Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ компани “Борусси Дортмунд”-тай хамтарч ажиллана

Б.БУЯНДАЛАЙ

Өнөө цагийн домогт тамирчид болох Коби Брайант, Лионель Месси нар “Turkish Airlines”-ын онгоцоор зорчиж байхдаа төрөл бүрийн үзүүлбэр үзүүлж нэгэн бяцхан жаалын анхаарлыг татахаар эрмэлзсэн ч өнөөх нь тэдэнд бус онгоцны үйлчилгээнд сэтгэл хангалуун яваа рекламыг бид үзэх дуртай. Дэлхийн шилдэг клубтэй ийнхүү хамтарч, супер оддыг рекламдаа тоглуулах нь тухайн компанийн хувьд нэр хүндийн илэрхийлэл байдаг гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл манай МИАТ компани Германы Бундеслигийн хамгийн шилдэг багуудын нэг “Борусси Дортмунд”-тай хамтарч ажиллах цаг тун ойрхон байна. Мэдээж ингэснээр тус клубт тоглодог Марко Ройс, Шинжи Кагава, Матс Хуммельс нарын дэлхийд нэр алдраа цуурайтуулж буй тамирчид МИАТ-ийн рекламд тоглох,  түүгээр дамжуулж Монгол Улсыг тив, дэлхийд сурталчлах томоохон боломж бүрдэх нь дамжиггүй. Энэ төслийн хүрээнд МИАТ, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Борусси Дортмунд” клуб хамтарч ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж. Уг ажлын шугамаар “Борусси Дортмунд” клубийн Ази номхон далайн бүс хариуцсан төлөөлөгчид Монгол Улсад ирлээ. Тэд энэ сарын 7-нд МИАТ, Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр МИАТ компанийн дэд захирал Н.Ганболд, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, “Борусси Дортмунд” клубийн Олон улсын харилцаа, бизнес хөгжлийг хариуцсан захиралтай цөөн хором ярилцлаа.


Н.Ганболд: МИАТ-ийг дэлхийд сурталчлах боломж бүрдэнэ

-“Борруси Дортмунд”-тай хамтарч ажиллах гарцыг хэрхэн олсон бэ?
-Өнгөрсөн жилийн долдугаар сард энэ клубийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэгэхэд бидний саналыг дуртай хүлээж авсан. Энэ клубийнхэн Туркийн агаарын тээврийн “Turkish Airlines”-тэй хамтарч ажилладаг. Гэхдээ тэр гэрээ нь ирэх тавдугаар сард дуусах юм билээ. Ингэснээр бидэнд “Борусси Дортмунд”-той гэрээ байгуулах боломж бүрдсэн юм.
Одоогоор гэрээгээ албан ёсоор байгуулаагүй байна. Гэрээгээ хэрхэн байгуулах, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцож, ерөнхий зөвшилцөлд хүрлээ. Ерөнхийдөө тавдугаар сард гэрээнд гарын үсэг зурчих байх.

-Дэлхийд алдартай олон клуб бий. Яагаад энэ клубийг сонгосон юм бэ?
-“Борусси Дортмунд” бол Германы хамгийн шилдэг клубүүдийн нэг. Одоогоор Бундеслигт хоёрдугаарт бичигдэж яваа. Германы шигшээ багийн ихэнх тоглогч энэ клубт тоглодог. Стадион нь гэхэд л 82000 хүний суудалтай. Үүгээрээ Европт тэргүүлдэг.

-Энэ гэрээг байгуулснаар ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?
-Зөвхөн манай компани гэлтгүй Монголын иргэний агаарын тээврийг дэлхийд сурталчлах боломж бүрдэнэ. Зөвхөн “Борусси Дортмунд”-ын стадионд компанийнхаа рекламыг цацлаа гэхэд л нэг дор 82000 хүн үзнэ. Тэр чинээгээрээ манай компани гадаадынханд танигдана гэсэн үг. Ингэснээр манай компани үйл ажиллагаагаа илүү богино хугацаанд өргөжүүлэн тэлэх боломжтой.

-Ийм том клубтэй гэрээ байгуулахад чамгүй их мөнгө зарцуулагдаж байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ энэ талаар ярихад арай эрт байна. Гэрээ байгуулсны дараа бүх зүйл тодорхой болно.


 А.Ганбаатар: ”Борусси Дортмунд”-ын академийг Монголд байгуулах төлөвлөгөөтэй

-Уулзалтын үеэр ямар асуудлаар санал бодлоо солилцов. Ямар нэгэн тодорхой шийдэлд хүрэв үү?
-Манай холбоо Германы Хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллаад чамгүй олон жил болж байна. Өнөөдрийн уулзалтын үеэр Германы мэргэжилтэн, дасгалжуулагч Монголд ажиллуулах, “Борусси Дортмунд”-ын салбар академийг манай улсад байгуулах, өсвөр үеийн Германд бэлтгэл хийлгэх хүсэлтээ илэрхийллээ. Ингэснээр манай тамирчдад ур чадвар, техникээ улам хурдан сайжруулах томоохон боломж бүрдэнэ. МИАТ компанитай гэрээ байгуулах гэж байгаадаа баяртай байна. Монголын хамгийн шилдэг иргэний агаарын тээврийн компанитай хамтарч ажилласнаар манай тамирчид эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд зорчих боломж бүрдэж байна.

-Манай шигшээ багийн тамирчдаас Германы лигт тоглох боломж бий юү?
-Мэдээж байгаа. Энэ талаар ч бас санал, бодлоо солилцсон. Германы лигт Монгол хөлбөмбөгчин тоглоно гэдэг амаргүй. Манай тамирчдаас л бүх зүйл шалтгаална.


Б.Сколз: Гэрээ байгуулна гэдэгтээ итгэлтэй байна

-Та бүхэн МИАТ компанийн хамтарч ажиллах саналыг хэрхэн хүлээж авав?
-Сүүлийн жилүүдэд манай клуб Азид үйл ажиллагаагаа тэлэх зорилготой ажиллаж байна. Энэ зорилгодоо хүрэх эхний гарц бол МХБХ болон МИАТ компанитай гэрээ байгуулах. Ер нь бид МИАТ компанийг эртнээс сайн мэддэг, судалдаг байсан. Гадаадад МИАТ-ийг сурталчлахаас гадна манай клубийг Монголд улам таниулах том боломж бүрдэж байна. Одоогоор манай Бундеслигийн тоглолтыг “NTV” телевиз дамжуулж байгаа. Удахгүй гэрээ байгуулна гэдэгт итгэлтэй байна.

-“Turkish Airlines”-тай байгуулсан гэрээ тань ирэх тавдугаар сард дуусна. Яагаад гэрээгээ сунгаагүй юм бэ?
-Уучлаарай, энэ асуултад хариулахгүй байж болох уу.

-Болно оо. МХБХ, МИАТ-тэй байгуулах гэж буй гэрээнд та бүхэн ямар санал, шаардлага тавьж байгаа вэ?
-Мэдээж шударга, ил тод байдлыг эрхэмлэнэ. Энэ бол чамгүй их хөрөнгө санхүү, менежмент шаардсан ажил.

-Монгол Улсад ирээд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Анх удаа ирж байна. Ийм хүйтэн гэж төсөөлөөгүй. Монголчууд их сайхан зочломтгой, найрсаг ард түмэн юм байна. Энд миний нэлээн олон найз бий. Өнөө орой нэг найзындаа очиж бууз чануулж идэхээр болсон. Хүндтэй, эрхэм зочиндоо өгдөг гэнэ билээ.

-Нутаг буцахаасаа өмнө үзэж, аялахаар төлөвлөсөн газар бий юү?
-Нэлээн олон газар бий. Харамсалтай нь, амжихгүй бололтой. Уг нь Гандан, Цонжин болдогийг үзье гэж бодож байсан юм.

-Хэзээ нутаг буцах вэ?
-Маргааш буцна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан