Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Цогт: Байгалийн гамшигт үзэгдэл болно

Өчигдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн  70 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд 18 аймгийн 98 сум “Цагаан зудтай”, 20 аймгийн 113 сум “Цагаан зудархуу” гэх зэрэглэлд хүрсэн. Түүнчлэн гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 20 аймгийн 205 сумын 248910  ( бод 34764, бог 214146) толгой мал хорогдсон мэдээтэй байна. Байгалын гамшигт үзэгдэл болох талаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур, орчны судалгаа, эрдэм шинжилгээий хүрээлэнгээс  сэрэмжлүүлэх мэдээллийг хийсэн юм.

Ус цаг уур, орчны судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн эрхлэгч Ж.Цогт:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларч байна. Ялангуяа говийн бүсийн өмнөд хэсгийн цас бага энгэр газраар өдөртөө 5-10 хэм дулаарч байгаа ч энэ нь удаан хугацаанд үргэлжлэхгүй. Энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, өмнөх хоногуудаас 10-15 хэмээр буурах төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл болох нөхцөл бүрдэж байна. Учир нь, Баруун Сибирээс ирсэн хүйтэн агаарын урсгал энэ сарын 3-ны шөнө баруун аймгуудын нутгаар орж ирж улмаар Хангайн нурууг давснаар Орхон, Сэлэнгийн сав газарт өндрийн бага даралтын орон үүснэ. Үүнтэй холбоотойгоор цаг агаарын байдал эрс муудах нь. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор “Цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдлийн хэмжээ”-г тогтоосон. Уг тогтоолд “Цас орох үед  салхины хурд 16 метр секунд буюу түүнээс дээш болох ба энэ байдал зургаан цагаас дээш хугацаагаар үргэлжилбэл цаг агаарын гамшигт үзэгдэл гэнэ” хэмээн заасан.
Мөн 12 цагийн дотор 10 мм-ээс дээш хэмжээтэй цас орвол цаг агаарын гамшиг үзэгдэл гэж үзнэ. Гуравдугаар сарын 2-ны шөнөөс баруун аймгуудын нутгаар  цас орно. Энэ цас гуравдугаар сарын 3-ны өдөр баруун болон төвийн нутгаар үргэлжлэн орох юм. Мөн гуравдугаар сарын 4-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орно. Ялангуяа Төв, Хэнтий, Дорнод, Өвөрхөнгай аймгийн нутагт их хэмжээний цас орж болзошгүй. Салхины хурд ихэнх нутгаар 18-20 метр секунд, говийн нутгаар 24 метр секунд хүрч ширүүсч хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян: 
 

Ус цаг уур орчны эрдэм шинжилгээний байгууллагын мэдээллийн дагуу Онцгой байдлын газраас иргэд олон нийт, малчид, тээвэрчдэд хандаж дараахи анхааруулга сэрэмжлүүлгийг өгч байна. Хүчтэй цасан шуургын үеэр жолооч нар холын болон ойрын тээвэрт зорчихгүй байх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хаваржилт хүндэрч болзошгүйтэй холбоотойгоор малчид малын бэлчээрлэлтийн асуудалд анхаарах, цаг уурын байгууллагын сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэж, ажил төрлөө зохицуулах шаардлага бий болж байна. Цасан шуурганд зам даваа боогдож хальтиргаа гулгаа үүсдэг. 14 аймгийн 88 сумын142 даваа, 30 тал хээрийн хөндий цасанд боогдох эрсдэлтэй. Иймээс иргэд эдгээр сумын даваа гүвээгээр зорчихгүй байх, аюулгүй байдлаа хангах, холбогдох байгууллагууд бэлэн байдлаа өндөрсгөж ажиллах шаардлагатай байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн ангиуд, гамшгаас хамгаалах албад гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, бэлэн байдлаа хангах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нийт нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга болсон. Энэ үеэр 150 гаруй малчин малаа даган салхинд уруудаж төөрсөн. Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг явуулснаар 147 иргэнийг эсэн мэнд аварсан. Мөн 120 гаруй толгой мал зүй бусаар хорогдсон байдаг. Энэ гашуун туршлагыг давтахгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Замын хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгцээ шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай давах зорилгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 11 мянга гаруй тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр малчдад олгосон. Мөн 7300 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж олгосон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан