Б.БААТАР
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа тэрбумтан, Дональд Трампын эхнэр Мелания Трамп анх удаагаа хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна. Тэрээр нөхрийнхөө сонгуулийн талаар болон гэр бүлийн бизнес, улс орны төлөө юу хийж чадах, Бүгд найрамдах намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Трамп гэр бүлийн үйл ажиллагаа гэх мэт сонирхолтой сэдвийн талаар “MSNBC”агентлагт ярилцлага өгчээ.
-Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Дональд Трампын эхнэр гэхээр хүмүүст их сонин сонсогдож байгаа байх. Тэр тусмаа тэргүүн хатагтай Мелания Трамп гэхээр танд ямар санагдаж байна?
-Би өөрийн нөхөр Дональдыг анх улс төрд орж, Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхэд нь огт гайхаагүй. Түүний хийж бүтээсэн бүхэн өнөөдөр АНУ-д ямар нэгэн байдлаар ашигтай, хүмүүст хэрэгтэй зүйл болон хувирч байна. Би сайн мэднэ. Тэр чадна. Би түүнийг дэмжиж байгаа хүний хувьд мөрийн хөтөлбөрт нь их анхаарал хандуулсан. Дональд хийнэ гэсэн зүйлээ сайтар хянаж байж, ул суурьтай хийдэг зантай хүн. Харин би өөрийгөө тэргүүн хатагтай болно гэж төсөөлөлд маань буухгүй байна. Хүний эхнэр байна гэдэг дагаж, тусалж явдаг айл гэрийн эзэгтэй л гэж боддог шүү дээ. Түүнээс биш манай нөхөр Ерөнхийлөгч болох нь, би тэргүүн хатагтай болох юм байна гэж өмнө нь нэг ч удаа бодож байсангүй. Гэхдээ таны эхний асуулт нэг зүйлийг бодогдууллаа. Хүмүүс Дональдыг бизнесмэн хүн гэж хардаг. Харин би түүнийг өөрөөр хардаг.
-Сайхан хариулт байна. Словени улсын загвар өмсөгч байсан бүсгүй яагаад АНУ-ын тэргүүн хатагтай болж болохгүй гэж. Ер нь, Дональд эр хүнийхээ хувьд хэр түшигтэй вэ?
-Би яг үнэндээ түүнийг түшиг тулгуур гэхээс илүүтэй зорилгодоо үнэнч нэгэн гэж тодорхойлно. Өөрийн хүрээлэл нь үнэхээр гайхалтай. Түүнд нэг итгэсэн бол насан туршдаа итгэл төрүүлэх тийм л зан чанартай хүн дээ. Харин одоо би айл гэрийн нөхөр, эр хүнийх нь хувьд хариулъя. Дональд бол залуу сэтгэлгээтэй хүн. Байшингаар түүнийг төсөөлөх юм бол суурь нь гэсэн үг. Тэр байхгүй бол бүх зүйл нуран унах болно. Гэртээ тэр аль болох завгүй, судалгаа хийсэн нэг тийм амардаггүй яршигтай хүн л дээ. Хэтэрхий магтаад байна гэж та бүхэн ойлгож магадгүй. Гэхдээ түүний эргэн тойронд байдаг хүн бүр үүнийг мэднэ.
-Танай нөхөр сая Невада мужид ялалт байгуулсан. Энэ ялалт арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн суудалд хөтөлж мэдэх чухал ялалт байлаа. Та мужуудын сонгуулийн явц, дэмжигчдийн талаар юу гэж бодож байна?
-Невада мужид түүнийг ялалт байгуулна гэсэн итгэл надад байсан. Гэхээ ийм саналын зөрүүтэй илт давуу ялна гэж бодоогүй. Гэвч өрсөлдөгч хоёр нэр дэвшигчээсээ хол зөрүүтэй саналаар ялалт байгуулсан байна билээ. Түүний хувьд хоёр дахь ялалт нь Невада байсан. Цаашид ч ялалтын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Нэг зүйлээс би айдаг. Тэр нь хүний итгэлийг алдах. Хүн чамд итгээд саналаа өгч байхад Цагаан ордонд суусны дараа тэднийг мартаж, итгэлийг нь алдах вий гэхээс эмээж байна.
-Таныг АНУ-ын иргэншил авахаас өмнө Дональдтай танилцаж байсан гэх юм билээ. Ер нь, ийм хувь заяа хүлээж байна гэдгийг та мэдэж байгаагүй л байх даа?
-Мэдээж хэрэг. Би АНУ-д ирээд иргэншилтэй болсноос хойш өдөр хоног яг л зүүд шиг өнгөрч байна. Гэхдээ би зүүдэндээ одоо бялуурч илүү өөр зүйлд, сайн үйлс, буяны болон боловсролын салбарт хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. Өсвөр насандаа ийм амьдрал төсөөлөөгүй л явсан. Гэвч надад өгсөн бурханы бэлэг ямар нэг учир шалтгаантай байгаа гэдэгт итгэдэг учраас амьдралынхаа шинэ замыг нээсэн.
-Нэг зүйл байна. Танай нөхөр цагаачлалын асуудлыг ихэд шүүмжилсэн өгүүлбэрүүд хэлсэн. Цагаачлалын асуудлыг цэгцэлж, АНУ-д дахиж цагаачдыг оруулахгүй байх талаар хатуу үг хэлсэн байдаг. Та ч бас энэхүү хэсэгт багтаж болох байсан шүү гэж хааяа бодогдож байсан удаа бий юу?
-Цагаачдын тухай би түүнтэй санал нийлдэг. Учир нь, АНУ цагаачийн эх орон биш болсон. Өмнө нь тийм байсан байж болно. Гэхдээ нийгэм ямар нэг зохион байгуулалттай эзэн холбогдогчтой байх ёстой. Тэр ч үүднээс АНУ-ыг цагаачдаар дүүргэх Обамагийн бодлого буруу гэдгийг хэлмээр байна. Гэхдээ би түүний хийсэн бүхнийг шүүмжлэх гээгүй юм шүү. Таны асуусан асуултад л түүнийг оролцуулчихлаа. Цагаачид бол өнөөгийн нийгэмд олшрох ёстой асуудал биш. Дэлхий дээр бүгд л аль нэг улсын иргэн, ямар нэг ажил хөдөлмөр эрхэлдэг шүү дээ. АНУ эрх чөлөөний орон гэдэг ч над шиг хүнийг иргэнээ болгох асуудалд өөрсдөө ч санаа зовж байсан л байх. Тиймээс цагаачлалын асуудал дээр аюулгүй байдлаа давхар бодож хэлсэн гэж би Дональдын үгийг хүлээн авч байгаа. Улс төр тоглоом биш гэдгийг ойр дотны хүн бүр анх шийдвэр гаргахад нь сануулж байсан. Тэр бүхэл бүтэн хоёр сар бодсон.
-Дональдыг гадаад бодлого тал дээр хүмүүс их сул гэж хэлээд байгаа. Би хувьдаа энэ ойлголтын эсрэг байна. Барак Обама, Билл Клинтон, Жорж Буш нар бүгд л гадаад бодлого дээр анхлан суралцагчид байсан. Харин та Дональд Трампын гадаад бодлого, ер нь түүний тэр талын боловсролын талаар юу гэж боддог вэ?
-АНУ-ын хувьд гадаад бодлого чухал гэдгийг би сайн ойлгож байна. Дэлхийн энэ том гүрэнг гадаад болонмөнгөний бодлого хоёр л өөд нь авч явна. Хэрэв Дональд Трамп гадаад бодлого, гадаад харилцаан дээр дутагдалтай бол эдийн засаг тал дээр АНУ-ын ойрын дөрвөн жил толгой өвтгөхгүй, ам.долларын үнэ цэнийг оргилд хүргэх чадалтайг би сайн мэдэж байна. Тэр АНУ-ын эдийн засгийн хямралаар буюу 2008 онд банкууд зээлээ зогсоож, байгууллагууд дампуурч байхад Дональдаас цалин авдаг байсан ажилчид ямар ч хямралд өртөөгүй мэт л амьдарч байсныг би баттай хэлнэ. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдалд санхүүгийн мэдрэмж чухал гэдгийг харуулсан эхний жишээ. Гадаад бодлого, харилцаанд тэр бусдын адил анхлан суралцагч байж болно. Гэхдээ түүнд мөнгө хэрэггүй гэдгийг АНУ-ын хүн бүр мэдэж байгаа. Ард түмэн түүнийг ашиглан улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахыг оролдох байх гэсэн найдлага бий. Хачирхалтай байгаа биз. Цаг нь ирсэн учраас л түүнийг АНУ-ын иргэн санал хураалтын хуудас дээр дугуйлах болно. Бусад оронтой найрсаг харилцаатай байхад л гадаад харилцаанд санаа зовох хэрэг байхгүй мэт.
-Тэгвэл түүнийг Засгийн газрын сангийн яамны бодлого хариуцсан ахлах болговол яасан юм бэ гэж нэг хүн хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан удаатай. За тэр ч яахав. Дональд Трампын гэр бүлийн хамгийн их санааг зовоож байгаа зүйл мусульман цагаачид гэсэн ойлголт нийгэмд үүсээд байгаа. Та үүнийг юу гэж бодож байна?
-Магадгүй мусульманчууд Ойрхи Дорнодод террорист ажиллагаа, дэлхийн өнцөг булан бүрт байгаа террорист бүлэглэлүүд мусульманчууд учраас тэгж бодсон юм болов уу. Дэлхий тэр чигээрээ мусульманчуудын эсрэг байгаа мэт л ойлголт яваад байгаа шүү дээ. Тиймээс Дональд АНУ-д ямар нэг террорист халдлага гаргахгүйн тулд тэгж хэлсэн байх л даа. Ингээд түүнийг шүүмжлэгчид хэлсэн үгийг эсрэгээр нь өөрт нь ашиглаж “арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч” болгон бусдад тараасан байх. Хэрэв тэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бол “Трамп” группт хэзээ ч энэтхэг, хятад, араб, орос, европ гээд олон үндэстнийг ажиллуулахгүй байсан байх.
-Бүгд найрамдах намаас түүнийг сонгуульд ялалт байгуулж чадах талаар асуух гэсэнгүй. Ер нь, намын хувьд яагаад Бүгд найрамдахыг сонгосонюм бол?
-Бүгдээрээ найрамдаж улс орноо хөгжүүлье л гэсэн утгатай байлгүй дээ. АНУ чинь олон үндэстний эрх чөлөөний орон биз дээ. Бүгдээрээ АНУ гэдэг улсыг байгуулаад бүгдээрээ хамтаараа энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах боломж байгаа гэж би бодож байна. Хүмүүс Дональд Трампыг шүүмжлэх тусам тэрээр хурцлагдаж байгаа. Учир нь, өнөөдрийн энэ оргилд хүрсэн амжилтын гол шалтгаан нь түүнийг хурцлах.
-Хүмүүс яагаад түүний төлөө санал өгнө гэж та бодож байна вэ?
-Яагаад гэвэл тэр хэн нэгнийг эмэгтэй, эрэгтэй гэж огт ялгадаггүй. Хоёр гуравхан өгүүлбэр солиод дотор сэтгэл рүү нь өнгийж хардаг чадвартай. Түүнийг сонгохгүй юм бол өөр хэнийг гэж. Түүнд одоо улс орноо хөгжүүлэх эцсийн даалгавар үлдээд байна. Тэгж чадах юм бол тэрээр АНУ-ын түүхэнд үлдэх нэгэн болж хувирна. Хэн ч түүнийг жирийн нэг АНУ-ын баячуудын нэг гэж дурсахгүй. АНУ бол бизнесийн эрх чөлөөний орон ч гэж ярьдаг. Боломжтой нь баян болдог л орон. Гэхдээ улс орны хөгжилд санаа зовж ийнхүү Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан хүн байхгүй л болов уу. Яахав би түүний эхнэр учраас ийм зүйл ярьж болно. Гэхдээбизнесийн салбарын ямар ч ажилтнаас үүнийг асуувал яг л адилхан хариулт хэлэх байх. Тэр үргэлж миний хэлсэн ярьсан зүйлийг сонсч, дараа нь аль нь буруу зөв болохыг ялгаж салгаж тайлбар хийж, хариулдаг.
-АНУ-ыг бурхан ивээх болтугай.