Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж Зэвсэгт хүчний 186 дугаар анги буюу “Эрдэнэтийн хороо”-той танилцаж, эмэгтэй офицер ахлагч нарын нэг өдрийн ажил, амьдралыг сурвалжилснаа өмнөх дугаарт хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад тус ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийгээд гишүүдийн төлөөлөлтэй ярилцсанаа хүргэж байна.
/Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хошууч, профессор, доктор, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга/
-Танай анги 2010 онд Эмэгтэйчүүдийн зөвлөлөө шинэчлэн зохион байгуулснаар офицер, ахлагч эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо сайжирч, хугацаат цэргийн албан хаагчид, цаашлаад анги нийтийн үйл ажиллагаанд чиглэх болсон гэсэн. Эндээс яриагаа эхлэх үү?
-Миний хувьд ангидаа 2010 онд ирсэн. Анх ирээд харахад бүсгүйчүүд маань бүлэг бүлгээр хуваагдчихсан, нөгөө шуудайд хийсэн үхрийн эвэр гэдэг шиг л байлаа. Олон хүн ажилладаг газар тодорхой хэмжээнд хэл ам, үл ойлголцол байх нь мэдээж. Байдал өөрчлөгдөхгүй бол анги нийтийн ажил үйлс цалгардана. Зүйрлэвэл айл гэрийн амьдрал, эр нөхрийн ажил үйлс ямар байх эхнэр хүнээс шалтгаалдаг шиг энэ ангийн ирээдүй ч бүсгүйчүүдийн байр байдал, үүрэг оролцооноос шууд хамаарна биз.Хэрэв эмэгтэйчүүдээ нэгтгэж чадвал анги нийтээрээ өөдлөн дэвжих боломж байна гэж харсан. Гэхдээ эхэн үедээ яаж нэгтгэх учраа олохгүй, юуны өмнө зөвлөлөө шинэчлэн байгуулах хэрэгтэй гэж бодсон. Улмаар зөвлөлийнхөө хуралд сууж байгаад Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчдээ шинэчлэн тогтоох санал гаргасан юм.
Удирдлагаа сонгох гэж байгаа учир асуудалд ардчилсан байдлаар хандах нь зөв гэж үзээд хүн бүрийг хамгийн найдвартай, биднийг удирдаж чадна гэж үзсэн гурван хүнийхээ нэрийг бич гээд цаас тараасан юм. Ирсэн дүнгээ харж байгаад хамгийн их санал авсан таван хүний нэрийг самбарт бичлээ. Улмаар нөгөө тав дээрээ дахин санал хурааж тэргүүлэгчдээ сонгосон юм. Өмнө нь Эмэгтэйчүүдийн зөвлөл ч гэлтгүй аль нэг албан тушаалд дээрээс томилгоо хийдэг байсан нь нэг талаас хамт олон нэгдэн нийлэх боломж олгодоггүй, нэг ёсны бүтцийн хувьд алдаа дутагдалтай байсан хэрэг. Миний анзаарснаар өөрөө оролцсон юманд хүн хариуцлагатай, идэвхитэй ханддаг. Тиймдээ ч зөвлөлөө шинэчлэн байгуулах ажлыг ингэж эхлүүлсэн хэрэг.
-Анги нийтийн үйл ажиллагаа, цаашлаад цэрэг дайчдын хөгжил, төлөвшилд чиглэсэн ажлуудад тодорхой санхүүгийн эх үүсвэр шаардагдана. Та бүхэн энэ асуудлыг хялбархан шийдсэн санагдсан?
-Бид зөвлөлөө шинэчлэн байгуулахад ангийн ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгийг хүлээн авсан л даа. Тухайн үед тэр тийм юм зээлсэн, энэ нь тийм ч өртэй гээд л их хэл амтай байсан. Гэсэн ч бидэнд олдсон цор ганц боломж нь ТҮЦ байсан учир яаж ийгээд өөд татах хэрэгтэй болсон. Анх ТҮЦ-ийн сарын цэвэр орлого 10 мянган төгрөгөөр хэмжигддэг байлаа, 2010 онд шүү дээ. Гэсэн ч бид хөл дээр нь босгож, бүхэл бүтэн зөвлөлийн хөрөнгө санхүүг шийдэж чадсан. Яахав тухайн үед гишүүд итгэл алдраад байсан нэг зүйл нь зөвлөлийн хураамж гэж сар бүр тодорхой мөнгө татдаг ч эргээд өөрсдөд нь хүрдэггүй байсантай холбоотой. Тиймээс жижэгхэн ТҮЦ ч бай, сар бүрийн хураамж ч бай захиран зарцуулж байгаа бүхэн нийтэд ил тод байх ёстой гэж үзсэн. Анх ТҮЦ-ийн орлого 10, 20 мянгаар хэмжигдэж байсан бол одоо дөрвөн сая гаруй төгрөгөөр яригдаж байна. Нэг хүний өмч хөрөнгө биш хойно энэ бүхэн ил тод л байх ёстой. Зөвлөл бүх гишүүдээ оролцуулан сар бүр хурал хийж, тайлан тооцоогоо танилцуулна. Тэр тэр энэ сарын хураамж болох мянган төгрөгөө өглөө, эмнэлэгт хэвтсэн хүндээ хураамжийн мөнгөнөөс төдийг өглөө гэхчлэн тайлан нарийн, ил тод байхад хүмүүс дуртай. Угтаа, өмнө нь Эмэгтэйчүүдийн зөвлөл байсан, ТҮЦ ч байсан. Яагаад хөгжихгүй байсан гэхээр ердөө л тайлан тооцоо нь ил тод байгаагүйтэй холбоотой. Үнэхээр үрж зараад өөртөө наачихаагүй л бол ил тод байхад яадаг юм.
-Бүх л юм шилэн гэх тодотголтой болж байгаа энэ үед жирийн нэг цэргийн анги ийм үр дүнд хүрсэн нь сайшаалтай санагдаж байна?
-Угтаа шилэн гэдэгтэй дүйх ойлголтыг бид аль 2010 онд хэрэгжүүлж эхэлсэн байгаа биз.
-Тийм байна. Ингэхэд цэрэг армийн байгууллага үйлдвэрчний эвлэлтэй байдаг уу?
-Мэдээж энгийн иргэд, хөдөлмөрчид ажилладаг учир тэдний эрх ашгийн асуудал хөндөгдөнө. Тиймээс хууль журам ёсоор үйлдвэрчний эвлэл байх нь зүй. Гэхдээ сайн дурынх. Манайд мөн Офицеруудын сан, Хамтын сан гээд янз бүрийн л байгууллага байна. Яахав үйлдвэрчний эвлэл цалингаас нь татварыг нь шууд хураачихдаг. Харин манай зөвлөл нэхэж хүчилдэггүй. Сард ердөө мянган төгрөг, жилд 12 мянга болохоор өөрсдөө өгөөд заншчихсан. Үр шим нь өөрт нь эргээд наалдагийг мэддэг болохоор манай бүсгүйчүүд дуртай өгдөг.
-Бусад цэргийн анги, хамт олон танайхаас туршлага судлахаар ирдэг гэж дуулсан?
-Ирдэг ирдэг. Яахав, аль ч албан байгууллагад Эмэгтэйчүүдийн зөвлөл тэргүүтэй сайн дурын үндсэн дээр нэгдсэн хамт олны бүрдэл бий. Тэдгээр байгууллагууд хөгжихгүй, үйл ажиллагаа нь өргөжихгүй байгаа бол тайлан ил тод бус хаалттай, хамт олон нэгдэж чадаагүйтэй холбоотой, би ингэж л ойлгодог.
-Цэрэгт яваагүй, цэргийн нас нь болж буй залуус цэрэг арми гэхээр л дарамт шахалтад орно, хоёрын хооронд жил алдана мэтээр ойлгодог. Гэтэл танай анги энэ байдлыг эрс өөрчилж, шинэ шатанд гаргасан харагдлаа?
-Яахав бид эхний хоёр жил хүүхнүүдийнхээ төлөө их ажилласан л даа. Долоо хоног тутам сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч эмэгтэйчүүдийн сэтгэлгээ өөрчлөгдөж эхэлсэн. Тэгэхтэй зэрэг нь “Энэ ангид цэрэг байгаа учраас бид оршиж байгаа. Хэрэв цэргүүд байхгүй бол бид хэн ч биш” гэх хандлага төлөвшүүлж, цэргүүдээ хайрлах ёстой гэж ухуулсан. Армид ирж буй залуус боловсрол, мэдлэг, төлөвшил, хувь хүнийхээ хувьд ямар ч төвшинд ирж болно. Гагцхүү ганц хуруу ч болтугай ахиулж чадвал бидний гавьяа, хийх ёстой ажил юм. Мэдээж цэргийн үндсэн эрдэм, сургуульд хамрагдана. Үүний хажуугаар тухайн байлдагч хүнийхээ хувьд нэг хуруу ахих ёстой. Зөвлөл ийм л зорилго тавьж ажилласан. Тийм ч учраас манайхан цэргүүдтэй зүгээр нэг байлдагч гэж харицдаггүй. Мэдээж цэргийн анги нэгтгэл учир тодорхой хэмжээнд дэгтэй, дүрэм журамтай байна. Үүний хажуугаар заримдаа зөөлөн байх нь зөв. Зөөлөн нь хатуугаа ч гэдэг шүү дээ.
-Үүнд гол нөлөө үзүүлдэг нь та бүхний зохион явуулдаг сургалт шүү дээ. Тэгэхээр сургалтынхаа арга барилын тухай товч танилцуулбал?
-Дээр хэлсэнчлэн анх бүсгүйчүүддээ чиглэсэн сургалтууд хийж эхэлсэн бол дараа нь нийт бие бүрэлдэхүүн тэдний гэр бүл, үр хүүхэд тэр ч бүү хэл оюутан залууст хүргэдэг болсон. Гэхдээ сургалтын гол төв нь цэргүүд байх ёстой. Мэдээж аав ээжийнхээ дэргэдээс огт өөр орчинд орж ирсэн хүүхдүүд сэтгэл санааны хувьд их эмзэг, сул дорой байдаг. Үүнээсээ болж хямарна, өвдөж хавдана гээд асуудал их. Тиймээс ирж буй хүүхдүүдэд юун түрүүнд хэлдэг үг нь “Чи яаж ийгээд маш хурдан дасах ёстой” гэдэг. Энд ирсэн л бол эргэж буцах замгүй, мянган шалтаг тоочоод ч буцаах аргагүй гэдгийг учирлаад хэрхэн богино хугацаанд дасч болохыг ойлгуулдаг. Үүнээс л сургалт эхэлдэг байх жишээтэй. Мэдээж орчиндоо, хамт олондоо дасаад ирмэгц нь төлөвшүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлэхэд чиглэсэн шат дараатай сургалт хийнэ. Ер нь тэгээд хандлага л юм. Хөмсөг зангидаад, хөмхий зуугаад байвал хэн ч айж ичнэ биз дээ. Тиймээс эмэгтэй офицер, ахлагч нар 20 ч хүрээгүй хүүхдүүдэд заримдаа ээж нь, эгч нь, найз шиг нь байх ёстой юм.
-Нэг талаас та бүхний хийж буй ажил бусад салбарт ч хэрэгжүүлж болохуйц сургалтын арга барил, хөтөлбөр мэт санагдлаа?
-Одоо боловсролын систем Цөм хөтөлбөр, “Зөв монгол хүн” гээд л бүхэлдээ өөрчлөгдөж байна. Бидний үед хүнийг хэдэн их, дээд сургууль дүүргэсэн, дипломных нь өнгө ямар гэдгээр дүгнэдэг байлаа. Гэтэл дэлхий нийтийн боловсролын үнэлэмж юу байсан гэхээр тухайн хүний амьдралаа авч явах чадвар ямар вэ гэдгээр нь дүгнэгддэг.
Тэгэхээр өнөөдрийн боловсролын салбарын бодлогыг би хувьдаа зөв гэж үнэлнэ. Хүн болгон ямар нэг авьяастай. Түүнээс хүн болгон математикч байх албагүй. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд бүгдийг нь математикч, инженер, эмч, хуульч болгох гэж зүтгээд байсан. Одоо харахад бид энэ үзэл баримтлалыг арай эрт олж харж, хийж хэрэгжүүлсэн гэж ойлгодог.
Т.Заяандарь: Алба хааж буй цэрэг дайчдын 50-60 хувь нь өөрийн хүсэл сонирхлоор ирсэн/Сургууль, байлдааны мотобуудлагын баталеон, соёл хүмүүжлийн зааварлагч/
-Байлдагчдын соёл, хүмүүжлийн ажил хэрхэн хийгддэг, юунд голлон анхаардаг тухай яриагаа эхэлье?
-Соёл хүмүүжлийн ажил хугацаат цэргийн албан хаагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, мөн цэрэг, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, цэргийн албыг чин сэтгэлээсээ хаах хүсэл сонирхолтой болгоход чиглэдэг. Энэ хүрээнд тэмцээн уралдаан, яриа таниулга, сэтгэлзүйн зөвлөмж, зөвлөгөө өгч байна. Сүүлийн үед сэтгэлзүйн шинжлэх ухаан өндөр хөгжиж тэр хэрээр энэ талын эрэлт ч их байна. Цэргүүдийн хувьд ганцаарчилсан зөвлөгөө, уулзалт зохион байгуулахад илүү үр дүнтэй санагддаг. Алба хаагчид маань цэргийн анхан шатны бэлтгэлд сэтгэлзүйн зөвлөгөө авах нь элбэг. Учир нь, энгийн, ард амьдралаас гэнэт цэргийн албанд татагдаж, дүрэм журамд захирагдаж, хязгаарлагдмал орчинд ирдэг нь сэтгэлзүйн анхан шатны хямралд өртөж эхэлдэг. Энэ хямралаас гаргахын тулд алба хаагчидтай сэтгэлзүй талаас нь ажиллах илүү хялбар арга юм. Энэ ажил яриа таниулга, зөвлөгөө, ухуулга сурталчилгаа гээд олон арга хэлбэрээр хийгддэг.
-Цэргүүдтэй хамгийн ойр байдаг хүний тань хувьд асуухад одоо албанд татагдаж буй байлдагчдаас хэчнээн хувь нь өөрийн хүсэл сонирхол, шийдвэрээр ирж байгаа бол?
-Энэ талаар бид анх албанд ирмэгц нь судалгаа авч, дүгнэлт гаргаад холбогдох албан тушаалтнуудад танилцуулдаг уламжлалтай. Энэ жилийн шинэ цэргүүдээс харахад 30 орчим хувь нь төрийн албанд орох хүсэл сонирхолтой учир алба хаахаар ирсэн гэсэн бол 50-60 хувь нь өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдсөн гэх жишээтэй. Харин үлдсэн цөөн хувь нь эцэг эх, ар гэрийнхний зөвлөмжийг дагасан байдаг.
-Удахгүй Монгол цэргийн өдөр болох гэж байна. Энэ үеэр танай анги үүсэн байгуулагдсан түүхт 80 жилийн ойгоо угтана. Тиймээс офицер ахлагч, цэрэг дайчиддаа мэндчилгээ дэвшүүлэх байх?
-Монгол Улсын Зэвсэгт хүчинд ажиллаж буй офицер, ахлагч, албан хаагчид, чөлөөнд гарсан ахмад дайчиддаа Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Мөн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллаж байгаа офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид, ажилтан албан хаагчдад алдар түүхт, дайчин замналтай 186 дугаар анги үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Ч.Амгалан: Сар бүр автомат, аранзаа үүрээд марш алхдаг/Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлагч, Удирдлагын байрны тасгийн жолооч, нярав/
-Армид хэчнээн жил ажиллаж байна вэ. Эмэгтэй хүн эрчүүдтэй эн зэрэгцэн цэрэг армид хүчин зүтгэнэ гэдэг хүнд хүчир алба. Заримдаа халширч шантрах үе ч тохиодог байх?
-Миний хувьд энгийнтэйгээ нийлээд 17 жил алба хааж байна. Энгийн байхдаа хүнсний мэргэжилтэй, үйлдвэрт ажилладаг байв. 1998 онд орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр үйлдвэрээс гарчихаад бичээчийн дамжаа төгсч, монгол бичиг сурсан юм. Тухайн үед цэргийн ангид бичээчийн ажилд авна гэснийг дуулаад ирсэн дээ. Ирсээр бичээчээрээ нэг жил ажиллаж байтал аз таарч ахлагч болсон юм. Яахав цэргийн ажил алба хүнд хүчир зүйл их. Гэхдээ тэр хэрээр гоё сайхан зүйл ихтэй. Эр, эм, байлдагч гэж ялгалгүй бүгд тушаал дор захирагдана. Хичээл сургууль ч төлөвлөсөн хуваарь ёсоор хийгдэж бүгд хамрагдах ёстой. Буудлага, хээрийн сургуулилт хийсэн ч эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй ногдсон норм нормативаа хангах ёстой.
-Эмэгтэйчүүдийн хувьд насны ангилалаас хамаарч норм арай өөр байна биз?
-Биеийн тамирын шалгуур үзүүлэлтийн хувьд эмэгтэй хүнийх наснаасаа хамаараад өөр өөр байдгаас үндсэн үүрэг яг адилхан. Ангиллын хувьд 18-21, 21-26, 26-32 гэхчлэн хүн хүний насны онцлогт тохирсон биеийн тамирын шалгуур үзүүлэлттэй. Миний хувьд 41-45 гэсэн ангилалд өөрийн үүрэг, нормыг биелүүлнэ. Сар болгон биеийн тамирын шалгуур үзүүлэлтүүдээ хангасан байх ёстой л доо. Жишээ нь, биеийн жин тэд байна, гар дээр тэд сунайна, 100 метрт төдий хугацаанд гүйнэ гэхчлэн энэ бүхнийг дагаж мөрдөнө. Тэр хэрээрээ энгийн иргэдтэй харьцуулахад эрүүл саруул, жавхаалаг байдаг. Хээрийн сургуульд гарлаа гэхэд гурван өдрийн хоол хүнс, автомат, аранзаа үүрээд сар бүрийн маршдаа алхана.
-Сая хэллээ сар бүр гурав хоног хээрийн сургууль хийнэ, жижүүрлэнэ дээр нь дуудагдана гээд эмэгтэй хүний хувьд ар гэрийн амьдрал орхигдох үе бишгүй таардаг байх?
-Гэр бүлийн хүн маань хошууч цолтой, цэргийн хүн л дээ. Хоёул армид алба хааж буй учир заримдаа хүндрэлтэй үе бий. Хоёул хоёулаа хээрийн сургуульд гараад явчихна, тэр болгонд ар гэр орхигдоно. Гэхдээ зохицуулаад л явдаг даа. Хоёр хүүтэй, том хүү маань их сургууль дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байна. Бага нь тавдугаар анги. Ер нь, цэргийн улсын үр хүүхэд их эрт биеэ даачихдаг юм. Ах нь дүүгээ аав, ээж шиг нь аваад явчихдаг болохоор давгүй ээ.