. Хамгийн гол нь иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг шийдэж байгаа нь чухал юм. Харамсалтай нь, ажлаа мэддэггүй зарим хүн, ний нуугүй нэр цохож хэлбэл Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Раднаасэд гэж хүн өөрөө гарын үсэг зурж “Говь-Алайд үйлдвэрлэж буй ус бол цэвэр ус” гээд хоёр, гурван сарын өмнө бичиг явуулчихаад аймагт очсон хойноо “Өө энэ чинь худгийн ус савлаж зараад байна” гэх юм. Угтаа усны дээжийн шинжилгээг үзэж танилцаад, өөрөө гарын үсэг зурсан хүн шүү дээ. Гэтэл бид 300 метрийн гүний усыг сүүлийн үеийн технологи бүхий таван давхар шүүлтүүрээр шүүж, савлаж, лацдаад айл өрхөд түгээж байгаа.
-Цэцэрлэг, сургууль гээд боловсрол эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтаас сонирхвол. Сумдад шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад авч байгаа гэсэн?
-Эрүүл мэндийн төв маань оношилгооны төвтэй болсон. Мөн аймгийн төвийн бүх барилга байшингийн өнгө үзэмжийг сайжруулж, гадна засал тохижилтыг ч жигдрүүллээ. Гурван суманд шинээр цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Тонхил сум гэхэд л хуучин нэгдлийн агуулахад хэдэн хүүхэдтэй цэцэрлэг гэж явсныг нь концессын гэрээгээр шинэ байранд орууллаа. Тонхил, Төгрөг, Бигэр гэсэн гурван суманд цэцэрлэг барилаа. Нэг жилд гурван цэцэрлэг ашиглалтад авч байсан түүх аймгуудын хэмжээнд байдаггүй юм билээ. Мөн 960 хүүхдийн багтаамж бүхий сургуулийн барилга, 320 хүүхэдтэй цэцэрлэгийн барилгыг аймгийн төвд ашиглалтад авч 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барина гээд дөрвөн жил царцаасан чуулгын барилгыг сая ашиглалтад орууллаа. Энэ чуулга одоо 600 суудалтай үйл ажиллагаа явуулж байна.
-Сүүлийн үед төрийн байгууллагууд шилэн гэх тодотголтой болж, тэр хэрээр ард иргэдэд нээлттэй, санал хүсэлтийг нь ч шууд хүлээн авдаг болсон. Танай аймгийн хувьд?
-Тийм иргэддээ илүү ойр, нээлттэй байх үүднээс 70481111 гэсэн санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах утас ашиглалтад орууллаа. Мөн үүний хажуугаар 70481111.mn гэдэг вэбсайт ч ажиллуулж байна. Энэ сайтаар дамжуулж иргэн өөрийн өгсөн өргөдлийг юм уу аль албан тушаалтны гар дээр, ямар шатанд явааг харах боломжтой. Түүнчлэн, тамгын газар, төрийн албаны үйл ажиллагааг ч давхар хянаж, оролцох боломжтой. Энэ бол Улаанбаатар хотын “1111” төвийн үйл ажиллагааг шууд тусгаж авсан хэлбэр. Ингэж л иргэддээ нээлттэй, ил тод, ойр байхыг хичээж байна. Утас, вэбсайт ажилласнаар маш их санал, хүсэлт ирж эхэлсэн. Жишээ нь, аймгийн хэмжээнд дугуйн замтай болъё гэдэг санал олон хүнээс ирж судалж үзсэний эцэст аймгийн төвөө дугуйн замтай болголоо. Мөн гэр хорооллын тал хувьд нь явган хүний зам тавилаа. Анзаараад байхад компаниуд дан дугуйн болон явган хүний замын ажил авах сонирхол муу байдаг бололтой. Арчилгаа, тордлого гэхчлэн ажил их дагуулдаг гээд төвөгшөөдөг бололтой. Тиймдээ ч аймаг өөрөө энэ ажлыг хийлээ. Яагаад алслагдсан аймаг гэхээр л иргэд нь гэр хорооллын гудмаар гутлаа тоосонд даруулж явах ёстой гэж. Иргэд ч энэ мэт хүрээлэн буй орчин нөхцөлөө сайжруулах тухайд санал их хэлэх юм.
-Халиун суманд ажлаар явж байгаад сургуулиар нь ороод гарахад элсэгч цөөн, төгсөгчдийн тоо ч тэр хэрээр буурсан гэж байсан. Ер нь, улсын хэмжээнд сумаас аймгийн төв, аймгийн төвөөс хот руу гэдэг шилжих хөдөлгөөний “маршрут” бий болчихсон харагддаг. Танай аймгийн хувьд энэ байдал хэр байгаа бол?
-Нэг үе хот руу шилжих хөдөлгөөн их байсан. Жилд 500-1000 хүн хот руу шилждэг байсан бол өнгөрсөн жил анх удаа +1 гэдэг бланс гарсан. Точвхондоо, аймгийн ард иргэдийн тоо нэмэх үзүүлэлттэй гарсан гэсэн үг. Хэдий ганц ч гэлээ нэмэх гэдэг тоо болохоор говь-алтайчууд нутагтаа үлдье гэдэг бодол давамгайлж байгааг илэрхийлнэ. Ер нь, бид хоёр зүйлд анхаарал хандуулж байна. Иргэд шилжихэд нөлөөлж буй шалтгаан нь төв, суурин бараадаж, үр хүүхдээ өндөр боловсролтой болгох хүсэл сонирхол юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай байдлаар авахын тулд шилжих нь их. Тиймээс аймгийн Иргэдийн хурлаар боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр батлуулсан. Энэ хөтөлбөрт гурван гол зүйл тусгасан нь нэгдүгээрт, иргэдээ боловсролын салбарт анхаарал хандуулдаг, үр хүүхдийнхээ боловсролын төвшин, ирээдүйд санаа тавьдаг, байнгын хяналттай болгоё гэж үзсэн. Наад зах нь ерөнхий боловсролын сургууль бүрийн анги, хичээл болгонд эцэг, эхийн төлөөллөөс суулгаж эхэлсэн. Хүүхэд нь ямар хүнээр, юу заалгаад байгаа юм, цаашдаа хэрхэн яаж амьдрах юм. Ингэснээр авьяас чадварыг нь олж харна, чиг баримжаа авна. Багшийн хувьд ч мөн адил байнгын эцэг, эхийн оролцоотой болоод ирмэгц заах аргазүй, ур чадварын асуудал хөндөгдөнө. Товчхондоо, сургалтын чанарыг эцэг эх, сургууль, сурагчид хамтран сайжруулж байгаа хэрэг. Одоо үр дүнгээ өгөөд эхэлчихсэн. Мөн сургуулийн ажилд идэвх санаачилгатай оролцож буй эцэг, эхчүүдийг урамшуулах тухай ярьж байна. Хоёрдугаарт, багшийг урамшуулна. Тодорхой болзол тавьж, босго тогтоон түүнд нийцсэн багшийн ур чадвар, ажил хөдөлмөрийг 3-10 сая төгрөгөөр урамшуулна. Нэг удаагийн урамшууллаар машин авах хөрөнгөтэй болно гэдэг их мөнгө шүү дээ. Тэгэхээр ийм урамшууллын төлөө илүү бодитой ажил хийгдэж, үр дүн нь ч бодитой тусч байна. Манай багш нар ажиллаж эхэлж байна. Мэргэжил дээшлүүлж мэдэхгүй юмаа сурах, сайжруулах эрмэлзэлтэй болж байна. Эцэг, эхчүүдтэй холбоотой байж, хүүхэдтэй харьцах харьцаагаа ч сайжруулж байна.
Энэ мэт хийж буй ажлуудаа Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхэнтэйгээ хамтран хийж хэрэгжүүлж байна. Эцэст нь энэ хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлд хүүхдийг урамшуулна. Гэхдээ онц сурдаг хүүхдийг урамшуулахгүй. Олимпиадад түрүүлдэг хүүхэд тэмцээн уралдаандаа ороод тэр хэрээр үнэлэгдэнэ. Биеийн тамир, спортын дугуйланд явдаг нь түүгээрээ амжилт гаргаад, урамшаад явна.
Харин 20 хувьтай “F” үнэлгээтэй сурагчийг “муу” гэж адлах биш харин ч урамшуулъя гэж байгаа юм. Тулж ажиллаад, урамшуулаад, эв зүйгээр яриад байгаа хүүхэд ахьж дэвшинэ биз. Дараагийн удаа 30 хувийн үнэлгээ авна. Тэгээд 40, 50, 60 болно. Ингээд босго оноондоо хүрч, тэнцээд ирсэн хүүхдийг дахиад өргөөд өгөх хэрэгтэй. “Миний хүү чинь өөрийгөө ялж чадаж байна. Сурлагаа сайжруулж байна” гэх мэтээр бүх хүүхдийг массаар нь сургах бодлого барьж ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэхээр аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 330 сая төгрөг баталсан. Энэ мөнгөөр бид байшин барьж хана шавардахгүй, компьютер авахгүй. Зөвхөн багш, сурагчдаа урамшуулах юм.
-Танай аймаг хөдөө аж ахуй тэр дундаа мал ахуйдаа суурилдаг. Гэхдээ газар тариалан ч дутахааргүй харагддаг. Бигэр сумаас өгсүүлээд чацарганы дарс, виски тэргүүтэн үйлдвэрлэж, нэрийн бүтээгдэхүүнтэй болсон шүү дээ?
-Энэ тухай яривал иргэн бүрээ ажилтай болгох тухай дурдана. Ажилтай болгоно гэхээр газар усаа ухахгүй. Аймаг 18 мянган өрхтэй. Мөн 20 мянган га газрыг аймгийн хэрэгцээнд авчихсан байгаа. Энэ газар бол хаа хамаагүй ус, ургамалгүй газар биш, юм тарьж ургуулж болох усалгаатай, шилмэл газар. Эндээс бид өрх бүрт нэг га газар олгож эхний ээлжинд газартаа юу тарьж, ургуулж болохыг аймгийн хөрөнгөөр, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн багш нар болон аймгийн тэргүүлэх зэргийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тогтоож өгнө. Улмаар уулын аманд газар хаахад хэдий хэр ус хуримтлуулж болох, түүгээрээ хэчнээн га газар усалж болох вэ гэхчлэн бүх л судалгаа шинжилгээний ажил хийнэ. Тэгээд тэр аманд алим таривал илүү ургана, энд бол тарвас илүү ургац өгнө гэхчлэн юуг хэрхэн тарьж ургуулахыг нь заагаад өгчихнө. Га газарт алимны 40 мод суудаг юм байна л даа. Нэг модноос 15 кг алим хураадаг гэхээр 20 мянган га талбайд алим таривал манай аймаг дангаар улсынхаа алимны хэрэгцээг хангаж чадах юм.
Хүмүүс мэддэггүй л болохоос Говь-Алтайд алим ургадаг. Бэсрэг алим, давжаа алим буюу ранетки, амтат алим гээд бүх төрлийн алим ургадаг. Угтаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Чулуун, Лодойхүү нарын хүн 30 жилийн өмнө Алтай, Тайшир, Бигэр, Шарга, Халиун сумдад тарьж ургуулаад туршчихсан. Тиймээс айл болгонд нэг га газар өгье гээд байгаа хэрэг. Түүнийгээ зараад архи ууна уу, авгайдаа гутал авч өгнө үү өөрийн мэдэх хэрэг. Ямартай ч тэр хүнийг хөдөлмөр цаашлаад үйлдвэрлэл эрхлэх анхан шатны боломжоор хангах нь чухал юм. Хамаагүй, зээл аваад ажлаа эхэлнэ үү, газар дээрээ өөр үйлдвэрлэл эрхэлнэ үү хувь хүний хэрэг. Бид ч энэ асуудалд анхаарал хандуулна. Үржил шимтэй газар өгч, хэрхэн юм ургуулж болдгийг зааж, сургах гээд байгаа хэрэг. Түүнээс газар өгчихөөд араас нь алимыг нь тарьж өгнө гэж байхгүй. Угаас загас барьж өгснөөс барих аргыг нь зааж өг гэдэг үгтэй. Ингэж л ажилгүй залуусыг ажилтай болгож, айл өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэх гээд байгаа юм. Хүн гэдэг өөрөө хөлс хүчээ дуслуулж байж хөдөлмөрийн үнэ цэнэ, амтанд дурладаг. Тэгэхгүй гэртээ гэдсээ илээд хэвтээд байвал хүний гар харсан, улам л залхуу, арчаагүй болно. Хавтгайрсан халамжаар угжих нь алимны модны сүүдэрт өлсч хэвтэхээс ялгаагүй хэрэг.