Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ил тод нээлттэй Улаанбаатар+ 1000 сэтгүүлч

Л.БАТБААТАР

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монголын сэтгүүл зүйн анхдагч  бүтээл болох “Шинэ толь хэмээх бичиг” сонины  анхны дугаарыг хэвлэн гаргаж байжээ. Тэр өдрөөс хойш өдгөө Монголын сэтгүүл зүй радио, телевиз, портал сайтаар хүрээгээ тэлж өргөжин хөгжсөөр байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл жил бүрийн гуравдугаар сарын 6-ны өдрийг тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд, төр захиргааны байгууллагын ил тод байдал, нээлттэй засаглалыг онцлон Улаанбаатар хотын жишээн дээр тэмдэглэн өнгөрүүллээ. Учир нь, Улаанбаатар хот нь төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй, нээлттэй ил тод болгож, аливаа шийдвэр үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах зорилт тавьсан Монгол Улсын орон нутгийн төр  захиргааны анхдагч байгууллага болсон юм. Үүнд 2012 оны сонгуулиар бүрэлдсэн нийслэлийн удирдлагын багийн хамт олон шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.  Иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх нь сэтгүүлчийн үндсэн үүрэг. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод, нээлттэй Улаанбаатар” форумыг өнгөрсөн баасан гарагт  зохион байгууллаа.

Форумд нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид, Улаанбаатар  хотод үйл ажиллагаа явуулж буй 111 хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага болон ахмад, дунд, залуу үеийн сэтгүүлчдийн төлөөлөл болсон мянга гаруй хүн оролцсон юм.

НИТХ-ын дарга Д.Баттулга форумыг нээж “Нийслэлийн удирдлагын гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа хяналт тавьж, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэл авах эрхийг сэтгүүлчдэд олгосон юм. Ил тод нээлттэй, сайн засаглалыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархал илэрхийлье. Ил тод нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын бүтээлч санаачилга, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн салбарын дэмжлэг чухлыг тунхаглан иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хүсэл зорилгоо нэгтгэж байна. Дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй, эрүүл, аюулгүй, ил тод Улаанбаатар хотыг хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс ил тод нээлттэй засаглалыг орон нутгийн төр захиргааны байгууллагад хэрэгжүүлж, шууд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Улаанбаатар хотын дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг видеогоор үзүүлж, нийслэлийн Засаг даргын орлогч нар ажлаа тайлагнасан юм. Нийслэлийн удирдлагууд ил тод нээлттэй засаглалыг буй болгохын төлөө юу хийснээ Монголын сэтгүүл зүйн өдрөөр сэтгүүлчдэд тайлагнаж буй нь урьд өмнө гарч байгаагүй шинэ үзэгдэл болсон тухай форумд оролцогчид тэмдэглэн хэлж байв. Тухайлбал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа гуай “Би Монголын сэтгүүл зүй тэр дундаа Монголын радио, телевизэд хагас зуун жил ажилласан хүн. Өчнөөн жил ажиллахдаа ийм баярт оролцож явсангүй, ийм зүйл ч болж байсангүй. Анх удаа зохиогдож байгаа 1000 сэтгүүлчийн форумд оролцсондоо тун талархалтай байна” гэв.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод нээлттэй болсноор албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хууль бус шийдвэр гаргах боломжгүй ба иргэд өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн шийдвэрийг цаг алдалгүй мэдэх боломжтой болдог аж. Иргэд нийслэлийн төр захиргааны 24 байгууллагын 453 үйлчилгээг нэг цэгээс хүнд сурталгүйгээр авч буй нь нээлттэй засаглалын  хамгийн сайн жишээ гэж хэлж болно. Мөн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгуульд иргэдийн санал нөлөөлж буй нь ч нээлттэй засаглалын үр шим юм.

Иргэдийн “Төрийн үйлчил­гээг нэг цэгт төвлө­рүүлсэн нь цаг хугацаа хэмнэсэн, хүнд сурталгүй,  иргэдэд хандсан арга хэмжээ болсон. Нийслэлийн өмнөх удирдлагууд нэг цэгийн үйлчилгээний асуудалд анхаарал хандуулж, ач холбогдол өгдөггүй байсан” гэх яриаг Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төв,  Хан-Уул дүүргийн “Мишээл экспо” төв болон Сонгинохайрхан дүүргийн “Содон хороолол” төвд байрлах төрийн нэгдсэн үйлчилгээний  төвд олонтоо сонсч болно. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн анхны хийсэн ажил нь нийслэл, дүүргийн Засаг дарга нар гаргасан захирамжаа 72 цагийн дотор Ulaanbaatar.mn сайтад байршуулахыг захирамжласан юм.  Ингэснээр, засаглалын ил тод, нээлттэй байдал хангагдаж, 72 цагийн дотор захирамжаа тус сайтад байршуулаагүй нийслэл, дүүргийн Засаг даргын тушаал, шийдвэр хүчингүй болдог эрүүл жишиг тогтсон. Улаанбаатар хотын өмнөх  удирдлагуудын гаргасан зөв буруу,тушаал шийдвэрийг хотын иргэд дуртай дургүй биелүүлдэг  явдал өнгөрсөн түүх болсон гэхэд хэтрүүлэг болохгүй.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, автомашины дугаарын хязгаарлалт, 100 жилийн дараахь Даншиг наадам, хотын татвар, ухаалаг тээврийн үйлчилгээний систем нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан ч хэрэгжих үе шат бүртээ иргэдийн санал бодлыг тусгаснаар амьдралд амжилттай хэрэгжиж буйг нийслэлийн удирдлагууд онцолсон юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумд оролцож “Өнөөдөр ил тод нээлттэй засаглалын талаар Улаанбаатар хот шиг далайцтай ажиллаж, мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн орон нутгийн төр захиргааны байгууллага Монгол Улсын хэмжээнд алга. Тийм болохоор төр засгийн бодлого шийдвэр гарах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлье, хяналтыг сайжруулъя, хариуц­лагыг нэмэгдүүлье гэж байгаа бол бусад орон нутгийн төрийн байгууллагууд Улаанбаатар хотын сайн засаглалын туршлагаас суралцах ёстой. Үүнд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид маань онцгой үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүйгээр залгамж чанараа хадгалан үргэлжлэх ёстой бөгөөд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үйл ажиллагааны сайн жишээг дэмжин сурталчилж, танилцуулах нь улстөржилт биш гэдгийг хэлье. Ил тод нээлттэй засаглалыг бэхжүүлэх асуудал нь нийгмийн харилцаанд оролцогч талуудын хамтын оролцоо, хамтын хичээл зүтгэлийн үр дүнд хэрэгжих их ажил бөгөөд үр шимийг нь нийгмээрээ хүртэх учраас манай сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарынхан идэвхтэй оролцох ёстой юм. Иргэд санаачилгатай байж, нээлттэй засаглалын үр дүнд бий болсон боломжуудаа бүрэн ашиглахад нь манай салбарынхан тусалж, мэдлэг мэдээллээр хангах үүрэгтэй”  гэсэн нь ил тод нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо чухлыг онцолсон хэрэг юм. Улаанбаатар хотын сайн засаглалын жишээгээр Монгол Улсын орон нутгийн төр захиргааны байгууллага ажиллавал бидний “Хүнлэг ардчилсан нийгэм” байгуулах зорилт ойрхон байх нь тодорхой.
Улаанбаатар хотыг ил тод, нээлтэй, сайн засаглалын жишээ болгоход чухал хувь нэмэр оруулсан болон амжилттай ажиллаж буй  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нийслэлийн болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал гардуулсан. Мөн сэтгүүлчдийн асуултад нийслэлийн удирдлагууд нээлттэй хариулж, тунхаг бичиг гаргаснаар “Ил тод нээлттэй Улаанбаатар” 1000 сэтгүүлчийн форум амжилттай өндөрлөсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан