Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болсон талаар мэдээлэл хийв.
НИТХТ-ийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн өдрийг бий болгож, тусгайлан тэмдэглэх, тэр өдөр эцэг эхчүүд хүүхдэдээ заавал цаг гаргадаг байхаар энэ сарын 8-нд “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол баталсан байна.
Тогтоолын дагуу сар бүрийн сүүлийн 7 хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх бөгөөд нийслэлийн төсвөөс ч хүүхэд, гэр бүлд зориулах хөрөнгийг нэмэгдүүлж, тэдний хамт байх орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулахаар болжээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд “Гэр бүлийн өдрийг тэмдэглэснээр, хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэж эцэг эхийн хайр халамжийг мэдэрнэ. Түүнчлэн гэр бүлд халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэж, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа ураг төрлөө дээдлэх болно” гэсэн юм. Аж ахуйн нэгж байгууллагуудыг мөн гэр бүлийн өдрийг дэмжиж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд сайн анхаарах шаардлагатайг сануулж байв.
Гэр бүлийн өдрийг тэмдэглэх хамгийн эхний өдөр нөгөөдөр буюу энэ сарын 28-нд болох бөгөөд энэ өдөрт зориулж “Соёмбо” кино театр, “Хүннү молл” үйлчилгээний төв зэрэг хувийн үйлчилгээний байгууллагууд гэр бүлүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх болжээ.