Л.БАТБААТАР
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс Гааль, татварын ерөнхий газрын талаар санал, хүсэлт ирүүлсэн байна. Энэ дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс нийтийн эрх ашгийг хөндсөн зарим асуудлаар тайлбар мэдээлэл авахаар Гааль, татварын ерөнхий газарт өчигдөр ажилласан юм.
Гааль, татварын байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтын эхэнд Ж.Батзандан “УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Гааль, татварын ерөнхий газрын ажлын талаар өнгөрсөн сард таван өргөдөл ирсэн. Энэ талаар тайлбар мэдээлэл авна. УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд гааль, татвартай холбоотой 10 гаруй хууль бий. Эдгээр хуульд оруулах зүйл заалт байвал та бүхний саналыг сонсохыг хүсч байна” гэв.
Ингээд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Гааль татварын байгууллагыг нэгтгэснээр ажил үүргийн давхцалаас болж ажилгүй болсон хүний тоог асууж, мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж буйг тодрууллаа. Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв “Хоёр байгууллагыг нэгтгэснээр гурван сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар Гааль, татварын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг хэлье. Тус газарт 3300 хүн ажилладаг. Ажил үүргийн давхардлаас 150 гаруй ажилтан цомхотголд орох ч ажлын байрыг нь хадгалахыг зорьж байна. 80 гаруй албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Би санал хүсэлтийг нь авч байна. Ажил мэргэжилдээ тэнцэх үү, үгүй юу гэдэг асуудал 50 гаруй хүнд тавигдсан. Улсын нууц мэдээлэл хамгаалах тусгай журамтай. Өмнө нь хоёр байгууллага нууц хадгалах дэг журамтай байсан. Энэ дэг журам хадгалагдаж мөрдөгдөж байгаа” гэсэн юм.
Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд “Ашиг орлого багатай жижиг аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын баримт олгох кассын машин авахад мөнгө санхүүгийн боломж тааруу” гэсэн гомдол ирдэг . Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед өрхийн бизнес эрхлэгч гэр бүлд нэг сая гаруй төгрөгөөр кассын машин худалдан авах нь хүндээр тусдаг. Хямд үнэтэй кассын машинаар хангах арга замын талаар тодруулахад “Иргэд, жижиг аж ахуйн нэгжүүд 1-2 сая төгрөгийн үнэтэй кассын машин заавал хэрэглэх шаардлагагүй. 80-120 мянган төгрөгөөр баримт хэвлэх машин худалдан авах боломжтой. Хуульд кассын машин болон түүнтэй адилтгах тоног төхөөрөмж хэрэглэж болно гэж заасан. Хямд машины талаар олон нийтэд сургалт явуулж байна. Монгол Улсын хэмжээнд 17 аж ахуйн нэгж кассын машин нийлүүлэх үйл ажиллагааг эрхэлж байна” гэж Гааль, татварын ерөнхий газрын удирдлага хариулсан юм.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэн н.Ган-Эрдэнээс Эдийн засгийн ил тод байдлын хуулийн талаар гомдол ирүүлсэн байна. Тэрээр гомдолдоо “ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд Татварын газрын цахим хуудас дахь судалгаагаар 90 хувь нь хуулийг дутуу ойлгосон, хугацаа алдсан, стандарт шаардлага хангаагүй, хуулийн этгээдэд боломж олгоогүй ба онлайн холболт муугаас хуульд хамрагдаж чадсангүй” гэсэн байна. Гомдлын талаар “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хүн амын 90 гаруй хувь нь ойлгоогүй гэдгийг дэгс тоо гэж бодож байна. Эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 50 хувь нь тайлан мэдээгээ шинэчилж ирүүлсэн. Үүнээс харахад хуулийн тухай мэдээлэл иргэд, аж ахуйн нэгжид хангалттай хүрснийг нотолж байна” гэж С.Пүрэв дарга онцоллоо.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан “Бидний хүрэлцэн ирсэн гол асуудал бол НӨАТ-ын баримт хэвлэх кассын машинаар иргэд, жижиг аж ахуйн нэгжийг хангах явдал юм. Техникийн шийдлийг Гааль, татварын ерөнхий газрын хамт олон олсон гэж ойлголоо.
Бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг сонслоо. 150 орчим хүний асуудал байгаа юм байна. 50 хүн ажлын хариуцлагын асуудалтай гэдэг талаар мэдээлэл авлаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль боломжийн хэмжээнд хэрэгжсэн гэдэгтэй санал нэг байна. З4 их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгосон том дэвшил юм” гэлээ.