Э.ГАНЦЭЦЭГ
Улаанбурхан өвчний тохиолдол ихэсч, ялангуяа өсвөр насныхан, насанд хүрэгчид илүүтэй өвчилж байна. Хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногийн мэдээллээр 1218 тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар НЭМГ-ын Халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Ж.Энхцэцэгээс тодрууллаа.
-Улаанбурхан өвчний дэгдэлт их байна. Нийслэлийн хэмжээнд хэчнээн тохиолдол бүртгэгдээд байна вэ?
-Улсын хэмжээнд цочмог халдварт, тууралтат хам шинж өвчний сэжигтэй 7949 тохиолдол бүртгэгдэж, үүнээс улаанбурхан өвчин байж болзошгүй 5987 тохиолдлоос 1218 нь мөн болох нь лаборатороор батлагдсан. Харин өнгөрсөн долоо хоногт улаанбурхан өвчний 949 сэжигтэй тохиолдлоос 798 нь буюу 84 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.
-Хүүхдүүд гэхээсээ өсвөр насныхан, залуучууд өвчлөх нь их байгаа гэсэн. Яг хэдэн насныхан өртөмтгий байх юм?
-Насны хувьд 0-8 сар хүртэлх хүүхдүүд нийт өвчлөгсдийн 13 хувийг эзэлж байна. Энэ нь улаанбурхан өвчний товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байгаа юм. Улаанбурханы эсрэг товлолт вакцинд есөн сар, хоёр настайдаа хоёр удаа хамрагдах ёстой. Харин үлдсэн хувийг 15-29 насныхан эзэлж байна. Дээрх насны залуусын дунд өвчлөл хамгийн өндөр байгаа. Тиймээс их, дээд болон ЕБС-иудад өвчний голомт байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Их засаг, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, 117 дугаар сургууль, “Од” цогцолбор сургуульд улаанбурхан өвчний тохиолдол хамгийн өндөр тоотой байгаа юм.
-Өвчлөл их байгаатай холбогдуулан ямар арга хэмжээ авч байна вэ?
-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А 16 дугаар тоот тушаалаар улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн аймаг, сум, дүүргийн голомтонд улаанбурхан, улаануудын эсрэг вакцинжуулалт хийгдэж байгаа. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 6000 гаруй голомтын бүсэд улаанбурханы эсрэг вакцин хийсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газар долоо хоног тутам улаанбурхан, улаануудын эсрэг хийгдэж байгаа вакцинжуулалтын тоон мэдээг дүүргүүдээс авч байгаа. Вакциныг өвчлөл гарсан голомтонд, гэрээр нь очиж хийж байна. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн ойр орчмын хүмүүсийг энэ өвчнөөр өвчлөх эрсдэлтэй гэж үзэж албан байгууллага, анги хамт олноор нь харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвд нэгдсэн байдлаар урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байна. Ялангуяа, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд өвчилж байгаа учраас энэ сургуулиудад вакцины дийлэнх нь хийгдэж байгаа. Бүсчилж авч үзвэл, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт өвчлөл их байна. Мөн Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ЕБС-иудад өвчлөл их гарч, тус дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд идэвхтэй ажиллаж, 6000 гаруй иргэнийг вакцинд хамруулсан. Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас 70 мянган хүн тун вакциныг захиалж авсан. Энэ вакциныг зөвхөн улаанбурханы голомтот газруудад хийх юм.
-Орон нутагт энэ өвчний дэгдэлт хэр байх юм?
-Энэ сарын эхний байдлаар улаанбурхан өвчнөөр өвчилсөн тохиолдол орон нутагт бүртгэгдээгүй гэсэн. Орон нутгийн мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар нь ХӨСҮТ-өөс авах боломжтой. Ер нь, бүх аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн.
-Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор хотын зарим сургуульд хөл хорио тогтоосон гэсэн. Энэ үнэн үү?
-Одоогоор хөл хорио тогтоосон зүйл байхгүй.
-Улаанбурхан өвчний шинж тэмдгээс манай уншигчдад хэлж өгөөч. Ханиадтай андуурч, хүндрүүлэх тал байдаг?
-Ихэвчлэн залуучууд өвчилж, хичээл, номоо таслахгүйн тулд эмчлүүлэхгүй явсаар хүндрүүлэх тал байна. Мөн бусдад халдааж, өвдсөн нэгнээ эргэх нэрийдлээр халдвар тарааж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхөд халуурах, нус гоожих, нүд улайх, нуухтах, арьсан дээр жижиг гүвдрүү туурах шинж тэмдэг ажиглагдвал Өрхийн эрүүл мэндийн төвдөө яаралтай хандах хэрэгтэй. Оройн цагаар бол түргэн дуудаж үзүүл. Иргэдэд яарч, сандарч ХӨСҮТ-ийг шууд зорихгүй байхыг зөвлөмөөр байна. Онош нь тогтоогдоогүй олон төрлийн халдварт өвчтэй хүмүүсийн бөөгнөрөл тэнд үүсдэг. Халдвар авах өндөр эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс эхний ээлжинд Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг зөвлөж байна.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Ямар дэглэм барих талаар зөвлөнө үү?
Бага насны хүүхдийг олны хөлийн газар авч явахгүй байх, гэртээ дулаан байлгах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, биеийн дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Улаанбурханаар өвчилсөн тохиолдолд 14 хоног гэртээ хөл хорио тогтоож, хэвтрийн дэглэм баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, 14 хоног хичээл, сургууль, ажилдаа явахгүй гэсэн үг. Улаанбурханы хөнгөн хэлбэрийг гэрээр, харин хүнд хэлбэрийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Есөн сар болон хоёр хүртэлх насны хүүхдүүд улаанбурханы товлолт вакцинд, өөрөөр хэлбэл, есөн сартай хүүхэд улаан бурхан, гахайн хавдар, улаануудын нэгдүгээр тун, хоёр настай хүүхэд хоёрдугаар тунд хамрагдах ёстой. Хүүхдээ товлолт вакцинд нь хугацаанд нь хамруулж чадвал энэ өвчнөөр өвчлөхгүй. Улаанбурханаар өвчилсөн үед нүд улайх, нуухтах шинж тэмдэг илэрдэг учраас А аминдэмийн эмчилгээнд ордог. Тиймээс А аминдэм болон бусад төрлийн дархлаа дэмжих витаминыг хоол хүнсээр болон нэмэлтээр хэрэглэх, амны хаалт зүүх, ингэхдээ амны хаалтаа хоёр цаг тутам сольдог байх хэрэгтэй. Үүнд тохирсон нэг удаагийн амны хаалтууд гарсан байгаа. Мөн даарахгүй байх нь чухал. Түүнчлэн гараа сайн угаах хэрэгтэй. Учир нь, гараар халдвар тархах нь их. Гар ариутгагч хэрэглэж хэвших нь өөрийн эрүүл мэндийг ямар нэг өвчнөөс сэргийлж байгаа хэрэг. Авч явахад авсаархан савлагаатай гар ариутгагч эмийн сангуудад элбэг болсон байна билээ.