Э.УНДРАЛБАЯР
НҮБ-аас хүн төрөлхтний гол зорилгын нэг нь аз жаргал хэмээн тодорхойлж, дэлхийн ард түмний аж амьдралыг сайжруулах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон баталсан.
Энэ санаачилгыг дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс оршин суудаг Бутаны вант улс гаргаж байжээ. Ард иргэдийн аз жаргалтай эсэхийг судалдаг олон үзүүлэлт, хүчин зүйл байдгаас хамгийн түгээмэл нь “аз жаргалын индекс”-ийн үзүүлэлт. Оршин суугчдын эрүүл мэнд, дундаж наслалтыг экологийн нөхцөлд харьцуулснаар тухайн улсын “аз жаргалын индекс” гардаг. Манай орон “аз жаргалын индекс”-ээр 2014 онд 135 дугаарт бичигдэж байсан бол өнгөрсөн онд 146-д жагсч байр ухарчээ. Түүнчлэн “Bloomberg Mongolia”-аас гаргасан судалгаагаар хамгийн их стресстэй орнуудын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Иргэдийн уур бухимдал, сэтгэл санааны хямралд дотоодын нийт бүтээгдэхүүн, авилга, ажилгүйдэл, бага орлого, орчны бохирдол, дундаж наслалт нөлөөлж байна гэх дүгнэлт гарчээ.
Мөн Арабын Нэгдсэн Эмират улс, Венесуэл, Бутан улс Аз жаргалын яамтай ба Венесуэл улс гэхэд Аз жаргалын яамдаа улсын төсвийн 67 хувийг суулгаж ард иргэдийнхээ оюун санаа, сэтгэл ханамжийг чухалчилдаг гэнэ.
Тэгвэл манай орны хувьд“Аз жаргалын зам” төрийн бус байгууллага, “Зар мэдээ” сонин хамтран аз жаргалын өдрийг тэмдэглээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд 20 гаруй байгууллага хамтран зохион байгуулж “Дэлгэр сайхан Монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриалгын дор найрсаг, эрүүл, амар амгалан өдөр гэсэн давалгаа өрнүүлэхээр болж. Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны өдөр сөрөг мэдээлэл, сурталчилгаа түгээхээс татгалзаж бие биеэ дэмжсэн эерэг сэтгэгдэл бичиж урмын үг хайрлах ажлыг өрнүүлэх юм. Мөн бие биедээ чин сэтгэлээ илэрхийлсэн аз жаргалын захидал, “Аз жаргалтай монголчууд” сэдэвт гар зураг, гэрэл зургийн уралдаан зохион байгуулах гэнэ. Үүнээс гадна, сайн дурын болон нийгмийн хариуцлагын чиглэлээр нийгэмд эерэг үлгэр дууриалал болж буй байгууллага хамт олон, аж ахуй нэгж, хувь хүмүүсийн үйл хэргийг сурталчлан таниулах зорилгоор 15 “Гэгээн үйлстэн”-г шалгаруулахаар болжээ.
Эссэ бичлэгийн уралдааны хувьд аз жаргалын тухай агуулга бүхий аз жаргалтай амьдралын эхлэл юу болох, яагаад аз жаргал чухал гэдгийг илэрхийлсэн 500-1000 үгтэй өмнө нь олон нийтэд толилуулж байгаагүй, оюуны өмчийн эрхийн асуудалгүй байх ёстой. Эссэг azjargal1320@yahoo.com, www.facebook.com/groups/zarmedeenewspaper/хаягаар хүлээн авч шилдэг бүтээлүүдийг Azjargal.mn сайтад байршуулах аж.
Харин гар зургийн уралдааныг 8-17 нас, 18-аас дээш насныхан гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж, аз жаргалын тухай өөрийн ойлголт төсөөлөл, аз жаргалтай монгол хүний ахуй байдлыг харуулсан, аз жаргалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл, нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлсэн эерэг агуулгыг тусгаж А3 хэмжээтэй ватуум цаасан дээр өнгө ялгаж зурсан байх ёстой гэнэ.
Гэрэл зургийн уралдаанд насанд хүрэгчид оролцох ба эх файл нь “jpg” өргөтгөлтэй, 800-1200 pixel-ээс доошгүй нягтаршил бүхий 180dpi, 30:20см хэмжээтэй гэсэн шалгуур тавьсан байна. Тэмцээнд оролцогчдоос шилдэг гурван байр эзлүүлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулах юм.