Б.ШИРНЭН
“Инфляцын түвшин хэвтээ шугамын бараг тэгтэй тэнцэж байгаа нь сүүлийн 26 жил үзэгдээгүй үзүүлэлт” гэж УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийн судалгаанаас иш татан хэлсэн нь өнөөгийн зээлийн хүү буурах болсон голлох шалтгануудын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Учир нь, инфляц ингэж “газардсанаар” Засгийн газар болоод УИХ малчны болоод ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой болсон гэж мэдэгдэж байгаа юм.
Одоогийн сөрөг хүчин Засгийн газартай хамтран ажиллаж байх үедээ буюу өнгөрсөн жилийн гуравдугаар сард орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох боломжтой гэж мэдэгдсэнээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нийлүүлэгдсэн 30 орчим мянган айлын орон сууцны борлуулалт бараг зогсоод байсан юм. Харин урьдчилгааг 10 хувь болгохын оронд зээлийн хүүг бууруулах нь ашигтай гэж дараагийн Засгийн газар үзсэнээр барилгын салбарт мөн л хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл маргаашнаас эхлээд малчны болон ипотекийн зээлийн хүүг бууруулах шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхлэх гэж байна.
1.НАЙМААС ТАВ РУУ
Иргэдийн хувьд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг гурван бүхлээр бууруулж, тав болгох өндөр хүлээлттэй байсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн 18450 өрх таван хувийн хүүтэй зээлд хамрагдах нь. Энэ нь 21 аймагт амьдран суугаа 17071, Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүст буй 434, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн 945 өрх гэсэн үг. Энэ бүгдийг нийлүүлэн ипотекийн таван хувийн хүүтэй зээлийн I үе шат гэж нэрлэж байна.
Найман хувийн зээл хэрэгжиж байхад өрхийн сарын орлого 1.3 саяас дээш байж зээлд хамрагдах босго давдаг байсан бол зээлийн хүү тав, урьдчилгаа төлбөр 30 хувь, төлөлт 20 жил гэж тооцвол өрхийн орлого 800 мянган төгрөг байхад зээлийн босго давах аж.
Харин одоогоор Засгийн газарт мөнгө байхгүй тул II ээлжийн буюу Улаанбаатар хотын төвийн дүүргийн иргэд хэзээ таван хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хэлэх эх сурвалж байхгүй байна. Энэ зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх Ирээдүйн тэтгэврийн санг хариуцаж буй С.Эрдэнэ сайдын хэлснээр бол энэ жилдээ багтана гэж байгаа юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд гадаадын хөрөнгө оруулалт, зарим нэг зээл тусламжаас шалтгаалан II шат хэрэгжинэ гэлээ.
Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалт гурван тэрбум ам.доллар. Энэ нь жилд нэг тэрбум ам.доллар манай улсын эдийн засагт гурван жил дараалан орж ирнэ гэсэн үг. Үүнээс гадна, Засгийн газар гадаадаас нэг тэрбум ам.долларын зээл авахаар хөөцөлдөж буй. Ингэвэл 15 хувийн хүүтэй дотоодын хоёр их наяд төгрөгийн зээлийг гадаадын 5-6 хувийн хүүтэй зээлээр солино гэсэн үг. Үүнээс гадна, хөрөнгө оруулалтад эргэн төлөлт гэсэн ойлголт байхгүй тул ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд мөн голллох нөлөө үзүүлэх юм байна. Харин дээрх эх үүсвэрүүд цаг тухайдаа орж ирвэл, тухайн үед нь зээлийн II шатыг хэрэгжүүлэх боломжтой аж.
2. ГУЧААС 10 РУУ
Өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалт “0” байв. Зэс, алт, төмрийн хүдэр, нүүрс зэрэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ уруудсан нь төсвийн бүрдэлтэд масс болдог гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сөхрүүлсэн юм. Харин Засгийн газар хөдөө аж ахуйн салбараар уул уурхайн хөрөнгө оруулалтыг нөхөх гэж оролдсон нь одоогийн малчны зээлийн хүү буурах нэг үндэслэл болсон юм. Тэгвэл маргаашнаас эхлээд малчдад жилийн 10 хувийн хүүтэй зээл олгогдож эхлэх гэж байна.
Монгол Улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 нь арилжааны банкнаас малчны зээлтэй юм байна. Малчдын зээлийн нийт дүн нь 222.7 тэрбум төгрөг байдгаас Төрийн банкинд 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17.411 харилцагч байдаг, үлдсэн 103 мянга орчим малчин өрх 180 тэрбум төгрөгийн зээлтэй аж.
Харин тэтгэвэр болон цалингийн зээл 18 хувьтай байхад хөдөө, хүнд нөхцөлд ажиллаж байгаа малчдын зээл өндөр байгаа нь шударга бус гэж үзээд Засгийн газар 2016 оны хоёрдугаар сарын 4-ний 90 тоот тогтоолоор Төрийн банкинд үүрэг болгосны дагуу 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17411 малчин зээлдэгчийн хүүг 18 хувь буюу сарын 2.5 хувиас 1.5 хувь болгон бууруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн банкинд малчны зээлтэй байсан малчин өрхийн 29.5 хувийн хүүтэй зээл шууд 18 хувь болж буурсан юм. Ингэснээр Төрийн банк 4.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн бууралт хийж малчдыг төдий хэмжээний зээлийн хүүгийн дарамтнаас чөлөөлсөн байна.
Харин маргаашнаас малчны зээл 10 хувийн хүүтэй болж байгаа ч дээрх шиг 18 хувийн хүүтэй бүх зээл 10 хувь руу шилжихгүй. Тухайлбал, Засгийн газраас баталсан дэд хөтөлбөрийн дагуу шалгуур үзүүлэлтийг хангасан малчид өмнө нь авсан 18 хувийн хүүтэй зээлээ 10 хувийн хүүтэй зээл болгох юм. Үүнд, малчин данстай байх, Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байх, малаа эрүүл байлгах гэсэн үндсэн гурван шаардлага тавигдаж байгаа.
Энэ нь Засгийн газар малчдын эрүүл мэндийг хамгаалах, малаа эрүүлжүүлэн вакцин, туулгад тогтмол хамруулдаг, малчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хариуцлагатай сайн малчдыг олноор бий болгох зорилгоор зээлийн хүүгээр хөшүүрэг хийсэнтэй холбоотой. Мөн малаа эрүүл байлгах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Учир нь, өнөөдрийн байдлаар баруун таван аймгаас мах экспортлохыг зөвшөөрч байгаа ч урд хөрш гэхэд л тэрбум ам.долларын мах авах сонирхолтой байгаа. Харин зээлийн хүүгээр хөшүүрэг хийвэл малчид малаа эрүүл байлгах тал дээр анхаарал хандуулах нь ихсэнэ гэж үзэж байсан юм. Малчдын зээлийн хүүг 10 хувь болгоход Монголбанк 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, гурван хувийн хүүтэй Төрийн банкинд байршуулж байна.