Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮРТЭЙ ХҮН ЖАРГАДАГ

Э.ГАНЦЭЦЭГ

Хүмүүний орчлонд бид, үр хүүхэд, үндэс мөчрөө үлдээх гэж ирдэг. Утга учиртай амьдарна гэдэг магад үүнийг хэлдэг биз. Үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж, өтөлсөн хойноо тэднээрээ хайрлуулан жаргаж суух шиг сайхан нь үгүй. Зургаан хүү, зургаан охин төрүүлж, өсгөн “Надад зургаан хүү, зургаан охин тэгшхэн заяасан би азтай хүн” хэмээн ярьж суух буурайг Я.Өлзийхүү гэдэг.

Тэрээр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан толгойн өвөрт 1934 онд малчин ард Цэндийн есөн хүүхдийг отголж мэндэлжээ. Гэвч отгон охиноо үр хүүхэдгүй сумын занги Н.Яданзууд өргүүлсэн гэдэг. Н.Яданзуугийн гэргий Д.Долгор хүүхэд төрүүлэх боломжгүй учраас тэд хоёр айлаас хүү, охин өргөж авчээ. Охин Өлзийхүү, түүнээс 14 насаар ах Санжаа хүүг өргөж авч, төрснөөс дутуугүй хайрлан өсгөж, хүн болгожээ. Өдгөө Өлзийхүү гуайн ах Санжаа 96 насыг зооглож яваа бөгөөд уугуул нутагтаа амьдарч байгаа аж. Өлзийхүү гуайн өргөсөн ижий Д.Долгор 100 гаруй насалж, харин өргөсөн аав Н.Яданзуу нь залуу насандаа хорвоог орхижээ. Тэрээр төрүүлсэн ижий, аавтайгаа тэр бүр уулздаггүй, сар шинээр амар мэндийг нь мэддэг байж. Энэ тухайгаа “Хэдэн боорцог ганзагалачихаад аавтайгаа очиж золгодог байлаа” хэмээн хуучилна. 

Түүний хүүхэд ахуй нас Архангай аймгийн Хашаат суманд бусад хүүхдийн л адил хурга ишигтэй тоглож өнгөрчээ. “Сургууль соёлд сурч гавьсан юмгүй, бүдүүн тоймын хүн дээ” хэмээн ярих тэрээр сургуульд сурч байсангүй. 1940-өөд оны үед цэцэрлэг, сургууль ч гэж байсан биш дээ. Айл саахалтаараа нийлж бүлгэм байгуулж, бичиг үсэгтэй нь мэдэхгүй нэгэндээ бичиг үсэг заадаг байсан цаг. Тэгж л тэрээр өөрийн нэрийг бичиж сурчээ. Малчин хүний хөдөлмөр цаг нараар хэмжигддэг болохоор тэгсгээд бичиг үсгээ хойш тавьжээ.

Я.Өлзийхүү гуай охидын хамт

Ийн мал дагасан өдөр хоног үргэлжилж, Цагаан толгойн өврөөр өгсөж уруудаж явсаар 16 хүрч, насаар 10-аад ах нутгийн залуу Найдангийн Чимиддоржтой танилцаж, төд удалгүй гэр бүл болжээ. Охиноо тусдаа гарахад ижий, аав нь түүнд 10-аад үхэр, 20, 30-аад хонь, ямаа, унах морь, ачлагын тэмээ зэргийг хөрөнгө болгон тасдаж өгчээ. Ийн хоёр талаасаа хонь, малаа нийлүүлж, малын захтай болсон Н.Чимиддоржийнх гэдэг айл гал голомтоо бадраав. Нэгдлээс хөлс авна гээд малаа ч их төллүүлдэг байж. “Малынхаа тарга тэвээргийг сайхан авахуулбал малаас ашигтай юм гэж хаана ч үгүй” хэмээн тэрээр хэлэв.
Ингээд 1950 онд анхны хүүгээ өлгийдөн авч, ууган хүүдээ Галсан­жамц хэмээн нэр хайрласан гэдэг. Өлзийхүү гуай 16-хан насандаа ээж болчихоод хүүхдээ нуух нь холгүй хүн амьтнаас ичдэг байж. Жирэмсэн болсноо ч нутаг усныхнаасаа нууж, төрөх гээд араг шээзгий түшин суухдаа ч “Хүн дуудалгүй чимээгүй өөрөө төрчихье” хэмээн бодож байсан ч удаатай гэнэ. Ингээд хоёр жилийн дараа удаахь хүү Дондог, 2-3 жилийн зайтай бага Дондог, Пүрэвсүрэн, Ганбаатар нар төрж таван хүүтэй болоотхож. Таван хүү төрүүлчихээд ганц охинтой болохыг тэрээр хүсч байсан гэдэг. Охин үртэй болох гэсэн түүний хүсэл биелж, зургаа дахь хүүхэд нь охин байжээ. Тэд охинтой болж жигтэйхэн их баярлаж, жороо ганц морио охиндоо л унуулж, охин нь хүүхдээ загнахаар “Чи өөрөө яаж өслөө дөө” хэмээн дургүйлэхдэг гэсэн. Түүний дараа түүний бага хүү Батбаатар мэндэлж, ахиж охин төрөхгүй нь гэж бодож байтал таван сайхан охин заяажээ.Оюунцэцэг, Энхмаа, Энхсайхан гэх гурван охин хоёр жилийн зайтай, 40 гарсан хойноо Отгонцэцэг, Энхтөгс гэх отгон охидоо төрүүлжээ. Ийн 1950-1978 оны хооронд 12 хүүхэд төрүүлж, “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон хүртжээ. Тэрээр бага охиноо төрүүлэхдээ том хүүгийнхээ эхнэртэй зэрэг шахуу амаржиж, Өлзийхүү гуай “Хүүхдийн хүүхэд гарч байхад, би бас төрж л байдаг” хэмээн өөрийгөө зэмлэнгүй суусан гэдэг. “Хүн өсөхдөө нэг, өтлөхөөрөө нэг ичдэг гэдэг.

16-хан насандаа ээж болж, 40 гарсан хойноо үр хүүхэд­тэйгээ зэрэгцэж амаржаад энэ үгийг биеэрээ мэдэрсэн дээ” хэмээн 82 насыг зооглож яваа тэрээр инээвхийлэв. Хэдийгээр дээхнэ үед олон хүүхэдтэй айл цөөнгүй байсан ч жил алгасалгүй хүүхэд төрүүлж буйдаа тэрээр хүн амьтнаас санаа зовдог байжээ. Гэвч үр хүүхдийнхээ ач буяныг үзэж, өдгөө сайн сайхан явна. “Олон хүүхэдтэй болохоор тал талаас өргөөд санаа чилээх зүйлгүй сайхан л амьдарч байна. Би ч мал маллаж, олон хүүхэд төрүүлснээс өөр гавьяагүй” хэмээн  улсдаа хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн өөрийн хөдөлмөрийг энгийнээр үнэлэв. Хүүхэддээ отгон гэж нэр хайрлавал отголдог гэж дуулаад 11 дэх хүүхдээ Отгонцэцэг хэмээн нэрлэсэн ч дахин хүүхэдтэй болж, Энхтөгс хэмээн нэр хайрласан гэдэг. Тэрээр бага охиноо төрүүлж байснаа сайн санадаг аж. 1978 оны тэр жил тэдний 70 гаруй хонь ихэрлэсэн сонин тохиолдол ч давхцаж.
Хоёр, гурван хүүхэд өсгөнө гэдэг ямар хэцүү билээ. “Хүүхдүүдээ өсгөхдөө ядарч л байсан байх, ядарснаа ч мэдэхгүй ирж. Тэнтэр тунтар алхахад нь л хөлд орж гэж мэддэг, дулаан хувцаслаад саравчин дотор суулгачихдаг байлаа. Нэг л  мэдэхэд, хурга ишигтэй тоглоод хашаа түшээд явж байдаг байсан. Тэгж л энэ хэдэн хүүхэд минь хүн болсон доо. Хүүхдээ уяж өсгөж үзсэнгүй. Хүмүүс их уядаг л байсан. Бид хоёр жижиг гэрээ ачиж аваад хэдэн хүүхдээ айлд үлдээчихээд малынхаа тарга тэвээргийг авахуулах гээд отроор явчихдаг байсан. Гадаа гэргүй мөлхөөд, хашаа түшээд л явж байдаг байсан. Өөр шигээ харанхуй хүн болгохгүй гэсэндээ бүгдийг нь эрдэм номын мөр хөөлгөж, сургуульд сургасан” хэмээн тэрээр олон хүүхэд төрүүлж, өсгөсөн туршлагаасаа ярив. “Зургаан хүү, зургаан охин надад тэгшхэн заяасан. Хүүхдүүдээ загнаж үзсэнгүй. Нэг ч  хүүхдээ эмнэлэгт хэвтүүлж үзээгүй. Гэхдээ миний сайных биш, агаар ус сайных байсан биз гэж боддог. Гүүгээ барьж, хонь, ямаагаа их сааж, туж л цагаан идээгээр хооллодог байлаа” хэмээн Өлзийхүү гуай дурсав.

Тэд 1996 онд бага охиноо оюутан болж хотод ирэхэд нь хамт ирж. Энэ үеэс төд удалгүй 2001 онд түүний хань Н.Чимиддорж өвчний улмаас насан өөд болжээ. Ижий ааваасаа хагацсан түүнд  хань ижил нь өмөг түшиг, түших тулгуур нь байсан нь мэдээж. Тэрээр “Манай хүн эх орны чөлөөлөх дайнд оролцож явсан. Хань минь мал маллахын зэрэгцээ, агент хийж, Архангай-Улаанбаатар хооронд жин тээдэг байсан. Гурил будаа ч ховор байсан цаг. Их хөдөл­мөрч, ажилтай хүн байж билээ. Гүйл­гээ ухаантай, хэдэн хүүхдээ өсгөхийн тулд бүхнийг л хийдэг. Их эртэч, малч ухаантай, малд нүдтэй хүн байсан гэдгийг манай нутгийнхан ч мэднэ дээ. Тэмээн тэргээ хөтлөөд улсуудын захиасыг ачаад л явдаг байлаа” хэмээн өвгөнөө дурссан. Насны эцэст хань ижлээ алдаад нэг хэсэгтээ л шаналсан гэнэ. Гэхдээ олон сайхан хүүхдийнхээ ачаар энэ бүх уй гашууг тайлж яваа нэгэн юм билээ. Тэрээр одоо ач, гуч, зээ, зээнцэр гээд нэлээд хэдэн үеэ үзэж явна. Өлзийхүү гуай “Би “өдийд залуу байсан бол гурав юмуу, дөрвөн хүүхэдтэй л байх байсан байхдаа” гэж хэлээд бурууд­даг. Хүүхдүүд маань амны билэггүй юм яриад л” гэдэг юм гээд үр хүүхдээ тойруулан хөхрөлдөн сууна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан