Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Бямбасүрэн: Зөвхөн байгалийн чулуу л энерги шингээж, дамжуулдаг

Л.БАТБААТАР

Алт мөнгөн эдлэлийн сорьц болон үнэт чулууны талаар Үндэсний стандартчлал хэмжил зүйн төвийн Сорьцын хяналтын хэлтсийн эрдэнийн чулуу шинжээч, Улсын байцаагч Ш.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсын хэмжээнд зарж борлуулж буй  алт мөнгөн эдлэлийг Үндэсний стандартчлал хэмжил зүйн төвийн  Сорьцын хяналтын хэлтсийн тэмдгээр баталгаажуулдаг гэдгийг уншигчид мэднэ. Харин үүнээс өөр ямар үүрэгтэй  ажилладгаа тодруулж болох уу?
-Олон улсын жишгээр ашигт малтмалыг метал ба метал бус гэж ангилдаг. Металыг дотор нь хар, өнгөт, үнэт гэх мэтээр давхар ангилна. Үндэсний стандартчлал хэмжил зүйн төвийн Сорьцын хяналтын хэлтэс нь үнэт металд сорьц тогтоон баталгаажуулж, эрдэнийн чулууг тодорхойлон, гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрээс  олборлож, боловсруулсан алтыг хайлуулж гулдмай болгоно. Улмаар сорьц тогтоон Монголбанкинд худалдах нөхцөл бүрдүүлнэ. Түүнчлэн гоёл чимэглэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь  стандартын сорьцтой тохирсон бол ээмэг, бөгжинд сорьцын баталгааны тэмдэг дарна. Үнэт чулуун эдлэлийг тодорхойлж баталгаажуулсан гэрчилгээ  олгоно. Мөн манай сорьцын хяналтын улсын байцаагч нар гоёл чимэглэлийн дэлгүүрт худалдаж байгаа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийдэг.

-Хяналт шалгалтын явцад ямар зөрчил голлон илэрдэг вэ. Хуурамч алт, мөнгөн эдлэл зарж борлуулах явдал хэр их байна вэ?
-Хуучин 1970-1980 оны үед иргэдийн дунд  сорьцын тухай ойлголт муу байсан. Энэ үед зөрчил  их илэрч байсныг баримтаас харж болно. Харин өнөөдөр, иргэд сорьцын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсноор зөрчил илрэх нь ч багассан.

-Сорьцын баталгааны талаар бага зэрэг тайлбарлаач. Алтан эдлэлд гэхэд 990, 960, 585 гээд олон сорьцын тэмдэг бий?
-Сорьц гэдэг нь үнэт металын агуулга юм. Хоёроос доошгүй металын нэгдлийг хайлш гэнэ. Өөрөөр хэлбэл алт, мөнгө хоёрыг нийлүүлж хайлуулаад алтны болон мөнгөний агуулгыг тодорхойлох  үйлдлийг сорьц тогтоох гэдэг. Гурван грамм жинтэй алтан бөгж байна гэж бодъё. Мянган тэнцүү хэсэг болгон хуваагаад 585 хувийг нь алт эзэлж байвал 585 хувийн сорьцтой алтан бөгж байна гэж тооцдог. Үлдсэн 415 хувь мөнгө байна. Алтыг мөнгө, зэстэй болон мөнгийг зэстэй хольж хайлуулаад ээмэг бөгж хийдэг.

-Иргэд сорьцын баталгааны тэмдгийн талаар ойлголт муутай байдаг. Олон төрлийн хэлбэр дүрстэй байдгийн  учрыг тайлбарлахгүй юу?
-Алтан бөгжин дээрх 585 гэсэн тоог сорьцын баталгааны тэмдэг гэдэггүй. Сорьцын баталгаанд 3-4 төрлийн тэмдэглэгээ ордог. Нэгдүгээрт, тухайн эдлэлийг үйлдвэрлэсэн, ивээн тэтгэсэн байгууллагын барааны тэмдэг бий. Монголчууд адуугаа тамгалдаг шиг үйлдвэрийн барааны тэмдэг дардаг. Хоёрдугаарт, хөндлөнгийн лабораторын шинжилгээгээр баталгаажсан тэмдэг. Эдгээр тэмдэг дарагдснаар сорьц баталгаажна. Ер нь, олон улсын жишигт сорьцын баталгааг хоёр янзаар хийдэг юм. Төвлөрсөн болон зах зээлийн зарчмаар гэж. Зах зээлийн тогтолцоо гэдэг нь үйлдвэрлэгч бүтээгдэхүүндээ сорьцын баталгааны тэмдгээ дардаг. Хариуцлагаа тухайн үйлдвэрлэгч хүлээнэ. Сорьц хуурамч болон хэмжээндээ хүрэхгүй бол үйлдвэрийг хааж хохирлыг нь барагдуулах арга хэмжээг тухайн улсын сорьцын хяналтын албанаас авдаг. Монгол Улс нь сорьцын баталгааны төвлөрсөн хяналтын системтэй. Улаанбаатар хотод Сорьцын хяналтын нэг л лаборатор үйл ажиллагаа явуулдаг. Энэ лаборатороор үнэт эдлэлийг шинжилж, сорьцын баталгааны тэмдэг дарна. Монгол Улсад сорьцын баталгааны тэмдэг дардаг өөр газар, лаборатор байхгүй. Хэрэглэгчийн хувьд сорьцын баталгааны тэмдгийн хэлбэр загварыг анхааралтай ажиглах нь чухал Мөн дарагдсан тоог сонирхох хэрэгтэй. Алтан эдлэлд  999, 960, 916, 750, 585, 375, 333 тоо бий. Харин мөнгөнд 999, 925, 875, 835, 800 тоо байна. 800 гэсэн тоо нь хэзээ ч алтан эдлэлд дарагдахгүй. Үүнийг сайн тогтоох хэрэгтэй. Монгол Улсын алтны сорьцын баталгааны тэмдэг зууван дугуй байдаг. Мөнгөнийх нь зургаан талтай призм хэлбэртэй байна. Платина эдлэлийнх ромбо хэлбэртэй байх жишээтэй. Сорьцын баталгааны хэлбэр дүрс, тоогоор нь ямар эдлэл болохыг ялгана.

-Платинаг цагаан алт гэж ойлгодог хүмүүс бий. Учир нь, цагаан алт хэмээн буруу орчуулснаас үүдэлтэй. Одоо энэ төөрөгдлийг засах цаг нь болсон. Та плантинаг  металынх хувьд манай уншигчдад сайн тайлбарлаж өгөхгүй юу?
-Платина нь бие даасан метал. Францын Платин голын эргээс анх олдож шинжлэх ухаанд бүртгэгдсэн. Платина нь алтнаас өндөр температурт буюу 2000 гаруй хэмийн халуунд  хайлдаг. Тэгэхээр манайд платинаар үйлдвэрлэл явуулах боломжгүй. Монголд 1940-өөд оны үед геологийн шинжлэх ухаан үүсэх үед  платинаг цагаан алт гэж буруу орчуулсан байдаг юм. Плантиныг орчуулж болохгүй. Платинаг нь платина чигээр нь нэршиж хэвших  ёстой. Энэ нь мөнгөнөөс илүү гялалзсан цагаан гоёмсог өнгөтэй метал. Үнэт металд найман төрлийн химийн элемент ордог юм. Цагаан өнгөтэй нь мөнгө, шар нь алт болон платинийн бүлгийн палладий, ириудий  гэх мэт. Платинийн бүлгийн метал бүгд цагаан өнгөтэй. Гэхдээ мөнгөөс илүү гоёмсог гялгар, тод өнгөтэй. Шар алтны нэг төрлийн хайлшийг цагаан алт гэдэг. Жишээлбэл, монголчууд зэсийн хайлшийг хүрэл, гууль гэж ангилдаг. Хүрэн улаан өнгөтэй нь зэс. Шаргал өнгөтэйг нь гууль гэнэ. Алтанд мөнгө зэс хоёрыг нэмж хайлуулан улбар шар өнгөтэй болохоор шар алт гэнэ. Шар алтанд никель юм уу, палладийг холихоор өнгө нь цагаан болно. Үүнийг олон улсад “white gold” буюу цагаан алт гэж нэрлэдэг.
Платинаг цагаан алт гэж нэрлэх нь шар алтны цагаан хайлшаа өндөр үнээр зарах гэсэн луйварчдын арга юм. Монголд платинын илэрц бий. Платина нь гадаадаас голдуу ээмэг, бөгж хэлбэрээр орж ирдэг.

-Үнэт металыг  нь гоёл чимэглэлд хэрэглэхээс илүү тоног төхөөрөмжийн эд ангид хэрэглэдэг. Учир нь бусад металд байхгүй онцлог, давуу шинж чанарыг нь ашигладаг?
-Тийм. Тоног төхөөрөмжийн микро системийн үйл ажиллагааны хамгийн найдвартай элемент нь үнэт метал байдаг. Алт, мөнгө, платинын бүлгийн үнэт метал нь физик, химийн шинж чанараараа  бусад металаас илүү. Жишээ нь, хөнгөн цагаан нь цахилгаан дулааныг маш сайн дамжуулдаг боловч бага зэргийн цахилгаан хүчдлийн хэлбэлзэлд амархан шатдаг. Гэтэл алт, мөнгөөр хийсэн дамжуулагч нь цахилгааны өндөр хэлбэлзлэлийг ч тэсвэрлэдэг. Алтыг хэчнээн жил ч газрын гүнд булсан  өнгөө алдахгүй. Химийн идэвх маш сул. Мөнгө нь маш өвөрмөц шинж чанартай метал. Мөнгөний ион нь өвчин үүсгэгч бактерыг устгадаг. Мөнгөн аягыг хэрэглэхгүй удахаар харладаг. Энэ нь мөнгө  өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл, агаартай шатаж исэлдэж харлана. Ингэснээр зэврэхгүй гэсэн үг. Гэтэл төмөр нь зэврэн, улмаар шороо болж алга болдог. Төмөр нь зэвэнд идэгдэн алга болж,  алт хэвээрээ үлдсэнийг  эд өлгийн зүйлсийг археологийн малтлагаас олонтоо харж болно.

-Эрдэнийн чулуу судлаачтай уулзсаных эрдэнийн чулууны талаар асууя. Ямар чулууг эрдэнийн чулуу гэж тодорхойлдог юм. Монгол оронд хэчнээн төрлийн эрдэнийн чулуу байна вэ?
-Эрдэнийн чулуу гэдэг нь нийтлэг ойлголт. Өнгө үзэмж, хатуулаг чанар, ховор, тансаг байдлаар нь чулууг ангилах нь бий. Эдийн засгийн үнэлгээ талаас чулууг дөрөв ангилна. Үнэт, хагас, гоёл чимэглэлийн болон өнгөлгөөний чулуу гэж. Барилгын материал болгон ашигладаг боржин хавтан нь өнгөлгөөний чулуу гэсэн үг. Жижиг бэлэг дурсгалын зүйлд ашигладаг чулуу нь гоёл чимэглэлийн ангилалд багтана. Янз бүрийн өнгөтэй тунгалаг чулуунууд нь хагас үнэт төрлийн чулуунд орно. Жишээ нь, Монголд байдаг усан болор, анар, молор, хувилгаан эрдэнэ буюу александр гэх мэт. Дөрвөн төрлийн чулуу л үнэт ангилалд багтдаг. Хамгийн үнэтэй нь монголоор доржпалам, англиар даймонд, оросоор алмааз гэгдэг тунгалаг өнгөтэй чулуу юм. Улаан өнгөтэйг нь бадмаараг буюу рубин гэнэ. Ногоон өнгөтэй нь маргад буюу эмиралд . Цэнхрийг нь сафир буюу индранил гэдэг. Хосгүй үнэт энэ дөрвөн чулууны нэг carat нь 25-30 мянган ам.долларын үнэ хүрнэ.

-Алт мөнгө болон үнэт чулууг карат хэмээх нэгжээр хэмждэг. Энэ ялгааг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү. Зарим хүмүүс хэмжүүрийн нэгж гэж ойлгодог тал бий?
-Тухайн чулуу ямар хэлбэртэй  байна түүгээрээ л үнэлэгддэг. Хоёр ижил чулуу байлаа гэхэд хоёр өөр үнэтэй. Карат гэдэг үг  нь метал болон үнэт эдлэлд хоёр өөр янзаар хэрэглэгдэнэ. Карат гэдэг үгийн дуудлага ижил боловч бичлэг нь өөр. Метал эдлэлд karat гэж бичигдэнэ. Ингээд 14К нь 585 сорьц гэсэн үг. Үнэт чулуунд carat гэж тэмдэглэгдэнэ. Энэ нь тухайн чулууны жин юм. Өөрөөр хэлбэл, нэг carat нь 200 мг буюу 0.2 грамм юм. Нэг грамм нь таван carat-тай тэнцүү.

-Ер нь чулууг хүний биед ээлтэй хэмээн авч явдаг хүний тоо олширсон. Энэ шинжлэх ухааны үндэслэлтэй юу. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Шижлэх ухааны үндэслэлтэй. Өмнө нь энэ талаар судалдаггүй байсан. Чулууны шинжээчийн хувьд хүн бүр л надаас  “Би тийм жилтэй. Надад ямар чулуу тохирох вэ” гэж асуудаг. Энэ талаар шинжлэх ухааны түвшинд хийгдсэн олон улсын судалгаа олон бий. Чулуу бол байгалийн бүтээгдэхүүн. Байгалд томрох явцаар ургаж үүсдэг. Жишээ нь, болорын талст байна. Долоон тоннын жинтэй болор олдсоныг гадаадад алдсан түүх хуучраагүй. Агаарын хэм болон даралтын зохистой нөхцөлд чулуу ургадаг. Галт уулын дэлбэрэлт болон газар хөдлөлт зэрэг геологийн явцын нөлөөнд үүсдэг. Маш урт хугацаа шаардаж үүсдэг учраас чулууны насыг хэдэн зуун сая жилээр тогтооно. Чулуу нь энергийг маш сайн шингээж, эргүүлээд эзэн хүндээ дамжуулдаг. Олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд, хамгийн сайн энерги шингээдэг чулуу бол усан болор юм. Учир нь зургаан талтай, харандаа шиг шовх үзүүртэй. Шовх үзүүрийн цэг нь  энерги цацруулна. Тунгалаг өнгөтэй бус чулуунууд энерги шингээгээд дамжуулахдаа муу.

-Шинжлэх ухаан хөгжснөөр хиймэл чулууг төрөл бүрээр үйлд­вэр­лэдэг, ургуулдаг  боллоо. Хиймэл буюу үйлдвэрийн ар­гаар хийсэн чулуунууд энерги дамжуулахдаа хэр вэ?
-Чулууг гарал үүслээр нь байгалийн, синтетик буюу таримал, хиймэл гэж гурав ангилдаг. Зөвхөн байгалийн чулуу л хуримтлуулсан энергиэ  хүнд дамжуулдаг. Хүнд ээлтэй байдаг гол зарчим нь өнгөнөөсөө хамаардаг. Мөн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж чулуугаа сонгох нь чухал. Жишээлбэл, цэнхэр өнгөтэй усан биндэрья чулуу бол далайчид буюу гол мөрөнд ажилладаг хүмүүст ээлтэй. Хүрэн өнгөтэй анар чулуу нь хурц дайчин байдлыг илэрхийлдэг болохоор цэргийн дарга нарт ээлтэй байж урам зориг оруулна  гэх мэтээр. Чулууны нар туссан хэсэг нь халуун, сүүдэр тал нь хүйтэн байдаг шүү дээ. Хүний халууныг гартаам болон болор хөөргөөр татдаг гэдэг яриа бий. Энэ нь хүйтэн чулуугаар халуун энергийг гаргаж байгаа үйл явц юм. Монголын уламжлалт анагаах ухааны олон төрлийн эмэнд чулуу ордог. Орчин үед шинжлэх ухаан техник хөгжснөөр гадаадаас шахмал хиймэл чулуу маш ихээр орж ирэх болсон. Шинжээч хүн л чулууны бүх шинж чанарыг тодорхойлж танихаас биш энгийн хүн танихгүй. Тиймээс байгалийн чулуунаас өндөр үнээр хиймлийг нь зардаг тал бий. Хиймэл чулуу нь амархан хагардаг. Байгалийн чулуу болох болор бол хэр барагтай хагарахгүй. Монголын дэлгүүр, лангуунуудаар зарагдаж байгаа  гоёлын чулуунууд бол ихэнх нь таримал. Зарчмаараа байгалийн чулуу үнэтэй байх ёстой. Жишээ нь, байгалийн чулуу 1000 төгрөгийн үнэтэй  байвал, таримал нь 100 төг, хиймэл нь 10 төгрөгөөр үнэлэгдэх ёстой. Хиймэл чулууг өндөр үнэтэй авснаар эдийн засгийн хувьд хохирох магадлалтай. Иймээс иргэд үнэт эдлэлийг худалдан авахдаа манай лабораторт хандахыг зөвлөе.

-Хиймлээр хийж, тарьж болдоггүй чулуу гэвэл юу вэ?
-Чулууны хатуулгыг 1-ээс 10  хүртэл зэрэглэлээр ангилдаг. Алмааз нь 10 буюу хамгийн өндөр хатуулгатай. Рубин, сафир нь ес гэсэн ангиллын хатуулгатай байдаг. Нэг ангиллын хоорондын ялгаа нь “150 дахин” гэсэнтэй тэнцүү. Иймээс 10 гэсэн зэрэглэлтэй алмааз нь ес гэсэн зэрэглэлийн  сафрираас 150 дахин хатуу гэсэн үг. Ийм болохоор хиймэл, таримал алмааз гэж байхгүй. Хэзээ ч алмаазыг тарьж ургуулж чадахгүй. Учир нь алмааз 6000 хэмийн халуун болон 20-30 мянган киловаттын даралтанд үүсдэг. Нарны гадаргын халуун 6000 хэм байдаг шүү дээ. Алмааз нь галт уулын дэлбэрэлтийн хоолойд нэг үүсч болно. Эсвэл том хэмжээний солир унах үеийн  дэлбэрэлтэд үүсэх боломжтой. Бага хэмийн халуунд үүссэн нь нүүрс. Алмааз нь дунд зэргийн халуун хэмд бал чулуу байдлаар үүснэ. Өндөр хэмд үүссэхээрээ  алмааз гэж нэрлэгддэг. 

-Гадаадын нэртэй эрдэмтэн судлаачид Монголд алмаазны орд байхгүй гэж үздэг гэсэн. Олон жил эрдэнийн чулуу судалсан хүний хувьд эрдэс баялгаар маш баян манай оронд алмаазны орд байх үндэслэлтэй гэж та үздэг үү?
-Монголд 1960 оноос үнэт чулууны хайгуулын шинжилгээний анги байгуулагдаж, 1980 он хүртэл ажилласан юм. Монголын нутгаас 160 гаруй хагас үнэт эрдэнийн чулууны орд нээж илрүүлсэн байдаг.Үүнээс 20 гаруй ордын чулууг нь авч ашигласан. Анар нь тунгалаг  хар хүрэн өнгөтэй. Энэ чулуу байсан газарт алмааз байна гэж үздэг. Дэлхийн дагуул сар гэдэг шиг алмаазны дагуул нь анар юм. Дээхэн үед, Архангай аймгийн Тариат суманд Шаврын царам гээд анар чулууны үйлдвэрийг ашиглаж байсан. Энэ ордод техникийн зориулалтын алмааз байж болзошгүй гэх мэдээлэл бий. Орхон болон Дарьгангын хөндий бол тэр чигээр галт уулын дэлбэрэлтийн хоолой. Иймд алмааз байхыг үгүйсгэх аргагүй. Галт уулын дэлбэрэлтээс алмааз чулуу үүсдэг гэж түрүүн дурдсан.
Ер нь бол, олон улсын жишигт геологийн салбар нь уул уурхайн салбараасаа 25 жилийн өмнө явдаг. Ингэснээр геологийн салбар хайгуул хийж орд илрүүлсэний дараа уул уурхайн салбар нь ашигт малтмалыг авч ашигладаг. Монгол эсрэгээрээ өмнө нээсэн ордуудыг ашиглах зориулалтаар Уул уурхайн яам байгуулчихсан. Өнөөдрийн байдлаар, геологийн салбарын хайгуул шинжилгээний ажил уналтад орчихсон. Миний бодлоор дэлхийд байдаг бүх төрлийн эрдэс баялаг химийн элемент Монголд байх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан