Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт малын 0,7 хувь нь хорогдсон дүн гарчээ

-1-2 хувь  хорогдоход  хэвийн гэж тооцдог аж-

Л.БАТБААТАР

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас  мэдээлснээр манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй ба ихэнх нутгаар өдөртөө 12-15, шөнөдөө 20-25 хэм хүйтэн байна. Одоогийн байдлаар 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай байгаа.  Өнгөрсөн сарын 20-ны байдалтай харьцуулахад “Цагаан зуд”-тай сумын тоо 38-аар буурсан гэв.

Засгийн газрын  2015  оны 480, 2016 оны 55, 67 дугаар тогтоолын дагуу нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11 мянган тонн өвсийг буцалтгүй тусламж болгон үнэгүй өгсөн байна. Мөн 7.4 тонн малын тэжээлийг 50 хувь хямдарсан үнээр олгосон аж.

Одоогийн байдлаар, улсын хэмжээнд 209.4 мянган эх мал төллөж, 204.7 мянган төл буюу 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг хэвийн бойжиж байна гэсэн дүн гарчээ.  Малын хорогдлын хувьд 416.5 мянган малаас тэмээ 130, адуу 15.3 мянга, үхэр 39.9  мянга,  хонь 142.2 мянга, ямаа 219 мянган толгой хорогджээ. Хамгийн их мал хорогдсон нь Увс (71740), Сүхбаатар (69139), Завхан (58390), Баянхонгор (40279), Архангай (36593) аймаг аж.  2009-2010 оны зуднаар таван сая толгой мал хорогдож байсан бол энэ жилийн хувьд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж, Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хэд хэдэн чухал арга хэмжээ авч ажилласны үр дүнд малын хорогдол хэвийн хэмжээнд байна хэмээн холбогдох албаныхан онцоллоо.
Нийт малын 1-2 хувь  хорогдоход  хэвийн гэж тооцдог аргачлал байдаг. Одоогийн байдлаар 416.5 мянган толгой мал хорогдсон нь нийт малын 0.7 хувь аж. 2014-2015 оны өвөл мөн ийм тооны  мал хорогдсон статистик бий. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас малчдад өвс тэжээл бэлтгэхэд нь зориулж хөнгөлөлттэй үнээр 2300 орчим жижиг оврын трактор худалдсан байна. Хаврын эхэн сарын сүүлээр цаг агаарын байдал муудаж, малын хорогдол ихэссэн аж.

Зөвхөн Засгийн газраас ч гэлтгүй төрийн болон төрийн бус байгууллагууд малчдад туслах аян өрнүүлж, Монголын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгийн зарим сумын 1800 малчин өрхөд 134 сая төгрөг бэлнээр тарааж, хоёр сарын хэрэгцээний зургаан нэр төрлийн 2.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий хүнсний тусламж үзүүлжээ.
Швейцарийн хөгжлийн агентлагаас “Ногоон алт” төсөл хэрэгжиж буй Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 33 сумын 9000 малчин өрхөд 450 тонн хивэг, 72 сая төгрөгийн шатахууны талон зэрэг нийтдээ 264 сая төгрөгийн  тусламж үзүүлсэн аж.  Цаашид мал их хэмжээгээр хорогдохоос урьдчилан сэргийлж  малын тэжээл хивэг, эрдэс бодис, эм тариа, витамины тусламж үзүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 4.2 сая ам.долларын тусламж үзүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Мэдээллийн дараа Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Сая болсон байгалийн гамшигт үзэгдлээс болж хэчнээн толгой мал  хорогдсон бэ?
-Энэ долоо хоногт малын хорогдлын тоо 68 мянгаар нэмэгдэж, нийтдээ 416.5 мянган толгой болсон. Ер нь, сүүлийн үед болсон цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс болж 100 гаруй мянган толгой мал хорогдсон  мэдээ бий. Төвийн болон зүүн бүсийн нутгаар “Хүчтэй салхи салхилж цасан шуурга шуурна”  гэсэн мэдээллийг Цаг уурын байгууллагаас өгч байна.  Цасан шуурга шуурч болзошгүй аймгуудын Хөдөө аж ахуйн газар, Мал аж ахуйн тасагт сонор сэрэмжтэй ажиллах үүрэг, чиглэл  өгсөн.

-Засгийн газраас олгож буй өвс, тэжээлийн тусламж хэр хүртээмжтэй байна вэ. Мөн олон улсын бай­гуул­лагаас тусламж үзүү­­лэ­­­­хээ илэрхийлсэн. Эдгээр олон улсын байгууллагатай Хүнс, хөдөө аж ахуйн яам хэр­хэн хамтарч ажиллах вэ?
-Олон улсын байгууллагуудаас цаг агаарын хүндрэл, цас зудтай байгаатай холбогдуулан тусламж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Түүнчлэн зарим байгууллага тусламж дэмжлэгээ үзүүлж эхэлсэн. Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны түвшинд олон улсын байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийж байгаа. Үнэхээр цас зуданд нэрвэгдсэн, байдал нь хэцүүдсэн малчин өрхүүдэд тусламжийг түлхүү хуваарилна.  Ер нь, тусламж дэмжлэгийг олон малчин өрхөд  хавтгайруулж олгохоос илүүтэйгээр  “Зайлшгүй шаардлагатай малчинд олгох” чиглэл барьж ажиллахыг аймгуудын Хөдөө аж ахуйн газарт үүрэг болгосон. Аймаг, сумын өвсний аюулгүйн нөөц үндсэндээ дууссан.  Улсын нөөцөөс 2011 оноос хойш бэлтгэсэн өвсийг  олгоод дуусч байна. Малчдын гар дээрх өвс, тэжээлийн нөөцийн хэмжээ  маш бага үлдсэн. Тиймээс малчдад тусламж дэмжлэг үзүүлэх сайн дурын аяныг өрнүүлсэн.

-Энэ жилийн хувьд  нийт хэчнээн төл мал хүлээж авах вэ?
-23 сая толгой эх малаас төл хүлээж авахаар тооцон ажил­лаж байна. Өнгөрсөн жил 18 сая толгой төл мал хү­лээн авсан. Энэ жилийн хувьд өмнөх жилээс илүү тоо­­­­­ны төл хүлээж авах тооцоо бий.

-Аймгуудын  хаваржилт  ямар байна вэ. Хаваржилт хүндэрч болзошгүй аймаг бий юу?
-Энэ хаврын хувьд цас шуурга ихтэй хүйтэн сэрүүвтэр байгаа учраас төрөл бүрийн эрсдэлүүд  үүсч болзошгүй. Тиймээс малчид маань цаг агаарын мэдээ байнга сонсч, цасан шуурганаар малаа бэлчээрт гаргахгүйгээр хашаа хороондоо өвс тэжээлээр тэжээх хэрэгтэй. Ер нь, эх мал болон төлд байнгын өвс тэжээл өгч, бага насны хүүхдээр  мал хариулуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн шар усны үерийн аманд буухгүй байхыг  зөвлөе.

-Малчдад ноосны урам­­шуулал олгосон уу. Ол­гоогүй бол хэзээнээс олгох  вэ?
-Ноосны урамшуулал олгох Хүнс, хөдөө аж  ахуйн сайдын тушаал гарч Сангийн яаманд хүргүүлсэн. Ингээд ноосны урамшууллыг 3-4 дүгээр сард багтаан малчдад олгоно. Хоршооны гишүүдэд л ноосны урамшуулал олгох УИХ-ын тогтоол байдаг. Үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан  малчдад хоршооны гишүүн мөн эсэхээс үл хамааран ноосны урамшуулал олгох УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Уг төсөл нь УИХ-ын  хаврын чуулганаар батлагдвал хоршооны гишүүн мөн эсэхээс хамаарахгүйгээр үндэсний үйлдвэрээ дэмжиж ноосоо тушаасан малчдад ноосны урамшуулал олгох юм.

-Удахгүй хаврын тариа­­лалт эхэлнэ. Үүнтэй холбог­дуулан үрийн буудайн нөөц ямар байгаа вэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас намрын ургац хураалт дууссанаас хойш хаврын тариалалтад бэлтгэж тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд улсын хэмжээгээр 20 мянган тонн үрийн буудай дутагдаж болзошгүй гэсэн судалгаа хийсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд үрийн улаан буудай дутаж болзошгүй асуудлыг оруулж шийдвэрлүүллээ. Ингэснээр, тариалангийн аж ахуй эрхлэгчид үрийн улаан буудайг импортын болон гаалийн татваргүйгээр оруулах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар тариалан эрхлэгчдээс 14 мянган тонн үрийн буудай импортлох хүсэлт ирүүлсэн. Мөн энэ жил Япон улсын  Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Бордооны зохистой хэрэглээг хангах“ төсөл хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд долоон мянган тонн бордоог тариаланчдад 40 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдана. 24 мянган тонн үрийн буудай тариалан эрхлэгчдийн агуулахад хадгалагдаж байна. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн агуулахад 6500 тонн, “Улсын онцгой нөөцийн сан”-д 5000 тонн буудай бий. Өөрөөр хэлбэл, улсын мэдэлд 11 мянга 500 тонн үрийн буудай байна гэсэн үг. Ингэхээр, хаврын тариалалтад шаардагдах  үрийн улаан буудайн нөөцтэй гэсэн судалгааг Хүнс, хөдөө аж ахуйн яам хийсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан