Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш ”Монгол цэргийн өдөр”


1921 оны гуравдугаар сарын 18-нд Сүхбаатар жанжинаар удирдуулсан Ардын цэргийн арми хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн армийг бут цохин Хиагт хотыг чөлөөлсөн байдаг. Энэ үйл явдал түүхийн шаргал хуудаснаа “Хиагтыг чөлөөлөх дайн” хэмээн бичигджээ. Эл түүхэн өдрийг “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрийдэн, дөрөв дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Монгол цэргийн өдөр”-ийг угтсан үе, үеийн цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх “Ахмад, залуучуудын гурван үе”-ийн уулзалт өчигдөр СТӨ-нд болов. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран  бүтээлчид тоглолтоо сонирхуулж, 18 нас хүрч, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залуус үнэмлэхээ гардсан юм. Энэ үеэр ахмад, залуу үеийн төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

С.Дөлгөөн:“Алтан мөрдөстөн” болно

/Батлан хамгаалахын их сургуулийн нэгдүгээр ангийн оюутан/
-Батлан хамгаалах салбарын хүндтэй эрхмүүдээс цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардсанд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Маргааш би 18 нас хүрнэ. Эр цэргийн баярын өдөр мэндэлсэндээ тэр юмуу багаасаа цэргийн хүн болно гэж хүсч, мөрөөддөг байсан. Өөрийнхөө сонирхлоор БХИС-д элссэн. Мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад, хүссэн сургуульдаа суралцаж байна. Манай удамд цэргийн хүн байхгүй. Нагац ах л цагдаа. Цэргийн хүн улс орон, ард иргэдээ ямарваа нэгэн халдлагаас өмгөөлж хамгаалдаг. Эх орныхоо төлөө тэргүүн эгнээнд зогсох нэр хүндтэй хүмүүс бол цэрэг, армийнхан. Тийм учраас цэргийн хүн болохоор шийдсэн. Ирээдүйд алтан мөрдөст генерал болно.

Т.Ганбат: Цэргийн амьдралын 30 гаруй жил нүд ирмэхийн зуур өнгөрч

/Монгол Улсын хурандаа/

-Зэвсэгт хүчний 95, Монгол Улсад хурандаа цол бий болсны 80 жилийн ой тохиож байна. Баярын мэнд хүргэе. Залуудаа хаана алба хааж байв?
-1966 онд ЗХУ-ын Комсомолийн төв сургуулийг төгссөнийхөө дараа Монгол Ардын армид ахлагч цолтой элсч байлаа. Зэвсэгт хүчний төв, орон нутгийн 10 гаруй анги, салбарт ажиллаж байсан. Тухайлбал, баруун хязгаарын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит 123 дугаар анги, 124 дүгээр анги, Дорноговь аймгийн Зүүнбаян хотод байрладаг мотобуудлагын бригад, Төв аймгийн Сэргэлэн сумын Маршал Чойбалсангийн нэрэмжит хошой одонт 016 дугаар нэгтгэл, Сүхбаатар аймгийн төвд байрлаж байсан Ардын цэргийн 152 дугаар ангийн хийн хамгааллын тусгай бателон, Батлан хамгаалах яамны улс төрийн газар гээд 30 гаруй жил цэргийн албанд зүтгэжээ. “Цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг шиг хаана хүн, хүч хэрэгтэй байна тэнд томилогдож ажиллаж байсан. 10 гаруй анги салбарт шилжин ажиллахдаа нэг ангид дунджаар гурав, хамгийн удаандаа зэвсэгт хүчний 124 дүгээр ангид таван жил ажиллаж. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 45 насандаа 1993 онд хурандаа цолоор энгэрээ мялаасан.

-Таны гэргий маш их тэвчээртэй хүн байна даа?
-Манай гэр бүлийн хүн Багшийн их сургуулийн түүх газарзүйн анги төгссөн. Багш мэргэжилтэй.Намайг дагаж хөдөө явсаар байгаад мэргэжлээрээ бараг ажиллаагүй. Таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн. Гавьяаныхаа амралтад сууснаас хойш ач, зээгээ харж байна. Энэ жил ач хүү маань зургадугаар анги төгсч байгаа. Тэрийгээ л БХЯ-ны харьяа “Тэмүүжин өрлөг” дунд сургуульд оруулах санаатай. Тэр сургуульд орчихвол өвөөгийнхөө орыг залгаж, цэргийн хүн болох болов уу гэж найдаж байгаа.

-Цэргийн хүний зовлон, жаргал нь юундаа байдаг юм бэ?
-Газар, газрын залуучуудтай танилцаж, хамт ажиллах сайхан. Эргээд харахад голдуу байлдааны анги, салбаруудад алба хаасан байдаг юм.
Урд хилийн бүст байрлах Ховдын хороо, Зүүнбаянгийн нэгтгэл, Сүхбаатар аймаг дахь анги, нэгтгэл гээд чухал даалгавар гүйцэтгэдэг, цэргийнхний хэллэгээр дайсны болзошгүй чиглэлд, байлдааны бэлэн байдлыг өндөр зэрэгт хангасан ангиудад алба хааж байсандаа бахархдаг. Хахир хүйтэн цагаар хээрийн сургуулилтад зовохдоо хамт зовж, байлдааны буудлага, хээрийн сургуулилтад амжилттай оролцоод цугаараа баярладаг байлаа. Ингэж л цэргийн амьдралын 30 гаруй жил нүд ирмэхийн зуур өнгөрч.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан