Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөлбөмбөгийн бурхан тэнгэр надад хайр хишигээ харамгүй хайрласан


Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн жинхэнэ амттай дээрээ яваа энэ торгон агшинд өөрийгөө улаан фанат гэх тайлбарлагч Э.Балжиннямтай хөөрөлдсөнөө уншигч танд хүргэе.

-Танд хөлбөмбөгийн их баяр цэнгэл болж буй болохоор баярын мэнд хүргэе. Таны хөлбөмбөг сонирхож эхэлсэн үеэс энэ яриагаа эхлүүлье гэж бодож байна?
-Би 1982 онд “Найрамдал” зусланд амарч байх үед Испанид болсон дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг зурагтаар анх үзсэн.Хөдөөний хүүхэд хотын хүүхдүүдийн хөлбөмбөг үзэж байхыг харж, сонирхож байгаад нутагтаа буцаад ирэхэд манай суманд Оросын төв телевиз шинээр гарч эхэлсэн байлаа. Тэр нь ядаж байхад шөнө гардаг. Мэдээг нь үзээд ямар ойлгох юм биш хөлбөмбөг хокей хоёр л хардаг,хааяа нэг байлдаантай кино гарвал үзэж түүнийгээ дутуу хагас ойлгоно.Хотод үзэж дуулсан зүйлсээ нутагтаа ирж яриад, яваандаа ганц нэг хүн таньдаг болж хүн амьтанаас сонссоноо бусаддаа ярьж өгнө.Үзэх тоолондоо улам илүү таньдаг болоод тэр тусмаа ЗХУ-ын тамирчдыг бол андахгүй болсон доо.

-Та фанат хүнийхээ хувьд аль багийг илүүтэй дэмждэг вэ?
-Оросынхоо багуудыг сэтгэл зүрхээрээ дэмждэг дээ. “Спартак Москва” –гаа нэрлэж болж байна. Гэхдээ нөгөө хэд маань даан ч би энд хэчнээн дэмжээд ч, урагшаа гэж ураа хашхираад ч сайн явж өгдөггүй “хашин морь” шиг золигнууд байгаа юм. Харин тайлбарлагч хүнийхээ хувьд шилдэгүүдийг  хооронд нь үзэлцүүлэх дуртай шүү.

-Анх хэзээнээсхөлбөмбөг тайлбарлаж эхэлсэн бэ?
-1988 оны Европын аварга шалгаруулах тэмцээн Германд болсон юм. Багшийн дээдийн орос хэлний ангийн оюутан, зурагтын өмнө суучихаад ангийнхаа дөчин хэдэн хүүхдэд хальт тайлбар хийсэн маань тэр. Тэгэхдээ зүгээр л за энэ бөмбөг авч байгаа нь тэр, энэ нь тэр гээд суудаг байсан хэрэг. Яг телевизээр бол 2006 онд “ТV9” телевизид тайлбарлагч хэрэгтэй байна гэдгийг сонсоод ирсэн. Тэгээд л өдий хүртэл ажиллаж байгаа нь энэ.

-Хөлбөмбөг гэдэг спорт таны амьдралд хэрхэн нөлөөлөв өө?
-Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн надад хүртээсэн хайр хишиг их. Ялангуяа энэ сонгуулийн үеэр надад хайргүй хүн гэж алга. Энэ л намайг өдий зэрэгтэй явуулж байна.Ний нуугүй хэлэхэд одоо амьдарч байгаа дөч тавин сая төгрөгийн үнэтэй байранд ороод амьдарчих бололцооны хүн бол би биш шүү дээ. Эрхийг нь авсан телевизүүдээр явж тайлбар хийдэг л хүн. Тэгэхэд орон сууц санхүүжилт корпоррацийн Алдаржавхлан захирал хөлбөмбөгт дуртайн чинь төлөө, хөлбөмбөгт сэтгэл зүрхээ зориулж явсаны чинь төлөө гэж надад орон сууц бэлэглэсэн. Энийг би зориуд энд цохон тэмдэглэж хэлмээр байна.Бөхчүүд бол бөхийн буян гэж ярьдаг бол би хөлбөмбөгийн буян гэж зайлшгүй хэлэх ёстой.

-Таны тайлбарын арга барил тун өвөрмөц түүнд чинь ард түмэн ч их дуртай байдаг?
-За энэ тал дээр тотгож сайхан ярих юм бол хүнд унаган төрх гэж цаанаасаа заяагдсан юм байдаг. Тэр төрхөөрөө л би явж байгаа. Ах нь одоо энэ мундаг, мундаг лекторуудтай зэрэгцээд лекц уншихад өгөө аваатай үзэж чадна шүү. Сэлэнгэд багш байхдаа 100 ажилчдын шинэ жил, мартын найман, багш нарын баярыг бол хөнгөхөн хөтөлчихдөг байсан. Зүгээр орчноо мэдрэхгүй хөтлөөд байхдаа гол нь биш яавал үзэгчид чамд татагдах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Түүнээс биш намайг дуурайх гээд ч нэмэргүй, намайг шүүмжлэх гээд ч нэмэргүй. Ийм ч байсан иймээрээ л байх болно. Бас хувь хүний онцлогтой холбоотой байх сонин этгээд хоолойны өнгөтэй болохоор хүмүүсийн анхаарлыг амархан татдаг байх. Одоо би ер нь өөрийнхөө үг хэллэгийн зууны наян хувийн хасчихаад ярьж байгаа шүү.Саяхан нэг ярилцлаганд орж байхдаа СГЗ Г. Золжаргал ах хэлж байна билээ. “Балжаа чиний тайлбарлалт бол Латин Америк маягын тайлбартай ойролцоо” гэж. Тэрийг нь  сонсоод үзэхэд нээрээ ч адилхан юм шиг. Гэхдээ би тэднийг хуулаагүй, тэдний хэл усыг ч мэдэхгүй хүн яаж ч хуулах юм тийм биз дээ.

-Та гадаадын олон том багуудын тоглолтыг үзэж мэдэрдэг хүн. Тэгвэл манай улсын хөлбөмбөгийг тэдэнтэй харьцуулах юм бол?
-Өө ярихгүй. Манайх бол тэдний хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй. Яг цаг дээрээ Монголын хөлбөмбөгийг хэдхэн дасгалжуулагч нар л нуруун дээрээ үүрч яваа байхгүй юу. Тэмцээн уралдаанд өөрсдөөсөө мөнгө гаргана, хэдэн хүүхэд дагуулаад л, энэ бишээ уучлаарай! Одоо ийм хөгжил байхгүй наадах чинь бараг дэлхийд хориод оны үед л ийм байсан байх. Том компаниуд бүх зардлыг нь даагаад, нэг газар байршуулаад нөгөө хөлбөмбөгчид нь хөлбөмбөгөөс өөр юу ч бодож санах юм байхгүй ар гэртээ ч санаа зовох юмгүй ганцхан спортынхоо төлөө л амьдралаа зориулдаг ийм л болох юм бол энэ спорт цаашид хөгжинө. Түүнээс биш хэдэн оюутан хүүхдүүд өглөө нь шалгалтандаа бэлдэж байгаад орой нэг тоглосон болоод бас болоогүй ээ нөгөө хэд нь өөрсдийгөө од гэж бодчихно. Тоглуулж байгаа нь мундаг байна гэж итгээд. Хэрэв цаашид хөгжье гэж байгаа бол энэ сонирхогчийн байдлаа өөрчлөх хэрэгтэй.

-Үзэгчид хөлбөмбөгийн тайлбар гэдэг утгаас нь биш харин таны өвөрмөц содон тайлбарыг их илүүтэй таашаадаг. Тэр үгсээ хэрхэн бодож олдог вэ?
-“Пиретикний мянганы нэг шиг зөрлөө”, “хөлбөмбөгийн бурхан тэнгэр”, “хаалганы шонгийн үсийг нь  хусаад өнгөрлөө”, “Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?” гэх мэт үгнүүдийг хүн надад бичээд өгдөггүй ээ, өөрөө ч бичээд байдаггүй. Зүгээр л тайлбарын явцад өөрийн эрхгүй цаанаасаа үед ороод ирдэг зүйл.

-Таны хэлдэгээр хөлбөмбөг үзэж байхад өөрийн эрхгүй огших үе байдаг. Ялангуяа дэмжиж байгаа баг нь хожиж байх үед.Танд тайлбарлаж байхад хамгийн сэтгэл догдлуулсан тоглолт гэвэл?
-Би сүүлийн үед бас өөртөө хяналттай болчихоод хуучины Балжинням биш болоод байна. 2006 оны Германд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Голланд, Португалийн тоглолтон дээр анх Балжинням яг өөрийнхөөрөө тэсэрсэн гэхэд болно. Цаг ч сунгасан, “Барса” –ын Ван Бронхорст , Дэку нар, хоёр багаас нэг, нэг улаан хуудас авч хөөгдчихөөд талбайн гадаа бие биенийхээ мөрөн дээр гараа тавиад зогсож байсан. Нэг багийн андуудыг хараад л “Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?” гээд цаашаа өөрийн мэдэлгүй явсан даа. Энэ л миний хамгийн сэтгэл догдлуулсан тайлбар байлаа.

-Хүмүүс таны өвөрмөц тайлбарт тань дуртай. Иймэрхүү шинэ хэв маягийнтайлбарыг хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Дээрх тоглолтын тайлбараа дуусгаад гарч ирэхэд сэтгэл санааны байдал юун зуун хувь хэдэн зуудаа хүрчихсэн байсан. Дараа нь хүмүүс намайг чи эрүүл юм уу? согтуу юм уу? ингэж тайлбарлаж болдог юм байхдаа гээд гайхаад байсан. Аргагүй л дээ өмнө нь ийм юм сонсоогүй хүмүүс алмайрах нь зөв. Тэгээд улсууд сайхан муухай гээд хоёр хуваагдаад эхэлсэн дээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Гүрээ ах харин надруу залгаад “наадах чинь яг болж байна, миний дүү за чи яг наадахаараа яв” гэсэн. Тэгээд би “энэ болж байгаа юм байна шүү” гэж бодсон. Яахав эхэндээ улсууд дургүйцэж ойлгохгүй байгаа ч сүүлдээ надад дасаад ирнэ гэж бодсон.

-Зарим телевизийн тайлбарлагчид багаараа ажиллдаг. Таны хувьд ганцаараа л яриад байдаг. Хамтарч ажилладаг хүмүүс бий юу?
-Миний  ард тайлбарын бүтэн баг ажилладаг гэхэд болно. Манай Мийгаа байна, Соёлын гавьяат зүтгэлтэн Гүрбазар ах, Соёлын гавьяат зүтгэлтэн Золжаргал ах байна, Батсайхан байна.Ойрноос Нанжидтайгаа хамтарч байгаа. Нөгөө СУИС-д тайзны яриа гэж хичээл ордог шиг надад зааж зөвлөнө, орчуулга хийж өгнө. Ер нь бол тэгээд телевизийн ажил гэдэг багийн л юм байдаг хойно. Энэ улсууд намайг зүгээр гудамжинд явж байгаад л хөлбөмбөг тайлбарлаад хоолоо олж идээд байна гэж боддог, бүр заримынх нь уур нь хүрдэг юм шиг байгаа юм. Тийм юм байхгүй ээ. Намайг элдэв өнгөөр шүүмжилдэг баг бол ёстой хангалттай бий шүү дээ.

-Намайг шүүмжилдэг хүмүүс олон бий гэлээ. Шүүмжээсээ магтаал нь илүү олон байдаг гэдэгт би итгэлтэй байна аа. Ард түмнээс ирсэн тэр шүүмжүүдийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би эхэндээ ер нь жаахан дургүйхан өөдөөс нь өрвөлзөөд байдаг байсан. Одоо бол бүр гоё болсон. Таныг ойлголоо, хичээе гээд өнгөрнө. Түүнээс авахаа аваад хаяхаа хаячихдаг. Тэгэхгүй биеэ өмөөрөөд л байх юм бол урдаас улам ойлгуулах гээд дайрдаг хачин улс. Харин түүний оронд намайг уучлаарай, би үзэгчдийг буруу ойлгочихно гэж  санасангүй ээ, энэ миний алдаа болжээ гэх маягтай хандах юм бол надад ч амар нөгөө хүнд ч амар байдаг. Түүнээс биш би нээх хүнээс үг сонсохоо байчихсан “тэнгэрийн амьтан” шиг яваад байна гэж байхгүй. Тэртэй тэргүй нийгэм намайг өөр өөр өнцөгөөс хүлээж авдаг хойно.

