Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Батсүх: Зам цэвэрхэн бол сэтгэл минь өег

М.ЖАВЗАНДУЛАМ

Хахир хүйтэн өвөл, халуун зунаар хар үүрээр босоод зам даган хогийн саваа чирчихсэн улбар шаргал хувцастнууд дэрсэн шүүр барьж, төмөр хүрз гялалзуулан, замын дагуух хог  шороог шүүрдэн, хажуугаараа өнгөрөх машиныг үл анзааран өмнөх ажлаа хийж яваа харагддаг. Жилийн дөрвөн улиралд амсхийх чөлөө завгүй. Ингээд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийг зорилоо. Хаалгаар ороод жижүүрт учраа хэлэн дотогш орж мастер Баясааг сурагласаар уулзлаа. Баясаа ах намайг дагуулан “Хүрээ” хотхоны урд зам цэвэрлэж байгаа хоёр үйлчлэгчтэй уулзуулав.

Дунд зэргийн нуруутай, хөрслөг бор царайтай, духанд нь бодлын зураас тодорч, үсэнд нь намрын хяруу буусан үйлчлэгч Л.Батсүх ах насандаа баймааргүй хурдан шалмаг хөдөлгөөнтэй нэгэн. Ховд аймгийн Манхан суманд төрсөн тэрээр хүүхэд наснаасаа хатууд идээшин, хар бор ажил хийж сурсан гэв. Өдгөө 60 настай. Үйлчлэгчийн ажлыг гурав дахь жилдээ хийж байгаа гэв. Таван хүүхэд өсгөж хүмүүжүүлэн өдгөө дөрөв нь тусдаа гарчээ. Одоо охин эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр хүнд өвчтэй охин маань оюутан болохоор надаас өөр ажил хийж, энэ гэрийн амьдралыг залгуулах хүн үгүй гэлээ.

Уг нь, ах нь тэтгэвэртээ гарах болсон хүн. Гэхдээ Улаанбаатар нэгтгэлийн удирдлагууд болон ажилчдаас намайг хоёр жил ажиллуулаач гэж гуйсан. Тэд маань эгэл амьдралын зовлонг хамгийн сайн ойлгодог юм шүү. Надад хамт олон маань боломж олгосон учраас ах нь хичээж байна. Энэ байгууллага  чинь ядарсан бидэнд сайн үйлс хийж, ажил төрөлтэй болгож байгаа шүү. Би ч яахав сайхан хамт олон, сайн байгууллагад ажиллаж амьдраад болж л байна. Хүнд хэцүү үед минь их тус болдог. Гэрт өвчин зовлон тохиолдоход, мөнгө төгрөгийн хэрэгцээ гарч, тусламж  эрэхэд хамгийн ойр байдаг юм. Болж, бүтэхгүй байгаа зүйлийг маань ч асууж, тусалж дэмждэг гэлээ.

Биднийг ярилцах зуур хажуугаар шүргэх шахам өнгөрөх жолооч нар цөөнгүй. Ойртож ирээд хурдаа сааруулж холуур тойрох нь ч байх. Ажаад байхад ер нь л эрсдэлтэй хүнд ажил юм. Аминд халтай, бас тэвчээр шаардсан ажил байна даа гэж бодлоо.

Харин Батсүх ах “Залуу үеийнхэн  маань их соёлтой болсон. Хажууд ирээд ахаа хогийн саванд чинь хогоо хийчих үү гээд машинаасаа бууж ирээд хогоо хийнэ. Гадуур нь унагачихвал уучлаарай гээд аваад хийчихнэ. Зарим үед оюутан сурагчид ирж, халуун аарц, цай ч өгнө. Мөн ч олон удаа ийм сайхан сэтгэлтэй хүүхдүүдтэй таарсан” гэлээ.

“Хүрээ” хотхоны ойролцоох замын хоёр талыг хоёр хүн бие биедээ дэм болон цэвэрлэдэг аж. Батсүх ахын хамтрагчийг Алтай гэдэг. Тэд ажилд хамт орсон цагаасаа эхлэн хамтрагч болсоор гурван жил өнгөрч. Намхан нуруутай, шар царайтай, дунд эргэм насны, их л шаргуу нэгэн харагдсан Алтай ах. Батсүх ах бид хоёрыг ярилцах зуур тэрээр аль хэдийнэ 200 метр замыг цэвэрлэжээ. Тэд өдөртөө 1500 метр зам цэвэрлэх нормтой. Цас бороотой үед 4-5 цаг заримдаа бүр 8 цаг ажилладаг. Харин цаг агаар сайхан үед дөрөвхөн цаг ажилладаг гэнэ.
Мөн нийслэлийн Нийтийн үйл­чилгээ­­ний Улаанбаатар Нэгтгэлийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн П.Түмэндэмбэрэл “Улаан­­­­­­баатар нэгтгэл нь үйлчил­гээний 302 ажилтантай. Улаанбаатар хотын төвийн хэсгийн 315 км зам буюу 4578724 ам.метр талбайг цэвэрлэдэг. Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюуш, Чингис болон Нийслэлийн өргөн чөлөө, Нарны зам, Засгийн газрын ордны зүүн баруун тал, Их Монгол, Олимп хотхон, Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, Турк Монголын цэцэрлэгт хүрээлэн, Тасганы овоо, Үйлдвэрчний эвлэл, 22-ын товчоо зэрэг 27 гудамж талбай бидэнд хамаарна. Бид ажилчдаа өвөл зуны хувцас, гутал зэргээр хангадаг. Мөн өдрийн хоолны 84 мянга, илүү цагийн мөнгө  зэргийг өгдөг” гэлээ.

Батсүх ах маань шүүрдсэн хогоо хогийн савандаа хийж, тэргээ орхиод, нэлээн зайдуу очиж дараагийн хогийг овоолно. Тэгснээ тэргээ чирээд овоолсон хогон дээр очин, хүрзээрээ хутгаж, богино дэрсэн шүүрээрээ түлхэж хогийн савандаа хийнэ. Ийм маягаар өдрийн хагасыг угтана. Нэг мэдэхэд арван хоёр цаг өнгөрчээ. Үдийн цайны цаг болж. Тэд үдийн цайгаа ойролцоо байх таньдаг айлдаа очоод уучихдаг гэнэ. Уг нь өдрийн хоолны мөнгө гэж 2500 төгрөг өгдөг ч цалингаас нь суутгадаг учир аль болох өөрсдөө болгохыг хичээдэг гэв. Цалингаа аль болох гэр орондоо зориулдаг. Үндсэн цалин маань 675 мянган төгрөг ч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд татвар суутгалаа төлөөд 500 гаруй мянган төгрөг гар дээрээ авдаг юм. Хоол унд, түлээ түлшиндээ ихэнхийг нь зарцуулдаг гэж байлаа.

Тэд Зүүн дөрвөн замын уулзварын гэрлэн дохионоос Кино үйлдвэр хүртэлх замыг шүүрдэнэ. Ингээд тэдний хамтаар зам дагуу явж, хогийн савыг нь зөөж өглөө. Гэхдээ хог ихсэх тусам хүнд болоод чирэхэд хүнд юм.

Л.Батсүх ах “Зам маань цэвэрхэн бол сэтгэл нэг л өег байдаг” хэмээн хамар дээр нь бурзайсан хөлсөө арчингаа хэлээд 17:00 цаг хүртэл ажиллана даа гэв. Бидний ойролцоо явган хүний гарц харагдлаа. Түүний дэргэд гурвуулаа жаахан амсхийв. Зам хөндлөн гарах гээд гарцан дээр зогсч буй шар дээлтэй, цагаан малгайтай өвгөнөөс “Та замын үйлчилгээний ажилтнуудын талаарх бодлоо хуваалцаач” гэхэд “Би энэ хүмүүсийг сайн үйлс хийж яваа л гэж боддог. Хаана ч байсан ажлаа хийж яваа харагддаг. Гадаа хүйтэн байхад хүртэл, хүрз, шүүрээ барьчихсан зогсч байдаг. Хөөрхий үйлчилгээний ажилчид гэж бодоод л өнгөрдөг дөө” гэлээ.

Харин Алтай ахыг зам цэвэрлээд зогсох зуур нэгэн эрэгтэй чиглэн ирээд автобусны чиглэл асуухад нь түүнээс би өөрийнхөө асуултыг асууж амжив. Эхлээд бултах гэснээ “Би эднийг их сайн хүмүүс л гэж боддог. Автобусны чиглэл сайн мэдэхгүй болохоор би эднээс л асуудаг. Үргэлж л зам дээр зогсч байдаг учраас тэр шүү дээ. Шөнө орой бараадаж, гэр рүүгээ харихад түшигтэй хүмүүс дээ”  гэлээ. 

Үд өнгөрөхөд урт зам үргэлжлэн өмнө нь зурайж байлаа. Ямар ч байсан хагас ажлынхаа ард гарчихсан гэхээр нэг бодлын сэтгэл амарч, дахиад дуустал замын цас хүрздэж, хог шүүрдэнэ гэхээр тэвчээр алдрах шиг...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан