Б.БААТАР
Индонез улсын баруун эрэгт 7.8 баллын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтөөс болж байгалийн гамшиг нүүрлэж магадгүй гэж Засгийн газар үзэн, иргэдээ аюулгүй байр, боломжит бүхнээ нөөцлөхийг уриаллаа. Баруун эрэгээс 660 километрийн зайд далайн гүнд хөдөлсөн учраас цунами үүсч тус улсын баруун эрэгийг хамарсан гамшиг болж магадгүй тул онц байдал зарлахад хүрсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Жилийн энэ сард ихэвчлэн газар хөдлөлт идэвхтэй байдаг бөгөөд манай гариг нартай ойртож зун болж газар дэлхий хайлж, хөдөлгөөнд орж байгаагаас үүдэн хавар ихэвчлэн газар хөдөлдөг байх талтай талаар эрдэмтэд онцолдог.
Газар хөдөлсөн нутгаар ямар нэгэн хүн амиа алдсан гэсэн мэдээлэл ирээгүй байгаа ч өчигдөр бүгд болгоомжтой байсан юм. Индонез улсын баруун эрэг, Энэтхэгийн далайн зүүн хэсэгт хөдөлсөн газар хөдлөлтийн талаар нарийн мэдээ мэдээллийг АНУ-ын газар хөдлөлтийн хүрээлэн, байгаль экологийн мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Геологийн судлалын хүрээлэнгийн мэдээлж буйгаар газрын гүнд далайд 28 километрт хөдөлсөн бөгөөд магадгүй цунами үүсэх аюул байгааг ч сэрэмжлүүлсэн. Тиймээс Засгийн газрын зүгээс онц байдал зарлаж, эрэгээс 10 км зайд нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Индонез улсын Паданг мужид нөхцөл байдал харьцангуй тайван байгаа ч эргийн хамгаалалт болон онцгой байдал бэлэн байдал зарлаад байсан юм. Япон улсад болж байсан аймшигт цунамитай адил зүйл арлын улс орнуудад тохиолдох айдас улс орнуудад байсаар байгааг хэвлэлүүд онцолсон. Эрх баригчид ч газар хөдлөлтөөс болж гарах хохирлын талаар санаа зовсоор байгааг нуусангүй. Индонез улсын Лампунг, Бенгкулу, баруун Суматра, Суматрагийн арлуудад цунамигийн аюул нүүрлэх магадлал хамгийн өндөр байсан ч төсөөлж байсан шиг зүйл болоогүй байна. Ингээд өчигдөр орон нутгийн цагаар 16:00-д цунамигийн онц байдал цуцлагдаж иргэд гэр орон руугаа очсон аж.
Өмнө нь 2014 оны арюаннэгдүгээр сард 7.1 болон 7 баллын хүчтэй газар хөдөлж байсан бөгөөд мөн л газар хөдлөлтийн идэвхтэй улиралд тохиолдож байсан гамшиг гэдгийг албаныхан өгүүлсэн. Хамгийн том хохирол 2004 оны арванхоёрдугаар сард 9.1 баллын хүчтэй газар хөдөлж Энэтхэгийн далайд 225 мянган хүн амиа алдаж байсан юм. Энэтхэг, Шри Ланка, Индонез болон Тайланд, Малайз Сомали, Кени, Танзани, Бангладеш улсын хүмүүс амиа алдаж байв. Ерөнхийдөө наймаас дээш хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд 100 гигатонн бөмбөг тэсэлж байгаатай адилхан хэмжээний хүч ялгардаг талаар судалгаа бий. Тиймээс тухай бүрт аймшигт зүйл тохиолдож хүн амьтан маш ихээр үрэгдэж байдаг учраас ийнхүү болгоомжлох айдастай байдаг байна.
Газар хөдлөлтийн шалтгааныг эрдэмтэд ийнхүү тайлбарласан байдаг. Тектоник гаралтай газар хөдлөлт дэлхий дээр хаа сайгүй тохиолддог аж. Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсэх аж. Плитийн трансформ ба конвергент заагуудын нь газрын гадаргууд, маш том хагарлын дагуу байрлах ба плитүүд энэ заагийн дагуу хөдөлж байдаг. Хагарлын дагуу уг хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт орж, хөдөлгөөн зогсоход плитийн түлхэх хүчнээс ихээхэн энерги, тухайн хөдлөхөө больсон плитийн зааг, хагарал орчимд хуримтлагдана.
Хуримтлагдаж буй энерги саадыг эвдэх хэмжээнд хүртэл энэ зогсонги байдал үргэлжлэх ба энерги хязгаараас давахад хөдөлгөөн огцом хөдлөхөд хуримтлагдсан энерги чөлөөлөгдөн газар хөдлөлт үүснэ. Хуримтлагдсан нийт энергийн зөвхөн 10 хувь нь сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэдэг бөгөөд дийлэнх нь хагарал үүсгэх, хагарлын дагуу үрэлтийн дулаан болон хувирдаг гэж тайлбарлажээ. Ямартай ч энэ удаад Индонез улсыг аз дайрсан бололтой.