Х.ӨЛЗИЙ
Энэ долоо хоногийн даваа гарагт В.Путин Сирийн газар нутгаас цэргүүдээ гаргах талаар шийдвэрээ танилцуулсан ч өчигдрөөс тушаал нь хэрэгжиж эхэлсэн аж. Сирийн нутаг дэвсгэрт байрлах лалын дайчдын эзэлсэн газар нутгийг чөлөөлж, их зорилгынхоо нэг хэсгийг биелүүлсэн гэдгээ ОХУ мэдэгдэв. Ийнхүү ОХУ-ын Сири дэх даалгавар дуусчээ. Тэд Сирийн гадаад харилцааны асуудлыг цаашид шийдвэрлэхэд тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Учир нь, Сирийн төр, захиргааны гадаад харилцаа бүрэн тасарч, олон улсаас ямар ч тусламж авч чадахгүй байсан юм. Женев хотод Сирийн энхийн хэлэлцээрт олон улсын хурал удахгүй болох талаар албаныхан өгүүлсэн. Энэ нь Сирийн төр засгийг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд дараагийн шатны арга хэмжээ гэдгийг В.Путин хэлсэн.
ОХУ-ын нийслэл Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр В.Путин Сирийн энх тайван байдлыг хадгалах ёстой талаар тайлбар хийж, улмаар Башар Аль Ассадын төр засаг яагаад Ойрхи Дорнодод хэрэгтэй вэ гэдгийг онцолжээ. Сирийн Батлан хамгаалах яамны сайд ОХУ-д айлчилж дараагийн шатны хамгаалалтын арга хэмжээг хэрхэн сахих талаар ярилцсан байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайдад В.Путин Сирийн жижиг бүлэглэл, нутгийн эсэргүүцэгч нарт бүс нутагт аюулгүй байдал сахих заавар журмыг танилцуулж, Сири улсад дахин дайн дэгдээх нөхцөлийг хаах талаар зааж, зөвлөсөн аж.
Олон улсын зүгээс ОХУ лалын дайчдыг сөнөөхөд туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн. Үүгээрээ АНУ-тай цаашид найрсаг харилцаатай байна гэдэгт итгэж найдаж байгаа тухай мэдээлэл ч цацагдсан. Лалын дайчидтай холбоотон улс орнуудын жагсаалт ил болж, АНУ, Канад, Турк, Их Британи, Франц, Йемен, Пакистан, Саудын Араб, Египет зэрэг улс үүнд багтсан учраас цаашдаа “нүүр буруулах”-аар шийдсэн бололтой. Учир нь АНУ лалын дайчдын эсрэг цэргийн ажиллагааг зарим улс орнуудад явуулсаар байна.
Сирийн иргэдэд эх орондоо ирж болно хэмээн зарласан байна. Өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард Сирид хамгийн олон хүн амиа алдсан ч одоо цагаачилсан иргэдийг эргүүлэн эх орон нь дуудаж байгааг хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна. Гэсэн хэдий ч Сирийн иргэд эх орондоо очих нь ховор байгааг албаныхан онцолсон. Үнэндээ эргэн ирэгсдийн дунд террористууд байгааг ч Сирийн эрх баригчид “мэдэж байгаа” гэжээ.
Өнгөрсөн оны сүүлээр НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн хүн болгон терроризмын эсрэг тэмцлийн ач холбогдлын талаар ярьсан. ОХУ ч бас энэ сэдвийг тойрон гаралгүй Ерөнхийлөгч В.Путин нийтэд хандан хатуухан үг чулуудаад амжсан. Учир нь терроризм бол дэлхий нийтийн өмнө нүүрлэсэн маш том аюул. Мөн ноцтой сорилт. Террористуудын гэмт үйлдлүүдийн улмаас олон зуун мянган хүн хохирч байна. Тийм учраас хүн төрөлхтөний өмнө энэ нийтлэг аюулын эсрэг тэмцэлд хүчээ нэгтгэх гэсэн маш том даалгавар байгаа талаар ОХУ-ын зүгээс анхааруулсан. Харин ОХУ-ын цаашдын үйл ажиллагаа нь Сирийн Засгийн газарт зэр зэвсэг нийлүүлж, бие бүрэлдэхүүнийг нь сургаж, Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хязгаарлагдаж байгаа.
Оросууд НҮБ-ын дүрмийн дагуу орчин үеийн олон улсын харилцааны үндсэн зарчмуудад тулгуурлан ажиллагаагаа явуулж, дуусгавар болгон, цэргээ татах шийдвэр гаргаж байна. Цаашдаа ямар нэг тусламж, тэр дундаа цэргийн тусламжийг зөвхөн тухайн орны хууль ёсны Засгийн газрын зөвшөөрөл эсвэл хүсэлт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр үзүүлэх ёстой гэж заасан байдаг юм байна. Харин энэ тохиолдолд Сирийн Засгийн газар ОХУ-аас цэрэг техникийн туслалцаа үзүүлэх хүсэлт тавьсан учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрээ хэлэлцээрийн дагуу тусламж үзүүлж байна гэсэн тайлбар хийж байсан билээ.
Энэ бүхэн нэг л зүйлээс эхлэлтэй. Сирийн зэвсэгт хүчин дөрвөн жил шахам үргэлжилж буй байлдааны үйл ажиллагааны явцад нөөц боломжоо шавхах дөхсөн аж. Өнгөрсөн долдугаар сард Ассад Сирийн армид хүн хүч хүрэлцэхгүй болсныг хүлээн зөвшөөрөөд армиас оргон зайлагсдад өршөөл үзүүлэхээ ч зарласан билээ. Сирийн арми улсаа тэр чигт нь бус, гагцхүү амин чухал бүс нутаг, нэн ялангуяа Дамаск хот болон далайн эрэгт хүрэх коридорыг л хянахад анхаарлаа хандуулахад хүрсэн юм.
Хэдийгээр Башар Аль Ассадын дэглэм бүрэн сүйрэх төлөв байдал ажиглагдахгүй байгаа ч оросууд нөхцөл байдал улам хүндрэхээс урьтан хөдлөхөөр шийдсэн бололтой. Тэгээд ч Латаки мужийн хүн ам алавитууд, суннитууд гээд өөр өөр шүтлэгтнүүдээс бүрддэгийн дээр уулын бүсэд нь зохион байгуулалт сайтай босогчид бүгсэн гэх мэдээ ч бий. Гэвч ийн нэг цуст мөргөлдөөн дуусч байна гэж итгэе. Гэхдээ зөвхөн Сирийн хувьд...