Л.БАТБААТАР
УИХ-ын 1998 оны тавдугаар сарын 7-ны өдрийн чуулганаар Ариун цэврийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн шинэчилсэн найруулга болох Эрүүл ахуйн тухай хуулийг өчигдрөөс мөрдөж эхэлсэн хэмээн Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээллээ. Эрүүл ахуйн тухай хуулийн талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник технологийн дэвшилтэт суурилсан хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хүчин төгөлдөр хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй болсон. Иймээс тус хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарсан” гэсэн юм.
Ялангуяа Улаанбаатар хотод 1956 онд нийт хүн амын 14 хувь оршин сууж байсан бол 2012 онд 45.8 хувь нь оршин сууж байсан. Харин өнөөдрийн байдлаар, нэг сая 200 мянга гаруй хүн оршин сууж байна гэсэн статистик бий. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хот нь Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Нэг хавтгай дөрвөлжин километр талбайд 2000 онд 162 хүн ногдож байсан, 2010 онд 246, 2016 онд 262 хүн ногдож байгаа. Дээрх тоо баримт Улаанбаатар хотын ачаалал хэрхэн нэмэгдсэнийг харуулж байна.
Ингээд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Эрүүл мэндийн тухай хууль болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулаа.
-Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах вэ. Хэн хяналт тавих юм бэ?
-Эрүүл ахуйн тухай хуульд зааснаар, бүх шатны Засаг дарга нар, Цагдаагийн байгууллагын албан хаагчид болон олон нийтийн идэвхтэнүүд хяналт тавих юм. Аж ахуйн нэгж байгууллагууд 50 хүртэлх ажилтантай бол гэрээгээр, 50-иас дээш ажилтантай бол орон тооны эрүүл ахуйн байцаагч ажиллуулах ёстой. Хэн ямар шатанд хэрхэн хяналт тавьж хариуцлага тооцохыг хуульд ерөнхийлөн тусгасан. Харин хуулийг дагалдаж гарах журамд нарийвчлан зааж өгөх юм. Мөн Эрүүл ахуйн тухай хуульд хариуцлага ногдуулах мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан. 1998 онд батлагдсан Ариун цэврийн тухай хуульд, албан тушаалтанд 10-50 мянга, иргэнд 5-50 мянга, хуулийн этгээдэд 100-250 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг байсан. Тэгвэл шинэчлэн найруулсан Эрүүл ахуйн тухай хуульд иргэнийг 5000-1 000 000, хуулийн этгээдийг 1-3 сая төгрөгөөр торгож хохирлыг барагдуулна.
-Хуурамч эмийн худалдаа газар авж байна гэсэн мэдээлэл их байна. Хуурамч эм зарахад хууль эрх зүйн ямар хариуцлага ногдуулдаг юм бэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллага хуурамч эмийн борлуултад хяналт тавих чиг үүрэгтэй. 2015 онд Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Хамтарч ажиллах гэрээнд зааснаар, хуурамч эмийн талаарх мэдээллийг Эрүүл мэнд, спортын яаманд ирүүлж байх юм. 2015 онд хуурамч эм илрээгүй гэсэн мэдээллийг манайд ирүүлсэн. Иргэд хуурамч эмийн талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. Албан ёсны гэрээт борлуулагч компаниуд хуурамч эм оруулж ирэх ямарч бололцоо байхгүй. Учир нь хил, гааль, Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийнхээ дагуу давхар хяналт тавьдаг. Иргэдийн гар дамжиж л хуурамч эм орж ирдэг. Гэр тээшинд ч юм уу ямар нэгэн байдлаар нууж оруулдаг. Мэргэжлийн хяналтын байгуулагатай хамтран захуудад ил болон далдаар эм зардаг асуудлыг удахгүй бүрэн зогсооно.
-Эрүүл ахуйн хууль нь иргэдийг хотын соёлд суралцуулах юм байна. Наад зах нь нийтийн эзэмшлийн талбайд нус цэрээ хаясан иргэнийг хэдэн төгрөгөөр торгох вэ?
-Нийтийн эзэмшлийн талбайд нус цэрээ хаявал иргэнийг 5000 төгрөгөөр торгох заалт хуульд бий. Олон нийтийн ажилтан, идэвхтэнүүд болон Цагдаагийн албан хаагчдаар дамжуулж гудамж талбайд нус цэрээ хаях явдалтай тэмцэнэ.
-Сүүлийн үед томуугийн өвчлөл ихэсснээс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байна. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ачааллыг хувийн эмнэлгүүдэд шилжүүлнэ гэсэн мэдээлэл бий. Эмнэлгүүдийн ачаалал болон томуугийн өвчлөл ямархуу түвшинд байна вэ?
-Цагаан сар өнгөрөөд томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдсэн. Эрүүл мэнд, спортын яамнаас Цагаан сараас өмнө долоо хоногийн хугацаатайгаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох санал тавьсан боловч дэмжээгүй. Нийслэлийн эмнэлгүүд томуу, томуу төст өвчинтэй тэмцэхийн тулд насанд хүрэгчдийн хэвтэж эмчлүүлэх тоог хязгаарлаж хүүхдүүдийн тоог нэмсэн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн эмнэлэгт 100 хувь хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Хэд хэдэн эмнэлгийн орны тоог нэмэгдүүллээ. Улаанбаатар хотын эмнэлгүүдийн 1897 орон дээр 2000 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад томуу, томуу төст өвчний өвчлөл 54 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Хоёр долоо хоногийн хугацааны дараа томуу, томуу төст өвчний өвчлөл буурна. Ийм зүй тогтол жилийн жилд гардаг. Гэхдээ өмнөх жилийн мөн үеийнхээс энэ жилийн томуу, томуу төст өвчний тохиолдол цөөн байгаа шүү дээ.
-Баригдаж дуусдаггүй эмнэлгүүд хэзээ ашиглалтад орох вэ. Тухайлбал төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг?
-Миний хувьд тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод хоёр сар болж байна. Эрүүл мэнд, спортын яамны ажил хэвийн үргэлжилж байгааг хэлье. Төрийн албан хаагчдын эмнэлгийг концессийн гэрээгээр бариулахаар хувийн хэвшилд шилжүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хийсэн ажил байхгүй. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдтай ярилцсаны дагуу өнөөдрийн (өчигдөр) Засгийн газрын хуралдаанаар концессийн гэрээ цуцлагдана. Миний хувьд хоёр саналыг Ерөнхий сайдад тавьж зөвшилцсөн. МRI, SITI аппараттай хэсгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулатор болгож өөрчилнө. Үүнд 800 сая төгрөгийн санхүүжилт шаардагдана. Хойд хэсгийн 260 ортой эмнэлгийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн. Ингэхэд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ мөнгийг нийслэлийн төсвөөс гаргах юм. Ингэснээр, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн асуудал бүрэн шийдэгдэнэ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаан дотор Үндэсний оношилгооны төвийг барих асуудал шүүх, прокурорын шатанд гацсан байсныг шийдвэрлэсэн. Дөрвөн компани нийлж консерциум болж тендерт шалгарсан. Нарийвчилсан төлөвлөгөөг хийснээр, Үндэсний оношилгооны төв баригдах шатандаа орно.
Засгийн газар, Хан-Уул дүүргийн Яармагт байрлах 300 ортой эмнэлгийн концессийн гэрээг хүчингүй болгон, дахин тендер зарласан. Сүүлийн концессийн гэрээгээр зөвхөн барилга нь баригдана. 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилга ашиглатад орсноор эмнэлгийн зориулалтыг тухайн үед шийдвэрлэнэ.
-Бөөрний дутагдалд орсон 90 хүн гемодиализын эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн мэдээлэл бий. Эдгээр өвчтөний асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализын тасаг гурван ээлжээр ажиллахаар боллоо. Мөн “Айвико” компани гурван дүүргийн эмнэлэгт 12 гемодиализын аппарат хандиваар суурилуулна. Ингэснээр, Улаанбаатар хотод эмчилгээнд хамрагдахгүй байгаа 90 өвчтөний асуудал шийдвэрлэгдэх юм. Мөн өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээнд ямар төрлийн өвчнийг оруулах вэ гэдгийг Эрүүл мэнд, спортын яамны Үндэсний зөвлөлөөр удахгүй хэлэлцэнэ. Жишээ нь, элэгний “Хармони” гэдэг эм зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй учраас эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй байгаа. Эрүүл мэнд, спортын яамны Үндэсний зөвлөл хуралдаад жагсаалтад орох эмийн тоог нэмэгдүүлнэ. Өндөр өртөгтэй учраас эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар эрхтэн шилжүүлэх мэс засал даатгалд хамрагддаггүй.