Э.ГАНЦЭЦЭГ
Он гарсаар улаан бурхан өвчний улмаас 0-8 сартай 10 гаруй нярай эндсэн тухай харамсалтай мэдээллийг Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд хэвлэлийнхэнд дэлгэлээ. Тэрээр энэхүү үйл явдлыг эрүүл мэндийн яам, халдварт өвчин судлалын үндэсний төв эзгүйдсэнтэй холбоотой хэмээн үзэж буй аж.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай өөрийн биеэр очиж танилцжээ. Дээрх мэдээллийг түүнд ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд энэ үеэр өгсөн байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа есөн хүүхдийн дийлэнх нь улаан бурхан өвчний оноштой аж. Дээрх хүүхдүүдийн биеийн байдал тааруу байгаа төдийгүй нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж, хүчилтөрөгчийн аппаратаа ээлжлэн хэрэглэж байна. Амин үзүүлэлтийн аппаратаар хүүхэд нэг бүрийг хянах ёстой ч зургаан хүүхдийн дунд нэг л ногдож байгаа аж. Угтаа, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд нэг бүрт дээрх аппарат ногдох ёстой. Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд тендерээр шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж авдаг ч хэдхэн сарын дараа эвдэрчихдэг тухай ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа аж.
Тус төвд хэвтэн эмчлүүлэх 530 ортой ч өдгөө 600 хүн хэвтэн эмчлүүлж буй. Тэр дундаа хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг 330 ортой ч одоогоор 400 өвчтөнтэй байна. Өвчтөнүүдийн дийлэнх нь улаан бурхан өвчний оноштой. Үүнээс үүдэн элэгний клиник, бруцеллёз, хүүхдийн цочмог гепатит, гэдэсний халдвар, насанд хүрэгчдийн гепатит гэх таван тасгийн үндсэн үйл ажиллагааг зогсоож, зөвхөн улаан бурхан өвчний оноштой өвчтөнүүдийг хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мөн хүүхдийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн настай хүү нас барсан тухай харамсалтай мэдээллийг Д.Авирмэд дуулгав. Талийгч хүү тус эмнэлэгт тэжээлийн гүн дутагдалтай, улаан бурхан өвчний оноштой ирж. Гэвч эмчилгээ авах боломжгүй байсаар амь нас нь эрсджээ. Тэрээр энэ бүх мэдээллийг дэлгэхдээ “Эрүүл мэндийн салбарт үүсээд буй нөхцөл байдал Эрүүл мэнд, спортын сайдын суудал эзэнгүй, мөн Н.Энхбаяр гэдэг хүнийг Шадар сайд болгохгүй байгаагаас үүдэлтэй. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрүүл мэндийн салбарыг яаралтай эзэнтэй болгох хэрэгтэй. Газар аваад байгаа элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг цаг тухайд нь хүргэж, ажлаа хийж чадаагүй Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг албан тушаалаасаа сайн дураараа огцор” гэсэн шаардлага тавив.
Иргэн Д.Авирмэд эрүүл мэндийн салбарт үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан улс төржлөө гэх нь бий. Гэхдээ энэ салбарт үүссэн нөхцөл байдлыг үнэн, мөнөөр дэлгэж буйг шийдвэр гаргагч, эрх мэдэлтннүд анхаарах цаг болж. Тэрээр ХӨСҮТ-ийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж явахдаа бичлэг хийснээ үзүүлсэн. Биеэрээ дүүрэн гүвдрүүт тууралттай, хоёр нүднийх нь эргэн тойронд улайсан, хамрандаа амьсгалын аппаратны гуурстай ХӨСҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа улаан бурхан өвчний оноштой хүүхдүүдийн дүр зураг энэ өвчний эсрэг эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэйг сануулж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А 16 дугаар тоот тушаалаар улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн аймаг, сум, дүүргийн голомтонд улаан бурхан, улаануудын эсрэг вакцинжуулалтад хамруулж, Нийслэлийн хэмжээнд 6000 гаруй голомтын бүсэд улаан бурханы эсрэг вакцин хийсэн хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэдээлсэн. Өөр ямар нэгэн байдлаар энэ өвчинтэй тэмцэх арга хэмжээ хийгээгүй. “Хүн бүр тусдаг өвчин шүү дээ” хэмээн ярих эмч, мэргэжилтнүүд төдийлэн оошоохгүй байгаа нь улаан бурхан өвчний дэгдэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлснийг үгүйсгэхгүй.
“Дээдэс нь гүйдлээ олохгүй бол доодос нь суудлаа олохгүй” гэдэг. Үнэхээр ч өнөөдөр салбарын сайд нь үүрэгт ажлаа хийх боломжгүй, халдварт өвчний эсрэг онцгой анхаарч ажиллах үүрэгтэй Халдварт өвчин судлалын үндэсний төвийг үүрэг гүйцэтгэгч хариуцаж ажилласаар. Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын хэмжээнд улаан бурхан өвчин бүрэн устсан хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батламжилж, бүрэн устгасан улсын тоонд багтсан. Гэтэл өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн энэ өвчний тохиолдол бүртгэгдэж, өнөөдөр аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрчихлээ. Хэдийгээр хүн бүр л тусах магадлалтай ч, буруу оношилж, буруу эмчилснээр амь насаа алдах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Тиймээс эзэнгүйдсэн эрүүл мэндийн салбар уналтад ороогүй гэх үндэслэлгүй юм.