-Таныг нийгэм өөр өөр өнцөгөөс хүлээн авч байна гэлээ энэ талаар дэлгэрүүлж ярьвал?
-Хүн аливаа юманд боловсролынхоо хэмжээгээр ханддаг гэж яг үнэн юм байна. Хөлбөмбөг дэндүү мэддэг хүмүүс намайг сонсоод энэ нээрээ ёстой солиоруулж байна аа гэж байна. Жаахан онгироодуу, хэлэмгий доломгоо нөхдүүд миний тэр дэмий яриа, тэр дөрвөн мөртүүдийг сонсох юм бол ёстой балай авч байна гэнэ. За гэрт суудаг ажилгүй авгай нар бол шар мэдээ сонсоод за энэ нөхөр хэн хэдэн хүнээс салсан барьсанг нь яриад байхдаа яадаг юм гэж бодох байх /инээв/. Түүнээс биш хичээл зааж байгаа юм шиг тактик яриад суувал ёстой онцгүй юм болно.

-Одоо үед бусдаасаа илүү тод гялалзаж буй од нь таны хувьд хэн байна вэ?
-Одоо үед ёстой эрлэсэн тонгорог шиг хоёр сайхан залуу байна. Мөн Стивен Жеррард гэдэг бол өнөө цагийн хөлбөмбөгийн оддууд дундаас шүншиглэсэн бурхан. Нөгөө хоёр нь бол “Реал Мадрид” -ын Роналдо,“Барса” –ын Месси нар. Энэ цаг үед тэр хоёрын өөдөөс өрвөлзөх, өмнө нь гишгэх хүн манай гараг дээр лав алга. Тийм авьяастай аавын хүүхэд ч байхгүй. Одоо“Евро 2012”дээр ганц Роналдог яаж тоглохыг нь нүдээ чилтэл харж суугаа хүн зөндөө байгаа.Криштани Роналдо бол хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн илгээсэн амьд илч, Месси бол хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн хүү, Эрдэнэбатын Балжинням бол хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн өчүүхэн боол нь юм.

-Польш , Украйн улсад болж буй “Евро 2012”–ын талаархи өөрийн бодлоо уншигчидтайгаа хуваалцахгүй юу?
-Голландыг эс тооцвол үлдэх ёстой акулууд бараг бүгд шөвгийн наймд шалгарлаа. Хэрэв тэдний нэг нь байхгүй бол тэр тэмцээн утгагүй болоод явчихна. Үзэгчид зөвхөн шилдэгүүдийг л үзэх дуртай, тэднийг дэмждэг хойно. Би ямар тэр мэргэн түргэн хүн нь биш. Гэхдээ Балжинням гэдэг хувь хүн талаасаа, тайлбарлагч талаасаа ч Англи, Португалийн шигээ багуудаа аваргын төлөө гараад зогсчихсон байхыг хармаар байна даа. Энэ жил иймэрхүү бодол төрөөд байгаа юм. Гэхдээ европ, дэлхийн аварга Испани болон Герман машинуудыг хэрхэвч мартаж болохгүй. Тэдний “немц бинтов” нэг байндаа тусаад эхлэх юм бол ямар ч аавын хүүхдүүд зогсооход бэрхдээ хө.

-За танд баярлалаа энэхүү асуултаа өөрт тань нээлтэй үлдээе.
-Би хотод төрсөн гэхдээ сэлэнгэд өссөн хүн. Тийм болохоор өнөөдрийн яриагаа Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн.
 Сэлэхийг нь сураагүй ч орилохыг нь сурсан
Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн илгээсэн өчүүхэн боол
Балжинням та бүхэнтэй ярилцлаа гэж дуусгамаар байна.

0 Сэтгэгдэл
өөрийнхөө дуртай ажлыг сэтгэл хангалунаар хийх шиг сайхан юм хаа байх вэ.чамд амжилт хүсье Балжаа.
Хамгийн их уншсан