Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаан буудайг тонн тутамд 550 мянгаар даатгана гэв

Э.УНДРАЛБАЯР

Манай тариаланчид жилд дунджаар 350-400 мянган тонн улаанбуудай хурааж, до­тоо­­дынхоо хэрэгцээг бү­рэн хангах чадвартай бол­сон. Улаанбуудай бол стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа төр засгаас үргэлж анхаарал хандуулж, төсөвт багагүй мөнгө суулгадаг салбар. Гэвч цаг агаарын эрс тэс уур амьсгал нь газар тариалангийн салбарт сөргөөр нөлөөлсөөр байгааг бид өнгөрсөн жилийн ургац хураалтын үеэр мэдэрсэн.

 2015 оны хувьд бүх нутгаар гантай жил болж тариаланчид 203,9 мянган тонн үр тариа хурааж авсан хэмээн ХХААЯ-ны тайлан мэдээнд дурдсан. Өөрөөр хэлбэл 2014 онд 350 мянган тонн буудай гурил үйлд­­вэрлэгчдэд нийлүүлж бай­сан тариаланчид 2015 онд нөөц­лөх үргүй шахам болтлоо ургац алдсан. Зарим нутагт нийт ургацынхаа 70 хүртэл хувийг алдсан гэдэг мэдээ ч бий.

Үүнийг хаврын тариалалт эхлэхэд хоёр сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байхад бидэнд 45 мянган тонн үр тариа шаардлагатай гэдгийг салбарынхан хэлж байна. Өнөөдөр тариаланчид хаврын тариалалтаа эхлүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээл хий­гээд үрийн асуудлыг ший­дэх шаардлагатай байгаа тухай саяхан хөндөж ярилцсан юм. Харамсалтай нь, тариаланчдын зүгээс арилжааны банкуудаас зээл авахаар хүсэлт тавихад эрсдэл өндөртэй салбар гэдэг утгаараа хүссэн хэмжээний зээл олдох байтугай нуруугаа харуулагсад олширдог.

Тиймээс эрсдэл өндөртэй энэ салбарынхан цаашид алдаг­­дал хүлээхгүйн тулд “Хөдөө аж ахуйн дав­хар даатгал” ХК газар тариа­лангийн даатгал хийхээр болж, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Газар тариаланчдын холбоо, газар тариалан эрхлэгчид болон даатгалын компанийн төлөөллийг багтаасан зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан юм.

Улаан буудайн даатгалын бүтээгдэхүүнийг турших зорилгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Хүдэр, Төв аймгийн Цээл суманд анхлан хэрэгжүүлэхээр тогтжээ.

Эл даатгалын хувьд ган, үер, хортон шавьж гэх мэт байгалийн гамшиг болон хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан, тариаланчдад учирч болох эрсдэлийг нэгт­гэс­­­­нээрээ давуу гэж тариалан эрхлэгчид үзэж байна.

Даатгалын үнэлгээг нэг тонн улаан буудайг ойролцоогоор 550 мянган төгрөгөөр тооцож гаргасан нь олон улсын жишигтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа аж. Үүний шалтгааныг  Засгийн газраас улаан буудайн бүтээгдэхүүнд хийдэг зохицуулалттай холбоотой гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм. Даатгалын үнэлгээ их байх нь тариалан эрхлэгчдэд хүндрэлтэй учир үнэлгээг бууруулах асуудлыг хэлэлцэх хэрэгтэй хэмээн “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн олон улсын зөвлөх Олена Сосенко хэлж байв.

Хураамжийн хувьд сум орон нутгийн газар зүйн онцлог, эрсдэлийн төвшинг харгалзаж тогтоодог олон улсын жишгээр 4-12 хувь гэж тогтоож, даатгуулагчийн таван жилийн дундаж ургацын хэмжээг тооцоолон даатгаж, 40 болон 50 хувийн өөрийн хүлээх хариуцлагын түвшнээс сонголт хийж даатгуулах нь. Даатгуулагч хэрвээ ургац алдсан тохиолдолд дундажлан тооцож нөхөн төлбөр олгох гэнэ. Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгалын талаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Гэгээлэг трэйд” компанийн захирал Ц.Чулуун “Би газар тариалангийн салбарт ажиллаад 16 жил болж байна. Даатгалын асуудал өмнө нь яригдаж байсан. Гэхдээ хууль эрхзүйн орчин бүрдээгүй, хэрэгжих нөхцөл, даатгалын хураамж, нөхцлүүд нь тариаланчдын амьдралд хэрэгжих боломжгүй, хөр­сөнд буугаагүй байсан. Өнөө­дөр яригдаж байгаа давхар даатгалын хувьд хувь хэмжээ нь багассан, олон эрсдэлийг нэг дор багтаасан учир хэрэг­жих боломжтой юм болов уу гэх итгэл төрүүлж байна” гэв.

Харин Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ганцогт “Манай компани байгуулагдсаар хоёр жил болж байна. Одоогийн байдлаар таван хошуу мал, зарим фермерийн аж ахуйг даатгаж байгаа. Энэ жилээс тариалангийн даатгалыг нэвт­рүүлэхээр төлөвлөж байна. Тариалангийн даатгал эрсдэл ихтэй ч олон талын хүчин чармайлтаар бүрэн хэрэгжүүлэх боломжтой. Өдий хүртэл энэ төрлийн даатгалын тогтолцоо бүрдээгүй байснаас тариалан эрхлэгчдэд хүнд ачаа үүрүүлсээр байна. Энэ нь өнгөрсөн жилийн тариа хураалтын дүнгээс тодорхой харагдана. Иймээс энэ эрсдэлийг бууруулах зорилгоор нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна. Үүнийг цааш хөгжүүлэх нь урт хугацааны санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэх юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан