Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ченжүүд ам.долларын ханшийг таамаглах аргагүй болжээ

Он гарсаар ам.долларын ханш 35 төгрөгөөр өссөн. Өнөөдрийн байдлаар, “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг ам.долларын ханш 2031 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкуудын зарж буй долларын ханш 2035 төгрөг байна. Ам.долларын ханш өсөх, буурах нь гадаад, дотоодын олон хүчин зүйлээс хамаардаг ч Сар шинийн бэлтгэл ажилтай холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханшид түр зуурын хэлбэлзэл бий болдог аж.

Энэ тухай Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаа “Банкуудын дуудлага худалдаагаар худалдан авах ам.долларын захиалгын хэмжээ өнгөрсөн нэгдүгээр сард 300 сая ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 2.2 дахин өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, валютын зах дахь богино хугацааны эрэлт нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханшид сулрах дарамтыг үзүүлсэн. Гэвч энэ нөхцөлд Монголбанкнаас валютын зах дахь оролцоогоо хадгалж, оны эхнээс өнөөдрийг хүртэл 280 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн. Ингэснээр төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт өмнөх оны мөн үед 85 төгрөг буюу 4.5 хувь суларсан бол, одоогоор оны эхнээс 33 төгрөг буюу 1.7 хувиар суларсан үзүүлэлттэй байна” гэжээ.

Харин энэ талаар “Найман шарга” захын ченж  “Харин ч нэг ам.долларын ханш 2035 төгрөг байгаа нь олзуурхууштай. Миний бодлоор Монголбанкны зүгээс бодлогоор жил орчмын хугацаанд  ам.долларын ханшийг хүчээр барьж байна. Цаашид, урт хугацаанд  ханшийг тогтоон барьж чадахгүй. Учир нь,  улс орны эдийн засаг хүнд байдалд орсон. Ам.долларын ханш буурах үндэслэл байхгүй. Улам л өснө. Монгол Улс ирэх жилээс өрөө төлнө. Монголбанкнаас ам.долларын ханшийг албан хүчээр буулган 2000 төгрөгт хүргэж болно. Гэхдээ ийм ханшийг хэдхэн хоног л тогтоон барина. Хүчээр барьсан ханш чөлөөлөгдвөл төвөөс зугтах хүчний хуулиар 2100 төгрөгт хүрэхийг үгүйсгэхгүй” гэсэн юм.

“Найман шарга” валют арилжааны захад ам.долларын нийлүүлэлт зогссон ба эрэлт өссөн. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар ханш  өсч байна  хэмээн ченжүүд хэлж байв. Цаашид гадаадаас ам.доллар орж ирэхгүй бол төгрөгтэй харьцах ханш нь  улам өснө гэдгийг ч онцолсон. Мөн ченжүүдийн хэлснээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш өсч, буурахыг урьдчилан мэдэх ямар ч боломжгүй болсон аж. Хэдэн жилийн өмнө бол ханш өсөх, буурахыг багцаагаар мэддэг  байсан гэнэ.

Тухайлбал, ноос ноолуур гарах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш буурдаг. Улмаар долдугаар сар гарангуут  бага зэрэг өсдөг. Ес, аравдугаар сард хэвийн. Арванхоёрдугаар сард өсдөг байсан байна. Эдийн засгийн замбараагүй байдал болон ам.долларын хомсдлоос шалтгаалж урьдчилан таамаглах ямар ч баримжаагүй  болсон гэдгээ ч тодотгосон. Мөн долоо хоног бүр хоёр удаа Монголбанкнаас  ам.долларын дуудлага худалдаа  зохион байгуулдаг.  Энэ арилжаагаар ямар хэмжээний ам.доллар зарагдсан эсэх нь  төгрөгтэй харьцах ханшны хэлбэлзэлд нөлөөлдөг билээ.

Харин холбогдох албаныханы мэдээлж буйгаар, “2012 онд Оюутолгойн бүтээн байгуулалт, Чингис бондын эх үүсвэрээс шалтгаалан Монгол Улсын төлбөрийн тэнцэл нэг тэрбум 705 сая ам.долларын ашигтай гарсан бол, 2013 оноос гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, экспортын гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унаснаар нэг тэрбум 867 сая ам.долларын алдагдал хүлээсэн. Ийм хэмжээний алдагдал хүлээснээр төлбөрийн тэнцлийн балансад  том шок болсон юм. Харин төлбөрийн тэнцлийн алдагдал 2014 онд  хасах 471 сая ам.доллар, 2015 онд  хасах 268 сая ам.доллар болж буурсан ч эдийн засагт орж ирснээс илүү их хэмжээний валют гадагшилснаар төгрөгийн валюттай харьцах ханшийг сулруулсан” гэсэн. Ингэснээр ченжүүдийн гадаадаас орж ирэх ам.долларын нийлүүлэлт зогссон гэсэн тайлбартай албаныханы хийсэн мэдэгдэлтэй таарч байгаа юм.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан бүтэцтэй болсон.  Манай  улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн. Ингэснээр Монгол Улсад орж ирэх валютын ихэнх хувийг бүрдүүлдэг зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ  өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30 хувиар унасан байна. Зөвхөн Монгол Улс төдийгүй БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлдэг Казахтан, Киргыз, Узбекстан зэрэг улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш суларсан гэх мэдээлэл бий.

Жирийн иргэд тэр бүр амьдрал ахуйдаа ам.долларыг хэрэглэхгүй. Харин гадаад улсын элчингээс виз авах, гадаадад сурч буй хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, автомашины ченжүүд болон сүлжээний бүтээгдэхүүнээ худалдан авахын тулд иргэд ам.долларыг зайлшгүй худалдан авах шаардлагатай болдог аж. Ам.долларын ханш өссөнөөр,  иргэдийн амьдралд хүндээр тусах нь тодорхой. Монгол Улс нь гадаад худалдааны төлбөр тооцоог ихэнх улстай чөлөөт валютаар хийдэг. Ам.долларын ханш өссөнөөр, автобензин болон дизелийн түлшний үнэд ч нөлөөлж болзошгүй. Ингэвэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг олон жилийн өмнөөс тогтсон.

Монгол Улсын Засгийн газраас ойрын хугацаанд 500 саяас нэг тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж буй. Мөн энэ онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор ихээхэн хэмжээний ам.долларын урсгал эдийн засагт цутгана. Ингэснээр нэг хэсэг хугацаанд ам.долларын ханш тогтворжих магадлал бий болно гэж албаныхан хэлж байна. Ам.долларын ханшид нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь  БНХАУ-ын эдийн засгийн бууралт юм. Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засаг сэргэхгүй бол ам.долларын нийлүүлэлт хомсдож, төгрөгийн ханш сулрах эрсдэл буурахгүй нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан