Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхийн сэтгэлээр өлгийдсөн “Эрдэнэтийн хороо”-ны хавар

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Сайн байна уу, ээжээ. Дуусч дундрахгүй мэт санагдаж байсан уртын урт өвөл харьж, урин цаг иржээ. Цаг наашлаад ч тэр үү цаанаа л сэтгэл гэгэлзээд...

Тандаа захиа бичилгүй уджээ. Хүү нь сайн, аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн албаа хаагаад, халагдах хоногоо тоолон сууна. Өнгөрсөн жилийн өдийд төл хүлээж авна гээд л түмэн ажил ундарч, ах та хоёртойгоо хонь мал гээд хотондоо бужигнаж суусансан. Хаврын хаварт ижий таныхаа дэргэд байсан болоод ч тэр үү энэ хавар ихээ удаж байж ирлээ. Өнө мөнх өвөл байх юм шиг бодогдож өдөр хоног өнгөрч өгөхгүй байсан цаг саяхан. Өвөлдөө цас их унасан болохоор ах та хоёрыгоо зутарч байгаа болов уу гээд сэтгэл зовж л суулаа. Гэвч эргэх дөрвөн цаг ээлж халаатай юм хойно Эрдэнэтийн хавар ирдэгээрээ ирж, газар тарлантан цас ханзарч, алс хэцийн уулс алаг цоог харагдах боллоо. Хүү нь шинэ цэрэг байхдаа ээж таныгаа, төрсөн нутгаа санахдаа тэртээ баруун хойно бараантах уулсыг саравчлаад баахан санаа алддаг байв. Одоо харин хал цэрэг болчихоод харих хоногоо тоолон сууна. Цаг хугацаа ч хурдан юмаа. Ижий таныхаа дэргэд эрх танхи өссөн би эр цэргийн албанд ирсээр хал үзэн хат сууж, эх орноо батлан хамгаалж явна. Одоо ч юухан байхав дээ. Ангир үрсээ дагуулан алсыг зорьсон шувууд гадаад их далайг гатлан гатлан ирэхэд хүү нь тандаа очино оо. Ижий минь та л энх мэнд сууж байгаарай...” хэмээн 20 ч хүрээгүй хал цэрэг ээждээ бичсэн захиагаа хоолой зангируулан уншина. Энэ бол Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн байлдагч Ц.Ганбаярын ээждээ бичсэн захидал. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хоёрдугаар багийн харьяат тэрээр 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Эрдэнэтийн хороо хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 186 дугаар ангид татагдан иржээ. Түүний бичсэн захиаг товч сийрүүлсэн нь энэ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрчүүдтэй эн зэрэгцэн эх орноо батлан хамгаалж, Зэвсэгт хүчинд алба хааж буй бүсгүйчүүдийнхээ нэг өдрийн ажил амьдралыг сурвалжлахаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийг зориод ирлээ. Зэвсэгт хүчний 186 дугаар анги буюу “Эрдэнэтийн хороо”-г ийн онцлох болсон нь учиртай. Улсын хэмжээнд хүн хүчний тоо хийгээд үүх түүх, үйл хэргээрээ үлгэр жишээ болсон мотобуудлагын томоохон хороодын нэг нь 186 дугаар анги.

БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайд бөгөөд бүх цэргийн жанжны 1936 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 5 дугаар тушаалаар Дорнод аймгийн Матад сумын Ар жаргалант хэмээх газар “Наймдугаар морьт дивиз”-ийг гурван морьт хороо, холбооны суман, нэг их бууны хороо, моторт отрядын хамт байгуулсан нь өдгөө БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит, Байл­дааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 186 дугаар анги болсон түүхтэй.

80 жилийн түүхтэй энэ ангийн бие бүрэлдэхүүний багагүй хувийг эмэгтэй алба хаагчид эзэлдэг учир ийн онцолсон хэрэг. Эмэгтэй хүн, эх хүн эрчүүдтэй эн зэрэгцэн эх орноо батлан хамгаална гэдэг хүнд хүчир алба. Тэр дундаа ихэнх нь анги нэгтгэлийн арын албанд хүчин зүтгэж, тэр бүр нэр дурдагдаад байдаггүй. Тиймдээ ч “Эрдэнэтийн хороо”-ны бүсгүйчүүдийн нэг өдрийн ажил амьдралтай танилцахаар Орхон аймгийг зорьсон хэрэг.

186 дугаар ангийн ажил үйлс жил ирэх тусам өөдлөн дэвжсээр өдий хүрснийг 80 жилийн ойгоо угтан гаргасан Эрдэнэтийн хороо номноос харж болно. Бүсгүй хүнийг эрийн түшиг, гэрийн чимэг гэдэгчлэн эл ангийг ч өөдтэй өнгөтэй явахад эмэгтэй алба хаагчдын үүрэг оролцоо их. Зэвсэгт хүчний анги нэгтгэл бүр Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй байдаг ч 186 ангийн бүсгүйчүүд эрхэлсэн ажил албаныхаа ха­жуу­гаар Эмэгтэйчүүдийн зөв­лөлийнхөө үйл ажиллагааг идэв­х­­жүүлж, байлдагчаас аваад бүх л алба хаагчдыг та­тан оролцуулж чадсанаараа онцлогтой.

Тус ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөл 2010 онд шинэчлэгдэн байгуулагдаж, анги хамт олон, алба хаагчид, тэдний гэр бүлийн сайн сайханд чиглэсэн цөөнгүй ажил, арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөөр байгаа аж. Тухайлбал, зөвлөлийн дарга, хошууч Д.Отгонцэцэгийн удирдан явуулдаг цуврал сургалтууд алба хаагчид хийгээд байлдагч тэр ч бүү хэл харьяа нутаг дэвсгэрийн оюутан залууст ч хүрдэг аж. Жишээ дурдвал, “Хүн байхын учир” сургалтад цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдыг тогтмол хамруулдаг нь тэдний сэтгэл санааны тогтвортой байдлыг хангах, зорилгодоо үнэнч байх, эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн албанд хандах хандлагыг сайжруулахад ихээхэн үр дүн өгч байгаа гэнэ.

Эрдэнэтийн хороотой биечлэн танилцаж алба хаагч, байлдагчдын адилаар нэг өдрийг өнгөрүүлсэн бидэнд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажил хэрхэн үр дүнгээ өгч буй нь тод томруун харагдаж байв. 186 дугаар ангийн байлдагчдын хувьд ямарваа ажилд оролцохдоо идэвх санаачилгатайн дээр илүү нээлттэй нь харагдаж байв. Тус ангид цэрэг татлагаар ирдэг залуусын ихэнх нь Архангай, Хөвсгөл, Улаанбаатараас ирдэг бөгөөд хөдөө орон нутгийн цэргүүдийн дунд цэргийн анги битгий хэл хот суурин ч үзээгүй, тэр ч бүү хэл бичиг үсэг бүрэн тайлагдаагүй нь ч байдаг гэнэ. Тиймдээ ч бүрэг ичимхий, бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулах чадвар муутай байдаг тухай 186 дугаар ангийн Соёл, хүмүүжлийн зааварлагч Т.Заяандарь хэлж байв. Тэрээр “Бидний ажил үүрэгтээ гол болгон баримталдаг зарчим бол хүнээр хүн хийх. Аав, ээжээсээ ч холдож үзээгүй 18-тай залуусыг зүгээр нэг цэргийн эрдэмд сургаад буцаах бус хүн байхын учрыг таниулж, бусдад өөрийгөө нээх чадвартай хувь хүнийг төлөвшүүлэхийг боддог. Тиймээс байлдагчидтай зөвхөн алба хаагч бус хүн гэдэг талаас нь харьцаж, хүмүүжил төлөвшилд нь анхаардаг. Ер нь, зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг шүү. Тиймдээ ч Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажил энэ чигт илүү анхаардаг хэрэг” хэмээж байв. Үнэхээр ч цэргийн насны залуусын дунд цэрэгт татагдана гэхээр л айж бэргэх, учиргүй дарамт шахалт дор орчих мэт сэтгэх нь их. Тэгвэл 186 дугаар ангийн байлдагчид алба тушаал дор байгаа ч ард юм шиг л харьцангуй чөлөөт сэтгэлгээтэй, нээлттэй байх аж.

Үүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн дунд дээр дурдсан цуврал сургалтуудаас гадны байлдагч нарт чиглэсэн бусад үйл ажиллагаануудыг дурдаж болно. Жишээ нь, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан 2012 оноос эхлэн ангийн нийт эмэгтэйчүүдийг эмч, сувилагч, асрагч нарын удирдлага дор 12 баг болгон хувааж цэргүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж, үдэшлэг, нийтийн бүжиг зохион байгуулсаар ирсэн нь өдгөө алба хаагчдын хүсэн хүлээдэг ажлын нэг болсон байна. Сар бүр тухайн сард төрсөн байлдагчдын төрсөн өдрийг нэгтгэн тэмдэглэдэг бөгөөд орой нь нийтийн бүжиг заах үдэшлэг зохион байгуулж, офицер, ахмад, энгийн ажилчид гээд эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөл оролцдог тухай хошууч Д.Отгонцэцэг хэлж байв. Тэрээр “Офицер ахлагч, гэрээт цэрэг, хугацаат цэрэг гэж ялгаварлаж ер болохгүй. Миний ойлгодгоор ямар ч хүн эцэг эхийн дэргэд, төрсөн гэртээ, мөн хамт олныхоо дэргэд хүмүүждэг. Түүнчлэн, эрчүүдийн хувьд эр цэргийн албанд ирээд мөн төлөвшиж хүмүүжих ёстой. Тиймээс цэргийг цэрэг гэж ялгах нь буруу. Байлдагчдынхаа төрсөн өдрийг тэмдэглэж нийтийн бүжиг зохиохдоо эмэгтэй офицер ахлагч нар энгийн хувцастай ордог. Энэ нь ямарваа ялгаваргүй байдал бий болгож буй хэрэг” гэсэн юм. Түүнчлэн, цэргүүдийн дунд уран уншлагын уралдаан зарлаж байр эзэлсэн байлдагчдыг 3-10 хоногийн чөлөөгөөр шагнадаг нь багагүй үр дүнтэй ажил болсон аж. Ямар ч байлдагч чөлөөгөөр гарахын тулд уран уншлагын тэмцээнд орж, өөрийгөө дайчилдаг бөгөөд тэр хэрээр нээлттэй болдог аж. Бүрэг ичимхий, бүдүүн бараг хэн бүхэн эл уралдаанд идэвхийлэн оролцдог ба алба хаагчдын нууц авьяас илэрэх нь цөөнгүй гэнэ. Энэ мэт Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хийж хэрэгжүүлснийг дурдаад дуусахгүй. Мэдээж энэ бүх ажилд багагүй хөрөнгө мөнгө шаардагдана. Эл асуудлыг эвтэйхэн шийдсэн нь ангийн ТҮЦ. Алба хаагчид, офицер ахлагч, байлдагчдаас аваад хэн бүхний үйлчлүүлдэг ангийн ТҮЦ анх ундаа, печень төдийхэн худалддаг жижгхэн мухлаг байж. Хэдий цэргийн анги ч гэлээ өөрийн гэсэн худалдан авагч, зах зээлтэйг анзаарсан Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн ТҮЦ-нийхээ үйл ажиллагааг өргөжүүлж, бараа материалын нэр төрлөө ч нэмэгдүүлсэн нь зөвлөлийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байна. Зөвлөлийн гишүүн бүр сардаа 1000 төгрөгийн хураамж өгч үйл ажиллагаандаа зарцуулахын зэрэгцээ ТҮЦ-ийнхээ орлогоор алба хаагчдаа ээлж дараалан эх орноороо аялуулсаар иржээ. Тухайлбал, 2011-2014 онд Дорноговь аймгийн Хамарын хийд, Сэлэнгэ аймгийн Ээж мод, Сайханы хөтөл, БНХАУ-ын “Утай-Бээжин”, Хөвсгөл далайгаар аялуулсан байна.


Ө.Эрдэнэ-Очир: Цэргийн албанд татагдаж буй залуусын боловсролын тҮвшин эрс сайжирч байна

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-Юуны өмнө ангийнхаа ойг угтаж хийж хэрэгжүүлж буй ажлаас тань сонирхвол?
-Манай Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1979 оноос Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эдүгээ 80 жилийн түүхтэйгээ золгож байна. Ойн хүрээнд манай хамт олон багагүй ажил амжуулсны дотор сурлагын амжилт жилээс жилд өсөн нэмэгдэж буйг дурдах нь зүйтэй. Мөн өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан бүтээн байгуулалтын ажил ч багагүй хийлээ. Цэргийн сургалт бэлтгэлийг ч дадлага давамгайлсан байдлаар зохион явуулж байна. Өнгөрсөн жилүүдэд Сэлэнгэ-Арвайхээр хээрийн сургуульд ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо. Мөн “Сэлэнгэ-2016” хээрийн сургуульд ч оролцохоор бие бүрэлдэхүүн бэлтгэлээ базаан ажиллаж байна. Түүнчлэн, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манайхнаас давхардсан тоогоор 800 гаруй алба хаагчид оролцож үүргээ амжилттай гүйцэтгэсээр ирсэн.

-Залуус цэргийн албанд татагдах нь ихэсч тэр хэрээр боловсролын түвшин ч дээ­шилж байгаа. Танай ангийн хувьд ямар байна?
-Хараад байхад жилээс жилд цэргийн албанд татагдаж буй залуусын боловсролын байдал эрс сайжирч байна. Тухайлбал, манай анги ихэвчлэн орон нутгаас цэрэг татдаг ч нэг удаагийн таталтаар 22 их, дээд сургууль төгссөн залуу ирж байгаа нь үүний нотолгоо. Нэг хэсэг “Үл мэдэгч” гэж яригддаг байсан бичиг үсэг тайлагдаагүй алба хаагчид ирэх нь цөөрсөн, бүр байхгүй болсон. Одоо харьцангуй боловсролтой залуус цэргийн албанд ирэх нь ихэсч. Тэр хэрээр цэргийн албанд татагдах залууст ч эерэг нөлөө үзүүлдэг болж.

-Олон улсын эмэгтэйчүү­дийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Эмэгтэй офицер, ахлагч нар­таа мэндчилгээ дэвшүүлэх байх?
-Тэгэлгүй яахав, Зэвсэгт хүчний 186 дугаар ангид алба хааж буй мөн арын албанд ажилладаг нийт эмэгтэй офицер, ахлагч нартаа баярын мэнд хүргэе. Мөн удахгүй болох Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн түүхт 80 жилийн ой тохионо. Ингээд арми, Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн ажиллаж байгаа офицер ахлагч, албан хаагчид, манай ангид ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан алба ахмад буурлууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд ангийнхаа түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан