Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбурханаар эндсэн 14 хүүхэд бүгдээрээ суурь өвчтэй байсан гэв

А.АКЭРКЭ

Иргэн Д.Авирмэд өнгөрсөн долоо хоногт он гарсаар улаанбурхан өвчний улмаас 0-8 сартай 10 гаруй нярай эндсэн тухай, мөн биеэрээ дүүрэн гүвдрүүт тууралттай, хоёр нүднийх нь эргэн тойронд улайсан, хамрандаа амьсгалын аппаратны гуурстай ХӨСҮТ-ийн хүүхдийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дүрс бичлэгийг хэвлэлийнхэнд дэлгэж эрүүл мэндийн салбарынхныг “жинтэйхэн” шүүмжлээд авсан. Мөн тэрээр ХӨСҮТ-д нөхцөл байдал хүндхэн байгаа талаар ч дуулгасан юм.
Энэ мэдээллийн мө­рөөр ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчил­гээний тасгийн нөхцөл байдалтай танилцахаар зорин очсон боловч бидэнд цаг зав гаргаж, мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Үйлчлэгчээсээ эхлээд уцаартай хүлээж авсан тус тасагт “ачаалал их, ор хүрэлцэхгүй байгаа” тухай нэгэн сахиур хэлэв. Мөн тус тасагт хүргэгдэн ирсэн хүүхдүүдийн дийлэнх нь улаанбурхан өвчний  оноштой болохыг ч дуулгасан. Биднийг очиход ээлжийн эмч, тасгийн эрхлэгч нар хагалгаанд орсон байв. Ээлжээ хүлээлцэж буй сувилагчид “За харья даа, 24 цаг зогсоогоороо хонох чинь яасан хэцүү юм бэ” гэж ярилцах нь ачаалал их байгааг эмч, мэргэжилтнүүдтэй уулзсан, уулзаагүй ойлгуулах шиг болов. “Эмч хагалгаанаас мөд гарч ирэхгүй гэж хэлүүлж байна” гэх хонгилын цаанаас хэл өгөх сувилагчийн дуунаар бид ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийг орхин гарсан юм.

Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэдийг хэвлэлд хандсаны маргааш нь буюу уржигдар Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагууд шуурхай хуралдсан. Хуралдаанаар улаанбурхан, томуу, томуу төст өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлыг ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ талаар бид НЭМГ-ын мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Хулангаас тодрууллаа.

Т.Хулан: Эндсэн дөрвөн настай хүү архаг суурь өвчтэй байсан

-Улаанбурхан өвч­ний дэгдэлт их байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн байгуул­лагууд шуурхай хуралдсан. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМСЯ-ны харьяа ХӨСҮТ, ЭХЭМҮТ, Эрүүл мэнд, спортын яамны 30 гаруй мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг шуурхай хуралдаж, улаанбурхан, томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл, тархалт, эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохицуулж байгаа талаар мөн эрүүл мэндийн байгууллагуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл зэрэг үүсээд буй олон асуудлын хүрээнд ярилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргалаа.
Хүүхдийн орны ачааллыг бууруулахын тулд эмнэлгүүдийн насанд хүрэгчдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн үндсэн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хүүхдийн тасгийн зориулалтаар мөн л түр хугацаанд ашиглахаар болсон. Томуугийн тархалт цаашид дэгдэлт хэлбэрээр явагдах нь ойлгомжтой. Гэхдээ түрүү жилийнх шиг тийм өндөр хэмжээнд хүрэхгүй болов уу гэж таамаглаж байна. Мөн улаанбурхан өвчинд өртөмтгий гэж үзэж байгаа тодорхой насны бүлгүүдэд нэмэлт дархлаажуулалт хийнэ. Нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай нэг тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж байгаа.

-Өнгөрсөн долоо хоногт иргэн Д.Авирмэд улаанбурхан өвчинтэй холбоотой олон мэдээлэл дэлгэсэн. ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн настай хүү улаанбурхан өвчний улмаас эндсэн тухай мэдээллийг ч өгсөн. Түүний хэлсэнчлэн улаан бурхан өвчин “аюулын харанга дэлдэх” хэмжээнд хүрэв үү?
-ХӨСҮТ-ийн мэдээллийг өгөх боломжгүй. Манай харьяа байгууллага биш. ЭМСЯ-ны харьяа учраас тэднийхээс тодруулж болно. Гэхдээ, байдал хүнд, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их байгаа. Орны тооноосоо хэтэрсэн өвчтөнтэй, ачаалалтай нөхцөлд эмч, сувилагчид илүү цагаар ажиллаж, ядарч байна. Эм, тоног төхөөрөмжийн хувьд хүрэлцэхүйц хэмжээнд байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн мэргэжилтний ярианаас ойлгосон. Нарийн мэдээллийг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдээс авах нь зүйтэй болов уу. Он гарсаар улаанбурханаар 14 хүүхэд эндсэнээс долоо нь Нийслэлд бүртгэлтэй. Эндсэн шалтгааныг тодруулахад төрөхийн болоод зүрх судасны гажигтай, дутуу төрсөн, тэжээлийн доройтолтой гээд бүгд суурь өвчтэй байсан. Эндсэн дөрвөн настай хүү найман кг жинтэй, тэжээлийн гүн дутагдалтай, жиндээ хүрэхгүй, архаг суурь өвчтэй байсан. Шууд улаанбурханаар эндсэн гэж хэлж болохгүй.

-Хүн, хүч дутмаг, эмч, сувилагчдын илүү цагийн ажлын хөлс олгогдохгүй байгаа талаар ч хөндсөн. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр болов?
-Хүн хүчний асуудал дутмаг байгаа нь үнэн. Бид энэ асуудлыг тэтгэвэрт гарсан сувилагчдаа эргүүлэн татах, мөн гарааны эмч, сувилагчдын тоог нэмэгдүүлж, тэдэнд ирэх ачааллыг бууруулах, АШУҮИС-ийн хүүхдийн тэнхимийн резидентурт суралцаж байгаа эмч, оюутнуудыг ажиллуулах зэргээр шийдвэрлэхээр ярилцсан.Илүү цагаар ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн илүү цагийн цалин хөлсийг олгох асуудлыг С.Ламбаа даргад уламжилсан. Хүүхдийн эмч, сувилагч нар хэвтэж эмчлүүлсэн хүүхдийнхээ тоогоор цалинждаг. Жилд 1000 хүүхэд эмчлэх нормтой эмч 1500 хүүхэд эмчиллээ гэхэд илүү эмчилсэн 500 хүүхдийн мөнгө даатгалын сангаас орж ирдэггүй. Энэ мэт эмч, мэргэжилтнүүдэд тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.

-Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний өвчлөл ямар байна вэ?
-Он гарсаар улсын хэмжээнд 6000 орчим улаанбурханы тохиолдол батлагдсанаас тал хувь нь нийслэлээс бүртгэгдсэн. Насны хувьд вакцинд хамрагдах болоогүй 0-8 сартай хүүхдүүд, 15-30 хүртэлх насны оюутан, залуучууд өртөмтгий байна. НЭМГ-аас улаанбурхан өвчний голомттой хэсгүүдэд дархлаажуулалт хийж, голомттой хэсгийн 80 гаруй хувийг вакцинд хамруулсан. Хэдий тийм ч улаанбурхан туссан хүүхдүүдийн биеийн байдал муудаж, хүндэрч байгаа асуудал санаа зовоосон хэвээр байна.

-Ханиад, томууны дэгдэлт хэр их байна вэ. Цаг дулаараад харьцангуй намдах шиг боллоо?
-Эмнэлгүүдийн ачаалал хэдий өндөр байгаа ч томуу, томуу төст өвчний тархалт буурах хандлагатай байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлэх 1800 гаруй ор байдгаас 789 нь хүүхдийнх. Сарын өмнө хүүхдийн орны ачаалал 60 хувиар өндөр байсан бол өнөөдөр 40 хувь болж буурсан байна. Оны өмнө амбулаторын үзлэгийн 14 хувийг эзэлж байсан бол 8.4 болсон. Гэсэн хэдий ч хүүхдийн эмнэлгүүд ачаалалтай ажилласаар байгаа.

0 Сэтгэгдэл
ene salbar dampuu baixaas yaxin
Ламбаа: Хүүхэд үхээгүи зүв зүгээр яам саин ажиллаж баигаа.гэж инээв Саиханбилэг:Өө тиим үү?саин ажилласан учир шагнаж мөнгө өгнөөө
Hvvhed nastai hvn bish suuri uvchin gej yu bsan yum 14 hvvhdiin amiig Saihanbalaigaas neheh heregtei ervvl mendiin yamig ezengvidvvlj bas mergejiliin bus Lambaa uvgunuur manaach hiigeed ter ni ineehees uur yum medehgvi ????Hvvhed vhlee geheer zunug Lambaa ni ineegeed l ineegeed l!!!"
өдөө хариуцлагаас зугатааж арьсаа хамгаалахын тулд бурхан болсон хүүхдүүдийг буруутгах нь. Сайханбилэг чи хүн мөн үү. үгүй дээ эмч хүнээр энэ яамыг удирдуулвал арай дээрдэнэ дээ. та нар яахав гадаадад явчих хүмүүс борчууд хэцүүдлээ
suuri uvchtei ch gesen nas barah esgui bizdee
Хамгийн их уншсан