Э.УНДРАЛБАЯР
Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, хүүхэлдэйн урлалын чиглэлээр 40 дэх жилдээ ажиллаж буй мэргэжлийн хүүхэлдэй урлаач Д.Доржхоролтой уулзахаар Урчуудын эвлэлийг зорилоо. Хаалгыг нь татмагц хамар цоргих будаг шунхны үнэр, чихарч дуугарах хуучин модон шал, энд тэнд өлгөсөн элдэв уран зураг, баримал. Энэ л урлангийн 215 тоот хаалганы цаана үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүтээлээ туурвиж суудаг хүн бол Д.Доржхорол.
Өдгөө өдөр тутмын хэрэглээнээс хасагдах дөхсөн үндэстэн, ястны уламжлалт дээл хувцасны үүх түүх, онцлог шинжийг дэлхийд таниулах үйлсэд бүхнээ зориулж буй түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-40 жил гэдэг урт хугацаа. Анх энэ мэргэжлийг сонгон суралцах болсон талаар яриагаа эхлэх үү?
-1976 онд наймдугаар анги дүүргээд Дүрслэх урлагийн дээд сургуульд шалгалт өгч, Куколь, сувинерийн ангид орсон юм. Намайг элсдэг жил Куколь, сувинерийн анги дөнгөж нээгдэж байсан учраас нэрнээсээ эхлээд содон, гоё санагдсан. Тиймдээ ч энэ мэргэжлийг сонгож, анхны ангийг 11 хүүхэд төгссөн дөө. Бидэнд Зөвлөлтөөс урилгаар ирсэн хүүхэлдэйн урлалын багш хичээл заадаг байлаа.
-Мэргэжлээрээ амьжиргаагаа залгуулахад хэр хүрэлцээтэй байдаг вэ. Хүүхэлдэй, сувинер гэхээр талх шиг эрэлттэй байхгүй нь мэдээж. Тиймдээ ч эдийн засгийн хямралтай энэ үед шантрах үе бишгүй л тохиодог байх?
-Амь, амьдралаа залгуулдаг цорын ганц зүйл минь хүүхэлдэйн урлал. Шантарч, цөхрөх үе байлгүй яахав. Гэсэн ч өдий хүртэл мэргэжилдээ үнэнч байж, урваж шарвасангүй. Дуртай ажил минь юм хойно шальтай орлого олохгүй ч чаддагаар нь энийгээ хийхийг боддог. Харамсалтай нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ирэх татварын дарамт улам нэмэгдээд, өндийх аргагүйд хүрээд байна. Ирэх жилээс больдог ч юм уу гэж бодож сууна. Уг нь, өдий хүртэл хийгээд ирсэн хөдөлмөр бүтээлээ үгүй хийчихмээргүй байх юм.
-Тиймээ, таны хэлдгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд энэ жил хүндхэн тусч хаалгаа барих нь их байна. Угтаа үндэсний онцлог, өв уламжлалыг шингээсэн хүүхэлдэй, сувинер урлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлбэл аялал жуулчлалын салбарт гол нэрийн бүтээгдэхүүн ч болгох боломжтой санагддаг?
-Тийм шүү. Анзаараад байхад ирж буй жуулчид элдэв үйлчилгээ, бэлэг дурсгалын зүйлд мөнгөө үрж байгаа харагддаг. Ингээд бодохоор хүүхэлдэй, сувинер урлалын салбарт зах зээл, орон зай байгаа юм. Гэвч татварын дарамтаас аваад үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд саад, тээг болдог зүйл их байна. Ядаж л үйлдвэрлэлийн зээлийн хүү өндөр байна. Бид үйлдвэржихгүй бол хөгжихгүй гээд яриад байдаг. Уг нь, аль ч үйлдвэрлэл айл өрх, жижиг дунд үйлдвэрээс эхэлдэг санагддаг. Миний хувьд өдий хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаа нь бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлээ тэлэх гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөөр яваагийнх. Өмнө нь Хэвлэл, чимэглэлийн үйлдвэр гэж байхад Хүүхэлдэйн тасагт нь 40-өөд хүн ажиллаж байлаа. Одоо тэр үеийнх шиг үйлдвэрийн хэмжээнд хүүхэлдэйгээ хийх юмсан гэсэн бодолтой явдаг ч санхүүгийн найдвартай эх үүсвэр байхгүйгээс хүссэндээ хүрч ажиллаж чадахгүй л байна.
-Хүүхэлдэйн урлалын мэргэжил эзэмшсэн хүн хэчнээн байдаг юм бол. Тэднээс тань шиг мэргэжилдээ үнэнч үлдсэн нь?
-Манай сургуулиас 1980, 1984 он гээд мэргэжлийн хүүхэлдэй урлаачаар хоёр анги төгссөн. Үүнээс гадна 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын сургуулийн мэргэжлийн хүүхэлдэйн урлалын анги жил бүр элсэлт авч байна. Энэ чиглэлийн боловсон хүчин хангалттай байгаа ч цаг хугацаа, хүч хөдөлмөр, тэвчээр шаарддаг ажил болохоор цөөн хэд нь л мэргэжлээрээ бүтээл туурвиж байгаа харагддаг.
-Нарийн тоо хэлэхэд хэцүү байх. 40 жилийн хугацаанд хэчнээн нэр, төрлийн хүүхэлдэй урласан нь сонин байна?
-Миний хувьд угсаатанзүйн чиглэлээр Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч буй бүх ястан, үндэстний хувцас хэрэглэл, гоёл чимэглэлтэй хүүхэлдэй урладаг. Бүтээлийн хувьд яг нарийвчлан тоолж байгаагүй ч ойролцоогоор 75 мянга гаруй хүүхэлдэй зах зээлд борлуулсан. 1990-ээд оноос морь, 2014 оноос Чингис хааны баримал хийж эхэлсэн.
-Нэлээн судалгаа хийсний үндсэн дээр ястан, үндэстэн бүрийн хувцас хэрэглэлийн онцлогийг гаргана биз?
-Тэгэлгүй яахав. Орос, Япон зэрэг бусад улс үндэсний хүүхэлдэй хийе гэхэд тухайн улсын хувцас, хэрэглэлийн үүх түүхийг сайн мэдэхгүйтэй адил Монгол хүн л үндэснийхээ хувцас хэрэглэлийн үүсэл гарал, хөгжил, онцлогийг судлахгүй бол гадаадын хүн судлаад бүтээл туурвихгүй шүү дээ. Тиймээс судалгаагаа маш ул суурьтай, үнэн зөв хийх хэрэгтэй.
-Хамгийн урт хугацаанд бүтэж байсан ямар хүүхэлдэй байдаг вэ?
-Хүүхэлдэй урлах нь чимхлүүр нарийн ажиллагаа ихтэй, их хугацаа шаарддаг ажил. Жилийн турш бүтсэн хүүхэлдэй бий. Төрийн өндөрлөг, Элчин сайдын яамдуудын захиалгаар алт, мөнгөн чимэглэлтэй хүүхэлдэй хийх тохиолдол бий. Дарханы ажиллагаа шаардаад ирэхээр цаг их зарцуулдаг. 1987 онд санагдаж байна, Цэдэнбал гуайн захиалгаар хүүхэлдэй урласан. Тэр үед материалын олдоц, сонголт муу байснаас ажиллагаа ихтэй, хугацаа их зарцуулдаг байлаа.
-Хүүхэлдэй урлаж байх үеийн сэтгэл санааны байдал тухайн хүүхэлдэйний царай, төрхөнд нөлөөлдөг болов уу?
-Маш их нөлөөлдөг. Жишээлбэл, сэтгэл санаа өөдрөг, сайхан үед хийсэн хүүхэлдэй цаанаа л хөөрхөн өнгө үзэмжтэй болдог. Тиймдээ ч сэтгэл тавгүй, уур уцаартай байхдаа хүүхэлдэйнийхээ нүдийг зурдаггүй.
-Таны хувьд хүүхэлдэйгээ цаас ашиглаж хийдэг. Цаасаар хийхийн давуу талыг сонирхвол?
-Монголчуудын хувьд бурханы эд зүйл, хэрэглэл, цамын багийг цаасаар хийдэг уламжлал бий. Тэр технологийг илүү боловсронгуй болгож, түргэвчлэх үүднээс цаасан зуурмаг болгож бэлтгээд хүүхэлдэйн бие, гутал, хувцас гээд бүгдийг нь цаасан зуурмагаар хийдэг. Ингэж хийх нь цаг их шаарддаг ч бат бөх болдог сайн талтай. Бас хаягдал материал ашигладаг болохоор эко бүтээгдэхүүн гэж тодорхойлох нь ч бий.
-Таны тэргүүлдэг Монголын хүүхэлдэй зураачдын холбоо байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгож байна. Үйл ажиллагаа хийгээд гишүүнчлэл нь хэр байна вэ?
-Дүрслэх урлагийн дээд сургуулийн хүүхэлдэйн зураачийн ангийг төгсөгчид, Хэвлэл, чимэглэлийн үйлдвэрт ажиллаж байсан хүүхэлдэй урлаачид сайн дураараа нэгдэж “Мондолл” ХХК болж, 2001 оноос Монголын хүүхэлдэй зураачдын холбоо болсон түүхтэй. Бидний хувьд хувиараа хүүхэлдэйгээ урлаж байгаа ч хийсэн бүтээлээ аль болох сайжруулах тал дээр санал бодлоо хуваалцаж, том захиалгыг хамтарч хийдэг.