Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эх орончийн тухай өмчилж болохгүй ойлголт

Н.БАТ

Хүүхэд байхад эх оронч гэхээр Д.Сүхбаатар жанжин, “Ард Аюуш” киноны Аюуш эсвэл “Бид мартахгүй” киноны Олзвой, Тэгшээ, Аюушийг л хэлдэг юм байна гэж төсөөлдөг байлаа. Айл бүрийн хойморт жаазтай зурагт залрах Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ч балчир бидний ухаанд эх орончийг тодотгон үлдэж. Сургуулийн хана, ангийн самбар дээр Д.Сүхбаатар, В.И.Ленин, К.Марксын хэлсэн үг хадаж, социалист нийгмийг байгуулах гал цогтой үйлсийг тэдний мөрөөд гишгэн бүтээхийг уриална. Үнэндээ эх оронч гэдгийг эх орныхоо төлөө халуун амиа зориулж, бүлээн цусаа урсгасан тэр л хүмүүсээр төсөөлж байлаа.
1990 оны ардчилсан хувьсгалаас хойш бид үндэсний гэж тодотгох баатруудын тухай ойлголтыг шинээр ухамсартаа суулгаж эхэлсэн юм. Мэдээж Чингис хаан, Мандухай сэцэн хатан, Сатай сэцэн, Галданбошигт, Чингүнжав, Богд хаан, гээд л...

Ухаан орсон цагтаа дөчин жил хил манасан буурал аавыгаа, 30 жил хүн эмнэлэгт бага эмч хийсэн эмээгээ, 20 жил хүний хүүхдийг сургах гэж зүтгэсэн ахыгаа, 10 жил түргэн тусламжийн тэрэг барьж өдөр шөнөгүй давхисан аавыгаа л эх оронч гэж ойлгох болсон юм. Тэд бол энх цагийн эх орончид л гэж оюутны ширээнээс бичиж байлаа. Харин өнөөдөр эх орончийн тухай миний ойлголт..? гээд асуултын тэмдэг тавьж үзлээ.

МАН, МАХН-ын өмчлөх гээд улайран зүтгэх “Эх орончдын өдөр”-ийг бид хэрхэн тэмдэглэх ёстой вэ. Энэ бол аль нэг намын өмч биш гэдгийг ухаарч байгаа ч Монголын өдөр гэж хэн нэгэн нь яагаад чангаар хэлдэггүй юм бэ.
М.Энхболд тэргүүтэй МАН, Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан гуравдугаар сарын 1-нд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр Эх орончдын өдрийг эхлүүлдэг байсан бол энэ удаад хамтран эрдэм шинжилгээний хурлаар эхлүүлэв. Тэд нэг угшилтай гэдгээ ухаарсан ч гэх.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН тусгаар тогтнолыг тулалдан байлдаж, туургалан хамгаалж, тунхаглан зарласан билээ. Эх орончдын баярын мэнд хүргэе” гэсэнчлэн зөвхөн МАН гэх улс төрийн хүчин тэртээ ардын хувьсгалыг дангаар хийчихсэн юм биш. Богд хаан хийгээд 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртсөн ноёд түшмэдийг мартах ёсгүй. Тэд МАН-ынх биш ч Монголын жинхэнэ эх орончид байсныг түүхчид баталгаажуулан бичсээр байгаа билээ. Тэгвэл эх оронч гэх ойлголтын талаар манай нэрт нийтлэлчид хэрхэн бичсэнийг сонирхлоо.

1990 оны ардчилсан хувьсгалын нэгээхэн тод дүр Б.Батбаяр буюу Б.Баабар “Эх оронч байх сайхан” нийтлэлдээ “Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, чөлөөт зах зээл. Энэ бол бидний буцашгүй үнэт зүйлс. Тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн амын амьжиргааны төвшин гээд өөр олон үнэт зүйл бидэнд бий. Энэ бүхэн нийлээд Монголын ард түмний үндэсний эрх ашиг. Энэ эрх ашгийн төлөө зогсож байвал эх оронч байгаа нь тэр” гэжээ.

Харин нийтлэлч Б.Цэнддоо “Эх орон гэдэг бол бидний оршин тогтнохуй юм. Амьд бүгд оршин тогтнохуйгаа зөнгөөрөө хайрладаг. Тийм болохоор хүн бүхэн эх оронч. Хутагт гэгээнтнүүдээс эхлээд хулгайч, худалч, луйварчин бүгд хэнээсээ ч илүү гарахааргүй, бас хэнээсээ ч дутахгүй эх оронч. Эх орон гэдэг үг хэний ч амнаас гарсан үнэмшилтэй, эсэргүүцэхийн аргагүй байдгийн учир энэ. Худалч хүний “нээрээ” гэх нь үнэмшилгүй ч эх орондоо хайртай нь үнэмшилтэй.
Оршин байх, сайн сайхан явах хүсэл мөрөөдөл, эрмэлзэл л эх оронч үзэл юм. Бусадтайгаа тэгш эрх тэгш боломжтой байх нь хүний орь хүсэл. Төрж өссөн довон дээрээ хүний эрхэнд явахгүй, үндэстэн ястныхаа тухайд хоёр гуравдугаарт эрэмбэлэгдэхгүйн тулд  Тусгаар тогтнол хэрэгтэй. Эрх дураараа явах газар шороотой байхын тулд газар нутагтай, цээж дүүрэн омгорхолтой алхахын тулд эх орон нь хүчирхэг байх учиртай. Бас эрүүл, жаргалтай, дутах гачигдахын зовлонгүй байх учиртай” хэмээн бичсэн байгаа юм.
Уран үгсийн мастер болсон яруу найрагчдаас эх орон, эх орончийн тухай шүлэглээгүй хүн нэгээхэн ч үгүй. Хаалттай нийгэмд

Р.Чойном

“Азийн Монгол”

Булганы арьс нөмөрсөн
Анчин малчин баатар эрс
Арчаад өнгөрсөн түүхтэй
Найман зууны түүхтэй
Суут Монголын баатар эрс
Нарийн ширэн гөлмөн дээр
Ган дөрөөг дөрөөлж
Намхан чийрэг мориныхоо
Хур дэл дээр бөхийж
Наран шингэх зүг рүү
Саран бугуйл шидэж
Намтар түүхтэй Парижийн
Алтан цамхагийг уургалаад
Нааш цааш нь ганхуулж үзсэн түүхтэй... гэж бичиж байсан бол ардчилсан нийгэмд эх орны тухай гал цогтой үгээ хэлж, хатуухан үгээр улстөрчийг цоргиж байсан

О.Дашбалбар “Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө”

Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө!
Туг,
Сүлд,
Тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу
Тулсан голомтоо

Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан!
үр ачдаа хүлээлгэж өгнө.

Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь,
Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй,
Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь
Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь
Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө!...хэмээн бичиж байлаа.
Харин энгийн хүмүүст эх орон, эх орончийн тухай ойлголт хэрхэн буудгийг бид сонирхлоо.


А.Гантулга: Жинхэнэ эх орончид бол тамирчид, спортын зүтгэлтнүүд

/Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын анхны багш/

Тэмцээн уралдаан, бэлтгэл гээд баяр тэмдэглэх зав бидэнд төдийлэн гардаггүй. Миний бодлоор жинхэнэ эх орончид бол тамирчид, спортын зүтгэлтнүүд. Тив, дэлхийн аваргад түрүүлж, эх орныхоо далбааг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлэх ямар сайхан гэж санана. Энэ бол эх орныхоо төлөө хийж буй том гавьяа. Мөн жинхэнэ эх оронч гэж би хувьдаа сансрын нисгэгч Ж.Гүррагчааг нэрлэнэ. Тэр бол хэний ч өмнө хэлэх үг, хийсэн юмтай хүн. Хэн бүхний хийж чадахааргүй зүйлийн оргилд тэр гарч, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж чадсан. Түүний гавьяа, үйл хэргээр бахархахгүй байхын аргагүй. Заавал улстөрч болж, тэгэх ёстой, ингэх хэрэгтэй гэж хийрхэж явснаараа эх оронч болохгүй. Өв уламжлалаа дээдэлж, эх орноо хайрлаж, хүн чанараа гээхгүй байхыг л хүн бүр хичээх хэрэгтэй. Тэгж л чадаж байгаа хүнд эх орноо гэх сэтгэл байна гэсэн үг.



Н.Гантулга: Энэ баярын талаар анх удаа сонсч байна


/Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн 11а ангийн сурагч/

Аливаа зүйл багаас эхэлдэг. Хүүхдийг багаас нь гудамжинд хог хаяулахгүй, хогийн саванд хийлгэж хэвшүүлэх нь зүйтэй. Тэр бол эх оронч хүн болж хүмүүжихийн эхлэл. Эх орныхоо төлөө, би эх оронч гээд төрөл бүрийн бүлгэм байгуулж, туйлширдаг хүмүүсийг би ер ойлгодоггүй. Үнэнийг хэлэхэд өнөө цагт эх оронч гээд онцлоод хэлчих хүн байхгүй. Энэ баярын талаар анх удаа сонсч байна. Өмнө нь, огт тэмдэглэж, энэ баярын хүрээнд болсон ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож байгаагүй.






Б.Орхон: Өнөө цагт эх оронч хүн алга

/Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн 8в ангийн сурагч/

Хувийн эрх ашгаа үл хайхран, ард түмнийхээ төлөө сэтгэл зовниж, амь нас, эрүүл мэндээ золиод ч хамаагүй зүтгэдэг хүнийг эх оронч гэнэ. Жанжин Д.Сүхбаатар, эзэн Чингис хаан бол үлгэр жишээ эх орончид. Тэдний эх орныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй эрэлхэг зоригтой, дайчин зан чанараар нь бахархаж явдаг. Харин өнөө цагт тийм хүн байхгүй.  Тэр эх оронч гээд онцолчих хүн ч алга. Бүгдээрээ албан тушаал, хувийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй улайран зүтгэж байна. Ихэнх нь сонгууль дөхөхөөр их юм хийсэн хүн болж харагдах гэж хичээдэг. Худлаа амлаж, эх орноо худалдаж буй хүнд би дургүй. Улстөрчдийг хэлсэн үгэндээ хүрдэг, хийнэ гэж амласан зүйлээ заавал хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсдэг. Энэ баярын талаар манай ангийн багш хичээл дээр заримдаа ярьдаг л юм. Гэхдээ яг ямар учиртай, хэрхэн тэмдэглэж өнгөрүүлвэл зохилтой талаар бүр тодорхой мэдээлэл надад байхгүй.


Д.Ган-Очир: Хэтэрхий олон баярыг цэгцлэх цаг нь болсон

/МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч/

-Маргааш (өнөөдөр) эх орончдын баярын өдөр тохионо. Эл баярын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд манай улсад баяр хэтэрхий олширч байна. Бараг өдөр бүрийг л тийм, ийм баяр гэж тэмдэглэх нь халаг байна шүү дээ. Үүнд улс төрийн завхрал, хөөсрөл чамгүй их нөлөөлж байгаа юм.
Энэ олон баярыг цэгцлэх цаг нь болсон. Монголд Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяраас бусдыг нь тэмдэглэхээ больчихсон ч буруудах юм байхгүй. Харин Эх орончдын баярын тухайд зарим нам, улстөрчдийн баяр л болчихсон. Тиймээс тухайн нам, улстөрчид л дотроо тэмдэглэж, баярлах нь зүйтэй байх.

-Таны бодлоор ямар хүнийг эх оронч гэх вэ?
-Эх орондоо амьдарч, сайн аав, сайн ах, сайн анд нөхөр болж яваа эгэл жирийн хүнийг л эх оронч гэнэ. Түүнээс улстөрч нэр зүүгээд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр том том юм яриад, цээжээ дэлдэж буй хүнийг лав эх оронч гэхгүй. Сүүлийн үед улстөрчдийг л эх оронч гэдэг болчихож.
Гэхдээ тийм биш. Харин өмнөх үеийн улстөрчдөөс Д.Сүхбаатар, С.Данзан нар бол яах аргагүй эх орончид. Мөн Эзэн богд Чингис хаан, агуу их Дашбалбар нарын монголчууд бидний төлөө хийсэн үйл хэрэг, ач гавьяаг хэзээ ч мартаж болохгүй.  

-Өнөө цагт амьдарч буй хүмүүсээс эх оронч гээд нэрлэ гэвэл та хэнийг онцлох вэ?
-Эх орныхоо төлөө үг хэлээрээ бус, үйлдлээрээ ихийг хийж, бүтээж буй хүнийг дурдах нь зүйтэй. Би лав хамгийн түрүүнд бие даагчдыг онцолно. Тэдгээрээс Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга нар бол өнөө цагт эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хүмүүс. Г.Уянга хэр баргийн эр хүнээс илүү эх орон, газар шорооныхоо төлөө зүтгэж буйг нь онцолъё.
Тэд ер популизм яриагүй. Хүмүүс эмнэлэгт үнэнч, шударгаар шуурхай үйлчлүүлэх, яавал иргэн хүн ямар нэгэн дарамтгүйгээр бизнесээ эхлүүлэх зэрэг асуудлуудын талаар л иргэдийнхээ дуу хоолой болж байгаа. Ер нь, монголчууд биднийг атгасан гар мэт зангидах эх оронч, удирдагч одоохондоо алга. Мэдээж өмнөх үед байсан нь лавтай. Тийм хэмжээний мундаг удирдагчид хорьдугаар зууны сүүлчээр өөд болсон гэж боддог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан