Л.БАТБААТАР
Нийслэлчүүд өчигдөр байгалийн сонин үзэгдлийн гэрч болсон. Өвлийн улиралд манан татах нь ховор үзэгдэлд тооцогддог гэдгийг цаг уурчид хэлдэг. Манан нь зун, намрын улиралд томоохон голын хөндийгөөр татдаг гэсэн ойлголт бидэнд бий. Гэсэн ч өчигдөр Хан-Уул дүүрэг орчимд бүүр ч өтгөн манан татаж, нийслэлийг чийглэг агаар нөмөрсөн юм.Тиймээс өвлийн улиралд манан татах болсон шалтгааны талаар Ус цаг уур, орчны судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Ч.Сарантуяагаас тодруулсан юм.
-Өглөө Улаанбаатар хот даяар манан татсан байлаа. Ялангуяа Нисэх, Яармагийн орчимд өтгөн манан татаж, авто замын хөдөлгөөнд саад бэрхшээл учруулсан. Ер нь өвлийн улиралд манан татах нь хэвийн үзэгдэл үү. Энэ манан байгалийн үзэгдэл байв уу эсвэл гадны нөлөөтэй үүссэн зүйл үү?
-Өнөөдөр (өчигдөр) өглөө алсын бараа муудаж манан татсан. Манан татах болсон шалтгааны талаар тайлбарлая. Монгол Улсын ихэнх нутаг дэвсгэрт цасан бүрхүүл тогтсон, хүйтэн байна. Хаврын сар дөнгөж эхэлж, өвлийн улирал хараахан дуусаагүй байна. Өнгөрсөн хоногуудад баруун хойноос агаарын дулаан урсгал шилжиж ирж байгаа юм.
Хүйтэн газрын гадарга дээр харьцангуй дулаан чийглэг агаарын урсгал шилжиж ирснээр манан үүссэн. Газрын гадарга орчимд агаарын дусал буюу жижиг хэмжээний мөсөн талст үүсч, алсын барааны харагдац 50 метрээс дотогш орох үзэгдлийг манан гэдэг.
Монголд манан нь зуны сүүл, намрын эхэн үед голдуу ажиглагддаг. Европын орнуудад болон Дундад Азийн бүс нутагт өвлийн улиралд манан татах нь түгээмэл үзэгдэл юм. Харин Монголд өвлийн улиралд манан татах нь маш ховор. Бараг байхгүй гэж хэлж болно.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Ялангуяа Төв Азийн бүс нутагт. Үүнтэй холбоотойгоор, Монголд өвлийн улиралд манан татах үзэгдэл мэр сэр гарсан. Ер нь, харьцангуй дулаан чийглэг агаар хүйтэн гадаргад шилжсэнээр манан татах үзэгдэл үүсдэг гэж дурдсан. Манан нь нисэх онгоцны хөдөлгөөнд хүндрэл учруулдаг.
Цаг уурын үүднээс нүүлтийн, цацрагийн, хавсарсан манан хэмээн хуваадаг. Өнөөдөр (өчигдөр) Улаанбаатар хотод үүссэн манан бол нүүлтийн манан. Монголд нүүлтийн манан хаврын эхэн үед ажиглагдах тохиолдол бий.
-Байгаль цаг агаарын өөрчлөлтөөс болж өвлийн улиралд манан татаж байна уу. Урьд өмнө өвлийн улиралд ийм үзэгдэл болж байсан эсэхийг сайн санадаггүй?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон дулааралт эрчимтэй явагдаж байна. Эрт дулаарч байна. Хоногийн дундаж дулааны хэм нойлоос давах хугацаа өмнөх жилүүдээс эрт болсон.
Өвлийн улирлын төгсгөл, хаврын эхэн сард манан татах үзэгдэл ажиглагддаг нь уур амьсгалын өөрчлөлт дулааралт эрчимтэй явагдаж буйн шинж юм. 1990 оноос өмнө өвлийн улирал гуравдугаар сар дуустал үргэлжилдэг байсан.
Ийм үед өвлийн улиралд нүүлтийн манан үүсэх тохиолдол бараг ажиглагддаггүй байв. Харин сүүлийн үед ийм үзэгдэл ажиглагдах боллоо.
-Нүүлтийн манан гэдгээ тайлбарлахгүй юү?
-Өвлийн улиралд үүссэн манан зуныхаас илүү хугацаагаар үүсдэг. Тухайлбал, өвлийн улиралд үүссэн манан өдрийн 11 цаг хүртэл арилдаггүй. Манан үүр шөнийн цаг буюу 5-6 цагийн үед үүснэ. Нутгийн хойд хэсгээр үүссэн агаарын даралтын урд хэсгийн харьцангуй дулаан чийглэг агаар орж ирснээр өнөөдрийн (өчигдөр) манан татсан гэж ойлгож болно.