Г.АНАР
Авлигатай тэмцэх газар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Л.Даваапилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзсэн байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоожээ. Гэтэл албан тушаалд ажиллуулсаар байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэлээ.
АТГ-аас 2015 оны долдугаар сарын 21-ний өдөр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг хүргүүлж. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар 2015 оны долдугаар сарын 21-ний өдрийн Б-I-134 дүгээр тушаалаар Л.Даваапилийг Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилсон аж. Наймдугаар сарын 25-ны өдөр хууль хэрэгжүүлж ажиллахыг албан бичгээр хүргүүлсэн боловч биелүүлээгүй өдийг хүрчээ.
Л.Даваапил Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр шийтгүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял авсан байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж. Ялгүй тооцох хугацаа нь дуусаагүй байхад удирдах албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Иймээс тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг зөрчиж томилгоо хийсэн УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарт мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар хариуцлага тооц. Л.Даваапилийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлийн 6.6-д зааснаар 2016 оны гуравдугаар сарын 21-ний дотор хариу ирүүлэхийг хүссэн албан бичгийг Зам тээврийн сайд М.Зоригтод хүргүүллээ. Тэгэхээр хууль бус томилгоо хийсэн УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарын албан тушаалыг бууруулах арга хэмжээ Зам тээврийн сайд авах ёстой юм байна.