Э.УНДРАЛБАЯР
Аливаа хүчирхийлэл, дарамт шахалтын хор хохирол хохирогчийн бие, сэтгэлийн өвчин зовлонгоор хэмжигддэг. Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан амиа хорлох тохиолдол олширч байгаа нь үүнтэй холбоотойг үгүйсгэх аргагүй. Магадгүй өсвөр насны охид хөвгүүдийн сэтгэлдээ тээсэн айдас, зовинол нь бугшсаар сэтгэцийн өвчлөл цаашлаад амиа егүүтгэх шалтгаан болж мэднэ. Манай оронд хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх сэтгэл заслын эмчилгээ дутмаг байгаа нь үнэн. Нүдэнд ил харагдахгүй сэтгэл санааны хохирлыг орхигдуулах нь хүчирхийлэл, хүчирхийлэгч төрүүлэх шалтгаан болж байна.
Энэ тухай болоод хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх сэтгэл заслын эмчилгээ, сэтгэлзүйчийн эрэлт, хэрэгцээний талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэлзүйч Х.Оюунтуяатай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо багассан гэж хөндлөнгөөс харж байна. Харин та тоо баримт дунд байдаг хүний хувьд бодит байдлыг баримттай нь хэлбэл. Танай байгууллагаас тэдэнд ямар тусламж, үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн байдлаар нийслэлд хараа хяналт сул болоод хараа хяналтгүй нийт 1700 орчим хүүхэд байна гэсэн судалгаа гарсан. 2013, 2014 оны байдлаар 2-12 жил хараа хяналтгүй явсан 70 орчим хүүхдийг илрүүлж гэр бүл, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн бол өнгөрсөн онд 37 хүүхдээс 19-ийг нь халамж, асрамжийн төвд аваачсан. Нийслэлийн хэмжээнд 2015 онд хүүхдийн эрхийн зөрчлийн 1357 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн дүн юм. Бидний зүгээс мэргэжлийн сорилын тусламжтайгаар тухайн хүүхдийг оношилж, улмаар дараагийн шатны байгууллагуудтай холбож өгдөг.
-Хараа хяналтгүй болсон хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ зайлшгүй хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ өнөөдөр манайхан сэтгэлзүйчийг эмчийн төвшинд хүлээн авч чаддаг уу?
-Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өөрчлөгдсөн гэж болно. Хүмүүс сэтгэлзүйн гэж болохуйц асуудлаа лам хард үзүүлж, засал ном хийлгэсэн болоод шийдчихлээ гэж сэтгэдэг байсан цаг саяхан. Харин одоо бодитой нөхцөл, боломжийг эрэлхийлж, цаашид юу хийх ёстой вэ гэж ханддаг болсон байна. Үүнийг дагаад сэтгэлзүйчдийн эрэлт хэрэгцээ ч өсөн нэмэгдэж байгаа.
-Амьжиргаа, боловсролын төвшин, эдийн засгийн чадавхиасаа хамаараад иргэдийн сэтгэлзүйчид хандах хандлага өөр байдаг. Энэ нь нийгмийн давхрагатай ч холбоотой байх?
-Тийм. Анхан шатны суурь хэрэгцээ нь хангагдчихсан буюу талхныхаа асуудлыг шийдчихсэн хүмүүс сэтгэлзүйчид хандах нь элбэг. Угтаа гэр бүлийн хөгжлийн төвүүдэд зорилтот бүлгүүдэд чиглэсэн анхан шатны зөвлөгөө, оношилгоо үнэ төлбөргүй өгдөг ч иргэдийн идэвх муу байдаг. Энэ нь улс орны эдийн засгийн байдал цаашлаад иргэдийн амьжиргаатай нягт холбоотой.
-Өдгөө албан байгууллага бүр дэргэдээ сэтгэл зүйчтэй байхыг эрмэлзэх болсон байна. Тэгвэл энэ асуудал сургуулийн орчинд хэрхэн бууж байна?
-Олон улсын жишгээр 20-25 мянган хүн тутамд нэг сэтгэл зүйч байх шаардлагатай гэж үздэг. Барууны орнуудад л гэхэд хүүхэд төрөөд л хувийн өмгөөлөгч, хуульч, сэтгэлзүйч, эмчтэй болдог. Хүчирхийлэл бүрийн цаана сэтгэл санааны асуудал сөхөгдөж байдаг болохоор сэтгэлзүйчийн эрэлт хэрэгцээ их байгаа. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бие махбодийн зодуур амслаа гэхэд тухайн хүүхдийн сэтгэл санааны хохирлыг хэмждэггүй. Яг өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас эхлээд сэтгэлзүйчтэй болж байгаа нь сайн хэрэг.
-Сэтгэл санааны дарамт, цочролоо эмчлүүлэхгүй удах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Цочролоо тайлж чадахгүй бол насан туршдаа сэтгэл санааны дарамт, айдастай явна гэсэн үг. Нийгмийн болон орон зайн айдсаа дарж чадахгүй байснаар нийгэмд өсч дэвших, хөгжих боломжоо алдана. Хүчирхийлэлд өссөн хүүхэд эргээд хүчирхийлэгч болох магадлал өндөр.
-Сэтгэлзүйн үйлчилгээг хэдий хэр хугацаанд үзүүлэх шаардлагатай вэ. Бүрэн эмчлэгдэх боломжтой юу?
-Хамгийн багадаа 3-4 жилийн хөтөлбөрөөр эмчлэх хэрэгтэй. Сэтгэлзүйн уулзалт зөвлөгөөг л гэхэд дор хаяж 15 удаа цуврал хэлбэрээр зохион байгуулсан байх ёстой. Манай иргэдийн хувьд энэ талын боловсрол, мэдлэг дутмагаас үр хүүхдээ өнөөдөр сэтгэлзүйчтэй уулзуулаад маргааш гэхэд зүгээр болчих юм шиг санадаг. Гэтэл сэтгэлзүйн засал хийхэд шат дараатай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, хүүхдээ сэтгэлзүйчтэй хэчнээн мянган удаа уулзууллаа ч эцэг эх нь харилцаа, арга барил, хандлагаа өөрчлөхгүй бол үр дүнд хүрэхгүй.