Э.ГАНЦЭЦЭГ
Улсын Их Хурлаас 2002 онд баталсан Эмийн талаар төрөөс баримтлах бодлогод “Эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэл хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогын эрхэм зорилго мөн” хэмээсэн нь бий. Гэтэл өнөөдөр хуульд заасанчлан өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, бэлдмэлээр ард иргэдээ хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж чадсан уу.
Нэг үеэ бодвол эм, бэлдмэлийн нэр төрөл олширч, олдоц сайжирсан ч үүнийгээ дагаад баталгаагүй хуурамч эм, бэлдмэл хил гаалиар орж ирэх нь ихэссэн. Манай улсын эмийн зах зээлийн 30 гаруй хувийг хуурамч эм эзэлдэг гэх судалгааг хэвлэлийн хуудаснаас ч олж харав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар дэлхийн нийт эмийн зах зээлийн 10 хувь, хөгжиж байгаа орнуудын нийт эмийн зах зээлийн 25 хувийг хуурамч эм эзэлдэг байна. Ялангуяа Камбожи, Лаос, Мьянмар, Орос, Хятад зэрэг улсад хуурамч эмийн худалдаа, үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж байгаа. Энэ нь дотоодын нийт эмийн хэрэглээнийхээ 70 гаруй хувийг гадаадаас хангаж, тэр дундаа хоёр хөршөөсөө импортолдог манай улсын хувьд анхаарууштай юм. Нэг үгээр хэлбэл, эмийн аюулгүй байдалд анхаарал хандуулах цаг болсныг илтгэж буй хэрэг. Эрэлт буурсан тохиолдолд ямар ч бизнесийн үйл ажиллагаа зогсдог эрэлт, нийлүүлэлтийн хууль бий. Баталгаагүй хуурамч эм, бэлдмэл худалдаалах бизнес оршсоор байгаа нь худалдан авагч байгаатай шууд холбоотой. Энэ нь иргэд эмийн зохистой хэрэглээний талаар ойлголт дутмаг байгаагийн илрэл. Уг нь хуульдаа “Ард иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ” хэмээн тусгасан ч төрөөс хэрэгжүүлж буй энэ төрлийн ажил иргэдэд төдийлөн хүрдэггүй. Үүнийг салбарынхан ч хүлээн зөвшөөрч, “Монгол Улсад эмийн, тэр дундаа антибиотикийн хэрэглээ мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтаас гарсан. Үндэсний аюулгүй байдлын яригдах хэмжээнд хүрч, эмийн зохистой хэрэглээ алдагдсан. Дотоодын болоод импортын эмийн чанарын асуудал ч тааруу байгаа. Эмийн хэрэглээний зохицуулалтын чиг үүрэг бүхий мэргэжлийн хяналтын байгууллага, чанарын хяналтын лаборатор, эмзүйн болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоод хамтран ажиллах тал дээр учир дутагдалтай байна” хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж хэлж байгаа юм. Мөн сүүлийн жилд гарал үүсэл, орц, найрлага нь тодорхойгүй эм, биобэлдмэлийг олон нийтийн сүлжээгээр худалдаалж, иргэд ч авдаг болсон. Энэ нь мөн л эмийн зохистой хэрэглээ буюу манайд бүхэл бүтэн системийн гажуудал бий болж, иргэд эмийн талаар зөв ойлголт, мэдээлэлгүй байгааг илтгэнэ.
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь эмчийн оношилгоо, өвчтөнд бичиж өгсөн жороос эхлээд эмийн санч жорын дагуу эм олгож байгаа эсэх, эм хэрэглэх зааврыг хэрэглэгчид ойлгомжтой тайлбарлах, зааврын дагуу зөв хадгалах, өвчтөн жорын дагуу хэрэглэх гээд өргөн хүрээтэй асуудал. Дээр дурдсанчлан манай улсад энэ ойлголт гажуудаад цөөнгүй жилийг ардаа үджээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын газар хоёр жилийн өмнө эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хяналт шалгалт хийж, олон төрлийн алдаа, дутагдлыг илрүүлсэн байна.
Манай улсад 32 эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж, эм, бэлдмэл үйлдвэрлэдэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээрх үйлдвэрүүдийн 80 гаруй хувьд хяналт, шалгалт хийж, үүнээс 72 хувь нь үйл ажиллагааны доголдолтой, 57 хувь нь холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилт хангаж ажилладаггүй аж. Мөн 27 эмийн үйлдвэр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, давхардсан тоогоор 1000 гаруй нэрийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн зөрчил илэрчээ. Энэ нь тэр хэмжээгээр баталгаагүй эм, бэлдмэлийг иргэд хэрэглэсэн гэсэн үг. Мөн дээрх эмийн үйлдвэрүүдийн тал орчим хувь нь шаардлага хангасан лабораторгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Хамгийн анхаарал татаж буй нь эмийн үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь үйлдвэрлэсэн эмийнхээ гаж нөлөө, чанар, аюулгүй байдлын үнэлгээ, судалгааг хийдэггүй байна. Илэрсэн алдаа, дутагдлыг МХЕГ-аас биелүүлэхийг шаардаж, хяналт тавьж ажилласнаар өнгөрсөн жил дотоодын эмийн үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 76 хувь нь эмийн бүртгэлд бүртгэгдэж, дээрх үйлдвэрүүдийн 70 гаруй хувь нь үйлдвэрлэсэн эмийнхээ гаж нөлөө, чанар, аюулгүй байдлын судалгааг хийдэг болж.
Түүнчлэн хуурамч эм худалдаалдаг, жороор олгох эмийг жоргүй өгдөг, мэргэжлийн бус хүн ажилладаг гэх хэл ам дагуулсаар ирсэн эмийн сангуудад ч шалгалт хийжээ. Ингэхдээ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1688 эмийн санг хамруулж, мөн л хууль дүрмийн дагуу хангалтгүй ажиллаж байгаа гэх дүгнэлтэд хүрчээ. Шалгалтаар нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нийт эмийн сангийн 30 гаруй хувь нь эмийн хадгалалтын горим зөрчсөн, дийлэнх нь чанарын шаардлага хангаагүй эмээр үйлчилж, мөн л жороор олгох эм олгодог байсан зөрчил илэрсэн байна. Мөн жоронд бичигдсэн эмийг өөр үйлчилгээтэй эм бэлдмэлтэй андуурч олгосон тохиолдол ч илэрчээ. Хэдэн жилийн өмнө нэгэн эмийн сангийн эмийн санч жоронд бичигдсэн эмийг хүүхдийн тун биш том хүний тунгаар андууран олгож нэлээд хэдэн хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байсан. Гэтэл энэ тохиолдол мэр сэр гарсаар л байгаа аж.
Улсын хэмжээнд 252 эм ханган нийлүүлэх байгууллага ажилладаг. МХЕГ-аас дээрх эм ханган нийлүүлэх байгууллагын 90 гаруй хувийг нь хяналт, шалгалтад хамруулж, 50 гаруй хувь нь их, дунд эрсдэлтэй хэмээн үнэлэгджээ. Мөн холбогдох хууль, дүрмийг хангаж ажилладаггүй нийтлэг дутагдал илэрчээ. Хэдийгээр эмийн хэрэглэх зааврыг Монгол хэл дээр орчуулсан байхаар хуульчилсан байдаг ч 3000 гаруй эмийн 22 хувь нь л монгол, дийлэнх нь англи хэл дээр заавартай байна. Мөн дээрх эм ханган нийлүүлэх байгууллагуудын талаас илүү хувь буюу 100 гаруй байгууллага тээвэрлэлтийн үеийн хяналт хийдэггүй нь тогтоогджээ. Мөн эмийн хадгалалтын горим зөрчсөн, чанарын шаардлага хангаагүй, хугацаа нь дууссан эмийг иргэд, аж ахуйн нэгжид нийлүүлж байсан зөрчил илэрчээ.
Тиймээс эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Эмийн тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай зэрэг холбогдох хуульд хяналт тавьж ажиллах үүрэгтэй Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн хэрэгцээнд нийцсэн чанартай, баталгаат эм, бэлдмэлээр ард иргэдийг хангах, иргэдийг эмчийн зааврын дагуу эм хэрэглэх соёлд сургах, жор бичилт, эмийг жороор олголтыг сайжруулах зорилгоор “Эмийн зохистой хэрэглээ” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэнүүдэд сургалт болон хэлэлцүүлэг зохион байгуулах аж.
Ингэснээр ойролцоох эмийн сангаас, дуртай эм, бэлдмэлээ, дур мэдэн хэрэглэдэг асуудал багасч, иргэд эмийн хэрэглээний талаар зөв ойлголттой болох юм.