Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Богино настай гэрлэлт


Гэр бүл салах нь ямар хор уршиг дагуулдаг вэ


Юун түрүүнээ хүүхэд “өнчирнө”. Монголчууд “эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том “гэж ярьдаг. Хатуу боловч хагас гэр бүлд өссөн хүүхэд зөв төлөвшиж чаддаггүй гэсэн л үг.

Б.Д хоёр гэр бүл болж 10 жил хамт амьдраад саллаа. 10 хүртэлх насны хоёр хүүхэдтэй. Тэд аав ээж хоёрынхоо нэгийг дагана. Ихэнх тохиолдолд ээжийгээ дагадаг. Монгол Улсад хагас өнчин хүүхэд хоёроор нэмэгдлээ. Асуудал үүгээр дуусахгүй. Өөрийн гэсэн орон байр сууцгүй айл нэгээр нэмэгдэнэ. Аягүй бол өмчийн маргаан гарна. Өнөөдөртөө манайд гэр бүлийн гэрээ төдийлөн хийхгүй байгаа болохооор хамтын хүч хөдөлмөрөөр бий болгосон өмч хөрөнгөө хэрхэн хуваах вэ гэдэг асуудал гарна гэсэн үг. Салсан нөхөр өөрийн орлогоос хоёр хүүхэддээ тэтгэмж төлнө. Хэдийгээр ганц бие ч гэлээ тэр бас л амь зуух хэрэгтэй. Тэгтэл орлогынхоо зохих хувийг хүүхэддээ өгөхөөр орлого нь буурна л гэсэн үг.
Өнөөх эхнэр нь өрх толгойлсон эмэгтэй болж хувиран хоёр хүүхдээ ганцаар өсгөнө.

Энэ бол наад захын жишээ. Салах дээрээ тулахаар өмч хөрөнгөө хувааж авч чадалгүй шүүхээр заргалдаж яваа хүмүүс алийг тэр гэхэв.

БАРИМТ: 2014 онд Монгол Улсад 17332 хос гэрлэлтээ бүртгүүлсэн байхад 3750 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан баримт байна. Dодоход 21,6 хувь буюу нийт гэрлэгсдийн бараг дөрөвний нэг нь салсан гэсэн үг. 2014 онд гэр бүлээ цуцлуулсан  гэр бүлийн 2143 нь буюу 57 хувь нь 10 хүрэхгүй жил ханилаад салсан байх юм. Нэг жил ч бололгүй салсан нь 51, 1-3 жил болоод салж байгаа нь 265, 4-6 жил болоод салж байгаа гэр бүл 914 байна. Гэр бүл цуцлалт  2014 онд өмнөх оноосоо 6.5 хувиар өсчээ.

Хэдийгээр монголчууд “Эхнэр нөхөр хоёр байтугай эрүү толгой хоёр салдаг хорвоо” гэж хатуугаар хэлдэг ч гэсэн аймшигтай тоо шүү.
“Чамгүй бол би амьдралгүй, чи минь л надад энэ хорвоогийн түшиг” гэж ханилж суучихаад, бүр ах дүү төрөл саднаа урин залж хурим найр хийчихээд яагаад хоёр тийшээ болоод байна аа. Яагаад, юунаас болоод.......
Гэр бүл судлаач Л.Нарантуяа энэ тухайд “Хамгийн гол нь гэр бүл болж байгаа хүмүүс бие биенээ сайн таньж мэдэхгүй гэр бүл болж байна. Хүний нэрийг, гадаад төрхийг сайн мэдэж байх чинь тухайн хүнийг бүрэн таньж мэдэж байгаа хэрэг огтхон ч биш” гэж байна.
Харин хүн амын нягтрал ихсэх тутам хүмүүс бие биенээ таних нь улам багасдаг нь жам. Аймаг сумын төвд, 50, 60 жилийн өмнө нийслэлд ч тэр хүмүүс бие биенээ бараг таньж мэддэг, хүүхэд багачууд нь хамт тоглож, нэг цэцэрлэгт явж, нэг сургуульд хамт сурдаг байж. Өдгөө бид орцныхоо айлуудыг ч танихгүй, үр хүүхдүүд маань ангийнхнаасаа бусдыг мэдэхгүй өсч байна.  Нөгөө талд нь үдэшлэг цэнгүүн үзвэр үйлчилгээ гээд олон арга хэмжээ нь “сайхан бүсгүй, сайн залуу”-тай танилцах боломжийг нь тэлж байгаа. Ингээд л гэнэт учирсан хоёр бие биегүйгээрээ амьдрах аргагүй болоод хэд гуравхан сарын дараа нэг гэрт орчихдог. Харамсалтай нь хэдэн сар, нэг хоёрхон  жилийн харилцаа нь бие биенээ бүрэн таньж мэдэхэд хангалтгүй байснаас яг нэг гэрт ороод амьдраад ирэхээр санал нийлэхгүй, таарч тохирохгүй зүйл өчнөөн гараад өнөөх нэг нэгэнгүйгээрээ амьдрах аргагүй гээд байсан нь нэг гэрт бүү хэл нэг нарны дор хамт амьдрах аргагүй болчихоод  салж сарнихад хүрдэг хэрэг гэж сэтгэл судлаач хэлж байна.
Залуу ээж А-тэй ярьжээ суухад  “Би төгсөх курсийн оюутан байхдаа шинэ жилийн үдэшлэг дээр  нэг залуутай танилцсан. Тэгээд уулзах  тусам татагдаж дотноссоор хавар хонхны баярын үеэр харилцан гэр бүлийнхэнтэйгээ танилцаж  нэг гэрт орцгоосон.  Удалгүй бид үзэл бодол нийлэхгүй салсныхаа дараа би  жирэмсэн болсон байснаа хэлэхэд тэр  юман чинээ тоогоогүй. Охиныг нь гэдсэндээ тээгээд явж байхад  нэг удаа ч мэнд мэдэхгүй алга болсон” гэж дуу султайхан ярилаа.

БАРИМТ: 2014 оны мэдээгээр улсын хэмжээнд 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 40327 гэсэн байна. Огт гэрлээгүй хүүхэд төрүүлсэн, гэр бүлийн нь хүн нас барсан хүмүүс байгаа ч гэсэн энэ дотор салсан гэр бүлийн хүүхдүүд  бас л багтаж байгаа. Мөн улсын хэмжээнд  хагас өнчин 35053 хүүхэд бий гэсэн тоо байна. Энд аанай л аав нь, эсвэл ээж нь орхиод явчихсан хүүхдүүд орж байгаа.

Хуучин бол нэгдүгээр ангиас эхлээд аравдугаар анги төгстлөө нэг сургуульд, нэг ангид хамт сурч байгаад л ижил дасал болоод нэг гэрт ордог байсан. Мөн аав ээжээрээ удам судрыг нь шинжүүлэх, таниулах гээд тэднийхээ санаа бодлоос хамаарч шийдвэр гаргадаг байж. Харин өнөө үеийн залуучууд эцэг эхээсээ мөнгө авах болохоор хараат хэрнээ, нэг л их том хүн аав ээжээсээ бүхнийг хамааралгүй өөрөө шийдчих гэдэг  болсон нь нууц биш.
Барууны орнуудын гэр бүл, эцэг эх хүүхдийн  харилцааг дуурайгаад байдаг юм уу гэхээр үгүй ч юм шиг. Юу гэвэл нөхөн үржихүйн асуудал дээр европын орнуудын хүүхдүүд  эцэг эхтэйгээ чөлөөтэй ярилцдаг байхад манайхан ер тийм биш ээ. Харин ч бүр эцэг эхээсээ нуугаад үүнээсээ болж асуудалд ордог. Мөн эцэг эх нь ч “Айлын охин жирэмсэн болгочив, гэдсээ  чирээд ирэв” гэхээс өөрөөр илүү дотно ярилцдаг эцэг эхчүүд цөөхөн бололтой.   
Харин Сэтгэл зүйн үйлчилгээний үндэсний төвийн эрхлэгч М.Хишиг-Ундрах  “Гэр бүл цуцлалтанд нэгдүгээрт гэр бүлийн боловсрол, төлөвлөлт нимгэн, хоёрдугаарт бие биенээ таниагүйн дээр сэтгэл хөдлөлөө барих, хянах чадвар сул байгаа юм” гэж байна.
Арван жил амьдарсан хоёр хүүхдийн эцэг эх гэрлэлтээ цуцлахад хүрчээ. Шалтгаан нь ердөө л бие биенээ харддаг,  согтуудаа гаргасан авираас болсон байгаа юм. Эцэг эх нь ч яахав хоёр тийшээ болдог юм байж гэхэд ямар ч буруугүй хүүхэд хохирогч болж улмаар  төлөвшилд нь сөргөөр нөлөөлж байгаа хэрэг.
Өнөөгийн нийгэмд гэр бүл салах бас нэг шалтгаан нь гэр бүл доторхи хөдөлмөрийн хуваарь өөрчлөгдөж, өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн ажил эрхлэх нь ихэсч, цаг зав бага болсон явдал бас нөлөөлж байгаа гэж барууны орнууд үздэг байна. Хуучин нийгмийн үед эмэгтэйчүүд ихэвчлэн ажлын найман цагаар улсад ажилладаг байсан бол өнөөдөр бизнес эрхэлж, байгууллага тэргүүлж, ажлын хүрээ нь улс орны хэмжээнд бүр, гадаад орон дамжин үргэлжилдэг болсон. Энэ нь гэр бүлийн хосуудын  хамт өнгөрөөдөг цаг багасахад хүргэж аажмаар хөндийрөхөд хүргэдгийг ч сэтгэл судлаачид  хэлж байна.
Энэ бүх сөрөг нөлөөллөөс хамгаалахын тулд мэдээж гэр бүл тогтвортой байх ёстой. Үүний төлөө төр ч бас анхаараагүй бишээ.
Ерөнхий боловсролын дунд сургуульд заадаг Эрүүл мэндийн хичээлийн хүрээнд 11, 12 дугаар ангийн сурагчдад “Гэр бүл төлөвлөлт” хичээлийг долоо хоногт нэг цагаар орж байна. Гэхдээ энэ хичээл ороход  сурагчид  ичээд, заримдаа инээд наргиан болоод л өнгөрдөг юм” гэж нэг сурагч ярьж байсан.
Гэр бүл салах, хүүхэд өнчрөхөөс сэргийлэхийн төлөө төрөөс авч хэрэгжүүлж байгаа бас нэг ажил бол  Шүүхийн дэргэд эвлэрүүлэн зуучлах алба байгуулсан явдал. Энэ тухай хууль 2013 оноос эхлэн  мөрдөгдөж байгаа.
Улсын Их Хурлын 2003 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын  4-т  “Гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг одоогийнхоос илүү боловсронгуй болгож, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч шийдвэрлэдэг болох”-оор ч заасан байна.

БАРИМТ:  2014 оны тавдугаар сарын байдлаар Шүүх дэх орон тооны эвлэ­рүүлэн зуучлагч нар 721 өргөдөл хүлээн авч эвлэрүүлэн зуучлах ажил­лагаа хийсний дүнд гэр бүлийн харилцаанаас үүдэл­тэй маргаан 52,5 хувь буюу 378 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж 300 гаруй маргааныг эвлэрүүлж, 89 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.


Албаны энэ тайлангаас  ямартай ч 300 гаруй гэр бүл хараахан салаагүй юм байна гэж ойлгож болмоор байна.
Гэр бүлийн талаар төр бодлого гаргаж, хүүхэд залуучуудад гэр бүл төлөвлөлтийн хичээл заадаг болж, салж сарних дээрээ тулаад ирэхээр нь эвлэрүүлэхээр оролдож арга хэмжээ авсаар байгаа ч гэр бүл салах явдал буурахгүй байгаа нь харагдсан юм.
Орон гэргүй тэнүүлч хүүхэд, гэр бүл дэх хүчирхийлэл, өсвөр насныхан гэмт хэрэг үйлдэх, сургууль завсардах гээд хүүхэд багачууд, өсвөр насныхантай холбоотой сөрөг үзэгдэл бүхэн гэр бүл салалттай шууд биш боловч ямар нэгэн шижмээр холбоотой гэдгийг энэ сурвалжлагыг бэлтгэх явцад уулзсан бүхэн хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан