Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өршөөн уучилж болох ч үүсэх эрсдэлийг хэрхэх вэ

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Хэм хэмжээ бол олон нийтийн орогнодог хашаа” хэмээн хаанаас ч билээ гарчигласан санагдана. Одоо бодоход нэг их зузаан номны хамгийн эхний хуудсанд хашилтад хийн тодотгосон энэ өгүүлбэрийг нийгмийн тогтолцооны бүдүүвч “зураг” хэмээн ойлгож болохоор. Товч сийрүүлбэл, хэм хэмжээ гэгчийг хууль цааз хүчин төгөлдөр үйлчлэх хязгаар, зааг хэмээн ойлговол бидний нийгмийн тогтолцоо хашаа мэт өөрийн гэсэн дархлаа бүхий цогц систем гэлтэй.
Угаас нийгмийн ухааны салбарт ч нийгэм гээчийг “Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, үйл ажиллагааны систем, тэдгээрийн үр дүнд бий болсон үнэт зүйлсийн нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл хана хэрмээр хамгаалагдсан нийгмийг хаалт хязгааргүй сул орхивол юу болох бол. Хонио хашчихаад хаалгыг нь яарж орхисонтой адил халдах боохойноос хамгаалах -үүдээ бөхлөлгүй нээж орхивол яах вэ.

Өнгөрсөн оны сүүлээр Өршөөлийн тухай хууль батлагдаж, 2000 гаруй хүмүүжигч хорих ангиас суллагдсан нь шуудхан хэлэхэд дээр өгүүлсэнтэй утга дүйх үйл явдал болсон. Ингэж бичлээ гээд эмзэглэж, ижилхэн эрх, үүрэгтэй хүмүүсийг элдвээр ялгаварлалаа гэх хүн цөөнгүй гарах биз. Гэхдээ юу юуны туханд хүрэлгүй эрх, үүрэг ярихын өмнө эл үйл явдлын үр дагаварыг цөөн үгээр дүгнэе.
Хууль батлагдаж хорих ангийн засран хүмүүжигчид нийгэмд нийлсэн цагаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Орон байрны хулгай газар авлаа”, “Охид хүүхнүүдийг хүчирхийлэх нь олширлоо” гээд элдэв саар мэдээ чих дэлсэх болсон. Товчхондоо, нийгэмд хөл тавих хэмжээнд засран хүмүүжээгүй иргэдийг массаар нь өршөөсөн нь эргээд эрсдэл дагуулсан хэрэг. Ер нь, дэлхий дахины жишгийг харж байхад хууль ёсоор эдэлбэл зохих ялынхаа хугасыг ч “хүртээгүй” хүмүүжигчдийг манайх шиг массаар нь өршөөсөн түүх үгүй. Онцгой, бүр маш онцгой тохиолдолд массаар нь өршөөсөн удаа бий. Үүнд, нэг нийгэм нөгөөд шилжих үеийг жишээ татаж болно. Мьянмар улс л гэхэд хэвлэн нийтэлж, үгээ хэлэх эрхээ эдэлснийхээ төлөө эрхээ хасуулсан иргэдээ өршөөж, анхны ардчилсан сонгуульдаа бэлтгэсэн.

Товчхондоо, шударга бус байдлыг засч, нийгмийн шилжилтийн үеийг нийтээр шийдэхийн тулд хэсэг бүлгээр нь өршөөдөг. Түүнээс хулгай дээрэм, хүчин, хүний амь хороосон этгээдийг зүй ёсоор ялаа эдлэх ёстой гэж үздэг. Бид барууны киноноос бишгүй л үзэж хардаг. Тухайн хүн ялынхаа дийлэнхийг эдэлсэн байлаа гэхэд юун түрүүнд сэтгэлзүйчтэй ажиллуулж, энэ хүн засарч хүмүүжсэн байна уу, дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай юу гэдгийг давхар хянадаг. Түүнээс манайх шиг мянга мянгаар нь өршөөж, ямар ч босго тогтоолгүй ногоон гэрлээр нийгэмд нийлэх боломж олгодоггүй.

Ер нь, Өршөөлийн тухай хуулийг өөр өнцгөөс ажвал зөвхөн төр нь иргэдээ өршөөн уучлаад байгаа хэрэг ч биш. Цаагуураа улс төрийн ашиг сонирхол, нам эвсэл, эрх баригчдын шоу ч болчихдог тал бий. Сүүлд батлагдсан Өршөөлийн хууль чамгүй хэл ам дагуулсны эцэст шийдэгдэж, “Авлига, улс төрийн” гэх тодотголтой хэргээр таслагдсан нөлөө бүхий хүмүүс ч өршөөгдсөн нь бий. Магадгүй массын дунд багтаж төрийн өршөөл хайрыг хүртсэн хүмүүсийг борооноор гэтсэн боохойтой зүйрлэж болохоор. Иргэд ч энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан. Сонгуулийн өмнө Өршөөлийн тухай хууль баталж байгаа нь улс төрийн зорилготой хэмээх нь ч байв. Гэсэн ч өршөөх эс өршөөх эрх нь эрх баригчдын гарт буй болохоор иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх үгсэн хуувилдсан цөөн хүний үйлдлээр зөрчигдөж байгаа гэлтэй.

“Орон байрны таван хулгайч тутмын дөрөв нь өршөөлөөр суллагдсан иргэд байна”

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өдөрт 10-20 орон байр­­ны хулгай гарч, жижүү­рийн болон ажлын хэсгийнхэн хүч хүрэхгүй байгаа тухай мэдээ цахим ертөнцөөр тарсан. Өдөрт үйлдэгдэх гэмт хэргээс арав орчмыг нь илрүүлж байгаа ч гэмт хэргийн тохиолдол буурахгүй байгаа аж. Орон байрны хулгай огцом өссөнийг тодруулбал Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хошууч “Аргагүй шүү дээ, саяхан 2000 гаруй хэрэгтэн өршөөлөөр суллагдлаа. Тэдний нэлээд хэсэг нь хулгай хийхээс өөр амьдрах аргагүй байдалтай байгаа. Өнгөрсөн шөнө л гэхэд илэрсэн таван хэргийн эзэн холбогдогчдын дөрөв нь өршөөлөөр суллагдсан хүн байна” хэмээж байв.

Энэ бол ердөө ганцхан дүүргээс жишээ татсан байдал. Өршөөлд хамрагдсан иргэд нийслэлийн есөн дүүргээс аваад аймаг, сумд гээд орон даяар тархсан нь мэдээж. Нэг талаас нийгэмшиж төлөвшөөгүй эдгээр иргэнийг хүлээн авах нийгэм нь ч төлөвшөөгүй байх шиг. Арав гаруй жил “Аав”-ынд сууж байгаад гарч ирсэн хүнээс хөндлөнгийн хүн битгий хэл хүүхэд шуухад нь ч дөлөх нь мэдээж. Муу нэртээс сайн нэртэй гардаггүйн учир нийгэм ч тэднийг “Муу, муухай” хэмээн нүд үзүүрлээд байх шиг. Дээр нь өршөөлөөр суллагдсан иргэдэд үзүүлэх дэмжлэг тусламж гавьдаггүй учир хөдөлмөр эрхлэхээс аваад нийгэмд хөлөө олох тал дээр тааруу байдаг нь үнэн. Өршөөгдсөн нь битгий хэл эрх чөлөөтэй нэгэнд нь эрхлэх ажил олдохгүй энэ үед хийх ажилгүй хүн хэрхэх нь ойлгомжтой. Сурсан юмыг сураар боож болдоггүй болохоор эргээд амар хялбар аргаар амьдралаа залгуулахыг бодно. Зарим нэг нь хүүхэд, хөгшчүүлээс аваад охид бүсгүйчүүдийг дээрэмдэн тонож, хүчирхийлсэн тохиолдол ч гарсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өршөөлөөр суллагдсан 30 иргэн давтан гэмт хэрэг үйлдсэний дотор эрхэлсэн ажилгүй, оршин суух хаяггүй иргэн Г айлын цонхоор орж, гэртээ ганцаараа байсан эмэгтэйд хутга тулган “Орилж хашгирвал ална шүү” хэмээн дарамтлан хүчирхийлсэн. Хэрэг илэрмэгц иргэн Г өр­шөө­­лөөр суллагдсан цагаасаа хойш том жижиг 20 гаруй хэрэг үйлдсэнээ ч хүлээн зөв­­шөөрсний санаж байгаа биз. Энэ мэт элдэв гэмт хэ­рэг гаарч байгааг зөвхөн өршөө­лөөр суллагдсан иргэдэд тохож боломгүй мэт. Харин ч эл эрсдэлийг урьдаар тооцоо­лолгүй хууль баталсан эрх баригчдаас эрэх нь зөв гэлтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан