М.ЖАВЗАНДУЛАМ
Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн хорооныхон хэмээн өөрсдийгөө танилцуулсан хэсэг иргэн өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Тэд “Нийслэлийн Тээврийн газар болоод Замын Цагдаагийн газрынхан хуулиас дээгүүр стандарт гэгч нэр томъёо бий болгочихоод үүнийгээ мөрдлөг болгон өдөрт 5-10 мянган төгрөгийг замын хуудас нэрээр биднээс авч байна” хэмээн гомдоллоо. Тус эвлэлийн гишүүн жолооч нар нь 20 гаруй жил өөрсдийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн ачааллаас үүрэлцэхдээ улсаас юу ч хүсээгүй. Энэ хугацаанд эрүүл мэндийн болоод нийгмийн даатгал ч үгүй ажилласан гэв.
Үйлдвэрчний эвлэлийн хорооны зохицуулагч хэмээн өөрийгөө танилцуулсан Г.Баатар “Өндөр үнэтэй замын хуудас өгдөг. Аваагүй бол өдөрт 40-50 мянган төгрөгөөр торгодог. Стандартын бус машин гэх үндэслэлээр торгууль ногдуулдаг. Гэрээт байцаагч нар замын цагдаа нарыг дарамтлах байдлаар бичиг баримтыг нь хураа гэж тулгадаг. Бидний зүгээс Замын цагдаагийн газартай Стандарт насжилт, тоо баримт хамаагүй үйлчилгээнд явахаар аман тохиролцоонд хүрсэн. Хамгийн гол нь та нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангах тал дээр анхаарч ажилла гэж тэд хүссэн. Иймээс одоогоор 150 машины номер өгсөн. Өөрөөр хэлбэл, техникийн бүрэн бүтэн байдалтай машиныг үйлчилгээнд гаргана гэж тохиролцсон юм. Тэгэхээр төрийн нэр барин бидний ажиллах боломжийг хааж боогдуулсан нөхөдтэй ширүүхэн тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Нийслэлийн Тээврийн газарт өнөөдрийн байдлаар 292 микроавтобус бүртгэлтэй, үйлчилгээнд явж байгаа гэдгийг тус газрын мэргэжилтэн Х.Баасансүрэн хэлсэн. Түүнээс замын хуудсыг чухам ямар учраас өдөрт 5000-10000 төгрөгөөр олгодгийг тодруулахад, Тээврийн газар бол гэрээт аж ахуйн нэгждээ замын нэг хуудсыг 40 төгрөгөөр буюу хэвлэлтээс гарсан үндсэн үнээр нь өгдөг. Тухайн аж ахуйн нэгжийн зүгээс жолооч нартаа ямар үнээр хэрхэн олгодгийг сайн мэдэхгүй байна. Замын нэг хуудсаар долоо хоног үйлчилгээнд явах боломжтой гэв.
Өнгөрсөн сард нийслэлийн Тээврийн газрын зүгээс насжилт нь 12 жилээс дээш микроавтобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахыг хориглосон журмын дагуу үйлчилгээнээс хасахаар тооллого явуулахад үндсэндээ бүртгэлтэй 350 машинаас 37 нь л үлдэх тооцоо гарсан юм. Гэтэл өнөөдөр том оврын автобусаар нийслэлчүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг доголдолгүй хүргэх боломжгүй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар болон Стандартчилал хэмжилзүйн газраас зөвшөөрөл хүссэний дагуу микроавтобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй ирэх наймдугаар сарын 1-нийг хүртэл хамтран ажиллахаар гэрээгээ сунгасан байна.
Өөрөөр хэлбэл, 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн микроавтобусыг үйлчилгээнээс хасч, 2003 он болоод түүнээс хойш үйлдвэрлэсэн микрог үйлчилгээнд гаргахаар болжээ.
Тиймээс 2003 оноос өмнө үйлдвэрлэсэн микроавтобустай жолооч нарын хувьд хэрвээ нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа бол хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас Замын цагдаагийн газраас торгуулийн арга хэмжээ авах нь зүй ёсных болж буй юм.