2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 9611 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 1890 нь лабораторын шинжилгээгээр батлагджээ. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 398 хүн хандсаны 334 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 63 нь хэвтэж, 215 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас нийт 400 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 16 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт байгаа бөгөөд 0-8 сартай 14, ес болон 11 сартай хүүхэд хоёр байгаа талаар өчигдөр Эрүүл мэнд, спортын яам шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Харин Эрүүл мэнд спортын яаманд өчигдөр нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд томуу, томуу төст өвчлөл, улаанбурханы талаар шуурхай хуралдсан. Энэхүү хурлаар улаанбурхан өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай байсан гэдгийг тодотгож хэлсэн. Ямартай ч нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол өвчлөлийн насны хувьд 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд эмч, сувилагч, асрагчид сүүлийн хоёр сарын турш илүү цагаар ажиллаж байгаа аж. Тус дүүрэгт 0-16 насны 100 гаруй мянган хүүхэд байдаг бөгөөд нийт эмнэлэгт ирж буй хүүхдийн 70 хувийг зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж буй юм байна. Өвчний дэгдэлттэй холбогдуулан ус, дулаан, цахилгааны зардлууд тогтмол нэмэгдэж 2-3 сая төгрөгөөр илүү гарч байгаа талаарх мэдээллийг ч өгчээ. Харин Баянзүрх дүүргийн хувьд мөн л уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээс нь харахад 417 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 215, ачаалал 2-2,5 дахин их байгаа гэнэ. Баянгол дүүрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд голлон анхаарч байгаа бөгөөд өрхийн бүх эмнэлэг бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. Хүндэрч ирсэн хүүхдүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлсээр байгаа бөгөөд орны хэтрэлт 76,7 хувьд хүрч байсан бол 53,7 хувь болж буурч байгааг дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага нь мэдэгджээ. Уулзалтын үеэр “Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой. Халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал” гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн хэлснийг хүн бүр дор бүрнээ бодох цаг аль хэдийнэ ирснийг өвчлөгсдийн тоо бидэнд харуулсаар.
18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар зохион байгуулна
Олон асуудал дагуулж, хэдийнэ хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа эл асуудлыг “Шийдлийн цаг”уулзалтаар ч мөн хөндөв.
Тодруулбал, өчигдөр болсон уулзалтад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нар оролцож, улаанбурхан өвчний дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх болон тус салбарын удирдлагатай холбоотой асуудлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа. Тодруулбал, манай улс улаанбурханы эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012 онд 3-14 настай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулсны үр дүнд энэ өвчин эрс буурч, 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан гэв. Харин 2015 оны гуравдугаар сараас уг өвчний дэгдэлт гарсан учир 2015 оны тавдугаар сард зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Үүний үр дүнд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өвчлөл тууштай буурсан ч 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилсон байна. Тиймээс 18-30 насныханд улаанбурханы эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлага байгааг уулзалтын эхэнд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэв. Түүнчлэн тэрээр “Эмч, ажилчдынхаа илүү цагийн хөлсийг олгохоор Эрүүл мэнд, спортын сайдын багцаас хөрөнгө гаргаж ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Салбар эзэнгүйрсэн, ажил назгайрсан зүйл байхгүй, ажлаа цаг хугацаанд нь зохион байгуулж байгаа” гэв. Харин Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд зориулах 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэснээ Ерөнхий сайд дуулгаад, 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болгосон юм. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүүг ажлаа чанартай сайн гүйцэтгэхийг үүрэг болгосон бол Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг шийдтэл сайдын үүрэг гүйцэтгэгчтэйгээ хамтраад салбарыг менежмент, зохион байгуулалт, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон юм.